2017/06/27

Шударга ёсны лекц 1-2: Амьд үлдэхийн төлөөх "аллага"

Өмнөх - Золиосны амийг сонгож болох уу?


Сандел:
Өмнөх лекцээр ёс суртахууны дилеммаг тойрсон хэд хэдэн хийсвэр жишээг тойруулан ярилцсан. Төмөр замын осол, эмч, эрүүл мөртлөө эрхтнээ сугалуулах шахсан хүний тухай ярилцсан. Тэгээд лекцийн явцаас 2 зүйл ойлгогдож ирсэн.


Эхнийх нь мэтгэлцээн өрнөх процесс. Бид эхлээд нэжгээд жишээнүүдийн талаар дүгнэлт гаргахаас яриагаа эхэлж, тэдгээр дүгнэлтүүдийн ард ямар үндэслэл болон зарчим байгааг ил болгохыг зорьсон. Тэгээд өөр жишээнүүд гаргаж ярих бүртээ өмнөх зарчмаа дахин нягталж, бусад зарчмуудтай харьцуулж харцгаасан. Тэгтэл жишээ тус бүр дээр гарч ирсэн ялгаатай дүгнэлт зарчмуудыг хооронд нь зөрчилгүй нэгдсэн нэг зарчим болгож тайлбарлах гэсэн далд ухамсрын үйлчлэл байгааг олж харсан.

Мөн хэлэлцүүлгийн агуулгын хувьд ч шинэ зүйл мэдэж авсан. Бид бүхэн өөрсдийн үйлдлээ ёс суртахуунтай байсан эсэхийг дүгнэхдээ, тэр үйлдлээс төрсөн үр дагавар буюу үр дүнг харгалздаг хандлагатай болохоо анзаарсан. Үүнийг “Үр дагаварт суурилсан ёс суртахууны тайлбар” гэдэг. Гэвч, үйлдлийн ёс суртахуунлаг эсэхийг үр дүнгээр нь хэмжихгүй тохиолдол ч бас бий болохыг анзаарсан.
Бидний ихэнх маань үйлдлийн үр дүн бус, тэр үйлдэлд өөрт нь агуулагдах мөн чанар эсвэл шинж байдал нь ёс суртахууны хувьд чухал гэж үзэх тохиолдол байсан. Жишээ нь, нэг хүний амийг золиослоод 5 хүнийг аврах үед, хэдий сайн үр дүн гарсан байлаа ч тэр үйлдлийг хөтөлбөргүйгээр буруу гэж үзэх хүмүүс байсан. Тэндээс бид бүхэн үр дүнд суурилагчдын ёс суртахууны зарчим болон хөтөлбөргүй ёс суртахууны зарчмыг хооронд нь харьцуулж ярилцахаар болсон. Өнөөдрөөс эхлээд хэдэн удаагийн лекцээр үр дүнд суурилагчдын ёс суртахууны онолууд дундаа хамгийн нөлөө бүхий үзлийн нэгтэй танилцана. Тэр бол Утилитари үзлийн (Utilitarianism) философи.

Жереми Бентам бол 18-р зууны Английн улс төрийн философич бөгөөд, Утилитари үзлийн ёс суртахууны онолд анх удаагаа товхийсэн системчилсэн тайлбар оноосон. Бентамын үзэл, түүний онолын суурь болох санаа нь тун энгийн ойлгомжтой эд учир, түүнд ёс суртахууны хувьд санал нийлэн дэмжих хүмүүс олон байдаг.
Бентамын үндсэн санаа бол “Хийх ёстой зөв үйлдэл гэдэг бол, ашиг тусыг хамгийн их байхаар үйлдэх явдал” гэсэн санаа юм.

Энд хэлж буй “ашиг тус” (utility) гэж юуг заах вэ? Түүний хэлэх “ашиг тус” гэдэг бол асуудал бэрхшээлээс илүү баяр баясгалан (сэтгэл хангалуун байдал), зовлонгоос илүү аз жаргал, гэх мэтийн балансыг илэрхийлж байгаа юм.
За тэгвэл, Бентам хэрхэн яаж ашиг тусыг хамгийн их байлгах зарчмыг олж нээсэн тухай бодож үзье. Тэрээр бүхий л хүмүүсийг ажиглахаас ажлаа эхэлжээ. Хүн л бол хэн бүхэн жаргал зовлонд захирагдан амьдарч байдаг. Хүн бид баяр баясгаланг таашааж, зовлон бэрхшээлээс зугтдаг. Тиймээс бидний ёс суртахууны хэмжүүр ч бас үүн дээр суурилах ёстой.

Амьдралд юу хийх ёстойг тунгаан бодох үед хууль тогтоогчийн хувиар, эсвэл энгийн иргэний хувиар “Хууль гэж чухам ямар байх ёстой вэ? Зөв зүйтэй үйлдэл гэж юуг хэлэх вэ?” гэдэг талаар ганцаараа эсвэл нийтээрээ тунгаан бодох үед, бид нар нийтийн аз жаргалыг хамгийн их байлгах замыг ямагт сонгож үйлдэх ёстой. Тийм болохоор Бентамын утилитари үзлийг “Үнэмлэхүй олонхын үнэмлэхүй аз жаргал” гэдэг нэршлээр томьёолох нь элбэг байдаг.

Энэхүү ашиг тусын суурь зарчмыг толгойдоо тогтоож аваад, ийм нэг тохиолдлын тухай бодож үзэцгээе. Гэхдээ энэ удаагийн яриа бол хийсвэр яриа биш. Бодитоор болсон явдал бөгөөд, усан онгоцны багийн 2 гишүүн хэрэгтнээр шүүхэд татагдсан тухай яриа. 19-р зуунд Англид болсон энэ түүх хуулийн сургуулиудын мэтгэлцээнд ч түгээмэл ашиглагддаг. Тэгэхээр юу болсныг ярьж өгье. Болсон явдлыг хураангуйлан тайлбарлах тул, өөрийгөө шүүгч байсан бол хэрхэн хэргийг шийдэх байсан тухай төсөөлөнгөө сонсоорой.
Тухайн үеийн хэвлэлд хэргийн процессийг тайлбарласан нийтлэл гарсан байдаг (Сонины нийтлэл үзүүлэв) :
“Хөлөг онгоцны эмгэнэлт сүйрлийн түүх, түүнээс амьд үлдсэн хүмүүсийн түүх шиг олны дунд яригдсан нь үгүй.

