Сандел:
Өмнөх лекцээр Жереми Бентамын утилитаризмыг эсэргүүцсэн
саналуудын талаар хэлэлцсэн.
Та бүхнээс хоёр төрлийн няцаалт гарч ирсэн. Нэг дэхь нь
“Утилитаризм бол үнэмлэхүй олонхын төлөөх үнэмлэхүй аз жаргалыг чухалчилдаг
учир, хувь хүний эрхийг дээдэлж чаддаггүй” гэсэн санаа байсан.
Үүн дээр тарчлаан зовоох (яргалал) болон терроризмын
тухай бодож үзье л дээ. 9 сарын 10-нд нэгэн террорист сэжигтнийг барьжээ гэе.
Тэр нөхөрт 3,000 илүү тооны хүн алахаар төлөвлөсөн террорист халдлагын
талаарх маш чухал мэдээлэл байгаа гэдэгт чи бүрэн итгэлтэй байгаа боловч, тэр
мэдээллийг түүнээс яаж гаргаж авахаа мэддэггүй.
Тэр мэдээллийг авахын тулд сэжигтнийг тарчлаан зовоох
нь зөв үйлдэл үү? Эсвэл чамд хувь хүний эрхийг дээдлэх хөтөлбөргүй ёс
суртахууны үүрэг байгаа учраас тэгж болохгүй юу? Нэг талаар энэ бол анх
ярилцсан төмөр замын хэрэг болон эрхтэн шилжүүлэн суулгах хэрэг руу буцаж
очно.
Түүнээс гадна өмнөх лекцээр зардал ашгийн анализын
жишээг танилцуулсан. Гэвч олон хүн зардал ашгийн анализ хийхийн тулд амь
насанд үнэ тогтоохыг зүйтэй гэж үзээгүй. Тэндээс хоёр дахь няцаалт холбогдон
гарч ирсэн. “Ингэхэд ер нь бүхий л үнэ цэнийг нэг стандартад оруулах нь
боломжтой зүйл үү?” гэх асуудал. Ялгаатай төрлийн зүйлийг нэг хэмжүүрээр
хэмжиж ер нь болох уу?
Тэгвэл энэ удаад бас нэгэн өөр жишээ авч ярья. Энэ бол
бодит түүх бөгөөд, миний өөрийн туршлагаас гарсан жишээ юм. Ямар ч байсан
бүхий л үнэ цэнийг утилитаризмын логикоор харах нь зөв үү гэдгийг эргэцүүлэн
бодуулж өгөх болов уу.
Олон жилийн өмнө, намайг их сургуулийн магистр оюутан
байх үед, Оксфордын их сургууль нь охидын болон хөвгүүдийн коллеж гэсэн хоёр
тусдаа сургууль байсан юм. Тэгээд охидын коллежийн дотуур байранд эрэгтэй хүн
хонох хориотой байлаа. Гэсэн ч, тэр дүрэм хэлбэр төдий зүйл байсан ба, бүгд
хэнэг ч үгүй зөрчдөг байсан. ...Гэж би сонссон юм (Бүгд хахаха).
1970-д оны сүүлээр энэ дүрмийг зөөлрүүлэхийг шаардах
хөдөлгөөн өрнөж, охидын коллежийн нэг болох Сэйнт Анн коллежийн багш ажилчдын
дунд нэгэн яриа болжээ. Ахмад настай багш нар консерватив (хуучинсаг) тул
төдийг хүртлэх дүрмийг өөрчлөхийг эсэргүүцэж байв. Гэсэн ч цаг үе нэгэнт
өөрчлөгдсөн. Тэд өөрсдийгөө хуучныг баримтлагч гэж хэлэхээс санаа зовсондоо
юу, яриаг хувиргаж утилитарист маягийн үндэслэл гаргаж тавив: “Эрэгтэйчүүд
дотуур байранд хонохоор их сургуулийн зардалд дарамт болж байна.”
Яагаад гэж үү?
“Эрчүүд усанд орвол халуун усны хэрэглээ өснө” гэнэ.
Цаашлаад “Ор дэрний цагаан даавуу, матрас хүртэл хурдан элэгдэж, солих
давтамж нь богиносож байна” гэсэн санал хүртэл гарав (Бүгд хахаха).
Тэгээд шинэчлэлийг шаардагчид тодорхой нөхцөлтэйгээр их
сургуультай тохиролцоонд хүрчээ:
“Нэг охин 7 хоногт дээд тал нь 3 удаа эрэгтэй хүн
өрөөндөө хонуулж болно (Бүгд хахаха). Тэр 3 нь заавал нэг хүн байх ёстой
гэсэн заалт байхгүй (хаха).”
Дээр нь бас нэг нөхцөл: “Гадны хүн хоновол байрласны
зардалд 50 пенс төлөх ёстой” (хахаха).
Маргааш нь нэгэн үндэсний хэмжээний сонины нүүрэн дээр
ийм гарчиг дурайж харагдав:
“Сэйнт Анн коллежийн охидууд нэг шөнө 50 пенсийн
үнэтэй” (Бүгд хахаха).
