Өөрөө өөрийгөө "хэрэггүй" гэж үзсэн эсүүд газар дээрээ амиа хорлодог гэх бөгөөд, үүнийг apoptosis гэдэг.
Тухайлбал вирустсэн эс байна. Биенд нэвтэрсэн вирустэй тэмцэлдээд бараагүй эс, тэр дороо вирусыг агуулсан чигтээ чимээгүйхэн амиа хорлодог гэнэ. Учир нь, тэмцээд дийлээгүй вирусыг өөрөөсөө гаргаж орхивол, бусад эсүүдэд хохирол болж мэднэ. Тэгээд тэрхүү амиа хорлосон эсийн үлдэгдлийг цэвэрлэгч эгч Macrophage (нэгэн төрөл цусны цагаан бөөм) нямбай гэгч нь идэж устгана.
Энэхүү амиа хорлох замаар "эмх журмыг хадгалах" механизм үүсэн тогтсон нь одоогоос 2 тэрбум жилийн тэртээгээс эхтэй гэх.
Тэр үед, анхдагч амьтад хуваагдах замаар өөртэйгээ ив ижилхэн амьтан үүсгэн үрждэг байв. Гэвч нэгэнт өөр шигээ л амьтан үүсгэх тул, гэнэтийн орчны өөрчлөлтөнд ташираараа устах явдал олонтаа гардаг байж.
Тэндээс, бага зэрэг өөр амьтан бүтээж, арай илүү тэсвэртэй болцгооё гэж сэтгэв. Тэр нь эр эм болж хуваагдаад, генээ хооронд нь хольж угсрах арга юм. Та бид хоёрын нөгөө арга гэсэн үг.
Үр дүнд нь амьтад эгшин зуур хувьслын мод үүсгэн салаалж, тэдэн дотроос орчинд илүү тэсвэртэй нь үлдэх байдлаар буухианы галыг зөөдөг болжээ.
Гэвч үүн дээр асуудал үүсэв. Санамсаргүйгээр хольж угсрах дунд "тохиромжгүй сэлгэмэл" ч олноор төрөх болов. Тиймэрхүү тохиромжгүй сэлгэмэл бүхий биет нь өөрийн төрөл зүйлийг ч мөхөөж мэдэх тул, эс нэг бүрт "амиа хорлох" гэдэг програм суулгагдсан байна.
Эс үүсмэгц, түүнтэй зэрэгцээд нэгэн төрөл фермэнт (Caspase) түүний дотор суугдаж, тэр фермент нь хэзээд амиа хорлож болохоор бэлэн байдалд байна. Яг л дайсандаа олзлогдоход зориулж өөртөө сум авч явдаг цэрэг шиг.
Энэ бол эсүүд өөрөө зорьж очоод үхлийг сонгодог (apoptosis хийх) байхаар програмчлагдсан чадвар юм.
Apoptosis нь ураг боловсрох процесс дунд ихээр ашиглагддаг. Эсүүд үргэлж хангалттай ихээр бүтээгдэж, тэдэн дотроос тохиромжгүй эсүүд нь тухай бүртээ apoptosis хийх байдлаар хасагдаад явдаг.
Жишээ нь, хуруу эхэлж бүтэхдээ ганц том цул байж байгаад, тэндээсээ завсрын хэсэгт байрлах эсүүд нь apoptosis хийж хорогдсоор, үр дүнд нь салаалсан хуруунууд үлддэг. Нэг ёсондоо, эхнээсээ шууд хурууг хийдэг бус, бүхэл банзыг зорохтой адилаар хийдэг гэсэн үг. Шанаган хорхойн сүүл яваандаа алга болдог нь ч үүнтэй ижил зарчим аж.
Вируст өртсөн эс зэргийн хувьд, тусгай уургаас "амиа хорло" гэсэн тушаал буугддаг бол, ураг доторх эсүүд нь "алив, хамтдаа амьдаръя" гэлцэн, дуу дуугаа авалцан хөгждөг бололтой юм. Харин тэдэн дунд тэр дуу хоолой нь дамжиж очдоггүй зарим нэг хэсэг эсүүд байх бөгөөд, тэдгээр нь хуруунуудын завсар ч юм уу, шанаган хоорхойн сүүлний эсүүд гэх мэт юм.
Ийм байдлаар нэгэнт бусдаас тусгаарлагдсан эсүүд үхэхээс өөр замгүй. Гэлээ гээд энэ бол эмгэнэлт явдал бус, харин ч тэдний үхлийн ачаар өдий төдий хэлбэр үүсгэсэн амьтад болон төрдөг хэрэг.
Тэгэхээр бид гэдэг чинь, олон тооны үхэл дээр тогтсон АМЬ болж таарах нь.
Хүний биед байх зүсэн зүйлийн үүрэг роль бүхий эсүүд эцсийн эцэст юуг тэгтэл амиараа хамгаална вэ? Таны төлөө гэж бодно уу? Та гэдэг бол ердөө л тэдний нэгдэл төдий хийсвэр оршихуй шүү дээ.