Минёнэтт (Mignonette) хөлөг өмнөд номхон далайд Кэйп ов Гүүд Хөүп (Cape of Good Hope) тохойноос 2,000 км хэртэй алслагдсан газар живжээ. Хөлөгт 4 хүн байв. Ахмад Дадли, нэгдүгээр зэргийн залуурчин Стивенс, тэгээд хөлгийн гишүүн Брюкс. Бүгд гайхалтай сайн хүмүүс байсан.”
Ямар ч байсан сонин тэгж дурьджээ.
4 дэхь гишүүн бол цагийн ажилтан Ричард Паркер, 17 настай. Тэрээр өнчин, ойр дотны хүнгүй нэгэн бөгөөд, энэ нь түүний анхны алс замын аялал байв. Сонинд бичсэнээр бол найзууд нь Паркерийг “Битгий яв” гэж хориглосон боловч, Паркер “Энэ аялал намайг эр хүн болгож өгнө” хэмээн бодож, залуу хүний дэврүүн сэтгэлээр цээжээ дүүргэн аялалд гарчээ. Гэвч харамсалтай нь тийм юм болсонгүй.

Хөлөг давалгаанд цохиулан сүйрч, 4 гишүүн аврах завинд амь хоргодов. Тэдэнд байсан хүнс гэвэл лаазалсан манжин ердөө 2 ширхэг, цэвэр ус ч байсангүй. Эхний 3 өдөр тэд юу ч идэлгүй тэвчиж өнгөрөв. 4 дэхь өдөр 1 лаазалсан манжингаа задалж идэв. Тэгтэл дараагийн өдөр яст мэлхий барьж гэнэ. Түүнээс хойш хэдэн өдрийн турш яст мэлхий болон ганц лааз манжингаар өл залгуулав. Гэсэн ч түүнээс хойшхи 8 өдрийн турш тэдэнд юу ч байсангүй. Ус ч хүнс ч байхгүй. Тийм нөхцөл байдалд орсон байна гээд өөрийгөө нэг төсөөлөөд үз дээ. Та нар байсан бол яах байсан бэ?


Тэд харин ингэсэн байна.
Цагийн ажилтан Паркер аль хэдийнэ тэрийгээд хэвтээд өгч. Тэрээр бусдын анхааруулгыг үл тоон далайн ус ууснаас болоод дотор нь эвгүйрхэж, юу юугүй үхэх дөхсөн харагдана. 19 дэхь өдөр, ахмад Дадли “Сугалаа сугалж хэн нь үлдсэнийхээ төлөө амиа өргөхийг шийдэцгээе” гэсэн санал гаргасан боловч, Брюкс татгалзав. Түүнд “сугалаа сугалж шийднэ” гэдэг санаа нь таалагдсангүй. Өөрөө таарчихвал яана аа гэж бодсоных уу, эсвэл хөтөлбөргүй ёс суртахууны зарчимд итгэдэг байсных уу мэдэхгүй. Ямартай ч сугалаа болсонгүй. Түүний маргааш өдөр мөн л аврах онгоцны сураг гарсангүй. Дадли Брюксийн нүднээс далдуур Стивенст “Паркерийг алъя” гэж дохио өгөв. Дадли залбирал үйлдэж, Паркер дээр явж очоод “Чиний хоногийн тоо гүйцсэн” гэж хэлээд тонгорогоор гүрээний судсыг нь хэрчиж алав. Брюкс саад болоод байсан хүн чанараасаа мултран гарч, шар үс босом хишгийг бусадтайгаа хуваалцав.
4 өдрийн турш тэр 3 Паркерын цогцос болон цусаар амь залгуулав. Үнэхээр болсон явдал.

  
Тэгээд тэд аврагдсан байна. Дадли тэмдэглэлдээ аврагдах үеийн тухайгаа итгэмээргүй зөөлөн үгээр ингэж бичсэн байна: “24 дэхь өдөр. Биднийг өглөөнийхөө цайг ууж байтал... (Бүгд хахаха), тийнхүү хөлөг онгоц харагдлаа.”

Амьд гарсан 3 Германы онгоцонд суун Англи тийш буцаагдаж, тэндээ баривчлагдан шүүхээр оров. Брюкс прокурорын талд гэрчээр оролцож, Дадли болон Стивенс хариуцагчаар татагдав. Тэд болсон явдлын талаар заргалдалгүй “Аргагүйн эрхэнд тийм зүйл хийсэн” хэмээн өчив. Тэгээд “3 хүн амьд гарахын төлөөх 1 хүний золиос бол аргагүй явдал мөн” гэж онолдов. Харин прокурорууд тэдний онолд хууртагдсангүй. Прокурор “Аллага л бол аллага” гэж хэлээд, тэднийг шүүхэд шилжүүлсэн байна.

За тэгэхээр, та нар өөрсдийгөө шүүгч гэж төсөөлнө үү. Гэхдээ мэтгэлцээнийг хялбарчлах үүднээс, хуулийн талын асуудлыг хойш нь орхиод, та нар зөвхөн ёс суртахууны хувьд алдаа гаргасан уу үгүй юу гэдгийг л дүгнэх үүрэг хүлээсэн гэж үзье.
“Тэд гэмгүй. Өөрөөр хэлбэл ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрөгдөнө” гэж үзэж байгаа хүмүүс гаргаа өргөөрэй (цөөн тооны хүн гараа өргөв).
“Үгүй гэм буруутай, тэдний хийсэн үйлдэл ёс суртахууны хувьд алдаатай” гэж үзэж байгаа хүмүүс гараа өргө (олон хүн гараа өргөв).
Ихэнх нь буруу гэж үзэж байгаа юм байна. За тэгвэл, үндэслэлийг нь (reason) сонирхъё. Цөөнхөөс эхэлье. Юун түрүүнд Дадли болон Стивенсийг өмгөөлөх талын бодлыг сонсмоор байна. Яагаад тэдний үйлдлийг ёс суртахууны хувьд зөвшөөрөгдөнө гэж бодно вэ?

Эрэгтэй оюутан 5:
Ёс суртахууны хувьд буруушаагдах ёстой гэж бодож байна. Гэхдээ, ёс суртахууны хувьд буруушаагдах болон, хуулийн хувьд хариуцлага хүлээх ёстой хоёр хоорондоо ялгаатай. Эсрэгээрээ ёс суртахуунлаг үйлдлүүд бүгд хуулиар зөвшөөрөгдөөд байдаггүй шүү дээ. Минийхээр бол “Гарцаагүй шаардлагын улмаас” гэдэг шалтгаан хулгай ч юм уу аллага гэх мэт ямар ч хууль бус үйлдлийг зөвтгөх үндэслэл болно гэж бодохгүй ч, гарцаагүй шаардлагын түвшнээс нь хамаараад ялыг нь хөнгөлөх тохиолдол ч байж болно гэж бодож байна.

