2013/01/21

Ирээдүйг уншихгүй

– 2000 оны Америкийн сонгуулиар юу болсон бэ?
Танд өөрийн эрхгүй Флоридад болсон "саналын хуудасны асуудал" санаанд буух биз. Тэгэхэд холбооны дээд шүүхээс саналын хуудас дахин тоололтыг зогсоож, үр дүнд нь 537 саналын давуугаар Жорж Буш ялалт байгуулсан.

Гэхдээ үнэндээ сонгуулийн хувь заяа зөвхөн саналын хуудасны асуудал гэгчээр шийдэгдсэн үү гэвэл бас ч тийм биш.

John Kluznik профессорын судалгаагаар бол
– Нэр нь нэгдүгээрт бичигдсэн нэр дэвшигч бусдаас 2%–иар давуу байдаг
нь тодорхой болсон гэнэ (Америкийн ерөнхийлөгчийн сонгуулиуд дээр хийгдсэн судалгаа).

Энэ бол "Ердөө л 2% уу?" гэж хөнгөхөн харах зүйл биш. Кеннеди Никсон хоёрын өрсөлдөөн ердөө 0.02%–ийн зөрөөгөөр төгсөж байсан удаа бий.

Мэдээж, Флоридагийн сонгуулийн хуудас дээр Жорж Бушийн нэр нэгд байсан. Учир нь, Флорида мужийн дүрмээр бол, мужийн захирагчын харъяалагддаг намаас нэр дэвшигч, сонгуулийн хуудсан дээр нэрээ нэгд бичүүлдэг юм байна (Тухайн үед Флорида мужийн захирагчаар Жорж Бушийн дүү Jeb ажиллаж байсан).

Флоридагийн 2% нь 50,000 санал гээд бодохоор, сонгуулийн хуудсан дээрх нэрсийн дараалал тэнд ямар чухал үүрэг гүйцэтгэсэн болох нь төсөөлөгдөх биз.

Иймэрхүү жишээнүүдээс гарч ирэх асуудал гэвэл "Хүн хэрхэн сонголт хийдэг бэ?" гэдэг тухай юм.

Хамгийн эхний юм ой тойнд үлдэхдээ амар тул, сонгогдох хандлага ч өндөр байдаг. Үүнийг Primacy effect (анхдагчийн нөлөө) гэдэг.

Анхдагчийн дараагийн ашигтай байрлал гэвэл хамгийн сүүлчийнх юм. Анхдагчийн адилаар ой тойнд хадгалагдаж үлдэх магадлал өндөртэй.

Түүнээс гадна сонгуулиар Recency effect гээч юм бас өндөр нөлөөтэй. Тэр нь юу гэхээр, олон сонссон, олон харсаны хэрээр илүүтэй ой тойнд хоногшдог тул, төдий чинээ танил дотно сэтгэгдэл бий болдог нөлөө юм.

Бас хүмүүс "Бодит тодорхой зүйлийг илүү чухал" гэж үзэх хандлага бий. Нэр дэвшигч хичнээн чухал яриа дэлгэлээ ч, сонгогчидын нүдэнд ердөө л түүний царай хоногших жишээтэй.

Иймэрхүү байдлаар хүний сонголт болгон үргэлж их бага хэмжээний хэлбийлт (хандлага) үүсгэж байдаг. Жишээ нь үүнийг дараах бяцхан туршилтаас ч үнэмших боломжтой.

Доорхи 2 сонголтоос аль нь илүү сонгогдох хандлагатай байдаг вэ?
А: Ямар ч нөхцөлгүйгээр 10,000 төгрөг өгье.
В: Хуруудаад дийлбэл 20,000 төгрөг өгье.

Шууд хариуг нь хэлэхэд "А" юм. Хүмүүсийн дийлэнх олонх нь, 2 дахин бага боловч "найдвартайг" нь сонгодог.

Тэгвэл доорхийн хувьд яах бол?
А: Ямар ч нөхцөлгүйгээр 10,000 төгрөг төл.
В: Хуруудаад дийлэгдвэл 20,000 төгрөг төл.

Хариулт нь гэвэл... "В"–г нь дийлэнх олонх сонгодог. 2 дахин их мөнгө алдаж ч мэдэх атал.

Мөнгө "өгөх" болон "авах" дээр, бидний сонголт хийх шалгуур маань өөр байдаг учиртай юм гэнэ.

"Авна" гэж сонсуут "Ашгийн төлөвт" шилжиж, аль болох эрсдэлээс зайлсхийж, бага ч гэсэн найдвартай нь дээр гэж үзэх юм.

Харин "өгнө" болонгуут төлөв маань "Алдагдал" руу шилжинэ. Энэ үед эрсдэлтэй ч бай хамаагүй, бага хохиролтой үлдэж болох тэр боломжинд найддаг байна. Тэгээд зарим тохиолдолд мөрөөрөө төлөөд өнгөрөх байснаас хэд дахин ихээр шатах ч явдал гарна.

Олох болохоор өчүүхэнийг олж, алдахдаа тулахаар бөөнд нь тавиад туудаг энэ гунигтай үзэгдэл, хөрөнгө оруулагчидын хувьд илүүтэй танил дотно санагдах биз.

Хүний иймэрхүү сэтгэлзүйн хандлага нь Prospect theory (Хайгуулын онол?) гэгчээр олонд танигдсан бөгөөд, Daniel Kahneman, Amos Tversky нар энэ онолоороо эдийн засгийн Нобел ч авсан удаатай.

