2012/11/12

Мацаг барьж эрүүлжих нь

Хүн, идэхгүй бол өлсөөд үхчихнэ. Гэхдээ бас хэт их идвэл өвчин болно.

– Тэгвэл хэсэг мацаг барьж үзвэл ямар вэ?


Олон хүмүүс ийм сонголт хийдэг ч, ихэнх нь өөдрөг хандлагаар бус, гутарч цөхрөхдөө тэгдэг.
Анагаах ухааны бүхий л дэвшилтэт арга технологиудад дахин дахин ад үзэгдсэн хүмүүс голцуу, гомдолын мөр хоолоо сойж үздэг.

1918 он. Үе мөчний өвчтэй (Rheumatic fever) нэгэн залуу түрдэг тэргэнцэр дээр залрахдаа тулжээ. Гэвч хоёр ч удаагийн хоол сойлтын дараа дохиулсан юм шиг л босоод ирж. Тэрээр хоол сойлтыг эмчилгээний шинэ арга болгон судалсаар, Германы алдарт Buchinger клиникийг байгуулж, өдгөө тэр нь 60 жилийн бахархам түүхээрээ гайхуулж байна. (Герман хүмүүсийн 15%–20% нь дээрх эмчилгээнд ямар нэг хэлбэрээр хамрагдсан байдаг гэнэ. Гайхалтай биш гэж үү?)

Buchinger клиник жилдээ дундажаар гадна дотны 2,000–д өвчтөн хүлээж авдаг ба, үхлээ хүлээсэн нэгнээс авахуулаад, биеэ сувьлуулах төдий зүсэн зүйлийн хүмүүс ирдэг гэнэ.

...Банкны ажилтан Barye идэж уух нь дэндсээр, сүүлдээ цусны шинжилгээ нь авах юмгүй гарчээ. Buchinger клиникт ирсэн хойноо ч баргар царайгаа нуусангүй.
– Яаж 3 долоо хоног хоолоо сойх юм бэ? Би чинь зөвхөн идэхийн төлөө бүх Европыг ч тойроход бэлэн хүн.

Buchinger–ийн эмчилгээний програм 1 – 3 долоо хоног үргэлжилдэг. Гэвч хоол сойход хамгийн хэцүү нь эхний 2 – 3 хоног л байдаг гэнэ. Энэ үеийг acidosis гэх бөгөөд, цусан дах хүчиллэг шинж ихсэхэд толгой өвдөж, дотор муухайрч, цуцамтгай болгодог аж.
Эмчийн хэлж буйгаар бол, бие махбод гэнэтийн том өөрчлөлтийг хүлээж авч байгаа процесс нь тиймэрхүү зовиуртай байдал болж илэрдэг юм байх. Гэвч энэ процесс нь түр зуурынх бөгөөд, дундажаар 24 – 36 цагийн дотор бүрэн дуусдаг байна.
Эмнэлэг мэдээж acidosis үеийг давах үед нь байнга шээсий нь шинжилж, аюулгүй байдлыг хангана. Мөн өдөрт ердөө 2 хон удаа жүүс юм уу шөл уулгана. (өдрийн 250 ккал)
– Acidosis–ийг л давчуул, агуй шиг хоосон гэдэс аажмаар тайвширч ирдэг
гэж биеэр амсагчид хоолой нийлүүлнэ.
Acidosis үед л биед хуримтлагдсан хорт бодисууд ялгарах нь ялгарч, задрах нь задардаг ба, түүнээс цааш бие цэвэршиж, тамир тэнхээ ч ороод ирдэг аж. Бие цэвэршсэнээс болдог юм уу, ухаан санаа ч сэргэлэн тунгалаг болдог гэнэ.

Нөгөө Barye гуай ч амжилттай програмаа дуусгалаа. Гэвч тайвширах болоогүй. Хоол сойсоны дараах замбараагүй идэлт эмчилгээний үр дүнг бүрэн унтрааж, аюулыг даллах шалтгаан ч болдог.
Хоолноос хөндийрсөн биеийг буцааж хоолонд дасгах нь нэн чухал үе шат бөгөөд, маш нарийн дэглэм дор явагдах ёстой.

