2021/08/22

Хариу үйлдэхгүй дадал

Эхлэл ー Бүхий л сэтгэлийн зовлонг арилгах хялбархан шийдэл бий


Амьд явахад юу эсийг үзнэ гэх вэ. “Амьдрал амаргүй юм аа” гэж шүүрс алдах үе ганц хоёроор тогтохгүй л болов уу.

Гэлээ ч тэр мэт өдөр тутмын асуудлыг эвтэйхнээр даван туулах “арга” гэж бий.

Яг үнэндээ бүхий л зовлон “ердөө цор ганц зүйл”-ээс эхтэй байдаг. Түүнийг л анзаараад авбал “зөв ухаарал”-аар ямар ч сэтгэлийн зовлонгоос салах бүрэн боломжтой. Энэ номоор танд хүргэхийг зорьж буй хамгийн гол мессеж энд буй.

Ерөөс бид бүхний өдөр тутамдаа тээж явдаг “сэтгэлийн зовлон” гэж ямархуу зүйлс байдаг билээ?

– Аахар шаахар асуудлууддаа түүртээд амсхийж чадахгүй нь.

– Одоогийн ажилдаа сэтгэл ханамжгүй, ирээдүйдээ санаа зовниж байна.

– Таагүй явдал, азгүй тохиолдол, бүтэлгүйтлүүд давхцаад сэтгэлээр уналаа.

– Гэрийнхэн эсвэл ажлын хамт олонтойгоо ааш зан таарахгүй, хүн хоорондын харилцааны стресстэй.

Ингээд жагсаагаад харвал аль нь ч бие даан шийдэх аргагүй, цаг хугацаа шаардсан асуудал гэж санагдаж ч болох.

Гэвч үнэн хэрэгтээ... яг ч тийм байх албагүй юм.

Учир нь энэ мэт асуудлууд бүгд “сэтгэлийн хариу үйлдэл”-ээс эхтэй байдаг.

“Сэтгэлийн хариу үйлдэл” гэдэг үгийг сонсоод юу билээ гэж гайхах хүн магадгүй олон байх. Үнэндээ бидний өдөр тутмын амьдралыг бүхэлд нь “сэтгэлийн хариу үйлдэл” бүтээж байдаг гээд хэлчихсэн ч тэгтэл хэтрүүлсэн болохгүй мэт.

Жишээ нь өглөө ажилдаа явахдаа “Хмм, бас л нэл түгжрэл байх шив” гэж цухалдана. Энэ бол сэтгэлээ бухимдуулах хариу үйлдэл. Танихгүй хүний үгэнд дүрсхийнэ. Энэ бол уураа буцалгах хариу үйлдэл. Чухал мөчид “Бүтэлгүйтвэл яана аа” гээд санаандаа урдчилаад буугаад өгчихнө. Энэ бол айдас, түгшүүр өдөөх хариу үйлдэл. Хүнтэй уулзахдаа ч, ажлаа хийхдээ ч, гадуур алхахдаа ч ー хүний сэтгэл байнга хариу үйлдэж явдаг.

Тэр мэтчилэн өдөр тутмын уур цухал, сэтгэл гутрал, ирээдүйд хандсан айдас, дарамт, “Бүтэлгүйтчихлээ” гэсэн гашуун харууслууд хөвөрнө.

Нэг ёсондоо зовлонгийн эхэнд гарцаагүй “сэтгэлийн хариу үйлдэл” байдаг учиртай. Сэтгэл өөрийн эрхгүй нэг тийшээ хөдөлж орхих ー чухам энэ л зовлонг төрүүлдэг “цор ганц тэр шалтгаан” болой.

Тийм бол бүхий л зовлонг уг үндсээр нь шийдэх боломж ч бодитой болж ирнэ. Яаж вэ гэвээс “дэмий хариу үйлдэхгүй байх”.

Төсөөлөөд үзэгтүн, дэмий хариу үйлдэхээ боливол амьдрал ямар амар болно гэж санана?!

Самуурахгүй, сэтгэлээр унахгүй, уурлаж дүрэлзэхгүй, дарамт мэдрэхгүй, олны өмнө сандарч тэвдэхгүй, өнгөрснийг сөхөж харуусахгүй, ирээдүйд санаа зовнихгүй. Чухам л “амьдралын аврал” гэмээр сонсогдож байгаа биз?! Сэтгэлийн ачаа хөнгөрнө. Тэр хэрээр магад аз жаргалд ч дөхнө.


