2024/04/01

МӨХӨЛ ДҮҮРЭН ХҮНИЙ ТҮҮХ (2-р хэсэг)


  • Хүн төрөлхтөн ба шимпанзе төрөлтний ялгаа


Хүн төрөлхтөн шимпанзе төрөлтнөөс ойролцоогоор 7 сая жилийн өмнөөс салаалж, өөр өөрийн хувьслын замаар замнаж эхэлжээ. Энэ 7 сая жилийн хугацаанд янз бүрийн онцлогууд хувьсаж, өнөөгийн хүн бид төрөн гарсан юм. Тухайлбал тархи томорч ирсэн нь хүний хувьслын түүхийн сүүлийн хагаст тохиосон буюу ойролцоогоор 2.5 сая жилийн өмнөх яриа.

Тэгвэл шимпанзе төрөлтнөөс салаалсан хүний удмын модонд хамгийн анх хувьссан онцлог юу байсан бэ?

Чулуужсан үлдэгдлээс харвал анх хувьссан хүний онцлог хоёр бий. Нэг нь босоо алхдаг болсон, нөгөө нь соёо жижгэрсэн. Энэ бол нэн тодотгууштай чухал онцлог юм. Учир нь энэ хоёр онцлог хүн ба шимпанзегийн мөн чанарлаг ялгаа болохоор тэр. Тонгоруулж хэлбэл, бид шимпанзегаас өрх тусгаарлан салсан шалтгаан энэ хоёр онцлогоор тайлбарлагдах учиртай.

Эхлээд босоо алхааны талаар харъя. Андуурч эндүүрэх вий. Босоо алхана гэдэг нь хоёр хөлөөрөө алхахын нэр биш шүү. Хоёр хөлөөрөө алхахыг тахиа ч чадна, имж ч чадна, алагдаахай ч чадна. Харин алхахад биеийн үндсэн шугам босоо байдаг, зогсоход толгой нь яг хөлөн дээрээ байрладаг амьтан хүнээс өөр байдаггүй.

Гээд босоо алхана гэдэг тийм ч таатай зүйл биш, амьд явахад төдийлөн ашиггүй шинж ч байж мэдэх юм. Хэрвээ ашигтай байсан бол олон янзын амьтдын удмын мод босоо алхаа тийш хувьсаж болох л байсан шүү дээ. Нисэх чадвар л гэхэд шавж, үлэг гүрвэл, шувуу, сарьсан багваахай гээд олон тооны удмын модноос хувьсаж гарч ирсэн. Гэтэл нүд харанхуйлам уртаас урт хувьслын түүхийг гүйлгэн харвал хүнээс өөр босоо алхдаг амьтан төрсөн нь үгүй. Тэрүүхэндээ оньсого мэт санагдах авч хүнээс өөр босоо алхдаг амьтан үгүй юм.

Германы Штадел агуйнаас олдсон “Арслан хүн” нэрт сийлбэр бий. 30 см хэрийн өндөртэй, ойролцоогоор 32,000 жилийн өмнөх эд гэж үздэг. Энэ сийлбэрийн толгой нь арслан, бие нь хүн хэмээх тал хүн, тал араатан зохиомжтой. Уг олдворыг хүн бодитоор оршин байдаггүй оршихуйг төсөөлөх чадвартай болсныг илтгэх хамгийн эртний баримтын нэг гэж үздэг. Энэ сийлбэрийн толгой хэнд ч арслан гэж харагдах авч хүзүүнээс доошхи хэсэг нь жаахан болхи хийцтэй, хэлбэр талаасаа ямар амьтан болох нь тийм ч тодорхой биш. Гэхдээ л бид харсан даруйдаа шууд хүний бие гээд таньж чадна. Учир нь энэ сийлбэр хоёр хөл дээрээ босоо зогссон хэлбэртэй. Өөрөөр хэлбэл үндсэн биеийн байдал нь босоо алхагчийнх болохоор тэр. Хүнээс өөр босоо алхдаг амьтан үгүй тул эсрэгээрээ ямар ч амьтныг босоо алхагч болгон дүрсэлбэл толгой нүүр ямар байхаас үл хамааран хүн шиг харагддаг билээ.



  • Босоо алхдаг хүн дүрст мич байсан гэв үү?


Хүнээс өөр босоо алхдаг амьтан байхгүй гэж өгүүлснийх, шударга байдлыг бодолцож эсрэг саналын талаар ч дурдаад орхиё. Юу гэвэл ойролцоогоор 9 ~ 7 сая жилийн өмнөх малтмал гэгддэг Ореопитекусын тухай. Тухайн үед газар дундын тэнгисийн арлууд байсан Италийн Тоскана хавиар нутаглаж байсан Ореопитекус нь босоо алхдаг байсан байх магадлалтай гэдэг.

