2021/10/10

Маркс - Капитал 3

Өмнөх: Маркс - Капитал 2

II бүлэг: Яагаад ажлын стресс багасахгүй байна вэ?


Капитал гэдэг бол “хөдөлгөөн” юм

Өмнөх бүлэгт капитализм ба түүнээс бусад нийгмийн ялгааг “товар” гэдэг тэнхлэгийн дагуу эргэцүүлэн харцгаасан. Капитализмаас бусад нийгэмд зарим нэгхээн зүйлсийг “товар” хэлбэрээр солилцох явдал байсан ч голчлон аж амьдрал дахь хэрэгцээ буюу “хэрэглээний үнэ цэн”-д тулгуурлан аливааг бүтээдэг байсан.

Тэгтэл капитализмд бүхий л баялаг ー ус, ой, цэцэрлэгт хүрээлэн, номын сан гэх мэт дундын өмчүүд хүртэл ー товарчлагдаж, мөнгө л байхгүй бол юунд ч хүрэх боломжгүй болно. Тиймээс мөнгө олохын төлөөнөө товар зарахаар зах зээл гээчтэй зууралдахаас өөр замгүй. Тэгсэний үр дүнд эсрэгээрээ юмс хүнийг удирдан дүүгүүрддэг болон хувирна.

Үүний цаад дэвсгэр шалтгааныг Маркс тайлбарлахдаа “Юуны төлөө ямар зүйл хийх вэ?” гэсэн үйлдвэрлэлийн зорилгын ялгааг гаргаж тавьсан. Капитализмд бол хүмүүст юу шаардлагатай вэ гэдэг нь дэдийн дэд асуудал. Зах зээлийн нийгэмд мөнгөтэй нь давуу байр суурьтай. Тиймээс товарын “хэрэглээний үнэ цэн” бус гагцхүү “үнэ цэн” л үйлдвэрлэлийн зорилго болж, “шаардлагатай юу үгүй юү” гэхээс илүүтэй “борлогдох уу үгүй юү” гэдгийг харж юм хийдэг болон хувирна (өнгөц бодоход “шаардлагатай байснаар л борлогдоно биз дээ?” гэж санагдаж магадгүй байх, гэвч үнэндээ заавал тийм байх албагүй. Наад захын жишээ гэвэл хэрэглээний үнэ цэнгүй, хэний ч амьдралд шаардагдаж үгүйлэгдээгүй дижитал коинууд асар их мөнгө эргэлдсэн зах зээлийг үүсгэж байхад, дэргэд нь хавьгүй хэрэглээ шаардлага өндөртэй хотын ногоон байгууламжууд, хүүхдийн тоглоомын талбай хангалттай бүтээгдэхгүй байгааг харьцуулан дүгнэж болно).

Ингэж капиталист нийгэмд эцэс төгсгөлгүй үнэ цэнийн өсөлтийн хойноос улайрсан өрсөлдөөн өдөр тутам өрнөнө. Үнэ цэн өсгөхийн төлөөх төгсгөл үгүй тоглоом, энэ бол капитализм юм. Мэдээж үүний золиосонд хэлмэгдэх нь ажилчид болон байгаль орчин. Гэхдээ энэ асуудлын уг учрыг олохын тулд “товар” болон “мөнгө”-ний талаар анализ хийхэд л хангалттай юу гэвэл үгүй. Гарцаа байхгүй “капитал” гээчийг шинжин судлах шаардлагатай юм.

Тэгвэл ерөөс “капитал” гэж юу юм бэ? Ингэж асуувал, овоо хэмжээний мөнгө ч юм уу, өндөр үнэтэй эд зүйл мэтийн юм төсөөлж буй хүмүүс лавтайяа олон болов уу.

Харин Маркс тэс өөр өнцгөөс капиталыг төсөөлөн тодорхойлж байж. Түүнийхээр бол капитал бол “мөнгө” биш, үйлдвэр болон машин техник эсвэл товар мэтийн “эд зүйл” ч биш. Тэрээр капиталыг “хөдөлгөөн” хэмээн тодорхойлсон байна.

Ямар хөдөлгөөн бэ гэхээр тасралтгүй үнэ цэн өсгөнгөө бие даан үржээд явдаг хөдөлгөөн юм гэнэ (энэ тодорхойлолтоор бол амьны орон сууц, хөл дүүжлэх унаа, удам дамжсан хөөрөг мэт нь капитал биш). Энэ хөдөлгөөнийг 「G → W → G’」 (гэ → вэ → гэ) гэсэн томьёогоор илэрхийлж, Маркс үүнийгээ “капиталын үндсэн томьёо” хэмээн нэрлэсэн байдаг. Энд “G” нь герман хэлээр мөнгө буюу Geld, “W” нь бараа буюу Ware гэх үгийн эхний үсгүүд.

