2017/09/12

Дармапада номын хураангуй (4-р хэсэг)


4.       Ертөнц хоосон

Сүсгээс илүү өөрийгөө чандлах

“Шагжамүнийн буддизм”-ын хамгийн том онцлог юу вэ? гэж асуувал, бичигч би “Өөрийгөө чандлах систем” гэж хариулах болов уу. Ер бусын нууц далд ид шидэнд итгэлгүй, амьд явахын элдэв зовлон гасланг гагцхүү өөрөөс л болсон асуудал хэмээн тунгааж, өөрийгөө чандлан баримтлах дундаас шийдлийг олж гаргах. Энэ л Шагжамүнийн буддизмын үндсэн хандлага юм. Уул нь шашин гэхээр хүний оюуныг давсан ямар нэгэн зүйлд итгэн сүслэж, түүнээ сэтгэлийн тулах цэгээ болгон амьдрахыг заан хэлдэг хэдий ч, энэ хэмжүүрээр шинжих юм бол Шагжамүнийн буддизм нь шашин гэх хүрээлэлд багтахгүй ч байж мэднэ.

Гадны нууцлаг ид шидэнд найдахгүй гэх Буддагийн үзлийг сайтар илэрхийлэх нэгэн мөрийг Дармападаас иш татан харцгаая. Энэ сургаалд хүмүүс ойр хавийнхаа элдэв бүхэнд чаргууцалдан аврал эрэх байдлыг донгодон илчилжээ.

Айсан хүмүүс аврал эрж
Ариун сүм, ой хөвч
Бут сондуул, дов толгод
Бүхий л газар руу гүйлдмү (188)

Огтхон ч тэдгээр нь
Оройн дээд авралын газар биш ээ
Бултаж очсоноор авралын тийм газар
Бүх зовлонгоос хагацаж эс чадмой (189)

Нөгөөтэйгүүр дараах мөрөнд хүчин чармайлт хийгээд өдөр тутмын хичээл зүтгэл бүрийн чухлыг тодотгон үзүүлжээ.

Ухаан сэрэмж нь үхэлгүй мөнхийн зам
Ухаан сэрэмжгүй нь үхэлд хөтлөх зам
Ухаан сэрэмжтэй нь мөнхөрмү
Ухаан сэрэмжгүй нь аль хэдийнэ үхсэнтэй ижил (21)

Өөрийн биеийг хянан болгоож
Өөчлөн шинжиж байваас зохилтой
Биеэ чандлагч хянуур сэрэмжтэй лам л
Баяр жаргал дүүрэм амьдарму цаг ямагт (379)

“Биеэ чандлах” гэдэг утгаар нь Буддагийн үзлийг хамгийн тодоор илэрхийлэх сургаал бол явж явж түүний өөрийн гэрээс үг гэж санагдана. Нэгдүгээр хэсэгт Буддагийн амьдралын замналыг хураангүйлан өгүүлсэн. Тэндээс Будда жанч халахын өмнөх хэсгийг ахиад жаахан дэлгэрүүлэн харъя.
Будда гэгээрлийг олоод 40 илүү жилийн туршид гол төлөв Магада улсын хааны ордон төвтэй бүс газраар сургаалиа түгээсэн боловч, 80 насанд хүрээд биеийн доройтлыг мэдэрснийх үү, шавь Анандаа дагуулан сүүлчийн аянд гарна. Будда хаашаа зорьж гарсныг тааварлахаас илүүтэй хэлэх боломжгүй ч, Шагжа омгийн төрсөн нутаг болох Капилавастуг чиглэж явсан болов уу гэлцдэг.
Замдаа Белува гэх тосгоны ойролцоо Будда хүнд өвчинд ороогдоно. Мөдхөн цаг нь иржээ хэмээн ойлгосных уу, шавь Анандаа дуудан, өөрийгөө үгүй болсны хойно шавь нартаа сэтгэлээ чандал хэмээн ингэж сургав.

Өөртөө арал болж, өөрийгөө авралын тулгуур болгон амьдар.
Өөр юунд ч бүү тулсугай.
Номоор (сургаал) арал хийж, номыг авралын тулгуур болгон амьдар.
Өөр юунд ч бүү тулсугай.
(Махапаринирвана судраас)

Нэг ёсондоо “өөрийгөө” болон “ном (буюу Буддагийн сургаал)” хоёрыг л тулж амьдар гэж хэлжээ. Итгэж болох нь “БИ” тэгээд “ном” хоёр. “Миний бие цогцосыг тахин шүтэж, тэндээс аврал эр” энэ тэр гэж хэлээгүй болохоор, шавь нар нь цогцос чандраас өгсүүлээд элдэв барьмал, зураг хөрөг, өөр юуг ч эс тахин шүтэв. Үүний улмаар “Шагжамүнийн буддизм” нь аврал эрэн залбирдаг шашин бус, өөрийгөө чандлан чиглүүлэх зам мөр хэмээх тэр хэлбэрээ олон тогтжээ.
Түүний дараа Будда бие тааруу ч аялалаа цааш үргэлжлүүлсэн боловч, Пава хэмээх газар хүрч, нутгийн хүмүүсийн идээнээс хоолны хордлого аван дахин бие чилээрхэж, нэгэнт эцсийн мөч нь тулж ирэв. Будда Хиранявати голын цаадах Кушинагар гэх газар үхлүүт биеэ зөөн хүрч, нэгэн саглагар модны дор хажуулдан гүн бясалгалд орно. Тэгээд тэр чигтээ мөнх бусыг үзүүлэв. Төрсөн бол үхэж, үхсэн бол төрдөг сансрын хүрдний гинжин хэлхээнээс мултран гарч, үүрдийн үл хувирах төлөвт орсон нь тэр байлаа. Түүнийг “Нирваан” хэмээнэ.
Тэр үед мөнөөх саглагар мод урьд хожид байгаагүй дүүрэн цэцэглэж, Буддагийн цогцос дээр дэлбээ нь цас мэт будран буусан гэдэг. Дармападад нирвааны тухай өгүүлсэн Буддагийн үг бий.

