2012/11/30

Өөрөөсөө ангижрах

Хүн төрөлхтөн ухамсраасаа тасарч, өөрийгөө давах арга зам олныг нээж иржээ. Зарим нь бясалгал үйлдэж, зарим нь мансууран донтож, зарим нь бүр ховсдуулсан мэт дэвхцэнэ (rave).
Гэхдээ аль ч аргыг хэрэглэсэн бай, ухамсарын шилжилтийг биеэр үзсэн хүмүүс харилцан төстэй зүйл мэдэрсэнээ ярьдаг.
– Ариуссан..., хөндийрсөн..., хөнгөрсөн...
гэх мэт, ямар нэгэн байдлаар өргөгдсөн юм шиг мэдрэмж тэнд байдаг бололтой юм.

Харин тэдгээр өөрөөсөө ангижрах аргууд дунд Дайн хэмээх өвөрмөц арга байдгийг нийгмийн сэтгэл зүйч Jonathan Haidt хэлж байна.

– Дайн шиг хүнийг нэгдмэл болгодог зүйл үгүй.

Дэлхийн 2–р дайнд алба хаасан J.Glenn Gray дайн дууссаны дараа мөр зэрэгцэн тулалдаж явсан андуудаа тойруулан ярилцлага авчээ. Тэр дунд олон партизанууд ийн хэлсэн байна:
– Дайны талбар дахь хамтын амьдрал бол миний амьдралын хамгийн оргил үе байсан.

БИ хэмээх хувийн мэдрэмж БИД гэсэн бүлгийн ухамсарт шилжиж, хувь хүний итгэл үнэмшил нэг л мэдэхэд онцын чухал биш болно.
БИ хэзээ ч өнхөрөөд унаж болох ч үхнэ гэж байхгүй. Учир нь түүнээс цааш ч БИД үргэлжлэн оршино.

Дайн хэмээх туйлын төлөв дор хүмүүсийн нэгдэл төсөөлснөөс хавьгүй хүчтэй нягтарч, нэг л мэдэхэд хувь хүн нэг бүр тэрхүү нэгэн цогц биетийн эд эс болон уусан шингэдэг бололтой юм. Тэгээд тэр нь "туйлаас сэтгэл сэргэм бөгөөд юунаас ч юм өргөгдсөн мэт хөөрлийн мэдрэмжийг төрүүлдэг" юм гэнэ.

Нэгдэл дундаас үүсдэг энэ мэт хөөрлийн мэдрэмжийг төрүүлдэг нь зарим шашинд ч бас хамаарах зүйл. Тус тусдаа салангид байсан хүмүүс "нэгэн цогц"–ыг мэдрэх үед жирийн бүхэн ариун болж, ширхэг бүрийг нэмсэнээс ч хавьгүй том хүч бүрдэнэ. Тэгээд сэтгэлийн шатаар өгсөн гарах тэр өндөрлөгөөс сая бурхны дүрийг олж харах үед..., БИ гээч нь бас л уусан шингэх аж.

"Сэтгэлийнхээ шатны үзүүрт ганцхан секунд Есүс Христтэй учирсан удаа бий" хэмээн Stephen Bradley ярьж байна.
– Би тэгэхэд баярласандаа бие минь чичирч байсан. Дэндүү гайхамшигтай аз жаргалын мэдрэмж байсан болохоор ингээд үхсэн ч харамсахгүй юм шиг санагдсан.

Дайн гээч зүйл шашны нөгөө туйл гэлтэй. Гэвч энэ хоёр тасалъя гээд ч үл тасрах хачирхалтай хамаарлаар холбоотой юм шиг. Дайн шашныг төрүүлж, басхүү шашин дайныг төрүүлж ирснийг түүх бидэнд өгүүлдэг. Үүн шигээ бас өөрөөсөө ангижрах гэдэг ухагдахуун дээр ч өвөрмөц байдлаар уулздаг байх нь.

Амь дүйсэн тулаан гэдэг хүчирхэг бүлгийн ухамсрыг дуудан сэрээнэ.
Дэлхийн 2–р дайнд ялсан холбоотнууд дахь БҮЛГИЙН БАЯР ХӨӨР.
9.11–ийн терророор мэдэрсэн Америк дахь БҮЛГИЙН УЙ ГАШУУ.
Дарангуйлагчийг түлхэн унагахаар боссон Египитийн ард түмний БҮЛГИЙН УУР ХИЛЭН.
Гаднаас ирэх аливаа дарамт стресс нийгмийн дотоодод хүчирхэг нэгэн цулыг төрүүлэх аж. Үүнтэй адилаар нэгэн итгэл үнэмшил (буюу шашин) дор нэгдэн нягтрах хүмүүсийн дундаас ч бас ийм нэгдэл үүснэ.

