2017/07/17

Шударга ёсны лекц 2-1: Нэгэн компаний алдаа

Өмнөх - Амьд үлдэхийн төлөөх "аллага"

Сандел:
Өмнөх лекцээр бид усан онгоцны гишүүд болох Дадли болон Стивенс нарын шүүх хурлын тухай хэлэлцсэн. Далайд осолдсон залуус балчир хүүг алж идсэн тухай хэрэг.
Юуны өмнө мэтгэлцээний агуулгыг эргэн санана уу. Хөлгийн ахмад болон залуурчин юу хийсэн, хийсэн зүйлийнх нь талаар ямар ямар саналууд гарсан билээ? Тэдгээрийг толгойдоо сэргээж аваад, философич Жереми Бентамын Утилитаризм (Utilitarianism)-ын тухай яриандаа орцгооё.


Улс төрийн философич Бентам 1748 онд Англид төржээ. 12 настайдаа Оксфордын Их Сургуульд элсэн орж, 15 настайдаа хуулийн сургуульд орсон. 19 настайдаа хуульчийн шалгалтанд тэнцсэн боловч хуульч бололгүй, хуулийн ухаан болон ёс суртахууны философид үлдсэн амьдралаа зориулсан нэгэн. Бентамын Утилитаризмын тухай өмнөх лекцээр ч хөндсөн, түүний цөм санаа нь тун энгийн зүйл байсан.
“Ёс суртахууны хамгийн дээд зарчим бол, нийтийн аз жаргалын төлөө нийтлэг сайн сайхныг (welfare) хамгийн их байлгах явдал бөгөөд, бүхлээр нь харвал аз жаргал нь зовлон бэрхшээлээс илүү байхаар үйлдэх явдал юм”. Үүнийг ганц үгээр илэрхийлбэл “Ашиг тусын максимум” гэж болно.

Бентам дараах байдлаар тунгааж дээрх зарчмыг гаргаж ирсэн.
Бид нар бүгдээрээ зовлон бэрхшээл хийгээд баяр баясгалан дунд савлан амьдарч явдаг. Тиймээс ямар ч үед зовлон бэрхшээл болон баяр баясгалангийн харьцааг бодолцож явах шаардлагатай. Тэр үед хамгийн сайн арга бол “Максималчлах (хамгийн их байлгах)” юм. Энэ нь “Үнэмлэхүй олонхын төлөөх үнэмлэхүй аз жаргал” гэсэн зарчимтай холбогдоно.
Тэгвэл юуг максималчлах ёстой вэ?
Бентамынхаар бол тэр нь “Аз жаргал” буюу яг түүний нэрлэснээр бол “Ашиг тус” (utility). Ашиг тусыг хамгийн их байлгах гэсэн зарчим маань зөвхөн хувь хүний төлөө бус, бүлэг (community)-ийн төлөө ч бас байх ёстой. Тэндээсээ “Ерөөс тэр бүлэг гэж юу билээ?” хэмээн Бентам бодож үзэв. Бүлэг гэдэг бол хувь хүмүүсийн бөөгнөрөл. Тиймээс илүү сайн бодлого гаргах, хууль тогтоохыг оролдох үед, эсвэл юу хийх нь зөв талаар тунгаах үед, хүн өөрөөсөө ингэж нягтлахгүй бол болохгүй. “Энэ бодлогын үр дүнд бий болох бүлгийн гишүүн тус бүрийн үр ашгийн (benefit) нийлбэрээс хохирол зардлыг хасаад гарах тэр үлдэгдэл хамгийн их байж чадвал, тэр үед энэ бодлогыг зөв бодлого гэж үзэж болно”.
Тэгэхээр, өнөөдөр та бүгдээс энэ үзлийг дэмжиж байгаа эсэхийг асууя гэж бодож байна.

