Та ХУВЬ ТАВИЛАН-д итгэгч үү? Эсвэл ЗАЯА ТӨӨРӨГ-т итгэгч үү?
Ямар ялгаатай юм гэж үү?
Хувь тавилан гэдэг бол бүх юм урьдчилаад зурагдчихсан, болох ёстой зүйлс жамаараа л өрнөдөг гэх үзэл.
Харин заяа төөрөг гэдэг нь ирээдүйн юу ч шийдэгдээгүй, бүх юм бидний өөрсдийн гарт гэх үзэл.
Бидний дунд энэ хоёр үзлийн аль нэгэнд хатуу итгэдэг хүн хэр олон байдгийг мэдэхгүй юм. Гол төлөв тухайн мөч дэх эмоцоо дагаад аль алинд нь ханардаг гэж санагдана (Гутарсан үедээ "Тавилан юм даа" гэж санааширч, догдолсон үедээ "Хичээгээрэй заяа минь" гэж залбирна).
Харин Станфордын Их Сургуулийн профессор Роберт Саполски энэ хоёрын аль нь ч биш ГУРАВ ДАХЬ хувилбарын талаар онол дэвшүүлжээ.
Түүнийхээр бол ирээдүй шийдэгдээгүй, бүх юм тодорхойгүй гэдэг талаараа заяа төөрөг гэж байдаг боловч ялгаатай нь түүнийг залагч нь бид биш. Учир нь бидэнд ЧӨЛӨӨТ ХҮСЭЛ ЗОРИГ байхгүй юм гэнэ.
Ердийн бид эгэлээр бодохдоо өөрийнхөө хийсэн үйлдэл бүхнийг өөрөө шийдэж, өөрөө үйлддэг гэдэгт итгэдэг. Яг одоо нүдний өмнөх ундааг уух уу, болих уу? Уувал хэзээ уух вэ? Аль гараараа авч уух вэ? Энэ бүхэн цэвэр бидний мэдлийн асуудал. Цаашлаад ямар мэргэжил сонгох вэ, хэнтэй суух вэ, одоогийн компаниасаа гарах уу яах вэ, орой юу идэх вэ, цалингаасаа хэдийг хураах вэ? Ямар ч асуудлын талаар бидэнд өөрсдийн тархиар тунгааж, бие даасан шийдвэр гаргах эрх чөлөө бий. Тэгээд үүнийг бид ЧӨЛӨӨТ ХҮСЭЛ ЗОРИГ гэж нэрлэдэг.
Энэ харах өнцөг бидний бодол сэтгэлгээний суурийн суурьт байдгийг нотолж ядах юмгүй. Бидний хүн нэг бүр чөлөөт хүсэл зоригтой болохоороо хийсэн үйлдлийнхээ эзэн нь байдаг. Тийм ч болохоор бидний өнөөгийн иргэншилт нийгэмд хууль зөрчсөн үйлийн эзнийг шийтгэж, гавьяа байгуулсан үйлийн эзнийг алдаршуулан магтдаг. Учир нь тэр үйлийн эзэн өөрийн чөлөөт хүсэл зоригоор сайн эсвэл муу сэдэл тээж үйлдсэн болохоор тэр (Заримдаа сэтгэл мэдрэлийн өвчтэй хүнийг чөлөөт хүсэл зориг тээх чадваргүй гэж үзэн, ялаас чөлөөлөх тохиолдол ч бий).
Гэвч өөр нэг үгүйсгэх аргагүй факт байгаа нь, бид энэхүү "Хүн бүрд чөлөөт хүсэл зориг бий" гэх суурь нөхцөлд тулгуурлан иргэншлийнхээ архитектурыг угсарсан нь үнэн боловч яг нарийндаа тэр суурь нөхцлөө одоо болтол шинжлэх ухаанчаар нягталж, шалгаж, бататгаагүй явна. Харин энэ талаар профессор Роберт Саполски ба түүний судалгааны баг тархи судлал, биологи, соёл зэрэг олон өнцгөөс сонжиж үзжээ.