Анхны хоол сойлтоор Barye гуайн элэгний хэмжээ ердийн төвшинд очиж, цусны шинжилгээний хариу ч хэвийн болжээ. Тэрээр биеэ тогтмол цэвэрлэхийн тулд жил болгон ирдэг болсон гэнэ.
– Мацаг барих нь бидний төсөөлдөгөөс чанх эсрэг эд байдаг юм байна. Хүний тамир тэнхээг барах биш, харин ч ариутган цэвэршсэн мэт мэдрэмж төрдөг.

Хоолгүй үед хүний бие өөрийнхөө уургийг идэж эхэлдэг. Тэрхүү уураг гол төлөв хүний булчингаас ялгарах бөгөөд, зүрх ч бас булчин тул, уурагныхаа талыг барахад л үхэлд хүргэдэг.
Тэгэхээр үүний механизмыг жаахан өнгийж үзье.

Хүнийг тэтгэдэг энергийн гол ундрага нь глюкоз (буюу цардуул), өөх, уураг гурав юм.
Глюкоз  бол хамгийн гол энергийн ундрага боловч, дороо шавхардаг. Ганц өдөр хоосон явахад л картны бараа шиг ховордох ба, ходоод орилж чарлан хонхолзоно.

Энэ үед бие, уурагнаас глюкозыг гаргаж ашиглана. Үүнд нь биеийн өөрийн уураг зарцуулагдана. Зэрэгцээд өөхнөөс ч бас глюкозыг орлуулах Кетон гээчийг гаргаж авна. Кетон биет нь задлагч үйлдвэр болох элгэн дотор өөхийг задлан үйлдвэрлэгдэх бөгөөд, голцуу тархийг тэжээлээр хангана.

Хоолоо сойсноор хүний биед амин чухал уураг маань багасах нь маргаангүй боловч, өөх ч бас зарцуулагддагийг анхаар. Тэгвэл энэ хоёрын зарцуулагдах баланс нь ямархуу байдаг бол?

Үүн дээр гарч ирэх нь өмнөд туйлын Хаан Пингвин юм. Мөсөн дээр мацаг барьдаг хачирхалтай шувууд...



Эмэгчин пингвин өндөглөсөний дараа, эрэгчингүүдэд түүнийг дарах даалгавар ноогдоно.
Хахир өвлийн бүтэн 4 сар, эрчүүд салтаандаа бас дахин нэг шарик хавчуулсаар ганхийлгүй гозойно. Эсвэл ганхийх төдийд л эмзэгхэн өндөг хөлдөж орхино.

Гайхамшигтай нь, энэхүү мүглэнгийн 4 сардаа эрчүүд юу ч идэхгүй. Гэхдээ, бодь мөрийн зэрэг хөөж бясалгах гэсэндээ биш л дээ. Ердөө л тэдэнд идье гэсэн ч юу ч байхгүй.
Дөнгөж амаржсан хүүхнүүд далай орж хэдэн загас шүүрдчээд буцаж ирэх гэсээр байтал 4 сар өнгөрчихдөг хэрэг.

За тэгээд, энэ хооронд бурханы олон шавь нарын маань бие махбод нь яаж байна вэ гэвэл.
Мэдээж хэрэг глюкоз аль хэдийн тасарсан. Ингээд уураг өөх хоёрын ээлж. Гэхдээ уураг нь амь насанд илүү чухал тул, аль болох хэмнэлттэйгээр зарцуулагдаж, болж л өгвөл өөхийг хайлуулна.
Үнэхээр ч хаан пингвин нь дээд зах нь 100 өдөр зөвхөн өөхөөрөө гол зогоох чадвартай. Гэвч өөхний нөөц 20%–аасаа доошилбол уургаа хэрэглэхгүй гээд яах билээ. Хөлдөөд үхчихгүйн тулд.
Гэвч урьд хэлсэнчилэн, уургаа талы нь хэрэглэхэд шууд үхэлд хүрнэ. Тэгэхээр 4 сарын үлдсэн 20 хоногт, уураг түрүүлж дуусах уу, хүүхнүүд түрүүлж ирэх үү гэдэг л эрчүүдийн хувь заяаг шийдэх болно.
Мэдээж эрчүүд энэхүү дээсэн дөрөөний голцуу наана нь үлдэж ирсэн нь, пингвины эх түүхээс илэрхий.