Ингэхэд энэхүү Утилитари онол маань өнөө үед “Зардал ашгийн анализ” (Cost-benefit analysis буюу CBA) гэдэг хэлбэрээр компани болон засгийн газруудад өргөн хэрэглэгдсээр ирсэн. Энэ тохиолдолд ашиг тусыг тоон утгаар илэрхийлдэг. Ихэнхдээ бол мөнгөн дүнд шилжүүлж, төрөл бүрийн үйл ажиллагааны хувьд түүний зардал болон ашгийг тоон дүн болгодог.
Саяхан Чех улсад тамхинд ноогдуулах хэрэглээний татварыг өсгөх талаар санал гарчээ. Тэгэхээр нь Чехэд маш өргөн хүрээний бизнес эрхэлдэг Америкийн нэгэн тамхины компани Чех дэхь тамхины зардал ашгийн анализ хийж үзэж. Үр дүнд нь нэг зүйл тодорхой болов. “Чехийн засгийн газар иргэдийнхээ тамхины хэрэглээнээс ашиг олж байна” гэнэ.

Тэгэхээр засгийн газар хэрхэн ашиг олдог байх вэ? Тамхины хэрэглээ Чехийн засгийн газрын санхүүд сөргөөр нөлөөлдөг нь ойлгомжтой. Тамхи татсанаас болж өвдсөн хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээн дэхь дарамт ихсэх учраас.
Тэгтэл нөгөөтэйгүүр эерэг нөлөө ч бас байна гэнэ. Тийм зүйл нь судалгааны хүснэгтийн “ашиг” гэсэн жагсаалтанд нэмэгдэж бичигдсэн байна. Эерэг нөлөөний ихэнх хэсгийг бүрдүүлж байгаа нь, тамхитай холбоотой худалдаа наймаанаас олох төрөл бүрийн албан татвар юм.
Гэвч, түүнээс гадна хүмүүс эрт үхсэнээр засгийн газарт хэмнэгдэх эмнэлгийн үйлчилгээний зардал ч бас эерэг нөлөөнд тооцогдсон байна. Мөн тэтгэвэр болон өндөр настнуудад зориулсан орон сууцны зардал ч бас хэмнэгдэнэ.
Эдгээр бүх зардал ашгийг тооцож гаргасан тамхины компаний судалгааны үр дүн энэ байна.




Чехийн засгийн газрын цэвэр ашиг нь 147 сая доллараар өснө. Тамхинаас болж эрт үхсэн хүн тус бүрээс засгийн газар орон сууцны зардал болон эрүүл мэндийн үйлчилгээний зардал, мөн тэтгэвэрийн зардал гээд нийтдээ 1,220 гаруй доллар хэмнэх боломжтой.
Энэ бол зардал ашгийн анализ юм. За тэгэхээр, та нарын дунд утилитари үзлийг өмөөрөгчид хүртэл энэхүү зардал ашгийн анализыг хараад ой гутмаар гэж санагдаж болох юм. Энэ тамхины компани ч бас хэвлэл мэдээлэлд балбуулсаар, эцэстээ энэ сэтгэлгүй хөгийн тооцооныхоо талаар уучлалт гуйгаад өнгөрсөн байдаг.

Жинхэнэ утилитаристууд байсан бол энэ тооцоонд хүний амь насны үнэ цэнийг гарцаагүй оруулж тооцох байсан гэж хэлэх хүн гарч болох юм. Өөрөөр хэлбэл уушгины хорт хавдраар нас барах хүмүүс болон түүний ар гэрийнхний хувь дахь амь насны үнэ цэнэ. “Амь насны үнэ цэнийг яагаад тоооцохгүй байгаа юм?” гэж. Зардал ашгийн анализад түүнийг оролцуулан тооцсон тохиолдол ч байдаг.