Энэ жишээ бол нэг төрлийн ариун ёсны тухай боловч,
бүхий л үнэ цэнийг утилитарист томьёонд хувиргах нь ямар хэцүү зүйл болохыг
үүгээр ч бас харж болж байна.
Өдийг хүртэл утилитари үзэлд хандах хоёр дахь
няцаалттай холбоотой жишээнүүдийг хэлэлцэж ирсэн. Тэгээд тэдгээрт ямар ч
байсан дараах эргэлзээ агуулагдаж байгаа нь анзаарагдсан:
“Бид бүхэн үнэ цэнэ гээч юмыг нэг л төрөлтэй бөгөөд,
бүхий л зүйлсийн үнэ цэнийг нэг шугамаар хэмжиж, аливаа үйлдлийн ёс
суртахуунлаг эсэхийг доллар ч юм уу ямар нэгэн юм руу шилжүүлэн тооцож болно
гэж төсөөлж байгаа ч, үнэхээр тэгэх нь зөв гэж үү?”
Цаашлаад, бид бүхэн үнэ цэнэ хийгээд дур сонирхол
зэргийг бөөндөж тооцохыг яаран таашаахгүй байгаагийн цаана бас нэг шалтгаан
бий. Тэр нь “Яагаад хүмүүсийн дур сонирхлыг сайн сонирхол болон муу сонирхол
гэхчлэн үнэлэлгүй, бүгдийг нь ижилхнээр хэмжих шаардлагатай юм бэ?” гэж боддогтой
холбоотой. Бид бүхэн илүү дээгүүр зэрэглэлийн таашаал болон доогуур
зэрэглэлийн таашаалыг ангилах ёстой биш гэж үү?
Хүний дур сонирхолд чанарын зэрэглэл байхгүй гэж үзэх
нь нэгэн бодлын аятайхан санаа. Яагаад гэвэл зэрэглэж ялгах ч шаардлагагүй, дээр
нь бүх хүмүүс тэгш эрхтэй гэж харагдах учраас.
Бентамын урсгалыг дагагч утилитаристууд хэний ч дур
сонирхол адилхан чухал гэж хэлнэ. Бусад хүн юунд дурлах, харилцан өөр хүмүүс
юунаас аз жаргалыг мэдрэхээс үл хамааран, бүх хүмүүсийн дур сонирхол нэгэн ижил
чухал, гэнэ.
Бентамын чухалчилж буй зүйл..., санаж байгаа биз дээ?
Баяр хөөр болон зовлон шаналалын төрөл нь бус, түүний хэмжээ болон үргэлжлэх
хугацаа нь түүнд чухал байсан.
Бентамын хувьд нэг ёсондоо “дээд зэргийн таашаал” гэдэг
бол, аль болох их хэмжээтэй аль болох удаан үргэлжлэх сэтгэлийн таашаал
эдлүүлэх зүйл. Энэ санааг нь илэрхийлэх ийм нэг алдартай үг байдаг:
“Баясгах хэмжээ нь л ижилхэн бол, кноп ч бас яруу
найрагтай эн тэнцүү сайн.”
Кноп гэдэг нь хананд хатгаж тоглодог хүүхдийн тоглоом
боловч, түүнийг яруу найрагтай эн тэнцүү сайн гэж Бентам хэлсэн байна.
Энэ үгэнд иймэрхүү шууд санаа агуулагдаж байна, гэж
санагдана. Бусдын баяр баясгаланг харьцуулж, “хэнийх нь илүү үнэ цэнэтэй
байна, тансаг байна, сайн байна” гэхчлэн дүгнэх нь эрээ цээргүй явдал.
Энэхүү “зэрэглэлээс татгалзах” төрх байдалд үнэхээр
санал нийлмээр. Олны дунд Моцартад дуртай хүн байхад Мадоннад дуртай ч хүн
бий. Боллейбол сонирхдог хүн байхад боулинг сонирхдог нь ч бий. Бентамыг
баримтлагчид бол “Хэнийх нь таашаал илүү дээд зэрэглэлийн бөгөөд үнэ цэнэтэй,
тансаг вэ энэ тэр гэдгийг шүүх эрх хэнд ч байхгүй” гэж хэлэх биз.
Гэсэн ч, үнэхээр тэгэх нь асуудалгүй гэж үү? Таашаалын
чанарын зэрэглэлийг харгалзахгүй байх нь асуудалгүй юу? Адилхан баяр хөөр ч
гэлээ, зарим төрлийнх нь бусдаасаа илүү гойд байж, үнэ цэнэ нь илүү өндөр
байж болно гэсэн санааг огт тооцохгүй орхиж болно гэж үү?