Пингвины хувьд, мацаг барих хугацаандаа зарцуулсан энергийн эх үүсвэрийн 96% нь өөх, дөнгөж 4% нь уураг байдаг байна. Өөрөөр хэлбэл уурагтаа төдийлөн гар хүрээгүй гэсэн үг.
Тэгвэл энэ чадвар зөвхөн хаан пингвинд байдаг эд юм болов уу?

Ингээд эрдэмтэд шалавхан туршилт хийж, нөгөө л хөөрхий хархнуудынхаа хосы нь шувтарч гарав.
Тэгтэл хархнууд ч бас пингвинээс дутахгүй чадвартай бололтой.

– Өлсгөлөнгөөс амьд мултрахын төлөөх энэ чадвар, арай бүх амьд амьтадад байдаг нийтлэг шинж юм биш биз?

– Хэрвээ хүн ч гэсэн ийм чадвартай юм бол??

170 см өндөртэй, 70 кг жинтэй ердийн насанд хүрсэн хүнд, ойролцоогоор 15кг өөх байдаг. Энэ нь эрүүл хүнийг 40 хоног амьд явахад хангалттай хэмжээ гэсэн үг. (Гэвч, онолын шалтгаанаар хүн дээр ийм туршилт хийж болохгүй)

Дэлхий дээр амьдрал үүссэнээс хойш тоолсон ч, өнөөгийн хүн шиг хоолоор элбэг дэлбэг байгаа нь туйлын ховор тохиолдол юм.
Уул нь бол гадаад хүнс тасрах нь, харин ч байх ёстой тулга тойрсон асуудал байдаг бөгөөд, өлсгөлөнг тэсвэрлэж чадаагүй амьтад нь дараагийн төрөлдөө буухианы модыг дамжуулдаг жамтай.
– Хувьсалын түүхэнд, тухайн зүйл амьтаны устах уу үлдэх үү гэдэг нь, ердөө л өлсгөлөнг тэсэх хоногийн уртаар хэмжигдэж ирсэн гээд хэлсэн ч хилсдэхгүй.

Зөвхөн хүний түүхийг аваад үзсэн ч, "тогтмол цагаар хооллож, хөргөгчөөрөө дүүрэн хүнс нөөцөлдөг өнөө цагийн хүний амьдрал нь" цоо шинэ хэмнэл бөгөөд, дөнгөж саяханаас эхтэй шүү дээ.
Энэ өнцөгөөс харвал өнөө цагийн хүний бие махбод нь, өлсгөлөнг тэсэх болов уу гэхээсээ, цаг ямагт хэвж байдаг цатгалан амьдралын хэмнэлдээ тэсэх болов уу гэдэг нь илүүтэйгээр асуултын тэмдэг юм.

Гэвч дээр хэлсэнчлэн, хүмүүний түүх урт, хөргөгчний түүх богинохон.
Уртаас урт бичлэгтэй "генийн ой санамж"–инд маань, өлсгөлөн цагийн дурсамжууд одоо ч хадгалагдсаар бий аж. Харин ухамсар мартаж орхисон тэрхүү ой санамжийг, мацаг барилт буцааж сэргээдэг байна.