Хамгийн алдартай нь гэвэл Америкийн нэгэн компанийн үйлдвэрлэсэн нэгэн машины хэрэг. 70-д оны үед болсон явдал л даа, Пинто гэдэг нэртэй машиныг санаж байгаа хүн байгаа болов уу? Тэр бол жижигхээн мөртлөө хүмүүсийн анхаарлыг гойд татсан машин байсан юм. Даанч нэг асуудал байсан. Тэр нь шатахууны танк нь машины ард байрладаг болохоор, ардаасаа мөргүүлбэл гал авалцах аюултай гэсэн асуудал байж. Тэрнээс болж ослоор нас барсан хүн ч бий, хүнд гэмтэл авсан хүн ч бий. Хохирсон хүмүүс уг компанийг шүүхэд өгчээ. Тэгээд шүүхдэх явцад, үйлдвэрлэгч тал аль эртнээс шатахууны танканд ийм дутагдал байсныг мэдэж байсан болох нь илэрсэн байна. Үйлдвэрлэгч шатахууны танканд хамгаалалтын бүрхүүл тавих эсэх талаар шийдэхдээ, тэгэх шаадлага байгаа эсэхийг тогтоохын тулд зардал ашгийн анализ хийж үзсэн байгаа юм. Энэ удаад, машины аюулгүй байдлыг сайжруулахын тулд гарах зардлыг нэг машин тутамд 11 доллар гэж үзэв. Шүүх хурлаар дэлгэгдсэн компани талын зардал ашгийн анализын үр дүн нь энэ байна.



12.5 сая машины аюулгүй байдлыг сайжруулахад нийт 137 сая доллар шаардлагатай. Тэндээс, энэ мөнгийг гаргаад машиныг зассан тохиолдлын ашиг, өөрөөр хэлбэл ослоос сэргийлсний ачаар хэмнэгдэх мөнгийг тооцов. Үхсэн хүн 180, нэг хүний амь насыг мөнгөн дүнд шилжүүлбэл 200,000 доллар. Гэмтсэн хүн ч бас 180, тус бүр 67,000 доллар. Осол гарснаар шатсан машины тоо 2,000 бөгөөд, нэг бүрийн засварын зардал 700 доллар. Ийм тооцоогоор бодоод үзтэл нийт ашиг ердөө 49.5 сая доллар болсон тул, үйлдвэрлэгч машинаа засахгүйгээр шийдсэн байна. Шүүх хурал дээр компани талаас хийсэн дээрх зардал ашгийн анализын ноорог материал дэлгэгдтэл, иргэний төлөөлөгчид мэдээж дэлбэртлээ уурлаж, асар их хэмжээний нөхөн төлбөр ноогдуулсан.

Энэхүү машины үйлдвэрлэгч амь насанд үнийн стандарт тогтоосон байгаа юм чинь, үүнийг утилитарист маягийн тооцоо мөн гэж хэлж болно биз?
Тэгэхээр энэ танхимд үйлдвэрлэгчийн талд зогсож, зардал ашгийн анализыг өмгөөлмөөр байгаа хүн байна уу? Өмгөөлж чадах хүн? Аль эсвэл үүнийг утилитарист маягийн тооцооллыг гажуудуулсан байна гэж үзэх хүн байна уу?

Жулия:
Энэ машин үйлдвэрлэгч ч бас өмнөх жишээний адилаар алдаа гаргасан гэж бодож байна. Тэд хүний амь насанд үнэ хэлсэн ч, ар гэрийнх нь зовлон гашууг огт бодолцохгүй байна. Ар гэрийнхэн нь тэжээгчээ алдаад зогсохгүй, хайртай хүнээ алдаж байгаа. Тэр бол 200 хан мянган доллараар тогтох яриа биш.

Сандел:
Тийм байж. Хүлээгээрэй, нэр хэн билээ?

Жулия:
Жулия.

Сандел:
Тэгвэл Жулиягаас асууя. Чи хайртай хүнээ үүрд алдсан гээд бодвол 200,000 доллар дэндүү багадах юм байна тийм үү? Тийм бол зохистой үнийг хэд гэж бодож байна?

Жулия:
Тоогоор илэрхийлэх зүйл гэж бодохгүй байна. Хүний амь насыг ийм төрлийн анализад ашиглах ёсгүй.

Сандел:
Үнийн дүн нь хэт хямдхан байгаагаар тогтохгүй, тоогоор илэрхийлэхийг оролдсон явдал нь анхнаасаа буруу гэж байна. Өөр санал байна уу?

Войтек:
Инфляцийг тооцохгүй бол...

Сандел:
Инфляцийг тооцох хэрэгтэй (Бүгд хахаха, алга ташив). Мөөн. Нээрээ тийм шүү. Тэгвэл өнөөдрөөр бодвол хэд болсон бол? Саяынх бол 35 жилийн өмнөх яриа байсан.

Войтек:
2 сая доллар.

