2012/11/13

Мацаг барьсан тэмдэглэл

Холбоотой – Мацаг барьж эрүүлжих нь

Энэ бол миний хувиараа 7 хоног мацаг барьсан тухай тэмдэглэл юм. Гэхдээ би огтхон ч бясалгал юмуу иог хийх зорилгоор мацаг бариагүй, зөвхөн биеэ цэвэрлэх эмчилгээ гэдэг утгаар мацаг барьсан болно.

 Бие болон сэтгэлээ цэвэршүүлэхийг Detox гэдэг. Бясалгал хүний сэтгэлийг цэвэршүүлдэг бол, мацаг барилт хүний биеийг цэвэршүүлдэг. Бие цэвэршилт нь ердийн нэг тааламж мэдрүүлэх төдий бус, элдэв өвчнийг анагаах нөлөөтэй болох нь ажиглагдсаар ирж. Үүнийг сүүлийн үеийн барууны анагаах ухаан хүртэл тодорхой хэмжээнд үнэмшээд байна (Гэхдээ мэдээж 100% хүлээн зөвшөөрөөгүй).

Энэ нь ч нэг бодлын аргагүй зүйл. Хүмүүсийн өвчний дийлэнх нь зөвхөн хооллолтоос болж үүсдэг. Тэгэхээр тэр хоол буюу гадны биетийг биедээ оруулахыг зогсоож, хөлс ялгадсаараа биенд үлдсэн хорыг нь гадагшлуулж орхивол detox үйлчилгээ болохгүй гээд хаачих вэ...

...Зиа тэгээд, мацаг барилтын талаар энэ мэт элдэв мэдээлэл цуглуулсан би, их юм горилж бүдүүн зүрх гарган 7 хоног мацаг барьж үзэхээр шийдэв. Миний мацаг барих програм болбоос тун энгийн
– Эхний хоёр хоногт, өдрийн 2 аяга жүүс юмуу сүүп ууна. Тэрнээс хойш 5 өдрийн турш уснаас өөр юу ч хоолойгоороо давуулахгүй.
Тэгээд мацаг барьж дуусангуут болгоомжтойгоор бага багаар идсээр ердийн хэмнэлдээ орно.

Миний хувьд мацаг барилтын зорилго маань гэвэл
– Үнэхээр 7 хоног хоолгүй байсан ч хүн тэсч үлддэг болохыг үнэмших
– Биеэ цэвэрлэх
– Өөрийнхөө тэвчээрийг шалгах
– Мацаг барьсан туршлагаа бусадтай хуваалцах
юм (Гэхдээ зорилго маань явцын дунд өөрчлөгдсөн болно).

Ингээд мацаг барилт эхэллээ. Сэтгэл санаа туйлын өндөр, ялах итгэлээр дүүрэн, бөөн найдвар. Сүүлчийн оройн хоолон дээр, араа бодоод сайн гэгч нь идэж авав...

Эхний 2 өдөр. Төлөвлөсөн ёсоор эхний өдөр 2 аяга төмсний сүүп (нийт 80 ккал), дараагийн өдөр 1 аяга төмсний сүүп, 1 аяга усан үзэмний жүүс (нийт 57 ккал). Нэмэлт нэг зүсэм талх.
Энэ хоёр өдрийн турш ерөнхийдөө гэдэстэйгээ байлдаж өнжив. Шүдээ зуусаар байтал сүүлдээ эрүүнд хөндүүр оров. Сатаарч болох бүхнийг хийлээ. Кино үзэв, хөгжим сонсов, гадуур алхав, гэрээ цэвэрлэв, айл нүүлгэдэг ажил хийв гэх мэт. Гэхдээ сэтгэл санаа өөдрөг хэвээрээ л байна.

"Fight Club" бол мазахистуудын тухай кино биш, хэрэглээний нийгмийг шүүмжилсэн кино.

3 дахь өдөр. Орой ганц аяга ус л уув. Өглөө сэрэхэд нөгөө гэдэсний өлсгөлөн бараг алга болж. Ер нь л илт хөнгөрсөн байна. Харин нойр хүрэхгүй, унтах гэж үйлээ үзэв. Ер нь мацаг барихаар нойр бас багасдаг юм шиг байна. Өглөө яагаа ч гүй сэрчинэ. Тэгээд нэг сэрчихээр, нойр ханаагүй байсан ч буцаж унтахгүй. Өөр тэгээд яасан ч билээ, ерөнхийдөө нам гүм л өнгөрсөн. Зурагт асаатал дүүрэн хоол. Дургүй хүрээд 7 хоног зурагт үзэхгүй байхаар шийдэв.

