2013/01/08

Сарнидаг бүтцийн онол

Холбоотой – Энтропи өсөх хууль

"Энтропи өсөх хууль" гэж байдаг. Энэ бол
– Ертөнц (сансар огторгуй) бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам бүр эвдэрсээр л байна
гэсэн физикийн хууль юм.

Өөрөөр хэлбэл, бүхий л зүйлс эвдрэх тавьлантай. Одоо оршин байгаа ямар ч дэг журам хэзээ нэгэн цагт гарцаагүй замхран алга болно. Тэгээд нэгэнт алга болсон дэг журам буцаж хэзээ ч бий болохгүй.

Жишээлбэл аль нэг хэсэгт дэг журам шинээр тогтсон мэт харагдлаа ч, нийт бүхлээс харах юм бол дэг журмын хэм хэмжээ найдвартайгаар буурсан л байна (өрөөгөө цэвэрлээд, цэвэрхэн өрөөтэй болсон ч "хүн+өрөө" хоёрын нийт дэг журам буурсан байна).

Тэгэхээр Энтропи өсөх хуулиар бол Ертөнц (сансар огторгуй) нь "дэг журам"–аас "эмх замбраагүй"–рүү чиглэсэн ганц тасралтгүй урсгал юм.

Тиймээс бүүр туйлшруулж бодох юм бол, энэ ертөнц цаашид улам бүр хэмхэрсээр байх бөгөөд, холын ирээдүйд энэ ертөнцөд нэг ч дэг журам үлдэхгүй болж, ямар ч утга учиргүй, эмх замбараагүй ундуй сундуй байдал үүрд ноёлох цаг гарцаагүй ирнэ.

Гэвч, Үнэхээр тийм юм болох болов уу???
– Сансар огторгуй, шинэ дэг журмыг огтоос үүсгэдэггүй юм гэж үү???

Ийнхүү шаналан бодлогоширсон нь Ilya Prigogine хэмээх нэгэн эрдэмтэн байв. Тэрээр
– Эмх замбараагүй дундаас дэг журам төрөн гарах, өөрөөр хэлбэл, энтропи өсөх хуулийн эсрэг үзэгдэл хаа нэгтэй байх учиртай
гэж сэтгэж, яван явсаар тэр үзэгдлийг ч таньж нээн, түүнийгээ "Сарнидаг бүтцийн онол (Dissipative system)" болгон эмхэтгэсэн байдаг.

Энэ онол нь үнэндээ ердийн хүмүүсийн дунд төдийлөн түгээмэл биш учир, мэдэхгүй хүн олон. Гэтэл үнэндээ бол, Харьцангуйн онол, Квант механикийн онолыг залгах, шинжлэх ухаанд хувьсгал хийхүйц том нээлтэнд тооцогддог бөгөөд, биологи, нийгэм судлал, философи зэрэг олон салбарт нөлөөлсөн гэгддэг (1977 оны Нобелийн химийн шагнал ч хүртсэн).

2003 оны 5 сарын 28 нд өөд болсон Ilya Prigogine эрдэмтний гэгээн дурсгалыг хүндэтгээд, энэ удаад түүний ер бусын нээлтийг нэхэн сонирхохоор шийдлээ.

"Сарнидаг бүтцийн онол"–ын түлхүүр үг бол "Гажилт" юм.

Ерөөс
– Яагаад Энтропи үргэлж өсдөг юм бэ? Өөрөөр хэлбэл, дэг журам яагаад эмх замбараагүй болдог юм бэ?
гэхээр
– Ямар ч утга учиргүй баахан бөөмнүүд, харсан зүгтээ үрэлдэн мөргөлдөн нисэлдэж байх тул, магадлалын хувьд эмх замбараагүй болох хандлагатай юмаа
гэж хэлж байгаа төдий л юм.

Өөрөөр хэлбэл, магадлалын хувьд л эмх замбараагүй боломтгой болохоос биш, гарцаа байхгүй эмх замбараагүй болно гэж хэн ч хэлээгүй.