Сандел:
2 сая доллар. 2 сая доллараар үнэлж байгаа юм уу? Нэр хэн бэ?

Войтек:
Войтек.

Сандел:
Войтек “Инфляцийг нэмж тооцоод улам цааш нь заргалдах хэрэгтэй” гэж байна. Гэдэг чинь, чиний хувьд бол амь насны үнэ цэнийг тоон утганд шилжүүлэхийг дэмжиж байна тийм үү?

Войтек:
Харамсалтай нь тийм. Яагаад гэвэл ямар нэгэн тоо хэрэгтэй учраас. Зохистой үнэ хэлсэн эсэхдээ итгэлгүй байгаа ч, амь насны үнэ цэнийг тоогоор илэрхийлэх бараг л боломжтой гэж бодож байна.

Сандел:
Аанха мөөн. Войтекийн санал Жулиягийнхаас өөр байна. Жулия бол амь насны үнэ цэнийг тоонд шилжүүлэх боломжгүй гэсэн. Войтек болохоор ямар нэгэн шийдвэр гаргахын тулд тэгэх шаардлагатай гэж байна.
Тэгвэл бусад хүмүүс юу гэж бодож байна? Зардал ашгийн анализыг өмгөөлөх хүн байхгүй юу?

Раул:
Саяын машин үйлдвэрлэгч ч, ер нь компаниуд зардал ашгийн анализ хийхгүй бол ашиг гаргаж чадахгүй, дампуурчихна гэж бодож байна. Хэрэв тэгвэл хэдэн сая хүн ажилдаа машинаар явж чадахаа байж, амьдралд нь хүндрэл учирна. Тиймээс саяын тохиолдол дээр зардал ашгийн анализ хийгээгүй байсан бол бүр ч их аз жаргал золиослогдох байсан гэж бодож байна.

Сандел:
Баярлалаа. Нэр хэн билээ?

Раул:
Раул.

Сандел:
Раул!
Саяхан жолооны ар дахь гар утасны хэрэглээний талаар судалгаа хийгдэж, энэ үйлдлийг хориглох ёстой эсэх талаар мэтгэлцээн өрнөсөн юм. Тэр судалгааны үр дүнд, жил бүр ойролцоогоор 2,000 гаруй хүн жолооны ард гар утас хэрэглэснээс болж осол гаргаж, хүний амь эрсэдсэн болохыг тогтоосон байна.
Гэвч, Харвардын Их Сургуулийн эрсдэл судлалын төвийн гаргасан зардал ашгийн анализаар бол, жолооны ард гар утас хэрэглэснээр бий болох ашиг болон эрсдэх амь насны үнэ цэнэ бараг тэнцүү гэсэн үр дүн гарсан байна. Жолооны үеэр бизнес яриа хэлэлцээр, эсвэл найз нөхөдтэйгээ ярилцвал сул цаг зав гарч, тэндээс эдийн засгийн багагүй үр ашиг бий болно, гэсэн санаа. Үүнийг сонссон ч, амь насны үнэ цэнийг долларт шилжүүлэх нь буруу гэж санагдахгүй юу?

Раул:
Хэрвээ хүмүүсийн дийлэнх олонх нь гар утас мэтийн үйлчилгээ хэрэглэж, үр ашгийг нь тултал нь гаргая гэж байгаа бол аргагүй явдал л гэж бодож байна. Сэтгэл ханамжинд хэзээд золиос байдаг шүү дээ.

Сандел:
Чи ч төгс утилитарист юм шив дээ.

Раул:
Харин тийм байна (хэхэ).

Сандел:
За тэгвэл сүүлчийн асуулт. Үүнийг Войтекээс ч бас асуусан. Хүний амь насанд үнэ хэл гэвэл, энэ тохиолдолд хэд хавьцаа байвал зохистой гэж бодож байна?

Раул:
За байз... Яг одоо энд амандаа орсон тоогоо хэлмээргүй л байна (Бүгд хахаха).

Сандел:
Сайн бодмоор байна гэж үү?

Раул:
Тэхх.