Сандел:
Тийм байж. Өмгөөлөгч талаас өөр санал байна уу? Тэдний хийсэн үйлдлийг хэрхэн яаж ёс суртахууны хувьд зөвтгөж болох вэ?

Маркус:
Тийм нөхцөл байдлаас амьд гарахын тулд хийхгүй болохгүй зүйлийг хийхгүй л бол болохгүй.

Сандел:
Хийхгүй бол болохгүй зүйлийг?

Маркус:
Хийхгүй л бол болохгүй. Юу ч идэлгүй 19 хонож, хэн нэг нь золиосонд явахгүй л бол бусад нь амьд гарч чадахгүй байсан учраас. Хэрвээ амьд гарсан хүмүүс нутагтаа буцаж ирээд сая долларын хандивын ажил ч юм уу хийгээд нийгэмд нэмэр болсон гэвэл, бүгдийн тусын тулд болох учиртай.

Бусад оюутнуудаас хашгирав:
Буцаж ирээд алуурчин болсон байвал яах юм?

Маркус:
Гэхдээ мэдээж би тэднийг буцаж ирээд юу хийснийг мэдэхгүй л дээ. Аягүй бол бүр олон хүн алсан ч байж болно...

Сандел:
Буцаж ирээд алуурчин болсон байвал яах уу?

Маркус:
Алуурчин болсон байвал уу? Ммм....

Сандел:
Хэнийг алсан бол гэдэг нь сонин байх тэ? (Хошигнов)

Маркус:
Нээрээ сонин л юм. Хэхэ.

Сандел:
Нэр хэн бэ?

Маркус:
Маркус.

Сандел:
Баярлалаа Маркус. Бид нар өмгөөлөгч талын саналаас 2-ыг сонслоо.
Одоо тэгвэл прокурор талын саналыг сонсъё. Ихэнх хүмүүс тэдний хийсэн үйлдлийг буруу гэж үзсэн. Яагаад?

Брит:
Би анх бодохдоо, удаан хугацаанд юм идэлгүй явсан болохоор тэднийг ухаан санааны хувьд хэвийн бус болсон ч юм билүү, тэр талаас нь өмгөөлж болох юм гэж бодсон. Өөрөөр хэлбэл, зохистой сэтгэлзүйн төлөвт байгаагүй. Зохистой сэтгэлзүйн төлөвт байсан бол гаргах учиртай тийм шийдвэрийг гаргаагүй. Тэгэхээр тэдний хийсэн үйлдлийн шалтгаан нь ухаан санааны хэвийн бус байдлаас үүдсэн гэж хэлэх боломжтой.
Гэхдээ, ингэж өмгөөлөх хүмүүс яг сэтгэл дотроо бол тэдний хийсэн үйлдлийг ёс суртахуунгүй гэж л бодож таараа.

Сандел:
Чи өөрөө юу гэж бодож байна вэ? Чи тэднийг өмгөөлж байгаа ч, дотроо бол буруутай гэж үзэж байна уу?

Брит:
Тийм ээ. Би тэднийг ёс суртахууны хувьд зөв гэж бодохгүй байна.

Сандел:
Яагаад зөв биш гэж? Дөнгөж сая Маркус тэднийг өмгөөлөхдөө юу гэж хэлснийг сонссон биз дээ?

Брит:
Тийм ээ.

Сандэл:
Хийхгүй бол болохгүй зүйлийг хийхгүй л бол болдоггүй байхгүй юу. Чи Маркуст ямар няцаалт өгөх вэ?

Брит:
Хүн бусдын хувь заяаг шийдэж, бусдын амь насыг булаан авах нь, ямар ч нөхцөл байдлын хувьд зөвшөөрөгдөхгүй. Хүнд тийм эрх байхгүй.

Сандэл:
Сайн байна. Нэр хэн бэ?

Брит:
Брит.

Сандэл:
Баярлалаа, Брит. Өөр саналтай хүн байна уу?

Катерин:
Дадли, Стивенс 2 Паркераас үхэх тал дээр зөвшөөрөл авсан байвал, гэж бодлоо (Бүгд хахаха). Хэрэв тэгсэн бол тэднийг хүн амины хэргээс мултлах боломжтой болов уу?

Сандел:
Наадах чинь сонирхолтой санаа байна. Зөвшөөрөл гэнэ ээ? ...
Нэр хэн бэ?

Катерин:
Катерин.

Сандел:
Катерины хэлж байгаа шиг, хэрвээ тэд Паркераас зөвшөөрөл авсан бол яах байсан бол? Дадли тонгорог бариад залбирахынхаа оронд (Катерин инээв) ..., эсвэл залбирахынхаа өмнө, Паркерт хандаж хэлнэ: “Паркер! Чамайг алчъя тэгэх үү?” (Катерин болон бүгд хахаха). “Бид нар өлсөж үхлээ шдээ. Сая Маркус ч хэллээ, бүр арай дэндүү өлсөж байна. Тэртэй тэргүй чи одоо удахгүй шдээ?” (Бүгд хахаха).

Катерин:
“Чамд Есүс (тарчлагч) болох боломж байна!”

Сандел:
“Паркер! Есүс болчих л доо, тэгэх үү?” (Бүгд хахаха).
Та нар юу гэж бодож байна? Ингэвэл ёс суртахууны хувьд зөв болох уу? Паркер ухаан санаа нь хагас муужирсэн байдалтай “Тэг ээ тэг” гэвэл яах вэ? (Бүгд хахаха).

Катерин:
Тэглээ гээд ёс суртахууны хувьд зөвтгөгдөнө гэж бодохгүй байна.

Сандел:
Тэгсэн ч зөвтгөгдөхгүй гэнэ ээ?

Катерин:
Зөвтгөж чадахгүй.

Сандел:
Зөвшөөрөл авчаад байхад ч ёс суртахууны хувьд зөвтгөж чадахгүй гэж байна.
Катерины хэлсэн “Зөвшөөрөл авах” гэдэг санааны хувьд, зөвшөөрөл авсан байвал ёс суртахууны хувьд зөвтгөгдөнө гэж бодож байгаа хүн байна уу? Зөвтгөгдөнө гэж бодож байгаа хүн гараа өргөөрэй (Тодорхой тооны хүн гараа өргөв).
Энэ чинь харин сонирхолтой шүү. Яагаад зөвшөөрөл ёс суртахууны ялгааг үүсгэнэ вэ? Яагаад зөвтгөгдөнө гэж?