Тэрхүү нэгдлийн шалтгаан нь дайн байна уу, шашин байна уу гэдгээс үл хамааран аварга том БҮХЭЛ–ийн эд эс болж буйгаа мэдрэх тэр үед БИ гэдэг өчүүхэн хувь хүн өөрөөсөө тасран хөөрөх мэдрэмжийг мэдэрдэг бололтой...


Ингэхэд ямар нэгэн агуу хүчин зүйлтэй нэгдэх мэдрэмжээс үүсэх тэр мэт хөөрөл нь хүн бидэнд урьдаас өгөгдсөн чадавхи юм болов уу?

Байгаль эх биднийг ийм байхаар бүтээсэн хэрэг үү? Эсвэл хувьслын систем дотор санамсаргүй гажуудал үүсэв үү? Бүр эсвэл тэр мэдрэмж ердөө л түрхэн зуурын төөрөгдөл юм болов уу? Энэ бол дээрх Jonathan Haidt–ийн асуулт.

– Ухамсараасаа ангижирч, өөрийгөө хөсөр хаях нь эргээд бидэнд ашигтайгаар тусдаг байхаар үүнийг тайлбарлах боломж бий юу? Байгаль биднийг үнэхээр ингэж програмчилсан юм гэвэл тэр нь юуны төлөө байж болох вэ?

Хувьслын онолын эцэг гэгддэг Чарлз Дарвин ингэж ам гарсан удаатай
– Ёс суртахуун гээчийн ихэнх нь биологийн биет болох хүн нэг бүрийн хувьд ямар ч ач холбогдолгүй зүйлс байдаг.

Гэтэл сүрэг дээр яриад ирвэл байдал эрс өөрчлөгдөнө. Тэр ёс суртахуун гээч нь сүргийн хувьд туйлын ач холбогдолтой зүйл юм.

Жишээ нь, зөвхөн хувь хүмүүс л хоорондоо өрсөлдөөд байвал ялагч нь ямагт "бусдыг завшигчид" байна гэсэн симуляци загвар байдаг.
Бусдыг завшигчдаас шинэ юм юу ч үүсэхгүй, байсан юм л нэгээс нөгөөд шилжих төдий. Нэг ёсондоо, хувь хүн өөрийнхөө төлөө үхэн хатан тэмцэлдэх ертөнц гэдэг бол биесээ шоглосон хөөрхийлэлтэй дүр зураг л байдаг гэсэн үг.

Харин тэр ертөнцөд бүлэг үүсвэл юу болох вэ?

Тэнд хувиа бодсон завшигчдын ноёрхол манан мэт замхарч, зохион байгуулагдсан бүтэц бүхий бүлгийн гарт эрх мэдэл шилжих болно.

Хувь хүмүүсийн хоорондох өрсөлдөөн өөрийгөө зүлгэн хөгжүүлэхийг шаарддаг хэдий ч нөгөө талаар сөрөг хандлагад хөл алдвал эргээд өөрийгөө мөхөөх эрсдлийг ч давхар агуулдаг.

Жишээ нь, сэлүүрт завины багийн тухай бодоод үз.
Хэдийгээр тэд нэг багийн гишүүд ч гэлээ дотроо бол өрсөлдөгчид. Учир нь, чадалгүй болон чадваргүй сэлүүрчид яваандаа багийн бүрэлдэхүүнээс хасагдах дүрэмтэй. Гэтэл хэн нэгэн санаа муут өөрийгөө зүлгэн хөгжүүлэхийн оронд бусдыг хорлох замыг (сөрөг хандлага) сонгохыг ч байг гэх газаргүй. Дасгалжуулагчдаа хов зөөж, санаатайгаар нэгнээ гэмтээх ч юм уу.

Гэвч энэ мэт өчүүхэн тэмцэл нь түүнээс хавьгүй том өрсөлдөөний өмнө тулж ирэх үед нэгэнт утгаа алдах болно. Завиндаа суугаад нэгэнтээ замд гарвал ясны дургүй нэгэнтэй ч хамтрахаас өөр замгүй. Учир нь түүнээс цааш дараагийн эрэг хүртэл тэдний хувь заяа нэг. Дуртай ч бай, дургүй ч бай харилцан туслалцах л болно. Нэг завин дотор хөлөө жийлцэх аваас би чи гэлгүй бүгд живэх аюултай.