Сандел:
Баримжаагаар байсан ч болно шдээ. Үхсэн хүн 2,300. Утасны хэрэглээг хориглох эсэхийг шийдэхийн тулд ямар нэгэн тоо хэрэгтэй байна шүү дээ. Тиймээс санаанд орсноороо л хариулчих. 1 сая доллар уу? 2 сая уу? Войтек бол 2 сая гэсэн. Харин чи?

Раул:
1 сая доллар.

Сандел:
1 сая? (хэхэхэ). Сайн хариуллаа, баярлалаа.
Сүүлийн үед иймэрхүү зардал ашгийн анализаас болж их хэрүүл гардаг болсон. Тооцоо хийхийн тулд юунд ч хамаагүй үнэ хэлчихдэг нь асуудал дагуулсан хэрэг.
Тэгэхээр одоо тиймэрхүү эсрэг байр суурьт анхаарлаа хандуулцгаая. Гэхдээ зардал ашгийн анализ бол утилитари үзлийн онолыг хэрэгжүүлсэн ердөө ганц жишээ төдий учир, зөвхөн түүгээр хязгаарлалгүй, утилитари үзлийг бүхэлд нь харж, түүний эсрэг байр суурийг сонсоцгооё.

Утилитари үзлийн онол гэдэг нь ийм юм байсан: “Хийх ёстой зөв үйлдэл, бодлого, хуулийн зөв үндэслэл бол ашиг тусыг максималчлах явдал юм”. Энэхүү хууль болон нийтийн үр ашгийн талаарх утилитари үзлийн байр суурийг эсэргүүцэх хүмүүс хэр их байна? (олон хүн гараа өргөв)
За тэгвэл дэмжиж байгаа нь гараа өргө? (бүр олон хүн гараа өргөв).
Эсэргүүцэгчдээс дэмжигчид нь олон байна. За тэгвэл эсэргүүцэгчдийн саналаас сонсоцгооё.

Ана:
Надад төрж буй утилитари үзлийн асуудал бол цөөнхийг орхигдуулж байгаа явдал. Олонх хүсч байгаа юм л үнэ цэнэтэй байх албагүй. Тиймээс үнэмлэхүй олонхын төлөөх үнэмлэхүй аз жаргал гэдэг үзэлтэй санал нийлэхгүй. Минийхээр бол цөөнхийн хувьд шударга бусаас гадна, хүсэл бодлоо илэрхийлэх ямар ч боломжгүй болгож байна.

Сандел:
Сонирхолтой санал байна. Чи тэгэхээр цөөнхийн эрх ашигт санаа зовж байгаа юм байна, тийм үү?

Ана:
Тийм.

Сандел:
Нэр хэн бэ?

Ана:
Ана.

Сандел:
Цөөнхийн эрх ашигт санаа зовж байгаа Анагийн саналыг эсэргүүцэх хүн байна уу?

Ёнда:
Ана цөөнхийг орхигдуулж байна гэж хэлсэн ч, үнэндээ тийм юм байхгүй гэж бодож байна. Цөөнх ч бай, олонх ч бай хүн нэг бүрийн үнэ цэнэд ялгаа байхгүй. Зүгээр, олонх нь тоогоороо л илүү байгаа төдий яриа. Цаг нь тулахаар шийдвэр гаргахгүй бол болохгүй үе ч гардаг шүү дээ. Цөөнхийн хувьд харамсалтай ч гэлээ, тэр бол илүү том аз жаргалын төлөө юм.

Сандел:
Илүү том аз жаргалын төлөө гэнэ ээ? Нэр хэн билээ?

Ёнда:
Ёнда.

Сандел:
Ана! Чи юу гэж хариулах вэ? Ёндагийн хэлж буйгаар бол, хүмүүсийн дур сонирхлыг зүгээр л хооронд нь нэмчихсэн төдий бөгөөд, тэр дотор цөөнхийн дур сонирхол ч бас тооцогдсон байгаа гэнэ. Чи утилитаризм бол цөөнхийг орхигдуулдаг гэж хэлсэн, түүнийхээ үндэслэлийг тайлбарлаач. Болбол жишээ аваад тайлбарлавал сайн байна.