Эмэгтэй оюутан 3:
Паркер өөрөө сайн дураараа тэгж хэлбэл, зөвхөн тэр тохиолдолд л түүний амийг авахыг зөв гэж зөвшөөрөх боломжтой гэж бодож байна. Тэр тохиолдолд түүнд дарамт үзүүлсэн гэж үзэх боломжгүй болохоор тэр. Энэ бол гурвын эсрэг нэг гэсэн нөхцөл байдал, олонхын эсрэг ганцаараа. Өөрөө өөрийнхөө амийг өргөе гэж шийдэн, хэн нэгнийг алаад өг гэж гуйж байгаад үхэж байгаа бол, талархах хүн ч гарч болно, зарим нь эсэргүүцэж ч магадгүй л байх.

Сандел:
Тэгэхээр өөрөө сайн дураараа “үхнэ” гэж хэлсэн тохиолдолд л ёс суртахууны хувьд буруутахгүй. Тэр үед л ОК гэж хэлж болох нь. Тэрнээс бусдаар бол тийм нөхцөл байдалд олонхын дарамтанд орж зөвшөөрсөн байж болох талтай юм байна, тийм үү?
За тэгвэл Паркерийн сайн дурын зөвшөөрөл байсан ч, найзууд нь түүнийг алах нь зөв үйлдэл биш гэж бодож байгаа хүн байна уу? Яагаад гэдгийг нь сонсъё.

Бритони:
Паркерийг алж байгаа нь, бусад хөлгийн гишүүдэд аврагдах итгэл найдвар байгаа болохоор тэр шүү дээ. Гэхдээ, хэзээ тэднийг хүн ирж аврахыг мэдэхгүй байхад, Паркер үхэх ёстой гэсэн илэрхий үндэслэл алга байна. Тиймээс энэ бол утга учиргүй аллага. Аврагдах хүртлээ найзуудаа нэг нэгээр нь алаад л байх хэрэг үү?

Сандел:
Энэ нөхцөл байдал дахь ёс суртахууны мэтгэлцээний тавилаар бол тэгэх л байх. Аврагдах хүртлээ хамгийн сул доройгоосоо нэг нэгээр нь алаад л явах байх. Энэ болсон явдал дээр бол, азаар 3 хүн амьд байх үед нь аврагчид аварсан гэсэн үг.
За тэгэхээр, Паркер зөвшөөрсөн гэвэл, асуудал түүгээр үгүй болох уу?

Бритони:
Үгүй, зөв биш.

Сандел:
Яагаад зөв биш вэ?

Бритони:
Канибализм (хүн идэх) бол ёс суртахууны хувьд зөв биш гэж бодож байна. Ямар ч үед хүн идэж болохгүй (хахаха).

Сандел:
Канибализм бол ёс суртахууны хувьд байж боломгүй үйлдэл, гэнэ. За тэгвэл алах биш, үхэхийг нь хүлээсэн байлаа ч идэж болохгүй юм байна, тийм үү?

Бритони:
Тийм ээ, хувь хүнийхээ хувьд би бол тэгж бодож байна. Бүгд тухайн хүний ёс суртахууны өнцгөөр л шийдэгдэх байх. Гэхдээ энэ бол зөвхөн миний л үзэл бодол. Мэдээж эсэргүүцэх хүн байгаа л байх.

Сандел:
За тэгвэл бүгдээс нь асууж үзье. Чиний саналын эсрэг саналуудыг сонсож, тэндээс чамайг сэнхрүүлэх няцаалт гарч ирэх эсэхийг харцгаая.
За тэгэхээр, зөвшөөрөл байвал ОК гэж бодож байгаа хүмүүс дотор, яагаад зөвшөөрөл тийм ёс суртахууны ялгааг үүсгэж байгааг тайлбарлах хэн нэгэн байна уу?

Сугалаа сугалах гэдэг санааг юу гэж бодож байна? Үүнийг зөвшөөрөх гэж ойлгож болох болов уу? Санаж байгаа бол, анх Дадли сугалаа сугалах санал гаргаж байсан. Нөхдүүд бүгд сугалааг зөвшөөрчээ гэж бодъё. Тийм байвал асуудал үүсэхгүй гэж бодох хүн байна уу? Сугалаа сугалаад, Паркер ялагдаад, тэгээд Паркер алагджээ гэе. Тийм байвал ёс суртахууны хувьд зөвшөөрөгдөнө гэж бодож байгаа хүн? (тодорхой тооны хүн гараа өргөв).
Сугалаа оролцуулсан чинь дэмжих хүний тоо нэмэгдчихлээ. Сугалаа ёс суртахууны ялгааг үүсгэнэ гэж бодож байгаа хүний саналыг сонсъё. Ямар үндэслэлээр вэ?

Мат:
Минийхээр тэр явдлыг гэмт хэрэг болгож байгаа зайлшгүй нөхцөл нь, тэд нар нэг цагаас эхлэн “Миний амь нас бусдынхаас илүү чухал” гэж бодсон явдал. Ямар ч гэмт хэргийн цаана, гэмт этгээдийн бодлын мухарт “Миний хэрэгцээ шаардлага бусдынхаас дээгүүр чухал” гэсэн бодол байдаг. Гэхдээ сугалааг зөвшөөрөөд оролцож байна гэдэг бол, тэд бүгдээрээ найзуудаа аврахын тулд өөрийгөө золиослоно гэсэн үг болохоор...

Сандел:
Ямар ч асуудалгүй болох уу?

Мат:
Марзан сонсогдож магадгүй ч...

Сандел:
Ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрөгдөнө?

Мат:
Тийм ээ.

Сандел:
Нэр хэн билээ?

Мат:
Мат.

Сандел:
Мат! Тэгэхээр чиний сэтгэлийг зовоогоод байгаа нь хүний мах идсэндээ ч биш, харин тэнд болсон процедур нь шударга бус байсан явдал байх нь ээ? (хахаха)

Мат:
Тийм л болж таарлаа, хэхэ.

Сандел:
Сайн байна. Тэгвэл, Матыг дэмжиж байгаа хүмүүс дотроос, яагаад сугалаа тэр явдлыг ёс суртахуунлаг болгож байгаа болохыг илүү гүнзгий тайлбарлах хүн байна уу?