Гэнэт тэжээлгүй орчинд орсон хүний ген, тэр дор нь "Онцгой байдал" зарлана.
Үүнийг нь генийн мэдээ дамжуулагчид болох RNA бүх биед дамжуулна. Тэгэнгүүт, зарим хэсгийн үйл ажиллагаа идэвхижиж, зарим газраар хумигдаж, ерөнхий байдлаараа бие махбод маань хамгаалатын өрөлт авдаг байна.

Энэ нь ёстой нөгөө хуучны дурсамжийг гэнэт санан сэрсэн цочир өөрчлөлт бөгөөд, туйлын талархам арга хэмжээ юм. Одоо ч гэсэн ген нь, өлсгөлөн гэдэг вариантыг марталгүй тооцоолсон хэвээрээ байдаг байна.

Хамгаалалтын дэглэмд шилжсэн биеийн эд эсүүд эгшин зуур гайхалтайгаар хүчирхэгжинэ.
Үүнийг хоолы нь сойсон хулгануудын туршилтаас ажиглаж болно.

Хортой бодисууд дотроо ч нэн хортойд тооцогддог нь Хими эмчилгээний бодис (Chemotherapy agent) бөгөөд, хорт хавдарын эсийг ч чад хийлгэхээр чадалтай эд байдаг.
Энэ айхтар бодисыг зөвшөөрөгдөх хэмжээнээс 3 – 5 дахин агууламжтайгаар хулгануудад шахаж үзэв.

Хулгануудын тал нь өдөр болгон тогтмол хооллож ирсэн ба, тал нь сүүлийн 48 цаг юу ч идээгүй хулганууд юм.

Тэгтэл ч үр дүн ус тос шиг ялгараад ирэв. Өлсгөлөн хулганууд бүгд амьд байна. Харин нөгөө групп нь ташираараа үхжээ.
Үхсэн группын хулганууд харсаар байтал бие нь эвгүйрхэж, хөдөлгөөнгүй болсоор хялайгаад уначихав. Шалгаад үзтэл тархи нь ч, зүрх нь ч ихээр гэмтжээ.

Харин өлсгөлөн хулганууд зүгээр нэг амь тэмцээд үлдсэнгүй. Ёстой нэг тамирын хөнгөнөөрөө давхилдан тойрно. Арьс үс нь ч сортойгоо, бие эрхтэнүүд нь ч гэмтсэн юмгүй аж.

Хүн дээр хийдэг хорт хавдарын эмчилгээнд ч дээрх бодисыг ашигладаг бөгөөд, энэ нь нэг талаар дэндүү болхи арга юм.

Тэр бодис нь зөвхөн хорт хавдарын эсийг онож довтлох бус, "огцом өсөлт хийж байгаа" л бол хэн рүү ч хамаагүй довтолж орхидог. Тэгэхээр энэ аргын хамгийн том асуудал нь, "хэрхэн хохирол багатайгаар, хорт хавдарын эсийг даран сөнөөх вэ" гэдэг явдал юм.

Энэхүү асуудалд дээрх өлсгөлөн хулганы туршилт нэгэн шинэ найдвар төрүүллээ. Учир нь, ердөө (гэх нь хаашаа юм) хоёрхон хоногийн хоол сойлтоор, биеийн эрүүл эсүүд хамгаалалтын горимд шилжиж, хорт бодисын довтолгоог хариулж чадлаа шүү дээ.

Тэгвэл хорт хавдарын эсүүд ч ялгаагүй хамгаалалтын горимд шилжээд тэсээд үлдчих биш үү? гэж санагдах боловч, аз болоход, хорт хавдарын эсүүд нь довтлохдоо сайн боловч, хамгаалахдаа тааруу нэгэн бололтой юм. Тэр нь ч аргагүй аж. Хорт хавдарын эс гэдэг нь генийн мутацаас үүсдэг шинэхэн амьтад шүү дээ. Ердийн эсэнд байдаг шиг хуучны дурсамж гэхээр юм тэдэнд байдаггүй байна. (яг нарийндаа бол глюкозгүй орчинд тэсвэр муутай шиг байгаа юм)

Ийнхүү хоол сойлтын арга нь хорт хавдарын эмчилгээнд хүртэл гэрлээ тусгах боловч, эсрэгээрээ эмийн үйлдвэрлэлд сүүдрээ тусгана.
Хоол сойлтын арга анхаарлын төвд орвол, орчин үеийн эрүүл мэндийн зах зээлийг бараг монополь эзэгнэж байгаа европ эмийн борлуулалт буурах нь зайлшгүй. Тийм ч учраас эм үйлдвэрлэгчдийн эсэргүүцэл өрнөх нь дамжиггүй.