Тухайлбал, нэг удаа Америкийн шүүхийн шийдвэрийн дата цуглуулж, шүүгчийн шийдвэрт нөлөөлдөг хамгийн том фактор юу болохыг судалсан байна. Шүүгч нар хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг батлан даалтаар гаргах эсэхийг дэнслэхдээ холбогдсон хэргийн зүйлчлэл, хэргийн баримт, сэжигтний ял шийтгэлийн түүхээс өгсүүлээд өөр бусад олон хүчин зүйлсийг харьцуулж эргэцүүлсний үндсэн дээр шийдвэр гаргадаг. Гэсэн ч дата анализ хийгээд үзтэл шүүгчийн шийдвэрт нөлөөлж буй хамгийн том фактор нь тухайн шүүгчийн "хамгийн сүүлд хоол идсэнээс хойш өнгөрсөн хугацаа" байсан гэнэ. Шүүгч юм идээд удаагүй үедээ 60%-ийн магадлалтайгаар батлан даалтыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж байсан бол өлссөн үеийн тэр магадлал 0% болтол буурч байсан аж.
За арай ч иймхэн зүйл хүний амьдралыг дэнслэхгүй байлгүй? гэж санагдаж болох ч үнэндээ үүнд тархины энерги зарцуулалт гүнзгий холбогдож ирнэ. Тархи гэдэг эрхтэн биеийн жингийн хоёрхон хувийг эзэлдэг хэр нь ээ нийт энергийн 20 - 25%-ийг зарцуулчихдаг. Ялангуяа урд талын духны хэлтэн гэх хэсэг "Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх" зэрэг өндөр түвшний оюуны үйл ажиллагааг хариуцдаг боловч цусан дахь сахрын хэмжээ багасаад ирэхээр үйл ажиллагаа нь саажиж, асуудалдаа төвлөрөн ул суурьтай эргэцүүлэхээ байж, өнгөц мэдрэмжээ дагасан түргэн шийдвэр гаргахыг яаравчилж ирнэ.
Гэвч хамгийн сонирхолтой нь шүүгчид өөрсдөө үүнийг огтоос зөвшөөрдөггүй ба гаргасан шийдвэрээ гүн гүнзгийн философилог эргэцүүллийн эцэст хүрсэн гэж тайлбарлахыг оролддог гэнэ. Энэ судалгаа олон тооны давтан судалгаагаар нягтлагдаад зогсохгүй өөр төстэй судалгаануудаар ч ижил үр дүнгүүд гарсан байдаг. Тухайлбал банканд зээлийн хүсэлт гаргах гэж буй бол хариуцагч ажилтны гэдэс өлсгөлөн байхаас зайлсхийсэн нь дээр, эсвэл ажил горилогч өөрийн бахархам хувийн хэргээ тухтайхан уншуулахыг хүсвэл өдрийн цайны цагийн дараа байвал яг тохирно гэх мэт.
Эцсийн эцэст бидний тархи чөлөөт хүсэл зоригоороо үйлддэг гэхээсээ тухайн момент дахь биеийн төлөвөөс асар их нөлөө авдаг болохыг эндээс үнэмшиж болохоор. Чөлөөт хүсэл зориг гэж бидний баримжаалдаг тэр зүйл ч бас явж явж тухайн хүн өөрийн бодлоо дахин эргэцүүлж харах, өөртөө эргэлзэх дадлыг хэр зэрэг өөриймшүүлсэн бэ гэдгээс хамааран шийдэгддэг хувьсагч маягийн эд биз. Та юм л бол эмоцдоо дөрлөгдөн бодлогогүй үйлдэж, үйлдэл бүрээ хаацайлан өмөөрдөг засаршгүй нэгэн үү? Эсвэл ямагт бүхнийг мушгин гуйвуулах зуршилтай, юуг ч шүүмжлэлгүй өнгөрөөж тэвчдэггүй этгээд нэгэн үү? Аль нь ч бай тэр бүхэн дадал төдий зүйл болохоос огтоос чөлөөт хүсэл зориг биш юм!