Эмэгтэй оюутан 4:
Миний ойлгосноор бол, асуудлын гол нь Паркер өөрт нь юу тохиолдох гэж байгааг мэдээгүй. Анхнаасаа сугалаа сугалах санаан дээр ч, түүнийг оролцох эсэх саналыг асуугаагүй явдал. Зүгээр л шууд түүнийг үхнэ гээд шийдчихсэн.

Сандел:
Тийм ээ, үнэндээ бол тэгсэн. Гэхдээ, хэрвээ сугалаа сугалаад, тэрийг бүгд хүлээн зөвшөөрөөд оролцсон бол, ОК болох байсан болов уу?

Эмэгтэй оюутан 4:
Тийм ээ, Тийм бол бүгд хэн нэг нь үхнэ гэдгийг мэдэж байгаа учраас. Гэтэл Паркерт тийм яриа болсныг хүртэл хэлээгүй, “Чи үхэж ч магадгүй шүү” гэж сануулсан ч юм байгаагүй.

Сандел:
За тэгвэл, бүгд сугалаа сугалахыг зөвшөөрсөн гэж бодъё. Тэгээд сугалаа сугалтал Паркер ялагдаад..., тэгсэн чинь Паркер үхэхээс татгалзвал яах вэ?

Эмэгтэй оюутан 4:
Үгүй ээ, зөвшөөрнө гэдэг чинь аман гэрээ маягийн зүйл учраас тэрийг хүчингүй болгох боломжгүй (хэхэхэ). Тэгээд ч бусдынхаа төлөө үхэх гэж байгаагаа мэдэж байгаа. Өөрөө ч гэсэн өөр хүн ялагдсан бол идэх л байсан биз дээ?

Сандел:
Яах вэ тэгэх байх л даа. Гэхдээ л тэр ялагдсан хүн нь өөрөө гэхээр муухай биз дээ? (хэхэхэ)

Эмэгтэй оюутан 4:
Паркерт ямар ч яриа сануулга хийгээгүй гэдэгт л ёс суртахууны бүх асуудал байна. Түүнд юу ч анхааруулж хэлээгүй нь хамгийн аймшигтай. Анхааруулж хэлсэн бол тэдний үйлдлийг бага зэрэг ойлгож болох л байсан.

Сандел:
Сайн байна. Тэдний үйлдлийг ёс суртахууны хувьд зөвшөөрч болно гэж үзэж байгаа хүн байгаа ч, ердөө 20% хавьцаа л байна. Маркус тэргүүтэй хэдэн хүн (хэхэ).

Дээр нь жинхэнэ асуудал бол зөвшөөрөл байгаагүй явдал гэж үзэх хүмүүс ч бас байна. Сугалааг зөвшөөрсөн зөвшил, эсвэл өөр шударга аргаар шийдэх процедурыг зөвшөөрсөн зөвшил байгаагүй гэж үзэх хүмүүс байхад, Катерин шиг үхэхийнх нь өмнөх зөвшөөрөл байгаагүй нь асуудал гэж хэлэх хүн ч байна. Аль нь ч бай, зөвшөөрөл л байвал Паркерийн амийг золигт гаргахыг ёс суртахууны хувьд зөвтгөж болно гэж үзэх хүмүүс хамтдаа тоологдоно.
Эцэст нь, сугалааг зөвшөөрсөн ч бай, Паркер амиа өгөхийг эцсийн мөчид зөвшөөрсөн ч бай, тэгээд ч Паркерийн амийг золих нь буруу гэж үзэж байгаа хүмүүсийн саналыг сонсмоор байна. Яагаад буруу гэж үзнэ вэ?

Эмэгтэй оюутан 5:
Би бол тууштайгаар “хөтөлбөргүй ёс суртахууны зарчим”-ын талд зогсоно. Сугалааг зөвшөөрвөл асуудалгүй байх магадлал ч байж болох юм. Ялагдсан хүн нь хэнээр ч туслуулалгүй өөрөө амиа хорловол хүн амины хэрэгт тооцогдохгүй. Гэхдээ хэдий тийм аргаар шийдлээ ч, тэр бол дарамт шахалт гэж бодож байна. Дээр нь, тэнд цэвэр сэтгэлийн хөндүүр байсан гэж санагдахгүй байна. Дадли тэмдэглэлдээ “...өглөөний цайгаа ууж байсан” энэ тэр гэж бичсэнээс харахад, хүний амийг хүндэтгэсэн байдал ер харагдахгүй байна. Тиймээс хөтөлбөргүй ёс суртахууны байр сууринд зогсох ёстой гэж бодож байна.

Сандел:
Ял тулгамаар байна уу? Цэвэр сэтгэлийн хөндүүр мэдрээгүй, буруу зүйл хийсэн гэмээ ухаараагүй гэж?

Эмэгтэй оюутан 5:
Тийм ээ.

Сандел:
Сайн байна. Зөвшөөрөл байсан ч байгаагүй ч, хөтөлбөргүйгээр буруу гэж үзэж байгаа хүн?
Босоод хариулаарай, яагаад?

Майк:
Аллага бол аллага. Бидний нийгэмд ямар ч тохиолдолд аллага бол аллага бөгөөд, ямар аллага гэдгээс хамаарч ялгаа үүснэ гэж бодохгүй байна.

Сандел:
Нэг юм асууя. Нэг хүний амины эсрэг 3 хүний амь байсан. Нэг хүн болох цагийн ажилтан Паркерт ойр төрлийн гэр бүл хамаатан садан гэж байгаагүй бол, бусад 3-т нь гэртээ харивал ойр дотны хүн ч, асарч халамжлах эхнэр хүүхэд ч байсан.

Бентам руу буцаж очъё. Бентам биднийг, бүгдийн сайн сайхан, үр ашиг, аз жаргалыг бодолцох ёстой бөгөөд, тэдгээрийг бүгдийг нь нийлүүлж тооцохгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэр бол зүгээр л 3-ын эсрэг 1 биш, ар гэрийнхэн нь ч бас нэмэгдэж тооцогдоно. Бодитоор тухайн үеийн Лондоны сонин болон олон нийтийн дунд Дадли болон Стивенсийг өрөвдөн ойлгох уур амьсгалтай байсан. Сонин бичихдээ, ар гэртээ санаа зовних сэтгэл байгаагүйсэн бол тэд ийм зүйл хийхгүй л байсан, гэж бичсэн байдаг.