Аливаа шунал хүслээс ангижирч
Айх бэргэх зүйлгүй агаад зорьсондоо хүрч
Оршихуйн өргөсөө сугалан хаясан хүний
Орхих бие нь хамгийн эцсийнх болой (351)

Энэ нь гэгээрлийн зэрэгт хүрсэн хүнд үхэл амьдрал нэгэнт хамаагүй болдог гэсэн утгатай.
Өмнөх хэсгүүдэд “Хуран үүдсэн бүхэн зовлон”, “Хуран үүдсэн бүхэн мөнх бус”, “Номууд бүхэн би үгүй” гэсэн түлхүүр үгнүүд гарч ирсэн шүү дээ. Тэгвэл эдгээр үнэнийг бүрэн ойлгосон хүн л сая нирваан дүрийг олдог учиртай билээ.

Зүгээр л оюун санаагаа төвлөрүүл

Түүний хойно шавь нар нь багшийнхаа гэрээсийг сахиж тасралтгүй даяанчилсаар байсан боловч, тэрхүү даяанч амьдралын үндэс нь юу вэ хэмээвээс, тэр бол зөвхөн бясалгал, уйгагүй бясалгал юм. Өмнө ч өгүүлсэнчлэн Будда биеэ тамлан зовоох хүнд хүчир даяанчлалыг үгүйсгэсэн болохоор, хийх ёстой нь “оюун санааны төвлөрөл”, ердөө л энэ юм.
Тэгвэл бясалгалыг ямархуу байдлаар хийдэг юм бол? Дармападад даяанч шавь нарын дүр төрхийг дүрсэлсэн дараах мөр байдаг.

Бясалгал хийсэндээ сэтгэл нь
Өнөд баясан баярлагч Готамагийн шавь нар
Өнөр жаргалыг үүрд мөнх эгээрнэ (301)