Ана:
Өдийг хүртэл гарсан аль ч жишээн дээр хэлж болно гэж бодож байна. Жишээ нь тэр хөлөг онгоцны хэрэг дээр гэхэд л, идүүлсэн жаалхүү ч бас нөгөөдүүлтэйгээ адил амьд явах эрхтэй л байсан.
Яах вэ, тэр үед цөөнх байсан, бас амьд гарах магадлал бага байсан л байх. Тэглээ гээд тэр нь түүнийг алж болно гэсэн үг болохгүй. Илүү олон хүнд амьд гарах боломж үүснэ гэдэг үндэслэлээр, бусдад нь түүнийг идэх эрх үүсэхгүй.

Сандел:
Мөөн. Тэгэхээр цөөнх болсон хүн нэг бүрт ямар нэгэн эрх байдаг бөгөөд, тэр нь ашиг тусын төлөө золиослогдож болдог зүйл биш гэсэн үг үү?

Ана:
Тийм.

Сандел:
Аанха, баярлалаа. За тэгвэл одоо Ёндагаас асууя.
Эртний Ромд ромчуудыг зугаацуулахын төлөө Христ шүтлэгтэй хүмүүсийг арслантай тулалдуулдаг байж. Үүнийг утилитари үзлийн онолд орлуулж бодвол, арсланд алуулах Христ шүтлэгтнүүдийн өвдөлт шаналал болон, Ромын ард түмний нийтийн таашаал хоёрын аль нь том бол? (манайхаар бол, хурдан морьны уралдаанд хохирсон хүүхдүүдийн зовлон болон нийт ард түмний уралдаанаас авах таашаал хоёрын аль нь том бол?)

Ёнда:
Наадах чинь өнгөрсөн цаг үеийн яриа. Би бол өнөөгийн хууль тогтоогчдыг, хүмүүсийн зугаа цэнгэлийг тоонд шилжүүлээд “нэг хүний өвдөлт, нэг хүний зовлон нийт олонхын аз жаргалаас хамаагүй жижигхэн” гэсэн шийдвэр гаргахгүй гэж бодож байна.

Сандел:
Гэхдээ чиний түрүүн хэлсэн санааг ухаж үзвэл, хэрвээ улайран хөөрөх ромчууд олон байвал тэдний хамтын баяр баясгалангийн хэмжээ, арслантай торонд түлхэгдэн орох тоотой хэдхэн Христ шүтлэгтнүүдийн тэвчихийн эцэсгүй өвдөлт шананалаас давна гэсэн үг болно шүү дээ? (Бүгд хахаха)

Энэ хүртлэх ярианаас утилитаризмын эсрэг хоёр няцаалт гарч ирлээ.
Нэг нь, утилитаризм бол хувь хүний эрх эсвэл цөөнхийн эрхийг дээдэлдэггүй, гэсэн санаа.
Нөгөө нэг нь, хүмүүсийн дур сонирхол эсвэл үнэ цэнийг нэмж тооцож болохгүй, гэсэн санаа байлаа. Өөрөөр хэлбэл, бүхий л юмны үнэ цэнийг доллар руу шилжүүлж тооцох нь боломжгүй биш үү, гэсэн эргэлзээ.



Сонирхуулахад, 1930-д оны үед Торндайк хэмээх сэтгэлзүйч энэхүү хоёр дахь асуултанд хариулахыг зорьсон байдаг. Тэрээр хүмүүсийн үйл хөдлөлтэй холбоотой бүхий л зүйлсийн үнэ цэнийг нэгдсэн нэг хэмжүүрээр илэрхийлэх боломжтой хэмээн үзэж, түүнийгээ батлахыг оролджээ. Тэгээд тэрээр засгаас тэтгэмж авч амьдардаг залуучууд дээр нэгэн судалгаа явуулж үзэв. Залууст дотор тавгүйрхэм муухай үйлдлүүдийн жагсаалт харуулаад, “Танд хэдийг төлбөл энэ үйлдлүүдийг хийх вэ?” гээд асуугаад явж.
Жишээ нь, “Хэдийг төлбөл та 1 ширхэг үүдэн шүдээ сугалуулах вэ?”, “Хэдийг төлбөл өрөөсөн хөлнийхөө чигчий хурууг тасдуулах вэ?” гэх мэт. Өөр цааш нь “15 см урттай чийгийн улаан өт амьдаар нь идэх”, “Кансас мужийн тариалангийн талбайд үлдсэн насаа өнгөрөөх” (Бүгд хахаха), “Нүцгэн гараараа муур багалзуурдаж алах” гэх мэт жагсаалт байж.