Тэгсэн ч, хүмүүс хоол сойлтыг хүсэмжилэх л болно. Учир нь, тэд бол европ эмэнд хөсөр хаягдсан хүмүүсийн бөөгнөрөл юм.
Жишээ нь, мөгөөрсөн хоолойн багтраа (бронхийт ч гэдэг) нь нэгэнт архагшивал барууны анагаахаар төгс эмчлэх боломжгүйд тооцогддог (амь аргацаах бол боломжтой).
Харин үүнийг 12 хоногийн хоол сойлтоор бүрэн эмчилсэн тохиолдол Орост байдаг гэнэ. Профессор Осинин, бронхийтоор мэргэшсэн 40 жилийн хугацаандаа 10,000 өвчтөнг хоол сойлтоор эмчилсэн гэнэ. Энэ хугацаанд эмчилгээ амжилтгүй болсон тохиолдол нэг ч үгүй гэх.
Түүнээс гадна даралт өндөрсөх, үе мөчний үрэвсэл, астма (саяын бронхийт л доо), арьсны үрэвсэл зэрэг олон өвчинийг эмчилсэн туршилга Орост бий.

Оросын хоол сойлтын эмчилгээний төв цэг нь Буриад улс юм гэнэ. Ердийн эмнэлэгээр яваад сайжирлыг эс олсон хүмүүс сүүлчийн горьлогоо тээсээр энд хүрч ирдэг. Тэгээд ч Байгал нуурыг тольдонгоо мацаг барьж хэвтэх нь тийм ч ядарсан явдал биш бололтой юм.

– Идэхээс татгалзаж, эрүүл амьдрая.

Тийм шинэлэг амьдралын стилийг таашаах хүмүүс, бүх дэлхийд бодсоноос хавьгүй олон байдаг байх нь. Хоолонд бохирдсоны хирээр, цэвэрлэгээнээс сэтгэл сэргэж, улам амташдаг юм болов уу?

Орчин үеийн шүүмжлэгчид энэ нийгмийг "бохир нийгэм" гэж хэлэх нь бий. Ингэхэд тэдгээр хүмүүсийн бие нь ямар байдаг бол?
Ямар ч том асуудал нь жижиг асуудлуудын овоолго л байдаг. Ямар ч жижиг асуудал жижиг гэлтгүй л асуудал мөн. Тэрхүү үмх асуудлуудыг шийдээд байхад л, дэлхий маань цэвэрших ч юм билүү, хэн мэдээ билээ...

Холбоотой - Идэхгүйн гайхамшиг

4 comments:

магнай said...

үнэн гоё, хөгжилтэй мөртөө үндэслэлтэй бичжээ.

amar said...

сайн бичлэгүүд байна боломжтой бол нэмж оруулаарай мэдлэгээсээ хуваалцаж байгаад их баярлаж байна. Ажил гэсээр яваад ганц сонирхдог зүйлээсээ нилээн хөндийрсөн байна.

Ganaa said...

баярлалаа сайхан материал нийтлэж, мэдлэгээсээ харамгүй түмэнтэй хуваалцаж байдагт тань дахин баярлаж байна, таны амьдрал эрүүл саруул ухаан, шинэ мэдлэгээр бялхаж байх ёрөөл дэвшүүлэе

уншигч said...

танай блог ёстой үнэн зөв, сайн мэдээллүүд оруулдаг шүү. Ажлын өндөр амжилт

Post a Comment