Үүн дээр бидний араг ясыг сөхөж харцгаая. Хүн бид сээр нуруутны хүрээнд харьяалагддаг тул сээр нуруутай. Босоо алхдаг тул сээр нуруу нь дээрээс доошоо сунасан хэлбэртэй. Тэгээд сээр нурууных нь оройд гавлын яс нь тохоотой байдаг. Энэхүү гавлын яс нь доод талдаа том нүхтэй. Түүнийг дагзны том нүх гэдэг ба гавлыг сээр нуруутай холбож, түүгээр нугас хэмээх мэдрэлийн бүтэц гүйдэг.

Хүн бид дөрвөн хөллөвөл нүүр маань газар руу чиглэсэн байрлалтай болно. Тэр нь дагзны том нүх гавлын ясны бараг төв хэсэгт (буюу эгц доор) онгойсон байдагтай холбоотой. Тиймээс дөрвөн хөллөсөн чигтээ урагш харъя гэвэл хүчээр толгойгоо өргөх шаардлагатай болно. Тийм байдалтай удаан явбал дороо ядрах биз. Ийм шалтгаанаар дөрвөн хөлт амьтдын энэхүү дагзны том нүх гавлын ясных нь ар хавьд онгойсон байдаг. Гавал нь нүүрний эгц араас биетэй залгагдсан байвал урагшаа харахад ямар ч зовлонгүй шүү дээ.

Шимпанзе болон гориллагийн дагзны том нүх ч бас гавлын ясны ар хавьд байрладаг. Бүр яг ар дагзан дээр биш ч гэлээ хүнтэй харьцуулахад нэлээд ар талдаа. Энэ нь шимпанзе ба гориллаг үндсэндээ дөрвөн хөлт амьтан болохыг илтгэнэ. Үе үе босож ирдэг ч хүн шиг төгс босоо болж чадахгүй, хол замыг хоёр хөлөөрөө туулж бүр ч чадахгүй. Ямар ч байсан л дөрвөн хөллөдөг амьтад юм.

Иймэрхүү байдлаар гавлын ясан дахь дагзны том нүхийг судалснаар босоо алхдаг уу, дөрвөн хөллөдөг үү гэдгийг тааварлаж болдог. Харин Ореопитекусын дагзны том нүх гавлынх нь доор онгойсон байсан юм. Түүнээс гадна аарцаг, дунд чөмөг (гуяны яс), хүзүү зэрэг нь ч бас хүнийхтэй төстэй байсныг босоо алхдагийн нотолгоо гэж үздэг. Ингээд ерөнхийлөн дүгнэхдээ, Ореопидекус нь хүн ба хүн дүрст мичнүүдийн дундын хувилбараар алхдаг буюу төгс бус босоо алхаатай амьтан байжээ гэх санал гарчээ.

Ореопидекус босоо алхаж эхэлсэн нь арал дээр амьдарч байсантай холбоотой гэх аргумент бий. Том биетэй махчин араатангүй арал дээр хэрэг болгож мод руу зугтах шаардлага гэж байхгүй. Тиймээс газар бууж, босоо алхаж эхэлсэн юм гэнэ. Босоо алхах нь явдал талаасаа энергийн хувьд хэмнэлттэйн дээр модны мөчрөөс жимс гараараа түүхэд эвтэйхэн.

Гэвч нөгөө талаар Ореопидекусын гар, хөлийн онцлог нь модон дээрх амьдралд зохицсон байсан нь харагддаг. Тиймээс Ореопидекусэд босоо алхагчийн онцлог ажиглагддаг нь модны мөчрөөс зүүгдэх үедээ босоо биеийн байдалтай болдог байсных гэсэн санал ч бий. Үнэндээ босоо алхдаггүй байсаан гэж буй хэрэг.

Харамсалтай нь эцсийн зөв хариулт аль нь болох нь одоо ч тодорхойгүй хэвээр. Гэлээ гээд хэрэв зээ Ореопидекус нь босоо алхдаг юм уу түүнтэй төстэй хэлбэрээр алхдаг байсан нь үнэн байлаа ч тэр бол хувьслын түүхэн дэх хормын төдий үзэгдлээс хэтрэхгүй. Түүний арал эх газартай холбогдож, том биетэй махчин араатнуудтай учирснаар тэр дороо мөхсөн байх магадлалтай. Тэд үр удмаа үлдээж чадалгүй мөхөж алга болсон. Италийн нэг хэсэгт босоо алхаа хувьсан гарч ирсэн байлаа ч учрал тохиол нь хангалттай бүрдэхгүй л бол босоо алхаа гээч юм удаан үргэлжилдэггүй эмзэг шинж бололтой ажээ.