Эндүү ойлгогдож магадгүй ч хариу үйлдэл хийхгүй гэдэг нь хүчээр тэвчих ч юм уу, үл тоох, эсвэл эс ойшоохын нэр биш. Зовлонг хий дэмий үржүүлдэг дэмий хариу үйлдлийг “анхнаасаа үйлдэхгүй” байхыг л хэлж буй. Уур, санаа зовнил, “Би ч дээ” гэсэн бараан бодол төрөх л юм бол шалавхан орхиж, сэтгэлээ засаад явах.

Өдийг хүртэл Та илүүц хариу үйлдэл хийснээсээ болж хэчнээн их бүтэлгүйтэж, сэтгэлийн зовлон үүрч ирсэн бол…

Өнөөдрөөс эхлээд “хэрэггүй хариу үйлдэл хийхгүй” амьдрахуйг зорьж үзвэл ямар вэ?


Энэхүү “Хариу үйлдэхгүй дадал”-ыг зааж өгөх хүн бол эртний Энэтхэгийн “гэгээрсэн хүн” буюу Будда юм.

Буддагийн анхдагч сургаалиуд тэр чигээрээ “Сэтгэлийн хариу үйлдлийг зогсоосноор бүхий л зовлон, шаналлаас мултрах арга”-ыг номлосон байдаг. Түүний сургаалын агуулгыг хоёр хэсэгт ерөнхийлөн хувааж болно ー (1) Сэтгэлээ ажиглах, (2) Ухаалгаар тунгаан бодох.

“Сэтгэлээ ажиглах” (1) гэдэг нь бидний мэдэх “бясалгал”, сүүлийн үед олонтоо сонсогдох болсон mindfulness эсвэл випассана бясалгал зэргийг хэлж буй. Сэтгэлийн хариу үйлдэл, сэтгэлийн аяс байдлыг сайтар ажиглаад л байвал үймж шуугиж байсан сэтгэл нам гүм болдог. Сэтгэлийг ажиглах нь стресс тайлах, сэтгэлээ сэргээхэд тун ч үр дүнтэй арга юм. Тухайг нь нэгдүгээр бүлгээс таалан уншаарай.

Мөн ухаалгаар тунгаан бодох (2) гэдэг нь зорилгодоо нийцтэйгээр, утга учиртайгаар тунгаан бодохыг өгүүлж буй. Энэхүү ном “хэрэггүй хариу үйлдэхгүй байх”, “зовлонг ихэсгэхгүй байх” тухай өгүүлнэ. Үүний тулд: 

– Илүүц асуудлыг шүүн дүгнэхгүй. Ямар ч үед өөрийгөө үгүйсгэж няцаахгүй (хоёрдугаар бүлэг).

– Сэтгэл дундрал хийгээд стресс зэрэг “сөрөг сэтгэл хөдлөл”-өөр шаналахгүй (гуравдугаар бүлэг).

– Бусдын харцанд эмзэглэлгүй өөрийнхөөрөө амьдрах (дөрөвдүгээр бүлэг).

– Ялалт ялагдал, давуу султай чаргуулдах зуршлаас эгнэгт ангижрах (тавдугаар бүлэг).

– Сэтгэлийн гүнээс хүлээн зөвшөөрөхүйц амьдрахуйг энэ мөчөөс эхлэн зорих (төгсгөлийн бүлэг) гэсэн хүн бүхэнд чухал бүлэг сэдвийг Буддагийн сургаалтай харьцуулан хамтдаа тунгаах болно.


Энэхүү номын гол онцлог энэ мэт зовлонгоос гэтэлгэхийн төлөөх Буддагийн сургаалыг оргинал буюу анхдагч буддизмаас суралцахад оршино. Оргинал буддизм гэдэг нь 2,500 гаруй жилийн өмнөх Энэтхэг оронд Буддагийн номлож байсан хамгийн хуучны сургаалыг хэлж буй. Эрдэм ухаанаар бялхсан Буддагийн мэргэн сургаал үгсийг аль болох ойлгомжтой хөрвүүлж, дэлгэрэнгүй танилцуулах болно.

Оргинал буддизм олон хүний “буддизм” гэх үгнээс ургуулан төсөөлдөг шиг “шашинлаг” агуулгаас чанх эсрэг буюу үнэндээ прагматик, рациональ, өнөө үед ч хүчин төгөлдөр арга ухаанаар дүүрэн бялхаж байдаг. Чухамхүү тэр арга ухаанаас уншигч Таныг ч бас суралцаж, өдөр тутамдаа хэрэгжүүлж амьдруулаасай гэж хүснэ.