Бясалгалд “баясна” гэх илэрхийлэл өвөрмөц санагдаж магадгүй ч, даяанчлах хүмүүсийн хувьд өдөр тутмын бясалгалаар зовлонд ороогдсон хуучны өөрөөсөө бага багаар холдож амар амгалан төлөв тийш өөрчлөгдөх нь юу юунаас дээд баяр баясгалан тул, жир амьдралынх нь үетэй харьцуулахад сэтгэлээр хэд дахин баян болсон байх нь үнэхээр “баясмаар” зүйл юм.
Тэгвэл тэрхүү бясалгал гэдэг нь ямархуу зүйл юм бол? Хоёр хөлөө завилж суугаад, нүдээ үл ялиг нээсэн байдалтайгаар оюун санаагаа төвлөрүүлнэ. Ердөө л энэ. Маш энгийн гэж хэлж болно. Дэргэдээс нь харвал зүгээр л сууж байгаа төдий л харагдана. Гэвч энэ бол гадаад ертөнцөөс орж ирэх мэдээллийг бүгдийг хааж, өөрийн бүх мэдрэл, оюун санаагаа дотоод руугаа чиглүүлсэн буй төрх юм. Гэхдээ заавал ингэж л бясалгах ёстой гэсэн дүрэм үгүй бөгөөд, ойр хавиар тойрон алхангаа бясалгах хэлбэр ч бас байх нь бий.
Түүнээс цаашаагаа бол оюунаа төвлөрүүлж сурахын төлөөх янз бүрийн аргуудыг туршаад явах боловч, тэр нь тийм ч амар зүйл биш учир бясалгалын заавар гарын авлага ч гэж байдаг.
Тийм номууд дундаа хамгийн сонирхолтой нь бясалгал хийх аргачлалыг ширхэг бүрчлэн маш нарийвчилж бичсэн Visuddhimagga (буюу Тийн арилсан мөр) нэртэй хуучны судар байдаг. Түүнийг Буддагоша хэмээх дээд лам Шри-Ланка хэлээр бичиж үлдээжээ.
Тэнд бичсэнээр бол гүн бясалгалд орохын тулд ойролцоогоор 40 гаруй төрлийн “урхи мэх”-ээс сонгож хэрэглэ гэжээ. Жишээлбэл “газар гөлрөх”, “цэнхэр өнгө рүү гөлрөх”, “өөрийн амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэх” гэх мэтийн арга мэхүүд байдаг гэнэ. Тэдгээр нь ердийн нэг арга төдий учир онцгой гүн утга гэж үгүй. Гол нь оюун санаа тийшээ цэх төвлөрч чадахуйц тийм л бай байх нь чухал.
Хамгийн түгээмлээр нь “цэнхэр өнгө рүү гөлрөх”-ийг энд тайлбарлая. Цэв цэнхэр өнгөтэй дугуй хавтан бэлдэж, түүнийгээ нүдний өмнөө байрлуулаад тасралтгүй гөлрөөд л байна. Толгой дотроо “цэнхэр, цэнхэр, цэнхэр…” гэж үглэн, бодлоо тэр чигээр нь цэнхэр өнгөөр дүүргэнэ. Тэгж дүүргэж чадмагц шалавхан өрөөндөө буцаж очин сууж, бясалгалд орно. Эхэндээ элдэв бодлуудад ээрэгдэн барагтай бол толгой цэнхэр өнгөөр дүүрэхгүй ч, аажимдаа бага багаар чаддаг болоод ирнэ. Сүүлдээ тийм цэнхэр хавтан ч хэрэглэлгүйгээр өрөөндөө суусан чигтээ хэзээ дуртай үедээ бясалгалд орж чадахуйц болно.
Өнгөний хувьд заавал цэнхэр гэлтгүй шар ч юм уу, улаан байсан ч хамаагүй боловч, хэлбэрийн хувьд дугуй байсан нь дээр гэдэг юм билээ. Яагаад гэхээр дөрвөлжин гэх мэт дүрс байвал өөрийн эрхгүй өнцөг рүү нь анхаарал гүйгээд саад болоод байдаг юм байх.
Бясалгалд орох эхлэл болгож “цогцос гөлрөх” гэдэг арга ч байдаг. Цогцос бол ердийн бус онцгой биет болохоор хүссэн хүсээгүй нүд түүн рүү цоо ширтэж орхидог. Тийм хүссэн хүсээгүй сэтгэл өөрийн эрхгүй төвлөрч орхидог төлвийг ашиглах байдлаар бясалгалын түвшингээ дээшлүүлдэг учиртай.
Өнөө үед цогцосыг хэзээ дуртай үедээ хараад байх боломж хомс болж ирж буй тул, Шри-Ланка болон Тайланд зэрэг өмнөдийн буддын санга (буюу хуврагын чуулган)-д бясалгалд зориулсан цогцосны зурагтай товхимол байх нь ч бий. Бидний өнцөгөөс харвал живж үхсэн, шатаж үхсэн, ялзарсан цогцос гэх мэт дотор жихүүцэж нүд хальтрам өнгөт зургуудын тиймэрхүү альбомыг хараад гаж, ёс бус гэж санагдах нь гарцаагүй боловч, “хуран үүдсэн бүхэн мөнх бус”, “номууд бүхэн би үгүй” болохыг ухаж, бясалгалаар гэгээрэлд хүрэхийг өөрийн амьдралын хамгийн дээд зорилго болгон тавих дээд хөлгөний буддист улсын хувьд бол тийм товхимол нь харин ч талархууштай, ач тустай номонд тооцогдох аж. Өнөөгийн нийгэм дэхь ертөнцийг үзэх явцуу үзэлд тулгагдан амьдрах бид бүхний хувьд, энэ мэт харах өнцөгийн ялгааг таньж анзаарах нь туйлаас чухал юм болов уу, гэж санагдана.
Яриандаа буцаж ороход, ямартай ч бясалгал гээч нь үйлдэл талаасаа туйлаас энгийн эд боловч, үр нөлөө нь хэмжээлшгүй том. Бодоод үзвэл, ерөөс зовлон гэдэг бол гадаад ертөнцийн элдэв мэдээлэл тархинд хүрснээр үүдэж байдаг. Тэдгээрийг бүрэн хааж чадах юм бол, хар аяндаа л оюун санаа төвлөрч, зовлонг өөрийг нь удирдах боломжтой болно гэх нь логик талаасаа ч учир утгатай.