2 төрлийн тэвчээр байдаг шиг байна.
– Тэвчээртэйгээр хийх.
– Тэвчээртэйгээр хийхгүй байх.
Яагаад тусдаа вэ гэвэл, нэг хүнд хоёулаа байдаггүй.

4 дэхь өдөр. Өдрийн турш тогтмол ус уув. Өглөөнөөс эхлээд бие үлбэгэр байна. Аль болох илүү үйлдэл хийхгүй байхаар шийдлээ. Крантаа онгойлгох гэж цөхөөд, болохгүй болохоор нь нүүрээ ч угаалгүй ажилдаа гарав. Японд болоод ч тэр үү, хаашаа л харна идэх юм. Сэтгэл санаа уналтанд орж, урьдын уншсан зүйлүүддээ эргэлзэж эхэллээ. Үе үе дотор муухайрч огиулсан юм байна. Гэдэс хорчийсоор сүүлдээ эгц алхахад ч хүндрэлтэй болсон тул, орой нь гэр лүүгээ алхахаас тээршээж, ажил дээрээ хоног төөрүүллээ.

63 цаг юу ч идээгүй хүний хөхний товч ямар болдог гээч?

5 дахь өдөр. Бас баахан ус, 1 лааз Pepsi NEX ZERO уув. Биеийн байдал өчигдрөөс хавьгүй хөнгөн сэргэг байна. Мацаг барилтад эргэлзэж эхэлсэн тул, дахин нэтээр судалж үзэхээр шийдэв. Тэгээд мацаг барих жорын талаар судалтал миний санаснаас арай өөр байдаг юм байна.

Ер нь аль ч сайтад бичсэнээр бол
– Мацаг барих эмчилгээг хувь хүн дур зоргоороо хийхийг ХАТУУ ХОРИГЛОНО
гэж байна. Энэ чиглэлээр дагнасан эмнэлэгүүд, голцуу өөрсдөө боловсруулсан эмчилгээний (програм) жортой, тэрийгээ үнэгүй дэлгээд байдаггүй юм байна. Гэхдээ ерөнхийдөө дараах байдлаар эмчилгээ хийдэг бололтой юм.

Мацаг барих нь биеэ бэлдэх, хоол сойх, хоолонд дасах гэсэн 3 үеэс тогтдог. Хоол сойх үе нь 1 – 21 хоног хүртэл үргэлжилдэг. Энэ хугацааг нь өвчтөний биеийн онцлог, өвчний түвшин, мацаг барих зорилго зэргээс хамаарч, элдэв шинжилгээ хийсний үндсэн дээр мэргэжлийн эмч тогтоодог. 7 хоног хоол сойх хүн сар орчим эмнэлэгт хэвтэх хэрэгтэй болдог.
Биеэ бэлдэх үе нь 7 – 10 хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд хоолоо ердийнхөөс бага багаар жигд хассаар сүүлчийн өдөр ганц аяга хоолны түвшинд очтол бууруулдаг.
Тэгээд хоол сойх хугацаандаа ус, хар цай, жүүс зэргээс өөр зүйл ууж идэхгүйгээр өнгөрүүлдэг.
Хоолонд дасах үе нь биеэ бэлдэх үеийг ерөнхийдөө эсрэгээр нь хөрвүүлсэн дэглэм байдаг.

Энэ бүх хугацаанд өвчтөн нь эмнэлэгийн тогтмол хяналтанд байж, шаардлагатай үед дуслаар тэжээл авах зэргээр эрүүл мэндээ ноцтой муутгахаас сэргийлэх ёстой. Хамгийн чухал нь, мацаг барих нийт хугацаандаа өвчтөн нь ердийн өдөр тутмын амьдралын хэмнэлээ өөрчлөхгүй байх явдал гэнэ. Тэгэхээр бодвол, эмнэлгээс ажилдаа яваад, орой эмнэлэгтээ буцаж ирдэг юм болов уу?