Энэ дотроос хамгийн өндөр үнэ хүрсэн нь аль нь гэж бодож байна даа? (Бүгд шуугилдав)

Кансас гэнэ ээ? Яг зөв. Кансас байсан (Бүгд хахаха). Тэд 300,000 доллар өгөхөөс нааш Кансасын тариалангийн талбай дээр үлдсэн насаа өнгөрөөхгүй юм гэнэ.
За тэгвэл, дараагийнх нь аль нь вэ? (Бүгд шуугилдав)

Муур биш ээ. Шүд ч биш. Чигчий хуруу биш. Тийм ээ, чийгийн улаан өт (хахаха). 10,000 доллар төлбөл өт залгина гэсэн байна (Бүгд хахаха).

Хамгийн хямдхан нь юу байсан гэж бодож байна? (Бүгд шуугилдав)

Муур биш ээ. Тийм, шүд. Их хямралын тэр үед хүмүүс ердөө 4,500 доллараар дуртайяа шүдээ сугалуулсан гэж байгаа.



За тэгэхээр Торндайк энэхүү судалгаагаараа дараах дүгнэлтийг хийсэн байна:
“Хүсэл ч бай, сэтгэл ханамж ч бай, ямар нэгэн хэмжээтэй л бол юуг ч хэмжиж болно. Муур нохой тахианы амьдрал хоолны дур, хүсэл тачаал, тэгээд сэтгэл ханамжаас бүрддэг. Хүн ч мөн адил хүсэл шаардлага хийгээд дур сонирхол нь харьцангуй ээдрээтэй ч гэлээ үндсэндээ бол амьтдаас ялгарах юмгүй.”

Гэвч, энэ дүгнэлтийг хэрхэн авч үзэх нь зөв бэ? Энэ дүгнэлт “Бүхий л үнэ цэнийг нэг хэмжүүрээр хэмжих боломжтой” гэж тодотгох Бентамын санааг нотолж чадах уу?
Эсвэл Торндайк солиотой жишээнүүдээр судалгаа хийсний гайгаар харин ч эсрэг санаа илэрхийлчихсэн байж мэдэх юм. Нэг ёсондоо, “Хүний эрхэмлэн чухалчлах зүйлс, тэдгээр нь амь нас ч бай, Кансас ч бай, чийгийн өт ч бай, өөр юу ч байлаа гэсэн тэдгээрийг бүгдийг нь нэг үнэ цэнийн стандартад оруулах ямар ч боломжгүй” гэсэн үг.
Хэрвээ сүүлчийнх нь зөв гэвэл, утилитари үзлийн ёс суртахууны зарчим нуран унахад хүрнэ. Дараагийн удаад энэ талаар ярилцъя (Бүгд алга ташив).

Тайлбар:

Энэ хичээлээс эхлэн лекц мэргэжлийн агуулга руу шилжиж байгаа ч, профессор Сандел лекцээ тун анхаарал татам байдлаар ойлгомжтой хөтөлж байна.

Энэ хэсэгт Бентам хэмээх утилитаризмын эхлэл цэг болсон сэтгэгчийн санааг тайлбарлаж байна. Түүний “Үнэмлэхүйн олонхын үнэмлэхүй аз жаргал” хэмээх үг маш алдартай.

Профессор Сандел түүнийг тайлбарлахдаа зардал ашгийн анализ гэсэн жишээг гаргаж тавьсан бөгөөд, үүнийг төрөл бүрийн нийгмийн бодлого шийдвэр болон хуулийн зөв зохистой эсэхийг “Ямар үр дүн гарах вэ?” гэдэг талаас нь тунгаан харахад ашигладаг. Үр дүн болж гарах ашгаас түүнд зарцуулагдах зардлыг хасах байдлаар тооцоо хийж, тухайн бодлого болон хуулийг хэрхэхийг шийдье гэсэн санаа.