Үнэндээ тэдэн доторх хамгийн үнэ цэн бүхий нандин амь нь үржлийн эсүүд юм. Үүний баталгаа гэвэл, apoptosis хэмээх идэвхитэй үхэл нь, эр эм болж хуваагдаагүй амьтад дээр огт ажиглагддагүй гэнэ.
Үржлийн эс нь бусад бүхий л эсийг үүсгэх чадварыг өөртөө агуулсан төгс эс юм. Түүнийг цааш хадгалж өвлүүлэхийн тулд гайхмаар яаралтайгаар урьдчилан хийж хадгалдаг. Хэр зэрэг яаралтай вэ гэхээр, хүн дээр ярьвал, ураг тогтоод сар болоход дараагийн үржлийн эс бэлэн болсон байдаг гэнэ.
Өөрийнхөө биеийг ч гүйцэт хийгээгүй байж, хүүхэд төрүүлэх эсээ бэлддэг байх нь. Үржлийн эсийг хадгалах өндгөвчөө ч, төмсөгөө ч бэлдээгүй хэрнээ шүү дээ.
Үүнийг тонгоруулж хэлбэл, төдий чинээ үржлийн эс чухал гэсэн үг юм.
Хамгийн түрүүнд үржлийн эсээ хийж аваад, түүндээ зориулж өндгөвч (эсвэл төмсөг) хийгээд тайван орхино. Түүнээс цааш өндгөвч (төмсөг) нь бас бэлгийн бойжилт гүйцтэл урт удаанаар тайван байдалд байна.
Түүнээс цааш үүсэх бүхий л төрлийн эсүүд бол, ердөө л тэр үржлийн эсийг тойруулан хамгаалахын төлөө төрдөг, тэгээд үхдэг зуурдын зараалууд гэхэд болно. Тэд амиараа тангараг өргөсөн цэрэг мэт байж, чадал үл хүрэх асуудалтай тулбал огтхон ч эргэлзэлгүй амиа тасална.
Угтаа бол тэд гэлтгүй хүн бид ч бас тэдний адил оршихуй. Үнэндээ бид чинь "гол дүр" биш, хэзээд "туслах дүр" юм шүү дээ. Гол дүр болсон үржлийн эсийг тойрон бүчих хүний бие гээч нь, тэрхүү гол дүрээ нандигнан хадгалсаар дараагийн үедээ шилжүүлэн өвлүүлэх даалгавар бүхий хэрэгсэл төдий л юм.
Ажилчин зөгийнүүд ердөө л цор ганц хатан зөгийгөө хамгаалахын төлөө оршин байдагтай ив ижил холбоо гэхэд болно. Зөгийнөөс ялгаатай нь, бидний гол дүр биен дотор маань байдаг тул, өөрийнхөө жинхэнэ үүрэг даалгавараа төдийлөн ухамсарлан мэдэрдэггүй талтай.
Гэсэн ч, эс нэг бүр маань үүнийг огтоос умартаагүй бөгөөд, хэзээд үхэхэд бэлэн үүрэгт ажилдаа шамдан амьдарцгааж буй. Энэ бол, бидний биен дотор өдөр тутам өрнөж байдаг хэвийн нэг дүр зураг билээ...
Тэгэхээр үхэл гэдэг төгсөхийн нэр биш аж.
Төгсөхгүйн төлөө үхлийг сонгох учир бас байх ажээ.
Холбоотой – Хувьсалын ирээдүй
5 comments:
sain bichjee
Ертөнцийг үзэх үзлийн маань төлөвшилд нөлөөлөхүйц маш сонирхолтой зүйлийг бичсэн байна. Баярлалаа.
Ene bol neg l ontsogoos harsan bna urjliin esiin toloo amidrana gej yu baihav. Uusen bii bolson niit bodigal amidraliin helheegee tasalduulahgi urgeljluulehed urjliin es gol uuregtei l yavdag. Hamgiin gol amia tevchin niit bodigalaa hamgaalna gedeg maani etsestee bas ter es ooriinhoo toloo yum. Ter esiin urgeljlel es ur udmiig teeh biye amid uldene gedeg bol ter es ch urjliin es ch er ni ter zuiliin eko system tsaash urgeljilne gesen tuiliin zorilgo dor orshih bolov uu
amaraa chi ch bas adilxan l zuil yarisan bn shd kkk
Ene biy urjliin es biyu iluu hogjson bodigali bolohiin toloo baidag ni todorhoi shuu dee. Harin bid ene niilmel tsogts deer baidag bolohoos bid ene tsogts bish gedgiig oilgoh heregtei. Bid zugeer l ene biyetei suns bolohoos sunstei mahan biy bish yum. Mahan biyiig tuunii hogjloor ni saihan tailbartai niitelj. Harin suns buyu jinhene biy maani oor iluu nariin baidalaar zohitsuulagdana l daa. kk
Post a Comment