Майк:
Гэхдээ эрхэлсэн ажилгүй хүмүүс ч бас “ар гэрээ тэжээх юмсан” гэж боддог л биз дээ? Ялгаагүй л гэж бодож байна. Ямар ч тохиолдолд өөрийн нөхцөл байдлыг илүү сайжруулахын төлөө хүн алсан бол, тэр бол аллага мөн. Ямар ч шалтгаантай аллага бай, аллага л бол аллага бөгөөд, тэнд онцгой тохиолдол байлгаж хэрхэвч болохгүй. Ижил үйлдлүүд бүгд ижилхэн бөгөөд, аллага ч, аллага үйлдэх болсон сэтгэлзүйн төлөв ч, гэр бүлээ тэжээх шаардлага ч цөм адилхан.

Сандел:
Энэ явдал дээр 3 хүн биш, 30 хүн, эсвэл бүр 300 хүн байсан гэж бодъё л доо. Эсвэл дайн болоод 3,000 хүний амь нас шийдэгдэх гэж байсан гэвэл ямар вэ?

Майк:
Бүр олон хүний амь настай холбоотой байсан ч гэсэн мөн л адилхан.

Сандел:
Бентам “Хийх ёстой зөв үйлдэл бол, нийтийн аз жаргалыг ихэсгэх явдал” гэж хэлснийг буруу гэх гээд байна уу?

Майк:
Тэгж бодоогүй ч, аллага бол аллага.

Сандел:
Тийм гэвэл Бентамын буруу л болж таарах нь дээ?

Майк:
Тийм ээ, миний зөв (Бүгд хахаха).

Сандел:
Баярлалаа, болно.

Мэтгэлцээнээс түр хөндийрөөд, тэдний хийсэн үйлдэлд хандаж хэдэн няцаалт гарсныг харцгаая.
Тэдний хийсэн үйлдлийг өмгөөлөх санал ч бас гарсан. Тэр аймшигт нөхцөл байдлаас амьд гарахын тулд шаардлагатай байсан учраас, дээр нь далд байдлаар тооны харьцаа (3-ын эсрэг 1) ч бас нөлөөтэй гэсэн санаа байсан шүү дээ. Тухайн хэргийн холбогдогч хүмүүсийн тоо төдийгүй, бүр өргөн хүрээний ашиг тус ч бас чухал. Тэр 3-т гэртээ хариад халамжлан тэжээх эхнэр хүүхэд байсан бол, Паркер өнчин хүүхэд байсан. Түүнийг үхээд өгсөн ч гашуудах хүн байгаагүй. Тиймээс тэдгээрийг нэмээд, аз жаргал болон зовлон гашуугийн балансыг тооцож үзвэл, тэдний хийсэн үйлдэл зөв байсан гэж хэлэх боломж ч байж болно.

Гэвч үүний эсрэг 3 ялгаатай төрлийн няцаалт гарч ирсэн. Тэдний хийсэн үйлдлийг хөтөлбөргүйгээр “абсолютаар” буруу гэх няцаалт, сүүлд Майкийн хэлснээр аллага бол аллага бөгөөд, хэдий бүх нийтийн аз жаргал нэмэгдэх байлаа ч, тэр бол хэзээд буруу гэж үзэх хөтөлбөргүй няцаалт. Яагаад ч зөвшөөрөхгүй гэсэн үг.
Гэхдээ энд аллагыг хөтөлбөргүйгээр “үг дуугүй” буруу гэж үзэх үндэслэлийг судлах шаардлагатай. Эндээс эхний асуулт. Аллагыг хөтөлбөргүйгээр буруутгаж буй нь, түүний цаана цагийн ажилтан бяцхан жаалхүүд хүртэл байдаг нэгэн төрлийн үндсэн эрх байгаатай холбоотой юу? Тийм гэвэл, тэр эрх хаанаас гарч ирсэн эрх вэ? Бүх нийтийн сайн сайхан, ашиг тус, аз жаргал гэх үзэл санаанаас гарч ирээгүй юм гэвэл, хаанаас гарч ирсэн байж таарах вэ? Энэ нэгдүгээр асуулт (өөрөөр хэлбэл амьд явах гэх мэт Үндсэн эрх хаанаас гарч ирнэ вэ?).

Сугалаа сугалбал байдал өөр байх байсан гэх хүмүүс ч бас байсан. Шударга аргаар шийдэх хэрэгтэй, гэж Мат хэлсэн. Түүний санаанд талтай хүмүүс ч бас байсан шүү дээ. Тэр бол нарийн яривал хөтөлбөргүй няцаалт биш юм. Хүн нэг бүр эрх тэгш байх ёстой гэсэн санаа. Үр дүнд нь нэг хүн бүх нийтийн сайн сайхны төлөө золигт явдаг ч бай хамаагүй.
Ийм үзэл нь өөр нэгэн асуудлыг босгож ирнэ. Яагаад, ямар нэгэн шударга арга хэрэглэхийг бүгд зөвшөөрөх нь, тэр аргыг хэрэгжүүлснээр бий болох үр дагаварыг, тэр нь ямар үр дагавар байхаас үл хамааран түүнийг зөвтгөж чадна вэ? Энэ бол хоёр дахь асуулт (өөрөөр хэлбэл, арга нь шударга бол ямар ч үр дагаварыг зөвтгөж чадах уу?).

Тэгээд гурав дахь асуулт гэвэл, зөвшөөрөл гэж юу болох тухай. Асуудлыг дэвшүүлсэн нь Катерин байсан. Золиосонд явсан Паркер өөрөө сайн дураараа зөвшөөрсөн бол, дээр нь Катериний нэмж хэлснээр дарамт шахалт байгаагүй бол, бусад нь амь гарахын төлөө түүний амийг авах нь буруу зүйлгүй биш үү, гэсэн санаа. Энэ санааг дэмжсэн хүмүүс олон байсан. Гэвч, эндээс гурав дахь философийн асуудал босч ирнэ.
Зөвшөөрөл хэрхэн яаж ёс суртахуунд нөлөөлдөг вэ? Яагаад, зөвшөөрөл гэдэг үйлдэл ёс суртахууны ялгааг үүсгэнэ вэ? Хүний амийг егүүтгэх гэдэг үйлдэл зөвшөөрөлгүйгээр бол ёс суртахуунгүй гэгдэх атал, зөвшөөрөл байвал ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь ямар учраас вэ?