Мөн мэдээж хэрэг бясалгал гэдэг бол өөрөө буддизмын зорилго бус, ердөө л арга хэрэгсэл, эхлэл, багаж нь юм. Юуны өмнө өөрийн бие сэтгэлээ элдэв бодлоос бүрэн чөлөөлсөн төлөвт оруулж тэр хүчээ ашиглаад, ердийн үед бодож чаддаггүй тийм хүнд асуултуудын хариултыг олохоор чармайна.
“Гадаад ертөнцийн мэдээллийг бүрэн хааснаар, хорвоогийн үнэн төрхийг олж танина” гэх нь мэдээллийн нийгэм гэх өнөө цагийн ертөнцийг үзэх үзэлтэй чанх зөрчилдөж буй ч юм шиг харагдах авч, мэдээллийн жинхэнэ үнэ цэнэ гэдэг бол оюун санаа түүнийг зөв зохистой боловсруулж байж сая бий болдог хэмээх фактыг бодолцож үзвээс огтоос зөв дүгнэлт гэж санагдана.
Бүрэн төвлөрсөн төлвийн талаар зүйрлэл тайлбар болгон миний гаргаж тавьдаг жишээ гэвэл математикийн бодлого бодох тохиолдол юм. Математикийн бодлого гэдэг бол оюун санаагаа төвлөрүүлэхгүй л бол бодож чадахгүй. Зурагт үзэнгээ, найзуудтайгаа чалчингаа хүнд хэцүү теоремыг баталчихдаг хүн гэж хаана ч үгүй. Оюунаа бүрэн төвлөрүүлж, тэр бодлогын ертөнц рүү уусан орж байж сая бид бүхэн зөв хариултанд хүрч очиж чадна. Тэр агшин дахь оюун санааны төлвийг анзаарвал тэнд мэдээж хэрэггүй бодол уур уцаар гэж байхгүй, тэр ч байтугай хүсэл тэмүүлэл, горьдлого шунал бүгд арилж, огт юу ч үгүй төлөвт орсон байна. Зарим яриагаар бол, туйлдаа хүртэл төвлөрсөн оюун санаа гэдэг бол юу ч бодохгүй, зүгээр л өмнө нь хариулт ил харагдаж байдаг төлөв гэдэг. Математикчид тийм төлвийг “онгод (inspiration)” гэж нэрлэдэг.
Чухал нь гэвэл тэрхүү математикийн бодлогын хариулт нь анхнаасаа тухайн бодлогынхоо дотор нь байдаг гэх явдал. Хариулт анхнаасаа л тэнд байж байхад, элдэв халхавч хувирсан хэлбэрт анхаарал саатаж харагдахгүй байсан төдий л зүйл. Тэр нь оюун санаа бүрэн төвлөрснөөр шаардлагатай болон шаардлагагүй мэдээллүүд цэгцлэгдэж, шаардлагатай мэдээллүүд зөв холбогдсоноор сая харагдаж эхлэх болно. Заримдаа бид бүхэн хариултыг олсныхоо дараа “Яагаад иймхэн юмыг ойлгохгүй байсан юм бол?” гэж бодох явдал байдаг шүү дээ. Тэр бол чухамхүү “үнэнийг олж харах” явдлын мөн чанар юм.
Төрөл нь өөр боловч спортын тамирчдын туршлага дунд ч бас үүнтэй төстэй явдал ажиглагддаг бололтой байдаг. Жишээ нь хөлбөмбөгт цохилт амжилттай болж бөмбөг хаалганы торонд шигдэх мэт орох агшин, эсвэл сагсан бөмбөгт шидсэн бөмбөг цагирагт сорогдох мэт орох агшинд аанай л удаашруулсан бичлэг харах мэт туйлын алгуурханаар бөмбөгний хөдөлгөөн харагддаг гэлцдэг. Эдгээр ч бас оюун санаа бүрэн төвлөрсөнөөр бий болох үр дүн, ердийн үед харагддагүй зүйл харагдаж буйн жишээ болов уу.
Бясалгал лавшрах процесс бол дугуй унаж сурахтай төстэй зүйл. Эхэндээ байнга хоёр тийшээ унаад олигтой урагшлахгүй ч, тууштай оролдоод л байвал нэг л мэдэхэд гэв гэнэт “чадчихлаа!” гэх тэр агшинтай учирна. Тэр нь ч бас удаан үргэлжлэхгүй боловч, ахин тууштай оролдоод байвал “чадчихлаа!” гэх агшин улам бүр уртассаар, эцэстээ хэзээ хүртэл ч дураараа дугуй унаж чаддаг болно.
Бясалгал ч бас үүнтэй адилаар өдөр бүр хичээгээд байвал, бясалгалд оръё гэж бодох л юм бол хаана ч хэзээ дуртай үедээ гүн бясалгалд орж чаддаг болно. Математикаар хэлбэл, бодлого нүдэнд тусах л юм бол, орчин тойрон хичнээн шуугиантай анхаарал сарниасан байлаа ч хамаагүй, шурдхийн тэр бодлогын ертөнц рүү шумбан орж чаддаг болно. Тийм чадвараа хөгжүүлэх явдал. Тэгээд тэрхүү оюун санаагаа төвлөрүүлэх чадвараа ашиглаад, өөрийн сэтгэлийн төрх байдлыг зөвөөр ажиглаж, бас засан тэгшитгэх. Энэ л буддын даяанчлалын зам мөр юм.
Эндээс ойлгогдож буйчлан, Буддагийн сургасан даяанчлалын зам бол алхам алхамаар газар ахих адил үйл бөгөөд, ямар нэгэн нууц тарнийн шидээр эгшин зуур гэгээрчихдэг ер бусын зүйл биш юм. Будда ч, мөнхүү Буддаг дагасан шавь нар нь ч бас өдөр бүрийн хичээл шамдалыг давтах дундаа бага багаар өөрийгөө өөрчилж, эцсийн дүндээ зовлон үгүй амар амгалан сэтгэлийг бүрэн эзэмшсэн билээ.

