– Яагаад, нүд шиг ээдрээтэй нарийн бүтэц байгалийн шалгаралаас төрсөн юм бол?
Үүнээс илүү үл авцалдал гэж үгүй мэт.
Дарвины амиараа итгэсэн Хувьсалын онол гээчид нь, нүдний хэт нарийн бүтцэд өгөх тайлбар байгаагүй юм. Нүдний нарийн бүтцийг тайлбарлах шинжлэх ухааны тайлбар олдоогүйн учир, шашны номлогч William Paley нүдийг "Бурхан оршин байдгийн баримт" гэж хүртэл хэлсэн байдаг.
Үнэхээр, нүд гэж ямар замналаар хувьссан юм бол??
540 сая жилийн тэртээ Кембрийн тэсрэлт (Cambrian Explosion) гэх цуутай SHOW тоглолт болжээ.
Гэхдээ энэ бол тэсрэлт байлдаан биш, яг тэр үеэр асар их хэмжээний зүйлийн төрөлжилт тэсрэлт мэт өрнөсөн явдал байв. Тэгтэл яг энэ тэсрэлтийн заагаар гэв гэнэт амьтадын бүхий л төрөл зүйлүүд ярайтал бүрдсэн байна.
Энэхүү их тэсрэлтээс өмнө дээд төрөлт амьтад үнэхээр байгаагүй юм уу, эсвэл ердөө л ул мөр нь олдохгүй байгаа юм уу гэдэг бол оньсогоны цаадах яриа.
Харин оньсогоны наадах хэлж болох үнэн гэвэл, дээрх их тэсрэлтээс хойшхи амьтад үсрэнгүй хувьсалт хийсэн явдал юм.
Яагаад гэнэт огцом хувьссан юм бол?
Үүнийг тайлбарлах гэсэн оролдлогуудын нэг нь Andrew Parker–ийн 1998 онд дэвшүүлсэн
– Тэр үеэс амьтад нүдтэй болсон юм
гэдэг таамаглал байдаг.
Амьтны түүхэнд хамгийн анх нүдтэй болсон амьтаныг Гурван дэлбээт (Trilobite) гэх шавьж байсан гэдэг.
Нүдтэй болсон тэрээр бусдаас үнэмлэхүй давуу талыг олжээ. Яадаг ч бай, тэрээр бусдын хувьд үл үзэгдэгч. Харин тэдгээр сохруудыг Trilobite зоргоороо зооглодог байсанаас зайлахгүй.
Гэвч нүд хэмээх тусгай лиценз нь зөвхөн түүний эзэмшилд удаан байсангүй, нүдтэй амьтад ар араасаа төрөн гарч ирэв. Ийнхүү зэвсэг агссан цэргүүд адил, нүдтэй болсон амьтадын хоорондох хөгжилийн өрсөлдөөн ширүүсч, эгшин зуур төрөл зүйлийн тоо хэмжээ нь баримжаагаа алджээ.
Энэн бол Andrew Parker–ийн "Гэрэл тусалтын таамаглал" (Blink of an Eye) дээр суурилсан Кембрийн тэсрэлтийн тайлбар. Гэрлийг илүү нарийвчлалтай мэдэрдэг болсоноор, амьтадын хувьсалыг эрс түргэсгэжээ гэсэн үг.
Ингэхэд нүд маань өөрөө хэрхэн хувьсаж ирсэн юм бол??
Нүдний хамгийн энгийн бүтцийг "бөмбөлөг" гээд төсөөлөхөд болно. Гэрлийг мэдэрдэг бөмбөлөг.
Гэвч, ердийн нэг бөмбөлөгөнд гэрэл хаанаас ирж байгаа нь тодорхойгүй. Мэдэрч чадах нь зөвхөн, "гэрэлтэй байна уу, харанухуй байна уу" л төдий.
Тэгж байтал, тэр бөмбөлөгөн дээр хотгор үүсэв. Энэ хотгорт гэрэл болон сүүдэр тогтоно. Энэ гэрэл сүүдрийг мэдэрсэнээр, гэрэл аль зүгээс ирж байгаа нь илүү тодорхой болж ирэх юм.
Энэ хүрээд арай хийж амьтад хоолоо (эсвэл дайсан) хаах нь байгааг мэддэг болсон байна. Үр дүнд нь амьтадын хөгжил шинэ шатанд гарчээ.
Дарвины хувьсалын онолоор, нүдний ээдрээтэй нарийн бүтцийг бүрэн тайлбарлах боломжгүй.
Харин эрдэмтэн Сасаи Ёшикигийн судалгаа нүдний хөгжилийн нууцад шинэ гэрэл болон тусав.
Түүнийхээр бол
– Нүд нь хар аяндаа л бий болсон
аж.
Тэрээр "Нүд хар аяндаа бий болж" байгаа процессийг туршилтаар үзүүлсэн байна. Түүний арга гэвэл туйлын энгийн.
ES эсийг тогтмол тэжээлтэй шингэн дотор хөвүүлээд, тодорхой төлөв бүхий орчинд тавиад орхиход л хангалттай (ES эс гэдэг нь ямар ч эсэнд хувилах чадвартай ургийн эс).
Ингээд ганц сар хүлээхэд, тэнд нүд хар аяндаа бий болсон байх гэнэ.
Түүний ажлыг дэлхий даяар өндөр үнэлж, "Making eyes" буюу нүд бүтээгч гэсэн нэрээр алдарт Nature сэтгүүлийн нүүрийг чимсэн удаатай.
Бид бүхэн яагаад ч юм, "Тархи бүх эсийг удирдан зангидаж байдаг" гэсэн буруу ойлголттой байдаг.
Үнэндээ бодит байдал дээр, эсүүд нь харьцангуй зоргоороо хөдлөөд, ярвигтай зүйлийг ч бидэнд чадварлаг бүтээгээд өгдөг байх нь.
– Нүд хий
гэж тушаал хэн ч буулгаагүй байхад, тэд сайн дураараа нүдийг хийчихнэ. Тэр ч бүү хэл "юу дуртайгаа хий" гээд орчинг нь бүрдүүлээд орхичих төдийд, тунчиг уран нарийн хийцтэй чамин амьтан бүтээчихдэг байна.
Энэ бол тархи тооцож сэтгээд хийчих дайны зүйл огтхон ч биш. Ёстой л "бурханы бүтээл" гэж дуу алдмаар ч юм шиг.
Эсүүд ямар ч тушаал зааварчилгаагүйгээр, туршилт бүтэлгүйтлийг тасралтгүй давтана. Урагшаа 3 алхлаа гэж бодтол, хойшоо 2 алхана. Яг л согтуу хүн шиг гуйван дайван сэлгүүцнэ.
Гэвч энэ сэлгүүцэл нь боломжит бүхий л вариантыг туршин шавхах процесс тул, огтхон ч дэмий сэлгүүцэл биш юм. Үр дүнд нь, ухамсарт тархи сэтгэж үл хүрэх товхийсэн бүтээлийг ч хийчихдэг болохоор.
Нэгэн бодлын, залуу хүмүүс хий дэмий сэлгүүцэх нь, огтхон хий дэмий явдал биш ч юм шиг. Тойрч гарахын аргагүй чухал туршилт шавхалт ч юм билүү. Тэр ч бүү хэл, эрдмийн оргилд гарсан их хүн ч бай, хичээнгүйлэн сэлгүүцэх хэрэгтэй мэт.
Утгагүй хийгээд дэмий гэж тооцсон болгоноо тэвчин хориглох аваас, алсдаа урагшилан гишгэх газар үлдэхгүй болох вий.
No comments:
Post a Comment