Ерөөс хэн нэг хүний (жишээ нь Таны) ямар нэг үйлдлийн цаад шалтгааныг хэрхэн тайлбарлаж болох вэ? Юун түрүүнд таны тархины эсийн нетворкод 0.1 секундийн өмнө юу өрнөснийг шалгаж болох юм. Гэвч үүгээр бүхнийг тайлбарласан болохгүй. Нетворкыг тэгж ажиллуулсан шалтгаан болохуйц ямар нэг орчны өдөөлт хэдэн минутын өмнө болсон эсэх ч бас хамаатай. Эсвэл өглөө сэрэх үеийн гормоны төлөв ч холбогдож ирнэ. Түүгээр ч тогтохгүй сүүлийн хэдэн сард эсвэл хэдэн жилд тархины харимхай шинжинд хэдий хэр нөлөө орсныг ч мөн анхаарах шаардлагатай. Цочмог траума, гарз гашуудал, хайр дурлалын явдал, бурхныг мэдэрсэн мөч, ажлын стресс, эд бүгдээрээ тархийг өөрчилж, үйл хөдлөлд нөлөөлдөг болохоор тэр. Чингүүт асуудал улам лавширч, өсвөр насны тань аж амьдрал, балчир насны туршлага, тэр бүү хэл үр хөврөлийн үеэ хэрхэн өнгөрүүлсэн бэ, гений үүрэг роль ямар түвшинд байсан бэ зэрэг ч анхаарал татаж ирнэ. Тэгээд бүр гайхмаар нь асуудлыг бүрэн тайлбарлахын тулд үүнээс ч цааш хөөн нягтлахгүй бол болохгүй. Таны өвөг дээдэс ямар соёлыг бий болгосон бэ, ямархуу байгаль экологи дунд амьдарч ирсэн бэ гэдэг ч бас өнөөх үйлдэлд нөлөөлнө. Яагаад тийм эрт балрын явдал хүртэл тооцоонд орох ёстой вэ гэхээр таны ээж өөрийн өсөж торнихдоо өөриймшүүлсэн соёлоо дагаж таныг хүмүүжүүлсэн болохоор тэр.
Нэг ёсондоо таны дөнгөж саяын санаатай санаагүй үйлдсэн тэр үйлдлийг хэдхэн секундийн өмнөөс хэдэн мянган жилийг хамарсан асар урт түүхийн өрнөлөөс бий болсон тоогүй олон фактороор тайлбарлаж болно оо гэсэн үг. Үүнийг Саполски профессорын үгээр Тархмал шалтгаант чанар гэнэ. Гэхдээ зарим зүйлсийн шалтгаан тэгтлээ ээдрээтэй тархмал бус хавьгүй энгийн байх нь ч бий. Жишээ нь, хэн нэг хүн автын осолд ороод, тархины урд талын духны хэлтэн нь ноцтой гэмтжээ гэе. Үүний улмаас үйл хөдлөлөө удирдах чадваргүй болж. Энэ үед түүний хийсэн хэвийн бус үйлдлийг хялбархан тайлбарлах боломжтой. "Тархи нь гэмтсэн учраас" гэх тов тодорхой бүдүүн ганц шалтгаан тэнд байна шүү дээ. Харин хэвийн тархитай хүний тухайн нэг үйлдлийг тайлбарлахын тулд үүн шиг тодорхой бүдүүн шалтгаан гаргаж ирэхэд хэцүү. Тийм тохиолдолд тархмал шалтгаант чанараар буюу асар олон тооны хялгас шиг нарийхан шалтгаануудын нийлмэлээр тайлбарлахаас өөр аргагүй болно. Өвөг дээдсийн соёл, үр хөврөлийн үеийн ой санамж, өглөөний гормоны төлөв, одоо өмссөн дотоожны өнгө, балчир насны туршлага..., эдгээр үй түмэн шалтгаануудын үл ялиг нөлөөний үр дүнээр таны үйлдэл тодорхойлогддог учиртай. Асуудалтай нь эдгээр шалтгаан нэг бүрийн нөлөө анзаарахын аргагүй өчүүхэн тул ердийн үедээ бид төдийлөн тооцоод байдаггүй. Гэсэн ч тэдгээр өчүүхэн нөлөөнүүдийг нийлүүлбэл саяын автын ослын гэмтэл шиг хүчтэй бүдүүн нөлөө бий болно. Харин тэдгээр тархмал шалтгааны талаар мэдэхгүй, мэдэх ч боломжгүй хүмүүс бид бусдыг дур мэдэн шүүж, гавьяа байгуулсныг нь магтаж, гай тарьсныг нь хараасаар иржээ. Аанай л бүтэн киноны сүүлчийн гуравхан минутыг үзсэн төдийд гол дүрийн баатрыг шүүн дүгнэх мэт мунхаглал.