Nightstand Buddhism-ын эрин тийш

Оршил хэсэгт өгүүлсэнчлэн, сүүлийн үед “шагжамүнийн буддизм” нь Америкаар төвөө хийсэн том БҮҮМ үүсгээд буй. Тэдгээр америкийн буддын сүсэгтнүүд даяанчлал хийлгүй ердийн аж амьдрал дундаа Буддагийн сургаалиас суралцаж, оюун санааны тайван амгалан хийгээд сэтгэлийн хөгжлийг зорьцгоож байдаг. Тэд ажлаа тарж гэртээ ирээд, өрөөндөө хэдэн цагаар бясалгал үйлдэх гэсэн хэмнэлтэй. Бүрэнхий өрөөнд ширээний гэрэл (буюу nightstand) асаан бясалгах учир “nightstand buddhist” гэгдэж, тооны хувьд Америкт л гэхэд 3 сая гаруй хүн бий гэсэн баримжаа тооцоо бий. Тэдний хувьд ч бас Дармапада нь өврөөсөө салгадаггүй нандин судар нь болж байдаг.
Өмнө “будда, ном, хуврагын чуулган” хэмээх 3 эрдэнийн тухай өгүүлсэнчлэн, эртний Энэтхэгт бол Буддагийн сургаалийг биеэр хэрэгжүүлэхийн тулд даяанлал хийх нь зайлшгүй явдал байж. Лам болж хуврагын чуулганы гишүүн болох нь зайлшгүй шаардлагатай нөхцөл байсан хэрэг. Гэгээрэлд хүрэхийг чин сэтгэлээсээ зорих хүнд аж ахуйн амьдралд зараад байх сул цаг гэж үгүй тул, олон түмний өргөл барьцанд найдан ижил зорилготой хүмүүстэй нийлээд хуврагын чуулганд хамтран амьдрахаас өөр арга гэж байсангүй. Мөн туршлагатай хуврагуудтай ойр байхгүй л бол өөрт зааж сургах хэн ч байхгүй гэх асуудал ч байж.
Харин өнөө цагийн эд материалаар хангалууны дээр хувийн зав чөлөө ч хангалттай болсон ийм нийгэмд даяанчлаад байлгүйгээр ажлаа хийнгээ бясалгалд шамдах нь тэгтлээ боломжгүй явдал биш болжээ. Мөн өдий дайны мэдээлэлжсэн нийгэмд ном болон интернэт ашиглаад буддизмын итгэл үнэмшил, бясалгах арга туршлагад хувиараа суралцах ч боломжтой.
Ерөөс даяанчлал гэдэг бол сэтгэлийн хөгжлийг үр дүнтэй ахиулах арга хэрэгсэл болохоос бус, даяанчлал нь өөрөө зорилго биш юм. Ердийн амьдралаар амьдрангаа даяанчийн дайтай өөрийгөө чандалж, гэгээрэлд дөхөж чадаж л байвал тэр нь тэндээ огтоос асуудалгүй учиртай. Магадгүй цаашид “будда, ном, хуврагын чуулган” бус зөвхөн “будда, ном” хэлбэрийн буддизм, “хувь хүний буддизм” дэлгэрэн түгэх магадлал ч өндөр байж мэдэх юм.
Тэгвэл өнөөдөр энэ цаг үед Америк мэтийн Христийн шашны их гүрэнд буддизм дэлгэрч, тэр дундаа “шагжамүнийн буддизм” сонгогдон буйн шалтгаан юу юм бол? Тэр бол дахин хэлэхэд “шагжамүнийн буддизм” бол зөвхөн өөртөө л найдаж өөрийгөө чандлах сургаал болохоор тэр юм.
Харилцан адилгүй ертөнцийг үзэх үзлийн сүлбэлцээн дунд амьдрах хүмүүсийн хувьд, “Бурхан” гэх мэт учир битүүлэг дээд хүчинд мөргөвөл зовлон минь арилж би аврагдана гэж итгэх шиг гэнэн явдал үгүй. Тийм шашны сургаалаас сэтгэлийн тулах цэгийг харж чадахаа байсан тэдгээр олон Америк хүмүүс бол өдөр тутмын аж төрөх дундаас амьдралын чин үнэн чиг шугамыг олж мэдэхсэн гэж хүсч буй хүмүүс юм. Тиймдээ ч “шагжамүнийн буддизм” маягийн үзэл санаанаас үнэний цуурайг мэдрэх нь мэдээжийн өрнөл гэж хэлэх үндэстэй.
Өрнө дахинд өдийг хүртэл хэд хэдэн удаа буддизмын бүүм өрнөж байжээ. Нэгдүгээрх нь 1920-д оноос эхэлсэн Японы Зэн буддизмын бүүм байж. Хоёр дахь нь 1960-д оны үеийн явдал бөгөөд, нууцлаг далдын шинж хийгээд бясалгалыг чухалчлах элемент бүхий Төвөдийн буддизм дэлгэрч байжээ. Тэгээд өнөөдөр гурав дахь давалгаа болж Шри-Ланка, Тайланд зэрэг газрын буддизм дэлгэрч байна. Ямартай ч өрнө дахины хүмүүс төрөл бүрийн буддизмыг сонирхож үзсэний эцэст, илүүтэй анхдагч хэлбэрийн, эхлэл хэсэгт ойрхон төрөлд нь татагдах болж, “шагжамүнийн буддизм”-ын урсгалыг баримтлагч дээд хөлгөний буддизмд хүрч очсон юм болов уу.
Nightstand buddhist-уудыг өөртөө татсан “өөрийгөө арал болго”, “өөрийгөө чандал” гэх Буддагийн сургаал үгс тодоор буусан мөрүүдийг Дармападагаас хэдийг толилуулъя.

