2013/01/24

Боловсрол VS Бүтээлч сэтгэлгээ (TED)

...Юунд ч төвлөрч байгаагүй охин, гэнэт нэг өдөр хичээнгүйлэн зураг зурж харагдав. Түүнийг анзаарсан багш өөрийн эрхгүй сонирхон
– Юу зурж байгаа юм?
гэвэл, 6 настай охин үл ойшоосон байдлаар
– Бурхны хөрөг
гэж хариулав. Багш хэсэг гайхсанаа
– Бурхны царайг хэн ч мэдэхгүй шүү дээ
хэмээн сургамжлах гэтэл, охин өөдөөс нь харин ч бардам гэгч нь
– Удахгүй мэддэг болно оо
гэх нь тэр.


Өөр нэг сургууль дээр, хүүхдүүд "Есүс мэндэлсэн нь" гэдэг тайзны жүжиг тоглож байна.
Есүс мэндэлсэн сургаар гурван мэргэн шинэ төрсөн хүүд алт, мир, гүгэлийг (frankincense) бэлэглэхээр ирэв. Мэргэдийн дүрд тоглох 4 настай хүүхдүүд толгойгоо алчуураар ороогоод авчирсан бэлгээ өгч байна.
Эхний хүү: – Би алт бэлэглэе.
Хоёр дахь хүү: – Би мир бэлэглэе.
Гурав дахь хүү: – Үүнийг Frank–аас өгч байгаа юм (Frank sent this).
(Тайлбар оруулахад, сүүлчийн хүү "frankincense" гэж хэлэх байсан боловч, "frank sent this" буюу "үүнийг frank–аас өгч байгаа юм" гээд хэлчхэж).

Дээрх явдлууд дээр гарах хүүхдүүд алдаанаас огтхон ч айсангүй. Ер нь алдсанаа ч анзаараагүй биз.

Эдгээр яриаг дэлгэсний дараа Ken Robinson профессор цааш нь хэлж байна
– Хүүхдүүд үргэлж боломжийг эрэлхийлж байдаг. Юу ч мэдэхгүй байсан ч, юу ч гэсэн хийж үзнэ. Алдахаас айх юм бол хэзээ ч тэндээс Бүтээлч сэтгэлгээ (creativity) төрөн гарахгүй.

Гэтэл үүнтэй яг эсрэгээр, томчуудын нийгэм гэдэг хэрхэвч "АЛДААГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ". Алдаа гаргасан л бол тэр дороо үл бүтэх этгээдэд тооцогдно. Тэр ертөнц тийш зүглэн бойжих хүүхдүүд ч бас аажмаар алдаанаас эмээдэг болон өснө. Тэгээд, байгалиас хүн бүрт өгөгдсөн байх учиртай өөрийн бүтээлч сэтгэлгээгээ гээхэд хүрнэ. Robinson профессорынхоор бол

– Бүтээлч сэтгэлгээ гэдэг, унших бичих чадвартай эн тэнцүү чухал эд
аж.

Зураач Пикассо нэгэн цагт

– Хүүхэд бүр төрөлхөөс уран бүтээлч байдаг
гэж хэлсэн удаатай.
Харамсалтай нь, уран бүтээлч чигээрээ том хүн болдог нь бараг үгүй шахуу. 6 настайдаа мэддэг байсан "бурхны царайг" нэг л мэдэхэд мартаж орхино.

Аягүй бол суут Шекспир хүүхэд байхдаа ингэж загнуулж байсан даа.

– Англи хэлээр тэгж ярихаа боль, хүмүүсийн толгой эргэнэ.
Шекспир ч бас, бусдын л адил бага насандаа хэн нэгнээр Англи хэлний хичээлээ заалгуулсан л байж таараа.

Хэрвээ, харь гаригийнхан дэлхийн боловсролын системийг харвал гарцаагүй ингэж бодох байх

– Пөөх, энэ гаригийн хүмүүс чинь зөвхөн профессор бэлтгэдэг юм байна
гэж.

Дэлхийн аль ч орны боловсролын системүүдэд нэгэн хачирхалтай нийтлэг шинж байдаг.

– Хүүхдийн өсөлтийг дагаад боловсрол нь бүсэлхийгээс аажим дээшилсээр, эцэстээ толгойд нь төвлөрдөг. Тэгэхдээ тэр нь тархины зөвхөн нэг хэсэгт нь.