Эдгээр 3 асуултад хариулахын тулд, хэд хэдэн хүний бүтээлийг уншихгүй бол болохгүй. Дараагийн лекцээс Утилитари үзлийн философич Бентам болон Жон Стюарт Миллийг уншицгаая. (Бүгд алга ташив)

Тайлбар:
Энэ удаагийн хөлөг онгоцны жишээ ч бас анхаарал татам байлаа. Профессор Сандел эндээс “Үр дагаварт суурилах үзэл VS хөтөлбөргүй ёс суртахууны үзэл”, эрхийн үндэс язгуур, шударга аргын үр нөлөө, зөвшил (concent) гэх мэт чухал сэдвүүдийн талаар асуудал дэвшүүлж байна. Эдгээр нь цаашдын бүх лекцийн туршид хэлэлцэгдэн яригдах болно. Та ч бас эдгээр сэдвүүд дээр өөрийн байр сууриа илэрхийлээрэй.

Профессор Сандел ер нь яах гэж ингэтэл идэвх зүтгэл гарган ийм лекцийг тавьж байгаа юм бэ гэвэл, тэрээр “Нийтийн философи” (Public Phylosophy гэдэг номыг 2005 онд гаргасан) гэсэн санааг тодотгохыг зорьж байгаа юм. Нийтийн гэдэг үгэнд нээлттэй гэсэн утга ч бас бий бөгөөд, профессор Сандел тэр утгаар нь хаалттай бяцхан хичээлийн танхимд хэлэлцүүлэг хийгээд зогсохгүй, бүр олон хүнд нээлттэй явуулъя гэсэн, тийм зорилго тэмүүлэл түүнд бий. Тийм ч учраас ийм лекц тавьж, түүнийгээ олон нийтэд нээлттэйгээр цацаж байгаа болов уу.

Профессор Сандел эхлээд “Хүний амийг хэрхэн яаж хэмжих вэ?” гэсэн амь настай холбоотой асуудлаас хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Тэгтэл, өнөө цагт ихэнх яриа хэлэлцүүлэг үр дагавараас эхэлж яригддаг. Хүний үйл ажиллагааны үр дүн буюу үр дагавар юу вэ? Жишээ нь, эдийн засагт бол “Энэ эдийн засгийн бодлогын үр дагавар юу байх вэ?” ч юм уу, “Яавал эдийн засгийг өсгөх вэ?” гэх зэргээр үр дагаварыг чухалчилж ярьдаг.

Гэвч профессор Сандел тийм байдлаар улс төрийн хэлэлцүүлэг хийвэл хангалтгүй гэж үздэг учраас, “Шударга ёсны тухай тунгаахын тулд зөвхөн үр дагавар ярих нь хангалтгүй биш үү?” гэсэн санааг оюутнуудаар өөрсдөөр нь эргэцүүлэн бодуулахын тулд, иймэрхүү жишээнүүдийг гарган ярьж буй болов уу.

Дараагийн лекц - Нэгэн компаний алдаа


16 comments:

ochiroo said...

Зөвшөөрөлгүй хүний юмыг авбал тэр нь хулгай эсвэл дээрэм болдогтой л ижил юм уудаа. Тэхдээ яагаад тэгдийн болдоо. Тэр 4 хүний хувьд хамгийн зөв сонголт нь бүгд гүрийгээд түрүүлж үхсэн нэгнээ идэх нь л дээр байсын. Угын Паркер далайн ус уугаад бие нь муудцан байхад жаахан гүрийчихгүй. (хахаха).

Өмнөхөөс ялгаагүй сонирхолтой лекц байлаа

ТОМё БОДё said...

Хүний эд зүйл, хүний амь 2 адилхан гэж үү? Зөвшөөрөл л байвал алийг нь ч авч болно гэж үнэнээсээ боддоггүй л биз дээ? "Миний 570-ыг аваач" гэвэл та шууд л авна, харин "намайг алаад өгөөч" гэвэл 99%-н магадлалтайгаар алахгүй. Шалтгаан нь шоронд орчуул яах юм гэж бодсондоо ч биш, хүн алж үзээгүйдээ ч биш, Ерөөсөө л таныГ цаанаас чинь нэг юм хатгана биз дээ? Тэр хатгаад байгаа юмыг чухам яг юу вэ гэдгийг л ил болгох гээд байна л даа.

Тэд ахиад гүрийх ёстой байсан гэж байгаа нь, ямар ч байсан тэд буруудсан гэсэн таны байр суурь байх шиг бн.

ochiroo said...

Тэр хатгаад байгаа юм нь хүн ямар нэг хэмжээгээр бусдын зовлон шанлалыг мэдэрдэгтэй холбоотой байх. Хэн нэгэн зовж шаналж байхад өмнөөс нь тодорхой хэмжээгээр сэтгэл тавгүйргэж зовлонг нь мэдэрдэг шиг. Зовлон ч гэлтгүй бусдын өмнөөс мэдэрдэгшдээ. Тэр мэдрэмж нь бага хүмүүс зөвшөөрөлгүй байсан ч алах байх.

Тийм ер нь тэд нарыг буруутгаж байгаа. Эцсээ хүртлээ хүлээгээгүй л байншд. Яг Паркерийг алсны 5 10минутын дараа аврагчид ирэх ч юм билүү. Зүгээр л өөрсдийнхөө зовох хугацааг богиносгохын төлөө тэвчилгүйгээр алчихсан мэт л санагдаж байна.

магнай said...

Асуудлын гол хүний амийг үнэлж болох уу? Гэдэгт л байна. Миний бодлоор хүний амийг үнэлж болохгүй. Мэдээж энэ үнэлэмж нөхцөл байдлаас шалтгаалан, эсвэл тухайн хүнээс хамаараад өөр байж болох ч, эцсийн дүндээ хөдөлбөргүй ёс суртахуун л гэж бодож байна.

ТОМё БОДё said...

Таныхаар хүний амийг үнэлэхгүйгээр хүрд эргүүлэх эсэхээ шийдэх арга бий юу? Энд бол ихэнх хүмүүс 5 хүний амийг 1 хүний аминаас дээгүүр гэж ҮНЭЛСЭН учраас хүрдээ эргүүлэхийг зөв гэж үзсэн.

Masgu said...

Сэхэх найдлагагүй, зөвхөн эмнэлэгийн аппаратаар тэжээгдэн амь голтой байгаа хайртай дотны нэгнээ гэр бүлийнхэн нь аппаратнаас салгах зөвшөөрөл өгдөг. Энэ нь түүнийг зовлонгоос нь салгаж байгаа хэрэг хэмээн нийтээр зөвшөөрдөг. Үүнийг ёс суртахуунтай гэж үзэх үү? Аллага гэж үзэх үү?