Энэхүү "Нэг завинд суух" гэдэг тактик амьд байгалийн хувьсалд нэн түгээмэл ажиглагддаг. Тэгээд ч яг энэ арга л зальтай сэргэлэн завшигчдын санаархлыг таслах шидтэй гэнэ.

Яагаад бидний эс дотор өөрийн гэсэн тусдаа ДНХ бүхий Митохондри байдаг гэж бодож байна? Тэд эрх чөлөөт тусгаар бактери биш билүү?

Хариулт нь тэд нэг завинд суухыг оршин тогтнохын баталгаа гэж үзсэн учраас тэр.

Митохондри хэмээх өчүүхэн биет өөрөөсөө ангижран өөр эсийн нэг хэсэг болох үедээ "өргөгдсөн" мэт сэтгэгдэл төрж, үүнээс цааш үхсэн ч харамсахгүй гэж бодсон юм болов уу? Ямартай ч илүү том бүтцийн өчүүхэн эд эрхтэн болох замыг сонгосон митохондри л өнөө үеийг хүртэл амьд үлдэж иржээ.


Бусадтай нэгдэх процесс дундаа зөвхөн бусдын хөлс хөдөлмөрийг сордог хэнд ч хэрэггүй завшигчид мэдээж олон л байсан биз. Гэсэн ч харамсалтай юм даа, одоо тэд нэгэнт үгүй болж.

Нэг завинд суусан эсийн доторх эд эрхтэн бүр өөр өөрийн үүрэг рольтой. Хэн нь ч бусдыгаа шоглоод байх сөхөөгүй.

Тэгээд нэгэн цул болж хамтран бүтээсэн баялаг нь хувь хувьдаа бүтээж нийлүүлснээс ч хавьгүй арвин болно.

Эсийн түвшин дэх иймэрхүү бүлгийн бүтэц нь дээш дээшээгээ ФРАКТАЛ байдлаар тогтсон мэт харагддаг (Фрактал гэдэг нь дахин давтагдах буюу нэг дүрмэнд захирагдах шинж. Жишээ нь, бичил ертөнц дөх бөөмсийн шинж чанар хүний нийгэмд ч, сансар огторгуйд ч ажиглагдах байдал).
Зөгийн үүр ч, хүн сүрэг ч бүгд л митохондрийн гаргасан шийдвэртэй ижил шалтгаанаар нэг завинд суусны үр дүн юм.

Гэвч, амьд байгалийн хувьсал гээч нь хачирхалтайгаар бас буцаж урсах ч үе бий. Урагшаа 3 алхсан ч буцаад 2 алхахыг байг гэхгүй. Аюулгүйн баталгаа болсон дундын завиа мэдсээр байж эвдэхийг санаархагчид гарч ирдэг нь сонин. Хуучин цагийн завшигч дурсамж гээч нь тийм мартахын аргагүй амттай эд юм болов уу?

Хүн төрөлхтөн хэмээх нэгэн цул биет ч бас нэгдэл задралыг ээлжлэн давтана. Заримдаа завинд сууна, тэгсэнээ бууна, хааяа бүр хөмрүүлж орхино. Аз болоход эргэж завиндаа суух болгондоо "нэгэн бүхэл" хэмээх туйлын дээд баяслаа дахин амтална.

Дайн гэдэг уг нь бол нурааж сүйтгэх үйл болохоос нэгдэж нягтрахыг зорилгоо болгодог гэж хэлэхэд хэцүү. Дайны процессоос мэдэрдэг нэгэн бүхэл мэдрэмжийг харин ч огтоос төлөвлөөгүй дайвар бүтээгдэхүүн гэж үзвэл зохилтой.

Түүний дэргэд шашин анхнаасаа л нэгдэж нягтрахыг зорилгоо болгодог. Харамсалтай нь, хэсэгхэн хүний нэгдэл нягтрал огтоос төлөвлөөгүй дайн тулааныг ч үүсгэх явдал гарна.

Хүн гэдэг байгалиасаа нэгдлийг эрэлхийлдэг байхаар бүтээгдсэн боловч нэгдэл болгоны цаана задрах тавилан гарцаагүй хүлээж байдаг мэт. Тэр хоёрын дунд нэгдсэн бол задарч, задарсан бол нэгдсээр ахин дахин эргэлдсээр урагшилах биз.

Фракталын хүрээн дотор эрт орой хэзээ нэгэн цагт илүү том завьтай учрах л болно. Хэдий завинд чинь бурхан сууж байлаа ч...

Холбоотой – Эсүүд яагаад амиа хорлодог вэ?

No comments:

Post a Comment