Ийм боловсролын төрүүлж болох хамгийн оргил бүтээл гэвэл, их сургуулийн профессор юм.

– Профессорууд өөрийнхөө биеийг зөвхөн тээврийн унаа байдлаар ашигладаг юм биш биз?
хэмээн, өөрөө ч профессор Robinson эелдэгээр шоглоно.

Профессорын бие бол толгойг нь лекцийн танхимд хүргэж өгөх зориулалттай тээврийн унаа юм. Бүжиглүүлээд үзэхэд л мэдэгдэнэ дээ. Хөөрхий, ямар ч хэмнэл гэж байхгүй. Эв хавгүй хөдлөх зуураа "Хурдхан харьж өнөөдрийн ажлаа цаасан дээр буулгах юмсан" гэсэншүү л юм бодож байгаа хойно, арга ч байж уу.


Боловсрол дахь хичээлүүдийн зэрэглэл ч бас, ихэнх оронд ижилхэн.

– Хамгийн дээр нь математик, хэл бичиг. Тэгээд нийгмийн талын хичээл гэх мэт... Хамгийн дорд үнэлэгддэг нь урлагийн талын хичээлүүд. Дэлхийн хаана ч яг л ийм байдаг.

Тэгсэнээ, хамгийн дорд ордог урлаг нь бас дотроо зэрэглэлтэй.

– Зураг, дуу нь бүжиг, жүжгээс илүү.

Ойлгомжтой. Боловсролын шатаар өгсөх тусам бүжгээс холддог юм байна. Тийм болоод л эрдмийн оргилд гарсан профессорууд бүжиглэж чаддаггүй байх нь.


Бүжгийн хичээл өдөр болгон ордог боловсролын систем гэж хаана ч байхгүй. Яагаад гэвэл ердөө л, бүжиг нь нийгэмд ямар ч хэрэггүй учраас юм гэнэ. Бүжигтээ сайн гээд ажилд авдаг компани ер нь л байхгүй болов уу.


Боловсролын системийн иймэрхүү туйлшралын үр дүнд, баялаг уран сэтгэмжтэй тоогүй олон авьяастнууд "өөрийнхөө авьяасгүйд" гутран цөхөрсөн биз. Яагаад гэвэл, сургуулиуд тэдний авьяасыг зөв үнэлдэггүй төдийгүй, сурлагын доголдолтойд тооцон ад үздэг.


Gillian Lynne бол дэлхийн хэмжээний балетмастер бөгөөд, алдарт "Cats", "The Phantom of the Opera" зэргийг бүтээлцэж байсан, өнөө цагийн од юм. Харин түүнийг бага ангийн сурагч байх үед сургууль түүнд "сурлагын доголдолтой" гэдэг онош тавьсан гэдэг. Учир нь тэрээр хором ч атугай зүгээр сууж чаддаггүй байсан гэнэ. Орчин үед бол түүнийг дор нь ADHD (анхаарлын сулрал, хөдөлгөөний хэт идэвхжилт) өвчтэй гэж оношлох байсан биз. Аз болоход, 1930–аад оны тухайн үед ийм чамин нэртэй өвчин гэж байсангүй. Гэсэн ч эцэг эх нь түүнийг тэр зүгийн эмчид үзүүл
жээ.

Эмнэлэгийн жижиг тасалгаанд ганцаар үлдсэн Gillian, нөгөө л янзаараа өрөмний өт шиг өрвөлзсөөр, нэг мэдэхнээ бүжиглэж гарах нь тэр. Харин нөгөө өрөөнөөс түүнийг анзаарсан эмч тэр дор нь авьяасыг нь олж харав.

– Уучлаарай, танай охин чинь өвчтэй биш юм байна. Танай охин чинь бүжигчин юм байна.

Эмчийн зөвлөгөөгөөр бүжгийн дугуйланд явах болсон Gillian хөөр баяраа үгээр илэрхийлэхийн аргагүй байсан гэдэг.

– Тэнд яг над шиг хүүхдээр дүүрэн. Бид бүгдээрээ үргэлж л үймэлдэн гүйлддэг. Тэнд сэтгэхийн тулд тархиа биш биеэ ажиллуулах ёстой байдаг юм.