Гэвч, нээрээ л бодоод үзэхээр,
– хэдэн живаа бөөмнүүд гэв гэнэт нэг зүг рүү хөдөлж, бүгд нэг газар цуглаж, гэв гэнэт дэг журамд орж...
гэсэн ид шид шиг юм заяа нь тохиохгүй нь лав болов уу.

Харин тэдний дотор "цөөн тооны хэдэн бөөм нь тохиолдлоор нэг газар цуглах" ч юм уу, тиймэрхүү зэргийн үзэгдэл бол харин байхад гэмгүй биз. Нэг ёсондоо, асар олон бөөмсүүд санамсаргүйгээр хөдөлж байгаа юм хойно, тэдэн доторх хэдэн тооны бөөм нь "тохиолдлоор дэг журмыг үүсгэх" боломж бол магадлалын хувьд бодсон ч хангалттай бий.

Энэхүү Энтропи өсөх хуулийг сөрж, дэд (local) хэсэгт дэг журам бий болох үзэгдэлийг Гажилт гээд байгаа юм.

Prigogine–ээс өмнөх үеийн эрдэмтэд энэхүү дэд хэсгийн бяцхан гажилтыг огтоос юман чинээ тоодоггүй байж.
– Тэгээд юу гэж? Хумсын чинээ санамсаргүй дэг журам үүсээ л биз дээ? Тэглээ гээд юу ч болохгүй шдээ. Наадах чинь тэртээ тэргүй дороо замхраад алга болох байлгүй.

Тэр бол, тийм л дээ. Үнэхээр ч магадлалаас нь харвал, тийм бяцхан тохиол нь, аварга том бүхлийн дотор дороо уусан замхарна.

Гэх гэтэл, бодит байдал дээр арай өөр юм болов.
Мэдээж хэрэг, тэр өчүүхэн дэд хэсгийн дэг журам нь нийт бүхлээс харвал үл анзаарагдам өчүүхэн нөлөөтэй. Гэсэн ч гэлээ, ямартай ч өөрийн ойр хавийнхаа бөөмсүүдэд үл ялиг нөлөөлнө.

Тэгээд тэр үл ялиг нөлөө нь дараагийн хажуудах бөөмсөд нөлөөлж, ахиад дараагийн хажуудах бөөмсөд үл ялигаар нөлөөлсөөр, тэрүүхэн тэндээ бяцхан гинжин хэлхээ үүсгэн дамжигдана.

Энэ бүхний үр дүнд, тэрхүү дэг журмаар төвөө хийсэн жижигхээн хуй үүсэх явдал байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, бяцхан дэг журам нь, нийт бүхлийн бүтцэд нөлөөлжээ гэсэн үг болно.

Гэсэн ч тэр хуй нь, юу юугүй хэзээ мөдгүй замхарчихмаар дэндүү өчүүхэн хуй юм.

Харин асуудал эндээс эхлэнэ.
Тохиолдлоор зарим нэг нөхцөлүүд бүрдэх аваас нөлөөнд автсан нийт бүхэл нь, төвдөө байгаа тэр өчүүхэн дэг журмыг улам чангатган дэмжих байдлаар буцаж нөлөөлөх үзэгдэл өрнөх боломж байдаг.
Үүнийг "Эерэг эргүүлэг (positive feedback)–ээс үүдэх хувийн удирдлага (self-organization)" гэнэ.

Тэгэхээр энэ хүртэл бага зэрэг эмхэтгэе.
  1. Гажилт гэсэн тохиолдлын бяцхан дэг журам үүснэ.
  2. Тэр бяцхан дэг журам нь нийт бүхэлд үл ялиг нөлөөлнө.
  3. Тэгэнгүүт нийт бүхэл нь буцаад тэр бяцхан дэг журмыг улам чангатгах байдлаар буцаж нөлөөлнө.
гэсэн юм болдог байх нь.
Ингээд улам сайжирсан дэг журам нь, улам цааш нь нийт бүхлийг хөдөлгөж, нийт бүхэл нь буцаад дэг журмыг улам тэтгэж өгнө... гэсэн эерэг эргүүлэг үүсч, үр дүнд нь юу ч байхгүй байсан газар, гайхамшигтайгаар дэг журам бий болох юм.