Амьдрах бие хэврэгийг санаж
Ассан тачаалаа атган татаж
Атгаг хүслээ хазаарлан чангааж
Авралд итгэн, шамдан гэгээрвэл
Хар салхи алгадаад хальрах
Хадан уул шигээр буян батжиж
Хатуу гашуунаар хорлогч шулам
Хаанаас нь ч элтэлж барахгүй болно (8)

Мянга мянган хүнтэй тулалдаад
Мянга дахин ялж болно
Харин өөрийгөө ялан дийлсэн хүн л
Хамгийн гайхамшигт хүмүүн болой (103)

Биеэ хянан тэвчвээс буянтай сайн
Яриагаа хянан тэвчвээс буянтай сайн
Бодлоо хянан тэвчвээс буянтай сайн
Бүгдийг нь хянан тэвчвээс буянтай сайн
Бүх л зам мөрөө хянан тэвчиж чадсан лам л
Бүх л зовлон зүдрэлээс ангижран салму (361)


“Хоосон”-оос зам салаалсан нь

Өрнө дахин гэлгүй Монголд ч мөн адил ардчилал тогтсоноос хойш Буддизмыг зүгээр л тахиад байх бус, таньж мэдэхийг зорих хүмүүс харьцангуй олширч ирж буй болов уу. Гэвч буддизмын жинхэнэ сургаал, ялангуяа урсгал хоорон дахь сургаалын ялгаа зэрэг гол хэсгийг нь ойлгосон хүмүүс төдийлөн олонгүй бололтой байдаг. Энэ хураангуйгаар голлон “шагжамүнийн буддизм”-ыг танилцуулан тайлбарлахыг зорьж буй тул, бусад урсгалуудын ялгааны нарийн ширийн хүртэл яриад явах боломжгүй боловч, төгсгөл болгож бяцхан сэжүүр хэлээд орхиё.
Буддизм салаалсан тухайд 1-р хэсэгт зухас дурьдаад өнгөрсөн. Юу гэвэл, Буддаг жанч халаад 400-500-д жил өнгөрсөн нийтийн тоолол эхлэх үеэр Энэтхэгт томоохон хувьсгал өрнөж, Их хөлгөний буддизм гарч ирсэн гэх яриа. Тэрхүү Их хөлгөний буддизм ба Шагжамүнийн буддизм хоёрын чухал ялгаануудын нэг нь, Их хөлгөний буддизмд даяанчлал хийж тийм тусгай амьдралаар амьдраад байлгүй, сэтгэлээрээ сүслээд ердийн аж амьдралдаа шамдах нь ч бас бурхны (буюу Буддагийн) зэрэгт ойртох инерги болж чадна гэх үзэл юм (гэхдээ тэгэхийн тулд тодорхой хэмжээнд далдын хүчинд итгэх шаардлагатай). Ингэж босгоо доошлуулсан нь сүсэгтнүүдийг олноор цуглуулах хаалга нь болж өгчээ.
Их хөлгөний буддизм нь дээд хөлгөний буддизмын хамт Хятадад нэвтэрсэн боловч, Хятадууд шууд л Их хөлгөний буддизмыг сонгон авч, тэндээсээ Төвөдөд хүрч, явсаар Монголд урсан орж ирснээр, Монгол нь Их хөлгөний буддизм гэх салааных нь нэг үзүүр болж, эх урсгалаас хамаагүй хол байрлалтай болон тогтжээ. Гэхдээ Их хөлгөний буддизм гэдэг бол шашин талаасаа, мөнхүү сургаал талаасаа ч бас гарцаа байхгүй гойдын дээр, өөрийн хичээл мэрийлтээр өөрийгөө аврах боломжгүй хүмүүсийн хувьд талархууштай түшиг тулгуур ч мөн гэдэг нь эргэлзээгүй юм. Гээд энэ бол Шагжамүнийн буддизмаас тэс өөр шашин.
Ялгаатай сургаал дээр суурилдаг Их хөлгөний буддизм болон Шагжамүнийн буддизмын хооронд ижил үг ухагдахуун хэрэглэх мөртлөө түүний тайлбар болон ач холбогдлынх нь үнэлгээ нь эрс ялгаатай тохиолдлууд олон бий. Жишээлбэл “хоосон чанар” үүний маш түгээмэл жишээ юм. “Хоосон чанар” гэдэг бол Зүрхэн судар дээрх “Дүрс бол хоосон, хоосон бол дүрс” хэмээх мөрөөр танигдсан тэр ухагдахуун бөгөөд, “Буддизмын мөн чанар нь хоосон чанарын үзэл санаанд бий” гэхчлэн дүгнэх явдал ч цөөнгүй харагддаг. “Хоосон” гэх үг Шагжамүнийн буддизм дээр ч бас яригддаг. Гэвч Шагжамүнийн буддизм дээр хэлэгдэх “хоосон” бол Их хөлгөний буддизмынх шиг тэгтэл чухалчлагдан авч үздэг ухагдахуун биш юм.
Жишээ нь Дармападад ийм мөр бий.

Элдвийг эс хурааж
Идэж уухдаа ухаалаг агаад
Хоосон хийгээд төрхгүйгээс мултрахыг зорих хүмүүс
Халин нисэх шувууд мэт
Хойноо ул мөр эс үлээнэ (92)