  • “East side story” бол эндүүрэл


Тийм гэвэл яагаад тэр хувьсахдаа маруухан босоо алхаа гээч нь явж явж хүн бидэн дээр хувьсаж чадсан юм бол оо? Босоо алхаа яагаад хувьссан бэ гэх энэ асуулт хүн төрөлхтний хувьсал дахь хамгийн том оньсого бөгөөд олон ч таамаг тайлбарууд байдаг. Тэр дунд “East Side Story” нэрт нэгэн алдартай тайлбар байсан ба өнөөдөр тэр тайлбар нэгэнт бүрэн няцаагджээ. Уг санааг 1982 онд анх дэвшүүлсэн Францын хүн судлаач Ив Коппен ч (1934 ~ 2022) бас аль хэдийнэ түүнээсээ татгалзсан бий. Нэгэнт түүх болж хоцорсон ч санаа авууштай агуулга дотор нь бий тул юутай ч хөнгөхөн танилцуулаад орхиё.


Африк тивийн зүүн хэсэгт өмнөөс умар тийш 6,000 км гаруй урттай нэгэн ан цав бий. Энэ ангархайг “Их цавын хөндий” гэж нэрлэдэг ба жилийн хэдэн миллиметрийн хурдаар одоо ч тэлж буй. Тиймээс холын ирээдүйд африк тив эндээс хоёр хэсэг болон задарна гэж үздэг. Энэхүү Их цавын хөндийн төв хэсэг нь хотгор хөндий хэлбэртэй ба хоёр талаараа өндөр уул нуруудаар хүрээлэгддэг (дашрамд хэлэхэд, энэ хүртлээ бол үнэн).

Их цавын хөндийн хөдөлгөөн идэвхжиж боссоор 8 сая жилийн өмнөөс өндөр уул нурууд бий болжээ. Тэр уул нуруудаас болж хүн дүрст мичнүүдийн тархац нутаг Их цавын хөндийгөөр өрнө, дорно болж хуваагдав. Тэгээд Атлантын далайн усны уурыг агуулсан өрнө зүгийн салхи африк тивийг хөндлөн гулд дайрч, Их цавын хөндийн уулстай мөргөлдөж, өрнө талдаа их хэмжээний бороо ордог болов. Харин дорно талдаа усны уур бүхий агаар уулсыг давж очиж чадахгүйгээс хуурайшилт нүүрлэсэн аж.

Их цавын хөндийн өрнө талын өтгөн ой шугуйд хүн дүрст мичнүүд модон дээрх амьдралаа үргэлжлүүлж чадсан ба тэдгээр нь шимпанзе, горилла тийш хувьсаад явав. Харин дорно талд хуурайшилтаас болж ой модод цөөрч, өвсөн тал цэлийв. Тийнхүү модноос бууж, хээр талд амьдарч эхэлсэн хүн дүрст мичнүүд босоо алхдаг болж, явсаар хүн болон хувьсчээ.


Энэ бол East Side Story-гийн үндсэн сценарь юм. Хожим нь кино ч болсон Бродвейн алдарт мюзикл “East Side Story”-той ижил нэртэйдээ ч тэр үү, тухайн үедээ энэ санаа тун ч хурдан түгсэн. Даанч Их цавын хөндийн өрнө талд буюу африкийн төв хэсэгт байрлах Чад улсаас Сахелантропус чаденсисын малтмал олдсоноор энэ тайлбар нуран унасан юм.

Сахелантропус чаденсис бол өнөөгийн байдлаар олдоод буй хамгийн эртний хүн төрөлхтний чулуужсан үлдэгдэл. Түүний насыг ойролцоогоор 7 сая жилээр баримжаалдаг тул хүн төрөлхтний төрсөн нутаг Их цавын хөндийн East side биш болж таарсан хэрэг. Дээр нь Сахелантропус чаденсис хээр талд гэхээсээ тэрүүхэндээ модтой тачир ойд амьдарч байсан бололтой байдаг. Тийнхүү “Хээр талд амьдарч эхэлснээр босоо алхдаг болж хувьссан” гэх сценари бүхэлдээ хүчингүй болсон гэдэг.



No comments:

Post a Comment