Энэ аргыг жишээ нь “Нэгэн улсын засгийн газрын тамхины хэрэглээний талаарх бодлогод ашиглавал юу болох вэ? Мөн машины үйлдвэр өөрийн машинаа эргүүлэн татаж засварлах асуудал дээр ашиглавал юу болох вэ?” гэх мэт жишээнүүд гаргаж ярилаа. Энэ анализад хүний амь настай холбоотой асуудлыг оролцуулан тооцвол тун ч байж боломгүй үр дүн гардаг нь харагдаж байна. “Хүн үхэх байсан ч хамаагүй, ашиг нь зардлаасаа бага л бол хэрэгжүүлэхгүй” гэх мэтийн хачирхам дүгнэлтүүд гарсан. Эдийн засгийн тооцоо хэт туйлширвал асуудал хэрхэн гажууддаг болохыг үзүүлж, түүгээрээ утилитаризмын асуудалтай талуудыг хэлэлцсэн.


Тиймээс хүний амь нас хэмээх асуудлыг бүхний төвд тавингаа эдийн засагч сэтгэлгээний асуудалтай талууд, ялангуяа түүний цөм санаа болох утилитари үзэл санааны асуудлуудыг туйлын цочирдмоор жишээ (аргумент) гарган тайлбарлалаа, гэж санагдана.

2 comments:

ASE said...

Их сонирхолтой байлаа. Миний хувьд бол хүний сүрэг буюу нийгэм маань хэдий хүн боловч ухамсрын өөр өөр хөгжлийн түвшинд явагддаг тул европын нийтлэг эрх болон нийтлэг шударга ёсыг бүрэн дагадаггүй л дээ.
Энэ ч үүднээсээ ютилитаризмыг би бүрэн авч үзэж болохгүй гэж үзэж байна. Би арай өөр өнцөгөөс харж байна. Аливаа үнэ цэнэ, тэр тусмаа хүний амийн хувьд ашгийг тооцохдоо хүний тоогоор нь тооцохгүй, тооноос үл хамааран 50 50ин хувьд тооцох хэрэгтэй. Нэг ёсондоо нэг жаалын амь түүний хэр байгаагаас үл хамааран үлдсэн 3 залуугийн, тэдний гэр бүлийн бүгдийнх нь амь нас, жаргалтай тэнцүү буюу тэд хичнээн тооны хувьд ихэссэн ч 50 хувиас хэтрэх ёсгүй гэсэн санаа юм. Мөн түүнчлэн үүнийг хүлээн зөвшөөрч, бодолцсоны дараа бусад хүчин зүйл, зөвшөөрөл, зуурдын үхэл гэх мэтийг тооцох нь дээр байх. Учир нь 2 тэрбум хятадуудын төлөө 3хан сая монголчуудыг золиослочихож болохгүй шүү дээ. Хятадууд хэт олон байлаа гээд амь насны хувьд давуу тал олж чадахгүй гэсэн үг. хЭхэ

Bold said...

Хүний амь насыг үнэлж болно Гэхдээ мөн л дээрх жишээ адил чи вагоны жолооч уу гүүрэн дээрээс харагч уу гэдгээс шиг ..,
Чиний үр хүүхэд чамд бол чиний амьсгалаас илүү байх нь ойлгомжтой Харин дайсан чинь хасах үнэлгээтэй байх жишигтэй
Төр засагт бол чи хэдэн төг хиидэг хэдэн жил хэдэн төг татвар төлөх хэдийг буцааж авах бас та гэр бүлээ тэжээх зардал мэтээр тооцоод хэдэн жил амьдарсан хэдэн жил амьдрах гэх мэт "хувьсагчуудаар" бодоход бараг гарна даа хэрвээ хэн нэгэнд тийм тоо хэрэгтэй бол .., шүүгчид бас компаниудад байгаа биз дээ !
Далимд хэлэхэд соирхож уншдаг шүү Томье Бодье !!! Их сайхан ойлгомжтой энгийн буулгасан байна Баярлалаа Амжилт 👍👍👍
Чиний үнэлгээ бас өсөж байна гэсэн үг юм уу даа Хэ хэ хэ
ВВ

Post a Comment