“Хоосон хийгээд төрхгүй” гэдэг нь энэ хорвоогийн алив юмсад хувирашгүй хатуу мөн чанар гэж үгүй, үүрд үзэгдэх нь ч үгүй гэсэн утгатай. “Хоосон” болон “төрхгүй”-г бие сэтгэлээрээ ойлгон мэдэрч, түүнээс мултран гарсан хүн бол тэнгэрт нисэх шувууд ул мөр эс үлдээдгийн адилаар, хэн ч мөшгиж үл чадах тусгай зэрэгт хүрч очдог гэсэн санаа.
Өөр жишээ гэвэл, 1-р хэсэгт өгүүлсэн, түүхэн дэхь хамгийн эртний судар болох Сутта Нипада дотор “Энд БИ гээч юм байна гэх бодлоо авч хаян, энэ хорвоо хоосон болохыг олж хар” гэсэн утга бүхий хэсэг байдаг. Эдгээр “хоосон” бол өмнө тайлбарласан “Хуран үүдсэн бүхэн мөнх бус”-ийн өчил, “Бүхий л юмсанд үүрдийн бие гэж үгүй” хэмээх үнэнийг өөр үгээр илэрхийлж буй хэллэг бөгөөд, мэдээж маш чухал ухагдахуун. Гэлээ ч, энэ ертөнцийг зөвөөр харуулахыг зорьсон олон харах өнцгүүдийн л нэг болохоос бус, зөвхөн “хоосон”-ыг нь ямар нэгэн онцгой чухал ухагдахуун гэж тусгайлан авч үздэг учиртай биш юм.
Тэгтэл Их хөлгөний буддизм болмогц, “хоосон” нь гэнэт ач холбогдол нь өндөрсөн дээшилж, сургаалынх нь гол дүр нь болоод ирнэ.
Дахин дахин өгүүлж буйчлан Шагжамүнийн буддизмд, энэ ертөнцөд өрнөсөн бүхэн шалтгаан хийгээд үр дагаварын холбоо (карма)-д захирагдан хөдөлж байдаг. Өөрийн хийсэн үйлийн үр гарцаагүй өөрт буцаж ирнэ. Үйлийн үрийн холбоонд үл захирагдах дээд үнэмлэхүй оршихуй гэж нэгээхэн ч үгүй, хэн бүхэн өөрийнхөө үйлдэлд өөрөө 100% хариуцлага хүлээхгүй бол болохгүй.
Харин Их хөлгөний буддизмд бол, хүн аврагдах эсэх нь яг ч бас 100% үйлийн үрийн холбооноос хамаарахгүй. Тэр хуулийг давсан, ер бусын хүчээр биднийг бурхны зэрэг тийш хөтлөн хүргэж өгдөг тусгай ямар нэгэн зүйл байдаг гэж үздэг болохоор тэр. “Тусгай ямар нэгэн зүйл” гэдэгт “өөр ертөнцөд байдаг бурхад” ч юм уу, “ердийн үйлийн үрийн холбоог давсан гипер үйлийн үрийн холбоо” ч юм уу төрөл бүрийн хэлбэрийн зүйлс яригддаг ба, ямартай ч тэдгээр нь Шагжамүнийн буддизмын үйлийн үрийн холбоогоор тайлбарлагдах боломжгүй нууц далдын шинжтэй зүйлс төсөөлөгдөн яригддаг.
Гэтэл ийм сургаалыг үндэс суурьтайгаар онолдохын тулд, төдийг хүртлэх үйлийн үрийн холбоог ямар нэгэн байдлаар эвдэхгүй бол болохгүй. Ингээд Их хөлгөний буддизм “Бид бүхний ердийнөөр төсөөлөн харж буй үйлийн үрийн холбоо бол хоосон төөрөгдөл бөгөөд, түүний ард эгэл хүн үл ойлгох илүү дээд түвшний ертөнц оршин бий” хэмээн сургах болж, тэндээсээ “ертөнцийн мөн чанар бол туйлын гүн гүнзгийн дээр, ойлгохүйеэ бэрх зарчим дээр суурилдаг” гэсэн санаа нэмэгдэж, “хоосон” гэх үзэл санааг хэлбэржүүлээд явсан учиртай.
Их хөлгөний буддизм ба Шагжамүнийн буддизмын аль нь сайн, аль нь муу гэж шүүх нь илүүц явдал. Шагжамүнийн буддизмаас сэтгэлийн тулах цэгийг олон амьдарч яваа хүмүүс байхад, Их хөлгөний буддизмаас сэтгэлийн тулах цэгийг олон амьдарч яваа хүмүүс ч бий. Шашны зорилго бол “хүний сэтгэлийг дэмжих таяг болох” явдал учир, аль таягийг сонгон хэрэглэх нь тухайн хүмүүсийн нөхцөл байдал шийдэх хэрэг. Бусдын таягийг ийм тийм гэж гоочлох нь илүү халамж биз.
Гэвч энд чухал нь юу вэ гэвэл, сонгож болох таягууд олон бий гэдэг тэр фактыг зөвөөр мэдэж байх явдал юм. Энэ хорвоод ямар ямар сургаал байна, тэдгээрийг мэдэхгүй бол хэрхэн яаж таягаа сонгох билээ. Тэр утгаараа Монгол дахь буддизм болон Шагжамүнийн буддизмын ялгааг мэдээд авбал амьдралыг харах хүрээ улам өргөжих нь дамжиггүй биз ээ.

