2012/10/18

Биет (2р хэсэг)

Өмнөх – Биет

– Тэнд нэг бөөм байна.
гэж яг юу гэсэн үг вэ? Бид ер нь яаж тэнд бөөм байгааг мэддэг юм бол?

Бүр ерөөсөө, яагаад бид нар
– Тэнд нэг бөмбөг байна
гээд анзаараад байдаг юм бол?

– Нарны ч юм уу, чийдэнгийн ч юм уу гэрэл бөмбөгөн дээр очиж ойгоод, тэр нь хүний нүд ч юм уу, sensor багажинд хүрэхээр бид бөмбөг байгааг мэдэрдэг.

Хэрвээ гэрэл нь бөмбөгтэй мөргөлдсөн ч буцаж ойлгүй тэр чигтээ цаашаа явдаг бол, тэр бөмбөг нэг ёсондоо invisible (үл үзэгдэгч) бөмбөг болох тул хэнд ч анзаарагдахгүй.

Гараараа барьж мэдрэх ч адилхан. Гарны эд эсүүд бөмбөгтэй мөргөлдөж ойдог учраас л, бөмбөг байгааг мэдэрч, бас барьж чаддаг.

Тэгэхээр базаад хэлбэл бид юмсыг үнэхээр байгаагаар нь хардаг бус
– Гэрлийг буцааж ойлгож байгаа тэр шинж чанарыг мэдэрдэг төдий л юм.

Жишээлбэл нэг ийм юм төсөөлж үзье.

Ширхэг гэрэл байхгүй харанхуйд, нэг цохиур барьсан одой хүн байж байг. Тэгээд тийшээ гэрэл тусгангуут нөгөө одой чинь ирсэн гэрлийг байдаг чадлаараа цохиураараа тас тас цохиод хариулаад байлаа гэе.

Цохигдсон гэрлүүд нь нүд болон багажинд очих үед, гэрлийг цохиод байгаа яг тэр цэг гэрэлтэж харагдах тул, бид нар
– Алив? тэнд нэг бөөм байна.
гэх юм.

Яг үнэндээ бол бид ямар нэгэн бөөм хараагүй шүү дээ. Бид зүгээр л
– Гэрэл буцаж ойж байгаа
тэр шинж чанарыг л анзаарсан. Тэгээд тэр шинж чанартаа "БӨӨМ" гэж нэр өгч, тэр нь явсаар байгаад сүүлдээ "БӨӨМ бол биет" болж орхисон хэрэг.

Хэрэвзээ хэзээ нэгэн цагт нөгөө одой чинь
– Ер нь ахиж гэрлүүдийг буцааж цохихоо болилоо. Залхуу хүрчлээ (нөгөө шинж нь чанар нь алга болох)
гэвэл, гэрэл буцаж ойлгүй тэр чигтээ явж, үнэндээ тэнд одой хүн байсаар атал, бид бүхэн
– Тэнд юу ч алга
гэж дүгнэхээс өөр аргагүйд хүрнэ.
Эсвэл одой хүний оронд шал өөр хэн нэгэн хүрч ирээд, нөгөө одойтой яг адилханаар гэрлийг буцааж цохиод эхэлбэл, үнэндээ одой хүн өөрчлөгдчихөөд байхад
– Саяынхтай адилхан бөөм байна
гэж дүгнэх биз.

Бид хэзээ ч бодит биетийг анзаарч, мэдэрч, хардаггүй. Бид бүхэн зүгээр л
– Тэнд бөөм гэж бодогдохуйц (бөөмлөг) шинж
байдаг учраас
– Тэнд бөөм байна
гэж боддог төдий л юм.

Тэгэхээр бидний жинхэнэ тавих ёстой асуулт бол
Бидэнд бөөм байна гэж бодогдохуйц тэр бөөмлөг шинжийг үүсгээд байгаа ямар нэгэн тэр зүйл гэдэг яг юу юм бол?

Тийм байтал
– Тэнд яагаад бөмбөг байгаа юм бэ?
– Аан тэр үү? тэр чинь олон бөөмнүүдийн нийлмэлээс тогтсон зүйл юмаа
гэж хариулах нь, нэг ёсондоо
Бөмбөг бол бөмбөгнөөс тогтсон зүйл юмаа
гэж байгаатай утга ижил, агуулга байхгүй хэллэг болох тул, юуг ч тайлбарлаагүйтэй ижил гэхэд болно.

No comments:

Post a Comment