Одоо шаналах хэрэггүй. Буддагийн мэргэн ухаанд суралцаж, “ямар ч өдөр тохиосон томоогүйтэн хариу үйлдэхгүй”, “зовлонг зөвөөр тунгаан шийдэх” тийм амьдралын хэв маягийг бүтээх замдаа гаръя.

Тэгэх нь бидний амьдралд амар амгалан, сэтгэл ханамж, аз жаргалыг нөхцөлдүүлэх машид эрхэм сэтгэлийн дурьдал билээ. За ингээд эхэлцгээе.


Күсанаги Рюшүн


Гарчиг

Эхлэл ー Бүхий л сэтгэлийн зовлонг арилгах хялбархан шийдэл бий


I бүлэг: Хариу үйлдэхийн урьд “эхлээд ухаар”

・Зовлонг арилгах бус “Ухаар”

“Зовлонг ухаарах” төдийд нэг алхам урагшилна

Алив бүхнийг шийдэж чадах “тов тодорхой жор”

Ажил, хүн хоорондын харилцааны зовлонгийн “мөн чанар” юу вэ?

2,500 жилийн өмнөх мэргэн ухаан “өнөөдрийн асуудал”-д үйлчилнэ

・Асуудлын “шалтгаан”-д харцаа чиглүүл

Буддагийн “давлагаа” гэж илэрхийлсэн амьдралын үнэн төрх

“Ханашгүй сэтгэл”-тэй хэрхэн эвлэрэх вэ?

“Тэнд чухам ямар учир утга байна?”

Бодит жишээ ー зовлон “итгэл найдлага” болон хувирсан өдөр

・Сэтгэлийн төлөвийг “ширхэгчлэн харах” төдийд

(1) Сэтгэлийн төлөвийг үгээр нягтлах

(2) Биеийн мэдрэмжээ анзаарах

(3) Толгой доторхоо ангилах

Хадуурлаас “эвтэйхэн сэрэх” арга бий

Алхангаа “сэтгэлдээ цэвэрлэгээ хийх” дадал

Гурван том нисванис ー үнэндээ туйлаас хэрэгцээт “багаж” гэв үү?


II бүлэг: Зөв бурууг “шүүхгүй”

・Хий дэмий шүүн дүгнэдэггүй биз?

“Сайн, муу”, “дуртай, дургүй”-г орхих

“Ойлгосон дүр эсгэх” тааламжтай байна гэж үү?

“Шүүж, дүгнэх” нь заримдаа хор ч болно

“Хоржигнон урсах горхи” мэт сэтгэл

“Байхгүй”-г “байна” гэж эндүүрэхгүйн тулд

Зовлонгоо тавьж явуул. Тийм арга бий

・“Бардамнал” гээч сэтгэлийн өвчнийг анзаарахуй

Танд “хэрэг болох эсэх”-ээр нь тунгааж болно

“Миний зөв” гэх бодлоос зай барьж үзэх

・“Өөрийн мэдэлгүй шүүчихдэг” зуршлаа таягдах нь

(1) “Аа, дүгнэчихлээ” гэж анзаарах үг

(2) “Би бол би” гэж бод

(3) Ерөөсөө л “байгаагаараа байх”

・“Өөрийгөө үгүйсгэхгүй”. Ямар ч үед

Уурыг үүсгэдэг нь “өөрөө”

“Эрх чөлөөт сэтгэлээ буцаан авах” дасгал

(1) Алхам бүрээ ажиглан алхлах

(2) Уудам ертөнцийг тольдон харах

(3) “Би-г би эергээр харна”

Шүүхээ больсон цагаас амьдрал урсаж эхэлнэ

・“Жинхэнэ итгэл”-д хүрэхийн тулд?

“Өөртөө итгэлтэй болмоор байна” гэх нь тэр чигээрээ “рациональ бус”

“Тэгснээс одоо би юу чадах вэ?”

“Хичээхгүй бол” хэмээх хайрцаглагдсан бодлоос мултрах нь

“Юу ч гэсэн туршлага хураая” гэх төдийд хангалттай


III бүлэг: Сөрөг эмоцоор “хохирч болохгүй”

・Эмоцыг дэвэргэх ч үгүй, дарах ч үгүй

Юуны өмнө зовлонгоо “цэгцлээд” үз

Хариу эс үйлдэх нь “хамгийн дээд ялалт”

“Бусдад орхих” нь хүн хоорондын харилцааны суурь

Зовлонг “хагаслах” арга гэж бий

Якуза эр яагаад нулимсаа үзүүлэв?

・Зүдэрч буй хүнд хэрхэн хандах вэ?