Тэр ч бүү хэл, зүгээр шоо хаяж хөрөнгө оруулалт хийгээд явах нь, зарим хөрөнгө оруулагчидаас хавьгүй ашигтай байх явдал ч бий. Тиймдээ ч хөрөнгө оруулагчидыг заримдаа "сармагчинаас дор" гэж ярьцгаадаг биз.

Иймэрхүү алдаа гаргагчид дээр харагддаг нийтлэг нэгэн шинж байдаг байна. Тэр нь өөртөө байгаа мэдээлэлд "хэт итгэх" явдал юм гэнэ.

Харин
– Ямар хүмүүс "хэт итгэдэг" вэ?
гэдгийг тайлбарлахын тулд
– Ямар хүмүүс "хэт итгэдэггүй" вэ?
гэдгийг тайлбарлавал илүү ойлгомжтой байх болов уу.

Юуны өмнө, "юу ч мэддэггүй хүмүүс" хэт итгэдэггүй. Угаасаа ч юу ч мэдэхгүй бол, яаж хэт итгэж чадах билээ. Үүнийг Beginners luck гэх ба, амьдралд ойрхон жишээ гэвэл, анх удаа Покер тоглож байгаа хүмүүс дээр ажиглагддаг. Нөгөө талаар, маш сайн мэдлэгтэн "хэт итгэдэггүй" байх хандлагатай байдаг.

Тэгэхээр үлдсэн хүмүүс болох "Хоёрын хооронд мэдлэгтэнгүүд" буюу "Өөрийгөө мэддэг гэж боддог" тэр хэсэг нь хэт итгэгчид юм. Гунигтай нь гэвэл, энэ хэсгийн хүмүүс нийгэм дэх дийлэнх олонхыг эзэлдэг.

Хөрөнгө оруулалтын бурхан гэж өргөмжлөгддөг Warren Edward Buffett нь тэдгээр хэт итгэдэггүй ховор хүмүүсийн нэг байсан бололтой.

1990–д оны тухайн үед, интернэт компаниуд бүүм болж, хөрөнгө оруулагчид тэндээс бөөн бөөн ашиг олж байв. Харин Buffett гуай огт тийшээ зүглэсэнгүй. Яагаад гэсэн асуултанд
– Би сайн мэдэхгүй
гэж хариулсан гэдэг. IT компани гэж юу болохыг ч сайн мэдэхгүй, яагаад ингэж ашиг олоод байгааг нь ч сайн мэдэхгүй байсан юм гэнэ.

Хэт итгэгчид түүнийг шоолон инээж байлаа.
– Хөөрхий дөө, мэдрэмж нь мохож дээ.

Харин IT бүүм хагарч, IT компаниудын хувьцаа навс унасаны дараа хэн ч түүнийг шоолоогүй биз...

Шатрын дэлхийн аварга агсан Гарри Каспаров гэж хүн бий. 22 насандаа хаан болж, 15 жил хаан ширээгээ хадгалсан түүний хожлын тоо нь бусдаас дэндүү хол тасархай.

Шатарчин л болсон хойно тоймгүй олон нүүдлийн цаадахыг уншдаг байлгүй гэж санагдах боловч, тэрээр өөрөө
– Би цаадахыг огт хардаггүй
юм гэнэ. Шатрын дараагийн нүүдэл гэдэг тэнгэрийн од шиг тоймгүй олон боловч, суут Каспаров ердөө л "мэдрэмжээрээ" тоймгүй олон дундаас хамгийн тодыг нь олж сонгодог гэх.

Мэдээж тэрээр тас харанхуй сонголт хийдэггүй л байж таараа. Арвин баялаг туршлага дээрээ тулгуурлаж сонгодогоос зайлахгүй. Энэ талаас харвал хөрөнгө оруулагч Buffett ч бас адилхан биз.

Тэдний нийтлэг арга нь, юуны өмнө туршлага дээр суурилсан "логик (мэдлэг)" гаргалгаараар шаардлагатай мэдээллээ сонгож гаргаад, тэдэн дундаас орчины мэдрэмжээ ашиглан шийдвэр гаргадаг явдал болов уу.

– Хэрхэн сонголт хийх вэ?

Ийм асуулттай тулгарах болгондоо бид өөрийн эрхгүй "ирээдүйг уншихыг" хичээдэг. Харин эксперт зиндааны суутнууд эсрэгээрээ "ирээдүйн тухай боддоггүй" бололтой. Өөрөөр хэлбэл, "ОДОО ЦАГТ хэр зэрэг төвлөрөх вэ?" гэдгээрээ ялгардаг байх нь.

Мэдээж одоо цагт өөрийн мэдрэмжийг төвлөрүүлэхийн өмнө, туршилгатаа суурилсан логик шигшилт хийдгийг ч мартаж болохгүй.

Ямар ч туршлагагүйгээр онолдох нь, зарим үед ердийн "хэт итгэл"–ээс ялгарахгүй байх нь ч цөөнгүй...

Колумбын их сургуулийн профессор Sheena Iyengar–ийн лекцийн зах зухаас хүүрнэхэд нэг иймэрхүү.

"Хэт итгэхгүйн" тулд, өөрийнхөө мэддэг болон мэддэггүйгээ ул суурьтай ялгаж салгаад, эцсийн шийдвэрийг "ирээдүйг уншдаггүй мэдрэмжиндээ" даатга.

Тийм дээд зэргийн сонголт гэдэг, эгэл бидэнд туйлын хэцүү даалгавар. Гэсэн ч, тийм сонголт хийдэг хүн гэж байдагийг мэдэх нь, нэг сонсоход илүүдэхгүй мэдлэг болох бизээ.

Холбоотой - Сонголтын эрх чөлөө

1 comment:

beku said...

Ёстой сонирхолтой сайхан нийтлэл байна

Post a Comment