Эртний Ромын Колизейн жишээг эргэн санавал, нийт
Ромчуудын зугаа цэнгэлийн төлөө Христ шүтлэгтнүүдийн хүний эрхэнд халдаж
байсан. Эндээс Бентамын үзлийн өөр нэг асуудалтай тал ч бас харагдсан. “Нийт
олонхын сайн сайхны төлөө ямар нэгэн шийдвэр гаргахын тулд, тулаан үзэх
Ромчуудын мэдэрсэн тэр өрөвдөлтэй хөгийн ялзарсан таашаалд ч бас ямар нэгэн
үнэ цэнэ оноож үнэлэх ёстой юм гэж үү?” Энэ бол Бентамын утилитаризмд өгөх
няцаалт юм.
Үнэндээ, нэгэн цагт энэ няцаалтад хариулахыг зорьсон
нэгэн хүн байсан. Тэр бол хожмын утилитарист Жон Стюарт Милл юм. Үүнээс цааш
бүгдээрээ Бентамын утилитаризмд өгсөн няцаалтын эсрэг Жон Стюарт Милл ончтой
хариу барьж чадсан эсэхийг харцгаая.
Жон Стюарт Милл 1806 онд төржээ. Эцэг Жеймс Милл нь Жереми Бентамын шавь байсан ба, хүү
Жон Стюартдаа шавхийсэн боловсрол эзэмшүүлэхийг зорьжээ.
Жон Стюарт Милл бурхны адисласан хүү байлаа. Тэрээр 3
насандаа Грек хэлийг, 8 насандаа Латин хэлийг ойлгож, 10 насандаа Ромын
хуулийн түүхийн талаар бичив (Хахаха). Тэгээд 20 насандаа невроз туссан (Бүгд
хахаха).
Түүнээс хойш 5 жилийн турш депрэсстэй явсан боловч, 25
насандаа Харриет Тэйлор хэмээх бүсгүйтэй учирснаар депрессээсээ мултран гарна.
Тэр хоёр хуримаа хийж, аз жаргалтай амьдрав. Тэгээд эхнэрийнхээ халамж дор
Жон Стюарт Милл утилитаризмыг цус гүйсэн амьд үзэл болгохоор санаа шулуудсан
гэдэг.
Милл хувь хүний эрх зэрэг хүмүүнлигийн (хүнлиг?)
асуудал болон, дээгүүр ба доогуур зэрэглэлийн таашаалыг ангилах шаардлагыг
бодолцож шигтгэсэн байдлаар утилитари үзлийн тооцоолох аргыг өргөтгөн өөрчлөх
боломжтой эсэхийг шалгаж үзэхийг оролджээ.
1859 онд алдарт бүтээл “Эрх чөлөө”-гөө бичиж, хувь
хүний эрх болон цөөнхийн эрхийг хамгаалахын чухлыг онолдов. Цаашлаад 1861 онд
энэхүү лекц дээр ч авч ярилцах “Утилитаризм” бүтээлээ бичжээ.
Милл тэндээ ашиг тусыг ёс суртахууны цорын ганц хэмжүүр
мөн хэмээх санаагаа илэрхийлсэн байдаг. Нэг ёсондоо, Бентамын үзлийн суурь
нөхцлийг үгүйсгэсэн бус, харин ч түүнийг тунхаглан бататгасан байна.
Түүнийхээ үндэслэлийг тэрээр тов тодорхой ингэж өгүүлсэн бий:
“Хүсэмжит зүйл болохыг илтгэх цорын ганц нотолгоо бол
бодитоор хүн тэр зүйлийг хүсэх явдал юм.”
Бодит туршлагаас үүдэх хүсэл тачаал л ёс суртахууныг
үнэлэх зохистой нотолгоо мөн, хэмээн Милл өгүүлжээ.
Гэвч номын 2-р бүлгийн хуудас 8 дээр тэрээр “Утилитаристууд
дээгүүр болон доогуур зэрэглэлийн таашаалыг ангилах боломжтой” гэж бас
онолдсон бий.
За тэгэхээр, Миллийг аль хэдийнэ уншсан хүмүүс түүнийг
хэрхэн ангилж болно гэснийг мэдэж байгаа байх. Утилитаристууд чанаргүй
хийгээд олиггүй зүйлс, үнэ цэнэгүй зүйлсээс хэрхэн яаж чанартай зүйлийг
ангилж чадах вэ?
Босоод хариулаарай
|
8 comments:
Баярлалаа
Яасан бэ үргэлжлүүлээд нийтлэхгүй байсан юм уу?
Үнэхээр сонирхолтой байлаа. Харахад сайн болон муугаас үл хамааран тухайн үзэл онолоо нарийн ухаж, хөгжүүлэх ёстойг саналаа. Баярлалаа.
Нээрээ л дээд зэргийн таашаалыг мэдрэхийн тулд тодорхой хэмжээний боловсрол хэрэгтэй юм даа.
ene lektsiig shuud uzheer link bnu
https://www.youtube.com/watch?v=kBdfcR-8hEY
энэ лекцээс хойшоо бусад лекц нь байгаа юу?
Байгаа
Post a Comment