Эсвэл дайн байлдаанд аврагдах боломжгүйгээр хүнд шархдсан нэгнээ өөрийнх нь хүссэнээр зовлонгоос нь салгах гэж хөнөөдөг. Энэ бас аллага уу?

Khaschuluu Munkhbayar said...

570 нь тэр хүний өмч болж байгаа учираас авчихна, амь бол тэр хүнд видео тоглоомны дахин амьдрах амь болж очихгүй шүү дээ :D

Khaschuluu Munkhbayar said...

Улс орон гэдэг ойлголт цаасан дээрх бичгээс гадна тэр цаасан дээрхэд хамаарах ард иргэдээс бүрддэг ойлголт. Тэр цаасны оршин тогтнол түүнийг дагах ард иргэдээс хамаарах бол ард иргэдийнх нь оршин тогтнол тэр цаасан дээр юу бичсэнээс мөн хамаарна. Ингэж бодохоор ямар ч улсын үндсэн хуулийн хамгийн чухал зүйл ард иргэд нь байдаг бол нөгөө талаас ямар ч ард иргэд өөрсдийг нь чухалчилж үзээгүй үндсэн хуулийг дагахгүй, өөр цаасруу явах болно. Иймээс ихэнх үндсэн хуулиуд дээр ард иргэдийнх нь амь нас юу юунаас илүү чухал байдаг байх ёстой. Тэгэхээр хүний, ард иргэдийнхээ амийг бусад амьаас онцгойлж үзэх үзэл эндээс л гарах болов уу. Гурван хүний зүгээс амьд гарахын тулд нэг хүний золио нь багаар ихийг сольсоноор зөвтгөгдөж болно, бас улс орны хувьд 4 иргэн нь үгүй болсоноос гурав нь үлдэж байгаа нь мэдээж илүү, гэлээ гээд үндсэн хууль дээрээ заасан заалтаа дагахаас өөр аргагүйд хүрч, амьд үлдсэн 3 хүнээ алахгүй ч шийтгэх нь хуулийнхаа шудрагыг бусад хүний өмнө батлан харуулах чухал ач хобогдолтой болох биз.

Ямартай ч шийтгэх нь зөв, гэхдээ цаазаар авч биш. Мөн амьд үлдсэн гурав золионд гарсан нэгийгээ өглөөний цайнаас илүүтэй хүндэтгэн үзэх ёстой шүү дээ :D

ТОМё БОДё said...

Улс орны ашиг тус талаас нь хараад байна уу? Тийм бол цэвэр утилитарист байр суурь гэсэн үг.

ТОМё БОДё said...

Утилитарист байр сууринаас харвал ёс суртахуунлаг гэж үзэх боломжтой л байх. Хөтөлбөргүй ёс суртахууны үзлийг баримталбал маргаантай асуудал.

Anonymous said...

Ангараг гараг руу аялалд гарч байна гэж бодьё. Аялал урт үргэлжилнэ. Тэд эргэж ирэхгүй. Хөлгийн зарим гишүүд крио унтуулгатай байгаа бөгөөд тэднийг сэрэхэд хөлгийн залж байсан зарим гишүүд хэдийнэ үхсэн байх болно. Гэхдээ задгай сансарт үхсэн гишүүдээ хаяхгүй харин био-бордоо болгон зарим хүнс, ургамлыг тэжээх тэгээд хүчилтөрөгчийг нөхөн зэрэгт хэрэглэнэ. Хаягдалгүй мундаг технологи гэж бодьё. Тэгвэл энд хэн нь алуурчин бэ?
Эргэж ирэхгүйг нь мэдсээр байж явуулсан сансрын судлалын баг уу? Ийм шийдвэр гарахад дуугуй татвар төлж дэмжээд байсан иргэд үү?
Крио унтуулгад байгаа хэд өөрсдийгөө каннибал болохыг зөвшөөрсөн гэсэн үг үү?
Энэ түүх завин дахь түүхээс тийм ч ялгаагүй. Хүмүүс үргэлж сайн сайхны нэрийн өмнөөс нэгнийгээ алж байдаг. Гол нь юу гэж тайлбарлаж байгаа нь чухал.

ТОМё БОДё said...

Тэр хөлгийг дэлхий гэж нэрлэж болох юм. Бид нар одоо ч гэсэн дэлхий гэдэг хөлөг дээр ингээд л аялж яваа биз дээ?

Unknown said...

Ямар ч хүнд хүн алах сэдэл, хүсэл байдаг гэж Ф.М.Достоевскийн "Карамазовын хөвгүүд" зохиолыг уншсан З.Фройд хэлсэн байдаг

Unknown said...

1дэх асуудал. Бүх хүн амьд явах эрхтэй. Хэн ч ямар ч эрх ашгийн улмаас түүнийг алах эрхгүй.
2дох асуудал. Бүгд хүлээн зөвшөөрч сугалаа сугалаж азгүй нэгнээ идэх. Бүгд зөвшөөрсөн бол гэдэг тохиолдол. Энэ нь том тоон дээр социализм бүгд зөвшин байгуулаад азгүй нэгнээ бусдын сайн сайхны төлөө шийтгэж, алж байсан шүү дээ.
3дах асуудал. Өөрөө хүлээн зөвшөөрөх. Энэ ч бас 2 талтай. Өөрөөр нь ямарч хамаагүй аргаар (зөвхөн тамлах ч биш, ятган сэнхрүүлэх үнэмшүүлэх гэх мэт) зөвшөөрүүлэх. Сталины үед өөрсдөөр нь хэргийг нь хүлээлгээд цаазалж байсан. Одоо терросист лалууд ятган сэнхрүүлж бөмбөг дэлбэлж амиа хорлож байна даа.
Тэгэхээр нийтийн хамгийн их аз жаргалын төлөө гэдэг худлаа шүү. Тийм юм огт байхгүй. 1-р зарчимаа баримтал гэх байна

Unknown said...

Хэрвээ дайн болвол яах бол? Эх орноо Монгол Улсаа аврахын төлөө хүн алах уу? Хүн алах нь буруу тул алахгүй байсаар эзлэгдэх үү?

ТОМё БОДё said...

Мэдээж хэн нэгэн таныг, танай гэр бүлийг, танай ахан дүүсийг алахаар ирсэн бол түүнийг зогсоох нь яахан буруу байхав. Харин эх оронч үзэл шударга ёсонд хэр нийцэх эсэхийн тухайд сүүлчийн хичээлүүдээр авч хэлэлцэнэ.

Post a Comment