Тэрхүү
– Хэсэг нь бүхэлдээ нөлөөлж, бүхэл нь хэсэгтээ нөлөөлнө
гэсэн харилцан үйлчлэл нь, тухайн үеийг хүртлэх шинжлэх ухаанд огт байгаагүй ухагдахуун юм.

Тэгэхээр гажилтаас үүсэх өчүүхэн жижиг үзэгдэл нь, эргээд нийт бүхэлд хангалттай томоор нөлөөлж, төсөөлөхийн аргагүй хүчирхэг дэг журмыг бий болгох боломж байдаг аж.

– Тийм бий вий? Одоо л ойлголоо. Тийм ч учраас, юу юугүй унтарчихмаар зулын гал шиг хувь хүн нэг бүрийн бяцхан залбирал, итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөлд ч бас дэлхийг хувиргах чадал боломж байдаг юм байна.

Тийм ээ. Сайн дурынхан, зохион бүтээгчид, эвлэлдэн нэгдэгчид, алтернатив шашин үүсгэгчид... тэд бүгдийн эрвийлт дэрвийлт хэрхэвч хий дэмий зүйл биш байх нь.

Тиймээ. Бидний хүн нэг бүрт боломж бий. Тиймээс бүгдэд нь амжилт!!!

– яалаа гэнээ??? сөрөг эргүүлэг ч бас бий???

Бүгдэд нь амжилт шүү!!!

4 comments:

Khaschuluu Munkhbayar said...

Энтропи гээчийг их энгийнээр бол ойлгочихлоо, зөв үү буруу юу мэдэхгүй кк. Бас би Chaos буюу Хаосын онолыг хальт ойлгохыг оролдож байсан юм байна. Миний ойлгосоноор Хаосын онол бол ертөнцийн бүх зүйлс үргэлж төгс эмх цэгцрүү тэмүүлж байдаг гэсэн онол. Хар ухаанаар бол бараг эсрэг тэсрэг хууль болж таарлаа. Хаосын онол бараг энэ Сарнидаг бүтцийн онолытой их дөхүү юм шиг санагдлаа. Жижиг хэсгийн гажилт том хэсэгтээ нөлөөлдөг, том хэсэг нь жижиг хэсгийнхээ ерөнхий хувилбар болдог нэг тийм давтагдсан эмх цэгц, зүй тогтолруу л төгс шилжилт хийхийг л хэлээд байгаа юм шиг байгаа юм. Миний мэддэг ч гэж юу байхав.

Ямартай ч сонирхолтой зүйлс бичиж байгаад баярлалаа :D

ТОМё БОДё said...

Chaos–ийн онолын тухай хөнгөхөн тайлбар бичье гэж бодлоо. Нэлээн түгээмэл болохоор мэдэхгүй ховор гэж бодсон юм.

Anonymous said...

Энтропи-ертөнц эмх замбараагүй луу чиглэдэг гэж хэлээд харин сарнидаг бүтцийн онолд жижигхэн дэг журам бүхэлдээ нөлөөлж тэр бүхэл нь тэр жижиг дэг журмааа улам чангатагадаг гэж ойлголоо. Гэхдээ яагаад чангатгадгийг яг ойлгосонгүй(тэр жижигхэн дэг журам зөвхөн ойр хавьдаа нөлөөлж тэр ойр хавь нь ч бас өөрийн ойр хавьдаа нөлөөлсөөр байвал энэ ертөнц чинь эмх цэгц лүү чиглэх юм биш үү гэж бодлоо(төөрөлдчихлөө). Миний энэ бодлыг эмх цэгц лүү чиглүүлээч.

ТОМё БОДё said...

сарнидаг бүтэц бол маш эмзэг, хязгаарлагдмал, ихэнх тохиолдолд бүтцээ хадгалахын тулд инергийн нийлүүлэлт шаарддаг. Сарнидаг бүтцийн хамгийн энгийн жишээ бол газан плитканы дөл.

Post a Comment