2012/11/20

БӨӨМ vs ДОЛГИОН

– Гэрэл гэж БӨӨМ үү? Эсвэл ДОЛГИОН уу?

Квант физикчээс ингэж асуувал
– Гэрэл бол БӨӨМ ч мөн, ДОЛГИОН ч мөн гэж
хариулах вий.


Эрүүл ухаантай хүн ийм хариулт сонсвол шууд цочирдоно.
– Юу гэж байгаа юм наадах чинь? Долгион бөөм хоёр чинь илэрхий өөр зүйл юм байгаа биз дээ? БӨӨМ ч мөн, ДОЛГИОН ч мөн гэхээр тэгээд ямар төлөв болж таарах уу??
гэх биз.

Үнэхээр ч бидний эгэл ардуудад "ямар нэгэн зүйл нэгэн зэрэг бөөм бөгөөд долгион байхыг" ажигласан туршлага үгүй болохоор, ийм юм төсөөлөн бодох нь 4 хэмжээст огторгүй төсөөлөх дайны дотор давчдам явдал болох биз.

Үнэндээ квант физикчид өөрсдөө ч бас үүнийхээ талаар эмх цэгцтэй төсөөлөлгүй бололтой бөгөөд
– Яагаад тийм байгаа юм?
гэж асуувал
– Мэээдкү
гэж хариулна.

Хэдэн арван жил зөвхөн энэ тухай бодож, бясалгаж, гиеүрч, нухаж, шаналж, басхүү тэгж шаналсныхаа төлөө талхаа олж иддэг мэргэжилтнүүд хүртэл жишим ч үгүй
– Мэдэхгүй ээ
л гэнэ. Тийм байхад бид мэтийн, хонины бэлчээр дээрээс алсын бараа ширтэх аятай сонингийн булан цуглуулагчид их л бодож
– Яагаад тэд нар мэдэхгүй байгаа юм бол доо, хөөрхий...
гэхээс илүү юу хэлэх билээ.

За тэгэхээр.
Ерөөс физикийн ухаан гэдэг бол үргэлж туршилтын үр дүнг л үндэслэлээ болгодог. Ямар ч гуа сайхан бүхий цэмцийсэн онол бай, туршилтын үр дүнтэй таарахгүй л бол шууд хогийн сав мялаана. Эсрэгээрээ ямар ч чөтгөрийн тэмдэг холилдсон онол бай, туршилтын үр дүнг зөгнөж чадаж л байвал түүнийг стандарт онол болгон мөрддөг дүрэмтэй. Физик гэдэг бол хэрхэвч цаасан дээрх хоосон яриа бус, бодит амьдралын (практик) буулгалт юм.

Тийм болохоор
– Гэрэл бол бөөм бөгөөд долгион юм
гэсэн цочиж үргэмээр яриа ч бас практик үр дүнгээс урган гарсан дүгнэлт юм.

– Ямар гээчийн толгой эргүүлсэн яриа байх бол доо, цаана нь?
гэж бодно уу?
– Ердөө ч үгүй. Болсон явдал болбоос, үнэндээ туйлын энгийн зүйл байсан юм.

Нэгэнтээ л физик нь туршилтын үр дүнд үндэслэдэг болохоор, ердөө л
Гэрэл бол долгион юм байна гэсэн туршилт
Гэрэл бол бөөм юм байна гэсэн туршилт
гэсэн хоёр янзын туршилт олдсон төдий л хэрэг.

Энэ хоёрыг л тайлбарлачхад, бүх яриа дуусах юм.

Үргэлжлэл – БӨӨМ vs ДОЛГИОН – Гэрэл бол ДОЛГИОН

No comments:

Post a Comment