“Шагжамүнийн буддизм”-аас хүлээх зүйл

Эцэст нь “Шагжамүнийн буддизм” бидэнд хэрхэн ач тус болж болох талаар хувийн бодлоо товчхон өгүүлээд энэ хураангуйгаа өндөрлөе.
Сүүлийн 10, 20-д жилийн нийгэм улс орны байдал Монголчуудыг ирээдүйдээ итгэл дүүрэн амьдрах тун боломжгүй нөхцөл рүү шахсаар байна. Аль ч талаас нь харсан гэгээлэг зүйл улам бүр ховордож, стресс бухимдалгүйгээр амьдрахад нэн хүндрэлтэй боллоо. Урьд цагт “Монгол эх орныхоо төлөө” гэдэг үгийг хүмүүс чин сэтгэлээсээ хэлж, эх орон гэх бодол эргээд хүмүүсийн сэтгэлийн нэг том тулах цэг ч болдог байж. Харин өнөөгийн тогтворгүй нийгэм, үргэлжилсэн хямрал, шударга бусын ноёрхол, энэ бүгд хувь хүмүүсийн сэтгэлзүйд тасралтгүй нөлөөлж, сэтгэлийн тайван бусыг төрүүлсээр байна.
Ийм цаг үед “Өөрийнхөө сэтгэлийг тольдон харж, сэтгэлтэйгээ нүүр тулан түүнийгээ өөрийн хүчээр засан тэгшитгэ” гэж сургах Шагжамүнийн буддизм тэрхүү тайван бусад автсан хүмүүсийг өөрийн нөхцөл байдлаа үнэн зөвөөр нягталж, харах өнцөгөө өөрчлөн, улмаар амьдралын замаа шинээр зохиоход том хүч болж өгөх болов уу, гэж санана.
Энэ хэсгийн эхэнд ч өгүүлсэнчлэн, Шагжамүнийн буддизм гэдэг бол өөрийгөө чандлах систем гэдэг талаараа онцгой тул, далдын нууцлаг дээд аврагч бурхан гэх мэтийн юмсад итгэж чадахгүй хүмүүст ч нөлөөлөх чадамжтай. Мөн материаллаг хөгжил ч юм уу нийтлэг аз жаргалаас бус, цэх үнэнчээр амьдрах дундаас амьдралын үнэ цэнийг олж таниулдаг сургаал учир, бүхнээ алдаж сэтгэлийн гүн зовлонд унасан хүмүүсийн ч зүрхэнд хүрч, тус дэм болно.
Өөр нэг чухал зүйл бол, хорвоогийн алив бүхний зөв бурууг шүүн тунгаах “бэлгийн нүд”-ийг хурцалж өгдөг тал ч бас бий. Нийгмийн гишүүн нэг бүр аливааг зөв нүдээр ажиглаж, мэргэн оюунаар тунгаах чадвартай байх нь олон талаасаа өнөөдөр маш чухал шаардлага болоод байна. Харин Буддагийн “Оюун санаагаа төвлөрүүлбэл, хорвоогийн үнэн төрх тодрон харагдана” хэмээх сургаал үүнд үнэтэй зөвлөгөө болно гэж санана.
Дээр бясалгалаар оюун санаагаа төвлөрүүлэх тухай өгүүлсэн боловч, оюун санаагаа төвлөрүүлэх нь амьтад дотроос зөвхөн хүнд л байдаг чадвар бөгөөд, тэрхүү элдэв бодлуудаас мултарсан сэтгэлийн төвлөрөх хүч л хүн төрөлхитөний олон олон соёлын дэвшлийг бий болгосон байдаг. Бясалгал бол математикийн бодлого руу шумбан орохтой адил гэж өгүүлсэн хэдий ч, зөвхөн математик гэлгүй урлаг, дуу хөгжим, уран зохиол, шинжлэх ухаан гээд бүхий л гайхашигт соёлын элементүүд төвлөрсөн оюун санаанаас л урган бойжсон үр жимс билээ. Туйлшруулаад хэлэх юм бол, хэрвээ Монгол хүн нэг бүр хэрэггүй бодлуудаа орхиж оюун санаагаа төвлөрүүлэх хугацаагаа бага ч гэсэн уртасгаж чадах юм бол, лавтайяа бидний чадал үлэмж дээшлэх нь гарцаагүй биз.
Шагжамүнийн буддизм бол хувь хүнийг аврах зам мөрөөр тогтохгүй, хүн төрөлхитөний бэлгийн мэлмийг нээж, гайхамшигт соёлуудыг төрүүлэн гаргах боломжийг тээсэн хэвлий ч бас мөн юм. 2,500 жилийн өмнө Энэтхэг оронд Будда хэмээх ганц хүний үүсгэсэн шашин “хуран үүдсэн бүхэн зовлон” хэмээх энэ хорвоод зовж шаналсан олон хүнд амар амгаланг хайрлаж ирсэн хэдий ч, түүний үүрэг роль одоо ч хараахан дуусаагүй байна. Үүнээс цааш ч бас зүсэн зүйлийн асуудал бэрхшээл дундуур амьдрах заяатай орчин үеийн бидний хувьд тэрхүү сургаалын үнэ цэнэ улам улам өсөх учиртай биз ээ.

2 comments:

Anonymous said...

Гайхамшигтай энгийнээр бичдэгт чинь их баярладаг шүү. Зарим талаар ойлгоход хүндрэл, анхаарал саринах зэрэг зүйл байгаа ч, тодорхой ойлголт авлаа. Чиний ажил үйлс, амьдралд чинь ажилт бүтээлээр бас гэгээрүүлэх нийтлэлүүд чинь ариван байхыг хүсье

Anonymous said...

бага ангийн сурагч их сургуулийн хичээлийг ойлгохгүй. бага боловсролгүйгээр их сургуульд ч сурах боломжгүй. их бага хөлгөний ном гэдэг үүнтэй л адил зүйл. магадгүй энэ санааны үүднээс "одоохондоо" ингэж бичиж байж болох юм. хэрэв үгүй бол дахиад жаахан судлаад үзвэл яасан юм бэ

Post a Comment