Саполскийн баг нэг удаа "Нүдний өмнө харагдсан хүн буу барьж байна уу? Утас барьж байна уу?" гэдгийг эгшин зуур дүгнэж, гох дарах эсэхээ шийдэхийг шалгасан туршилт хийж үзжээ. Туршилтын агуулга бидний өдөр тутмын амьдралтай шууд холбогдохуйц байсан ба бодитоор бидний эгшин зуурын шийдвэрт зүйл бүрийн хүчин зүйл нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна. Өлсгөлөн эсэх, ядарсан эсэх, айсан эсэх, тухайн орчныг аюултай эсвэл аюулгүй гэж мэдэрсэн эсэх, өдөр үү шөнө үү, дээр нь харагдсан хүний арьсны өнгө, нас хүйс гээд өч дөчнөөн факторууд бүгд холилдож, тархи тэр дундаас эгшин зуурын шийдвэр гаргана. Гормоны төлөв ч бас нөлөөтэй. Жишээ нь, оролцогч хүн эрэгтэй бөгөөд сүүлийн 24 цагийн дотор тестостероны хэмжээ нь өндөр байсан тохиолдолд бүйлсэн тархины үйл ажиллагаа өөрчлөгдөж, ердийн хүнийг ч түрэмгийлэгч гэж харах хандлагатай болно. Улмаар тэр нь буу барьсан хүнийг төсөөлөх магадлалыг ихэсгэж, үр дүнд нь гох дарах магадлал өндөрсөнө. Эсвэл 10 жилийн өмнө дайнд явж, гүн трауматай болсон хүний бүйлсэн тархи нь хөөж, хэт мэдрэг болсноор хийх гэж буй үйлдлээ эргэцүүлэн нягтлах сөхөөгүй болж, өөрийн эрхгүй реакцлах явдал ч гарна.
Энэ мэтээр хоромхон зуурын үйлдэлд ч бас 1 секундын өмнөх өдөөлтөөс өгсүүлээд үр хөврөлийн үедээ хураасан стресс гормоны хэмжээ хүртэл нөлөөлж, үр дүнд нь харамсаад барамгүй эмгэнэлд хүрэх нь бий. Эмгэнэлтэй нь бидний өнөөгийн нийгэм хэний ч хүсээгүй тэр мэт хэрэг гарахад үйлийн эзнийг араас нь хохироохыг шударга ёс гэж үздэг. Хэрэв тархмал шалтгаант чанарын онолд тулгуурласан иргэншил бүхий нийгэм байсан бол асуудалд арай өөрөөр хандах байсан биз. Төсөөлөөд үз дээ, үйлдвэрт осол гарч, нэг ажилтан машинд гараа тайруулчихжээ. Ингээд хэргийн эзэн машиныг 3 сарын турш орой болгон гинжээр ороолгож шийтгэхээр болов. Марзан сонсогдож байна уу? Тийм бол та өөрийгөө л шоолж байна. Учир нь өнөөдрийн бид яг л тэгж асуудалд ханддаг. Өнөөгийн нийгэмд гэмт хэрэг үйлдсэн хүнийг шийтгэх тухай л ярьдаг. Гэвч шийтгэл асуудлыг дахин гарахаас сэргийлэх ухаалаг арга зам байх боломжгүй. Түүний оронд шалтгааныг нь тогтоох, засаж залруулах талын арга хэмжээ авах нь хавьгүй эрүүл хандлага. Гэмт хэрэг хийсэн хүн гэдэг бол цаанаа ямар нэг доголдолтой байна гэсэн үг. Илт нийгэмд аюултай бол мэдээж тусгаарлах нь зүйн хэрэг. Тэгээд тэр доголдлыг нь олж тогтоож, засаж залруулах арга замыг эрж олох нь чухал.