Хоол сойх хугацаанд хүнээс тогтмол бага хэмжээний өтгөн ялгардаг. Тэр нь эхэндээ хар бараан өнгөтэй байх ба, явандаа шингэрч ирдэг. Бас хоол сойх үеэр тухайн хүний төрөлхийн хууч эсвэл сул цэгээс хамаарч, харилцан адилгүй зовиур ажиглагддаг. Зарим хүний өвдөг нь хатгах, зарим нь ууц нь хөших гэх мэт...

Мацаг барих гэдэг нь товчхондоо нэг иймэрхүү л юм байдаг бололтой юм. Ингээд энэ бүхнийг уншсаны эцэст, өөрийгөө мордохын хазгай зүйл хийсэн болохоо мэдэж авлаа. Тиймээс анх тавьсан зорилгоо өөрчилж, биеэ цэвэрлэж авах тухай горьдлогоо орхиод, зүгээр л 7 хоногоо барж дуусахаа бодов.
Орой нь бассейн орж хэдэн минут сарвалзаж байгаад харилаа.

Үгэндээ үнэнч байх нь, өөрийгөө үнэнээс дээгүүр залсан явдал болно.

6 дахь өдөр. Бас л баахан ус, үе үе япон цай (үүрон цай) уув. Биеийн байдал онцын өөрчлөлтгүй. Мацаг барьж эхэлснээс хойш нэг ч хүндрээгүй болохоо анзаарлаа. Тэгэхээр энэ удаагийн мацаг барилт олигтой үр дүнд хүрэхгүй гэдэг нь бараг тодорхой. Ажил дээрээ юм ярих гэтэл хоолой бүүр цаашаа орчиж. Би гэж нэг, амьдаараа борц болсон хүн л явж байх шиг байна. Нэгэнт нохойн дуу ойртсон тул мацагаа тайлж юу идэх тухайгаа бодож гарав. Тэр дороо л гэдэс хийгээр дүүрч, толгой хоолоор дүүрэв. Орой нь харих замдаа хүнсний дэлгүүр хэсч, мэдэх мэдэхгүй баахан хүнс худалдаж аваад харилаа.

Бууж өгөөгүй л бол, ялагдсанд тооцохгүй.

Сүүлчийн өдөр. Бас баахан ус уув. Биеийн байдал хэвийн, сэтгэл санаа ч өөдрөг. 7 хоног ингээд дууслаа гэж бодоод байн байн сөөнгөтүүлэн инээв. Энэ байдлаараа бол 7 байтугай хоносон ч алзахгүй юм байна. Улс төрийн өлсгөлөн энэ тэр бол зүгээр л шоу юм байна шдээ, золиг гэж.


Мацаг барьсны маргааш харин эвгүй байдаг юм байна. Өглөө нь нэг аяга төмсний сүүп уугаад, өдөр нь бас нэг аяга шөл уутал цээжинд тороод сонин болж байна. Жоохон идээд эхлэнгүүт өлсөх мэдрэмж дороо сэргээд, ходоод хоржигоноод унах юм. Тэгсэн мөртлөө хамаагүй идэж болохгүй зовиуртай. Бүх юм нэгэнт дууссан гээд бодчихоор, урьдынх шигээ гүрийх гээд чадахгүй, үе үе хамаагүй идчих гээд хэцүү юм билээ. Эхнээсээ мацаг барих төлөвлөгөөндөө хоолонд дасах үеэ бүтнээр нь тооцох ёстой байж гэж бодлоо. Тэгсэн бол сэтгэл зүйн бэлтгэлтэй, арай өөр байсан байх. Тэрний маргаашаас харин бага багаар увуулж цувуулж хэвсээр, орой нь гэхэд талх, загас, бантан, битүү шөл, хуушуур, пиво... гэсээр замаа алдав.

Амттай хоолыг тансаг материал, тарган тогооч хийдэг гэж бодно уу?
Үгүй, таны ӨЛӨН ХОДООД хийдэг юм.

Мацаг барьж дууссаны дараа өөрийгөө харвал илт турж, харвин гэдэс шуугдсан байна. Гэхдээ хөндлөнгийн хүний нүдээр бол тэгтэлээ дор орчоогүй байна гэнэ. Магадгүй жинхэнэ үр дүн нь үүнээс хойш ч илрэх юм билүү. Ямар ч байсан, гэнэт их идээд rebound хийчихгүй байхаа бодох хэрэгтэй.