Тэр цагаас хойш Gillian–ий авьяас тодорч, хожмоо бүжгийн компани ч байгуулж, одоо ч сая сая хүнд сэтгэлийн таашаал бэлэглэсээр байна.


Хэрэв тэр үед түүнийг үзсэн эмч тэр эмч биш байсансан бол..., хөөрхий охин гарцаагүй тайвшруулах эм уугаад томоотой нэгэн болох байсан байх даа.


– Хүн бүр төрөхдөө хязгааргүй их боломжийг өөртөө агуулж байдаг. Харин өнөөг хүртлэх боловсролын систем тэр хязгааргүй боломжийн дундаас ердөө тогтсон хэдхэн элемэнтийг нь шилж хөгжүүлдэг. Зүйрлүүлж хэлбэл, дэлхийн бүхий л газраас зөвхөн нүүрсийг нь түүхтэй ижил юм.


Профессор Jonas Salk–ийн нэг үг байдаг

– Хэрвээ дэлхийгээс бүх шавжийг түүгээд устгачихвал..., 50 жилийн дараа гэхэд бүх амьд байгаль мөхөх биз. Харин дэлхийгээс бүх хүмүүсийг түүгээд устгачихвал..., 50 жилийн дараа амьд байгаль улам цэцэглэн хөгжсөн байхаас зайлахгүй.

Шавж хүн хоёрын ялгаа гэвэл "байгалийнхаа өгөгдлөөр" амьдарч байна уу үгүй юу гэдэгтээ л байгаа юм.


Харамсалтай нь өнөөгийн ерөнхий боловсрол бол хүн бүрт төрөлхөөс заяагддаг тэрхүү байгалийн өгөгдлийг нь бага дээр нь үндсээр нь мулталчихдаг талтай.


Философийн эртний нэг алдартай асуулт байдаг

– Ойд мод унаж, тэр унах чимээг нь хэн ч сонсоогүй бол..., тэр үнэхээр болсон явдал мөн үү?

Хэнд ч анзаарагдалгүй болсон явдлыг болсон явдалд тооцох уу?


Бидэнд ингэхэд юу сонсогддог юм бэ?


Лав л, гоц авьяастануудын байгалийн өгөгдөл үндсээрээ булгарч байгаа тэр чимээ лав үгүй биз.

schools kill creativity

4 comments:

Anonymous said...

"Хэрвээ дэлхийгээс бүх шавьжийг түүгээд устгачихвал..., 50 жилийн дараа гэхэд бүх амьд байгаль мөхөх биз. Харин дэлхийгээс бүх хүмүүсийг түүгээд устгачихвал..., 50 жилийн дараа амьд байгаль улам цэцэглэн хөгжсөн байхаас зайлахгүй".

юутай үнэн бэ?

Anonymous said...

Дажгүй юмаа таалагджин

Anonymous said...

яг энэ мөчид бодогдож байгаа зүйл бол бид яг хэн юм бэ? Биднээс бусад юм болгон өөр өөрийн тогтолцоотой байгалтайгаа ямар нэг хэмжээгээр холбоотой байна харин бид лав тийм биш. Бид яг хаана үүсэв!!

ТОМё БОДё said...

Хүн ч байгальтай холбоотой л байгаа. Жишээ нь, өнөөдөр мазаалай устаж алга боллоо гээд байгалийн тогтолцоонд тэгтлээ нөлөөлөхгүй л байх. Тэрний дэргэд хүмүүс гэнэт алга болбол байгалийн тогтолцоонд хамаагүй томоор нөлөөлнө. Хүмүүс бүх дэлхийгээр нэг тархсан байна, тэр хэрээр байгалийн тогтолцоонд нөлөөлж л байгаа. Зарим судлаачид ингэж ярьдаг: "Буудай гэдэг ургамал хүнийг амжилттай боолчилж чадсан. Одоо буудай үр удмаа үлдээх гэж санаа зовох шаардлагагүй, хүмүүс хүссэн хүсээгүй буудайг тариалах л болно" гэж. Тэгэхээр хүн гэнэт алга болбол лав л буудай гэдэг ургамал хөөрхий болно, хонь, үхэр, морь тахиа гээд зөндөө амьтад хөөрхий болно. Гээд бодохоор хүн одоо ч байгалийн нэг хэсэг хэвээрээ л байгаа.

Post a Comment