Архи уусан хүнд машин жолоодох хориотой. Эм хэрэглэсэн нисгэгчид онгоц удирдах хориотой. Гэхдээ тэр нь тэд ёс суртахууны доройтолтой болохоор бус ердөө л аюултай болохоор тэр. Үүнийг бол бид ойлгоно оо. Харин гэмт хэрэгтэн болоод ирэхээр л хаанаас ч юм ёс суртахуун, шударга ёс, өс хонзон гараад ирнэ. Үнэндээ гэмт хэрэгтэн ч бас нийгэмд аюултай учраас л түүнийг тусгаарлах ёстой болохоос шийтгэж яллахыг эцсийн зорилго болгох утгагүй. Элдэв судалгаагаар ч бас ял шийтгэлийн хүнд хөнгөнөөс илүүтэй гэмт хэргийг илрүүлэх хувь хэмжээ нь гэмт хэргийн гаралтад нөлөөлдөг гэдэг юм билээ.
Үүнтэй адилаар амжилт гавьяа, авьяас билиг ч бас гайхан шагшиж болох ч тэнгэрт тултал алдаршуулах үнэ цэнтэй эд биш. Жишээ нь өнөөдөр бид хиймэл оюуныг өдөр тутамдаа идэвхтэй хэрэглэж байна. Тийм ээ, сүүлийн үеийн хиймэл оюун биднээс хол илүү чадвартайг өнөөдөр хэн ч зөвшөөрнө. Тэглээ гээд бид түүнийг гайхан шагшина уу л гэхээс гавьяа шагналаар алдаршуулна гэж үү? Ойрын ирээдүйд санаандгүй нэг хиймэл оюун нээлт хийчихвэл түүнд онцгой эрх, зохиогчийн патент өгөх ёстой юу? Нобелоор шагнах хэр утга учиртай вэ? Эсрэгээрээ та ямар нэг хиймэл оюунаас санаандгүй "Намайг юу гэж боддог вэ?" гээд асуутал үгийн муухайгаар доромжилжээ гэе. Тэглээ гээд та гомдож эмзэглэж, хохирсон мэдрэмж тээгээд шүүх цагдаагаар явах уу? Үгүй л болов уу. Их л бодож ямар сонин датагаар сургасан AI юм бол доо гэсэн шүү юм бодоод л өнгөрөх биз. Тэр нь нэг ёсондоо та тэр хиймэл оюуныг үүх түүхтэй нь бүхэлд нь харж чадаж байгаагийн шинж юм. Үнэндээ хүн ч бас хиймэл оюунаас өөрцгүй. Үүссэн цагаасаа өнөөдрийг хүртэл учирсан бүхнээсээ суралцаж төлөвшсөн тийм л оршихуй. Тийм хүнийг ч бас "Ямар сонин түүхтэй хүн юм бол доо" гэсэн нүдээр харж яагаад болохгүй билээ? Хэн нэгнийг санаанд орох хамгийн муу үгээр дайрмаар санагдахаараа, эсвэл өөрийгөө хэний ч хүршгүй бахархам амжилт гаргасан мэтээр мэдрэх үедээ хэсэгхэн зогтусаад өөрөөсөө асуугууштай: "Тэр үнэхээр мөн чанарлаг муу хүн гэж үү? Би үнэхээр шагшин магтахуйц үнэ цэнтэй хүн үү? Бүх юм ердийн л нэг санамсаргүй орчны нөлөө биш байгаа? Өнгөрсөн амьдралаас минь ганц жаахан л зүйл өөр байж таарсан бол өдийд би ингэж яваа ч бил үү?"
Бид бүгдээрээ нэг л өдөр учир битүүлгээр ухаан орж, ухаан орсон цагаасаа үзсэн, учирсан бүхэнтэйгээ нүүрэлдэн өөд уруугүй хариу үйлдсээр өнөөдөртэй золгосон оршихуйнууд. Бид хэзээд ямар ч үед үр дагавар болохоос үйлийн эзэд биш. Үр дагавар хоорондын хайр дурлал, хэрүүл зодоон, өгөө аваа бүхэн сонирхолтой санагдаж болох ч үнэндээ гайхах зүйл огтоос биш юм. Гээд яахав, хэн нэг нь гайхахаа хүрвэл гайхах л байх. Тэр ч бас үр дагавар л юм хойно доо.
No comments:
Post a Comment