Энэ бүхний эцэст надад төрсөн сэтгэгдэл гэвэл:
– Би үүнээс хойш хэнд ч мацаг барих эмчилгээг санал болгохгүй. Учир нь мацаг барилтаас би онцын кайф, дахиж мэдэрмээр загатнасан гоё таашаал мэдэрч, орь дуу тавьж янз бүр болсонгүй. Зүгээр л эхнээс нь дуустал гүрийсээр байтал дууссан.
– Бас, би хэнийг ч мацаг барихыг нь хорихгүй. Мацаг барилаа гээд огтхон ч муу юм байхгүй. Үхэж үрэгдэнэ гэж заяа нь байхгүй. Мэргэжлийн газар нь зөв мацаг баривал жавхайгаад ирэхийг ч үгүйсгэхгүй.
– Харин би өөрөө хэзээ ч ахиж мацаг барихгүй. Ирлээ, үзлээ, яллаа, явлаа, одоо боллоо.

Зарим хүн үүнийг уншаад талархах биз, зарим нь уншаад дооглон инээх л байх. Надад бол тэр сонин биш. Та үүнийг уншсан л бол миний зорилго биелж байгаа нь тэр.

Өөрөө хийхгүй зүйлээ, бусдад бүү зөвлө
2012 он 9 сарын 10 


10 comments:

Anonymous said...

bidnii omnoos turshij ogsond bayarlalaa :)

Anonymous said...

hehe, noir hurehgui ni hamgiin hetsuu shuu, nam untaad baiwal baga yadrah yum shig bgaan

Ганбатын Уянга said...

Сайн байна уу, биеэ цэвэрлэхдээ ингэж дан ус уух нь бас дэмий юм шиг байгаа юм. Миний сонирхол, мэргэжилтэй холбоотой болохоор энэ талаар энд тэндээс юм хум нилээд уншсан. Хоосон мацагаас илүү яг бие цэвэрлэхэд хэрэгтэй, хөнгөн шингэн ногоо голлосон хоол идэж, бас хажуугаар бүдүүн гэдсээ цэвэрлэх, эслэг ихтэй хоол идэх гэх мэтээр олон арга хэмжээг авбал илүү үр дүнтэй гэсэн. Миний блогоор орж, зарим мэдээллүүдийг уншаарай.

Unknown said...

BLOG CHIN UY BE

THANKS

great G said...

saihan bichij, uzlee unshlaa bas ineelee.

Unknown said...

Өөрийн тан блог дээр байгаа гэсэн хэзээ тавьсан мэдээдэл бэ

Ganaa said...

олон жил бага багаар мацаг барьж байсан, мацаг барих хугацааг уртасгаагүй гэсэн үг, долоо хоногт дор хаяаад 3 ба түүнээс дээш. тэгээд нэг жил орчин, гэрээс хол 21 хоног мацаг барьж үзлээ, 21 кг турсан.Алдсан онсон зүйл байгаа.эхний 7 хоног хуурай, дунд 7 хоног бага зэргийн жүүс, сүүлийн 7 хоног арай илүү жүүс ус.5-н жил өнгөрлөө биед муу болсон зүйл ажиглагдсангүй.

Unknown said...

Долоо хоногт нэг өдөр нь мацаг бариад 4 сар болоход харсан хүн болгон турчиж гэх боллоо, надад бол гэдэс л жаахан багасах гээд байгаа ч юм шиг. мацагийн маргааш юу ч идсэн заавал гүйлгэх юм. Одоогоор энэнээс өөр өөрчлөлт мэдэгдсэнгүй, миний зорилго жин хасах, эрүүлжих, зунаас долоо хоногт 2 удаа болгоно, бас нэг өдрийг ногоон хоолны өдөр болгоно гэсэн төлөвлөгөөтэй, ер нь маханд нээх дуртай биш, бас огт иддэггүй ч биш,хэн ч намайг албадаагүй , өөрөө л тийшээ татагддаг , Чиний туршлага "хөөрхөн" байлаа, мацаг барьсны муу гэж л лав байхгүй

Unknown said...

цус багатай хүмүүс мацаг барихаар нойргүйддэг юм байна лээ, төмөр хүнд их чухал

Unknown said...

yaj 21kg tursn bee us uuh matsag bsn anh matsag barih gj bgaa hvn yah wee zuwulguu uguuch

Post a Comment