2017/10/31

Хиймэл амьдрал (4р хэсэг)

Өмнөх - Хиймэл амьдрал (3р хэсэг)

Ингэхэд би тэднийг бие биесээ хууран мэхэлж, зальдаж паразитлан үржиж байгааг хараад “Оюун ухаантай болжээ” гэж бодсон юм биш. Хачирхалтай сигналаар харилцаж, секс хийж байхад нь ч оюун ухаантай юм байна гэж бодоогүй. Магад интернэтийн сүлжээгээр минь дамжаад бүх дэлхийгээр тархаж, хүн төрөлхитөнийг устгасан ч би тэднийг оюун ухаантайд тооцохгүй биз.


Харин тэдний “Би юу вэ? Чи хэн бэ? Бид юуны төлөө оршин байна вэ?” гэлцэн өөр хоорондоо асуулт тавьж эхэлсэн тэр явдал л намайг өөрийн эрхгүй тэднийг оюун ухаантай болжээ хэмээн хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн билээ.

Гэнэт тэр эгшинд миний толгойд нэгэн дүгнэлт зурсхийн орж ирэв.
-      Оюун ухаан гэдэг чинь мөн чанартаа “Асуулт тавих чадвар” байх нь ээ?

Яагаад навч исэлдүүлж, тариалан эрхэлдэг шоргоолжийг хүртэл бид оюун ухаантайд үл тооцно вэ? Тэдний асуулт тавьж байхыг хараагүй болоод л тэр. 

Хэн хэлснийг мэдэхгүй ч “Ихийг мэдэх тусмаа юу ч мэдэхгүйгээ ухаарах юм.” хэмээх үгнээс, асуултынхаа хариултыг олох тусмаа улам их асуултанд булагдан шаналах оюунт хүний төрх дүрслэгдэх мэт. Хушуу дүрдэггүй сэдэв, хариулж чаддаггүй асуулт гэж үгүй, өөрийгөө бүхнийг мэдэгч гэдэгтээ итгээд шинээр юунд ч эргэлзэхээ байсан бэлэн амтнуудын оюуны сониучралгүй баригдмал бодол өөрийн эрхгүй талбайн хажуугийн хэвлэх үйлдвэрийн балгасыг санагдуулна...

Тийм ээ, аливаад хандаж асуулт тавихаа болих тэр цагаас эхлээд чиний оюун ухаанд үхжил явагдаж байгаа нь тэр.

Бодит ертөнцөд хүний биеийг олж төрсөн бидэнд асуулт тавих чадвар заяажээ. Асуулт тавина гэдэг хариулт хүсч байна гэсэн үг. Асуусан эргэлзээндээ хариулт олох хүртлээ бачуурахын нэр. Асуулт төрж байгаа л бол амар амгаланг олохгүйн шинж. Тэгэхээр оюун ухаан бий дор айдас зовлон орших нь абсолют байгалийн хууль юм болов уу?

Оюун ухаанаас зовлон төрнө. ”ЗОВМООРГҮЙ БАЙВАЛ ОЮУН УХААНААС ТАТГАЛЗ” гэж үү?

Хожим би Буддын их хөлгөний Зүрхэн судар, бага хөлгөний Дармапада зэргийг эргүүлж тойруулж, зовлон гэж юу болох талаар сонирхож үзтэл тун төстэй зүйл өгүүлсэн мэт санагдаж билээ.
БУДДЫН СУРГААЛ ЭНЭ ЕРТӨНЦИЙГ ХООСОН ШИНЖТЭЙ ГЭЖ НОМЛОЖЭЭ.

Хорвоогийн шалдар булдартай битгий зууралд.
Хий хоосон гэж өөртөө итгүүл.
Асуулт эргэлзээ юу ч тавих хэрэггүй.
Туйлшраад хэлбэл шулуухан оюун ухаанаасаа татгалз.
Тэгж чадвал амар амгаланг олох болно, гэж тэд сургасан бололтой юм. Эсвэл үгүйдээ л надад тэгж хэлж байгаа юм шиг санагдаж билээ.

...Үүнээс хойш надад хиймэл амьтад нэгэн бодлын өрөвдмөөр ч юм шиг санагдах болов. Хөөрхий дөө, компьютер дотор юу ч чадахгүй, хэнд ч хэрэггүйгээр зовцгоох гаслант амьтад...

Үргэлжлэл бий...

No comments:

Post a Comment