Түүнийг “шүүхгүй” байх

Өнгөрснийг “мартах” ― ой санамжтайгаа зууралдахгүй

Харьцаж буй хүн чинь үргэлж “анх уулзаж буй хүн”

Түүнтэй “хамт ухаар”

Буддизмд яригддаг “амьдралын зүг чиг”-ийн тухай

・Үндсэн зарчим ー “тааламж”-ийг эрхэмлэж болно

Юу? Хүсэл шуналын хойноос явж болно гэж үү?

Хүсэл шуналыг ч “ашиглая”

“Тааламжийг” ихэсгэ, “тааламжгүй”-г багасга


IV бүлэг: Бусдын харцнаас “чөлөөлөгдөх”

・Бусдын үнэлэмжтэй “хөөцөлдөхгүй”

“Бусдын харцанд мэдрэг байх”-ын үнэн төрх

Хадуурал гэх тархины саваагүйтэлд шууд автахгүй

Нягтлах боломжгүй зүйлийг зөнд нь орхих

・Яршигтай хүнээс “зай барих”

Яагаад “байнга цухалдаж” орхино вэ?

Уурыг “бугшуулахгүйн” тулд

Олон жилийн зовлонг ганц амьсгаагаар арилгах арга

・Дахиж харьцуулахгүй. Өөрийнхөө асуудалд төвлөр!

“Харьцуулах” нь ухаалаг бус сэтгэлгээ

Зорьсон газар гарцаагүй хүрдэг “зөв зүтгэл” гэж юу вэ?

Сайжруул, төвлөр, зөвшөө… Зэн сүмийн өдрийн ажлын “үр нөлөө”

“Өөрийн явдалд төвлөрдөг” зэнгийн мэргэн ухаан

“Ариун сэтгэлээр үйлдэх”, “сэтгэлээ шингээх”-ийн утга


V бүлэг: ”Зөв” өрсөлдөх нь

・Энэ өрсөлдөөн “хадуурал” ч байж мэднэ

Өрсөлдөөний “зарчим”-ыг мэдэх

“Ялалт бол балын амт” гэх эндүүрэл

“Төгс ялалт” гэж байдаггүй. Тиймээс…

・Өрсөлдөхийн өмнө “бэлтгэ”

Зэн багшийн сургаал “Нэг мөр нүдээ аниад үз”

Будда байсан бол ингэж хэлнэ: “Нүдээ нээ”

・”Зөв сэдэл” бэлдэх

Хүн хоорондын харилцааг бүрэн эмчлэх “дөрвөн сэтгэлийн төлөв”

“Болж байна! гэж хэлэхүйц амьдрал”-ын суурийг тавих

“Бүгдээрээ л зүтгэж явна даа” гэж харснаар ертөнц өөрчлөгдөнө

Энэрэл, нигүүлсэл, баяр, тэгш – түүний “агуу хүч”

“Тус болж л байвал болоо”

・“Таван саад”-аас болгоомжлох

Амьдралын хөлнөөс тушдаг “анхаарах жагсаалт”

Өдөр бүрийг өөдрөгөөр – “Таван саад”-ыг зохицуулах арга

“Зөв зүтгэл” – “Таван саад” = “Амьдрал”

・“Ялагдчихлаа” гэсэн бодлоос мултрах нь

“Одоо үргэлжлэх цаг”-ийн атаархал, “өнгөрсөн цаг”-ийн комплекс хэмээх адармаатай асуудал

Өмнөх замаа ажигла – Зүгээр л өлмий доорхоо хар

“Надад өөрийн гэсэн үүрэг даалгавар байх” магадлалын тухай

“Энэ хорвоод оршиж, энэ хорвоогоос бохирдохгүй” би


Төгсгөлийн бүлэг: Бодох “суурь”-тай байх нь

・Зөв сэтгэлдээ “буц”. Дахин дахин буц

“Амьдрал ийм байхад л болно” хэмээх амар амгаланд хүрч очихын тулд

Найдвартай “тулах цэг”-тэй байх – Дарма

“Эхлээд өөртөө найд” – Бага зэрэг хатуу Буддагийн сургаал

Хөл тавь, буц, тасралтгүй алх

・Хэзээд “зөв чиг”-ээ мартахгүй

Будда ч бас үнэндээ асар сөрөг бодолтой байсан гэв үү?

Зорих ёстой бариа бол “Хамгийн дээд уужрал”

・Өөрийн амьдралд “итгэл одуулах”

Тийм болохоор ямар ч зовлонг даван туулж чадна

“Гарцаагүй хүрч очно”




1 comment:

zob said...

Сайн байна уу. Энэ номыг орчуулж хэвлүүлэх үү?

Post a Comment