“Хэрэглээний үнэ цэн”-ийн төлөө хөдөлмөрлөдөг нийгэмд гуталчин гутал хийгээд зарж, зараад олсон мөнгөөрөө жишээ нь талх худалдаж авна. Талхаа идээд дуусвал тэгээд юу ч үлдэхгүй. Томьёолж хэлбэл 「W → G → W」 буюу 「бараа → мөнгө → бараа」 гэсэн урсгалтай.

Тэгтэл капитализмд бол өөрт байх мөнгөөр гутал хийгээд зарж, зараад олсон мөнгөөрөө дахиад гутал хийнэ. Тэр нь зарагдвал дахиад зарагдчихаар гутал үйлдвэрлэхэд олсон мөнгөө оруулна. 「G’」 гэдэг нь анх байсан 「G (мөнгө)」 дээр ашиг нэмэгдсэн төлөвийг илэрхийлж буй юм. 「G → W → G’」 хөдөлгөөнийг зогсоо зайгүй үргэлжлүүлж, мөнгө хурааж, ашгаа улам бүр томруулаад явах. Ашиг л олж байвал гутал нь байна уу талх нь байна уу хамаагүй. Хэрэглээний үнэ цэн мэт нь сурталчилгааны үзүүлэн төдий дайвар хэмжээнд л чухалчлагдана. Товчхондоо бол капитал гэдэг нь мөнгөө эргэлдүүлж ашиг олох хөдөлгөөн бөгөөд тэр хөдөлгөөнийг зогсоо зайгүй үргэлжлүүлдэг нь “капитализм” юм.


Хөрөнгөтөн ашгийн хойноос явахаа зогсоож болохгүй шалтгаан

Ашиг олохын төлөөх гол хэмжүүр бол эд зүйлсийн “хэрэглээний үнэ цэн” бус “үнэ цэн”. 「G → W → G’」-ийн хувьд үнэ цэн өсөхийн хэрээр түүний хүч томорч, явсаар бие даасан “эзэн бие” болон хувирч, улам бүр хүмүүсийг дүүгүүрдэж гарна.


「G → W → G」 хөдөлгөөний хувьд товар болон мөнгөний аль аль нь ердөө л үнэ цэнийг тээгч төлөвийн үүрэг гүйцэтгэдэг төдий. Үнэ цэн энэ хөдөлгөөний туршид алдагдах явдалгүйгээр нэг төлөвөөс нөгөө төлөвт хувиран шилжиж, тэр процесс нь бүхэлдээ нэгэн автоматжисан эзэн бие болон хувилна. Энд үнэ цэн процессийн эзэн бие бөгөөд уг процессийн туршид мөнгө болон товарт ээлжлэн хувирсаар өөрийн хэмжээгээ ихэсгэж, үндсэн үнэ цэн болох өөрөөсөө цөмрөн гарч илүүдэл үнэ цэн гэх төрхийг олоод бие даан үржих болно. (168 ~ 169)


Мөнгө болон товар нь хэлбээс “үнэ цэн”-ийн зуурдын хувирсан төрх юм. Ээлж дараалан өөрийн төрхөө хувиргасаар өөрийгөө сүлбэн үрждэг нь “үнэ цэн” гээч зүйл бөгөөд үнэ цэн өөрөө эзэн бие болж, хөдөлгөөн нь “автоматжаад” явна хэмээн Маркс энд онцлосон байна.

Автоматжисан капиталын хөдөлгөөн нийгмийг бүхэлд нь бүрхээд ирэхээр хүн ч байгаль ч тэр хөдөлгөөнд дагалдан орж, туслах дүрд шилжин зэрэг уруудна. Эцэс төгсгөлгүй үнэ цэнийг өсгөж капиталыг хуримтлуулах хөдөлгөөнд сорогдон өртөж, хүн ч байгаль ч түүний араа шүд болон хувирна. Ингэж “хүн ба байгалийн материйн метаболизм” аймшигтайгаар гажуудна.

Байгалийн гажуудлын талаар 4-р бүлэгт тухайлан авч үзэхээр тогтоод, энэ бүлэгт хүн дээр төвлөрөн харцгаая. Өмнөх бүлэгт “товар” хүнийг дүүгүүрддэг тухай өгүүлсэн боловч, капиталын хөдөлгөөн түүнээс ч илүү гүн углуургаар хүнийг хүчгүйдүүлж, дүүгүүрдэн удирдах болно.

Жишээ нь, гутал үйлдвэрлэлээр амжилт олж 2 тэрбум төгрөгтэй болсон хөрөнгөтөн түүнийгээ 3 тэрбум болгохыг хүсэж, 3 тэрбумд хүрвэл 4 тэрбум болгохыг хүснэ. 4 тэрбумд хүрлээ ч улам даварч, насаараа идэж барахааргүй болтлоо хураагаад ч “ахиад” гэсээр л байх болно. “Тийм болохоороо капиталын хөдөлгөөнд хязгаар гэж үгүй” (167) хэмээн Маркс хэлсэн учиртай. Амазон компанийн эзэн Безосын тасралтгүй үржиж буй хөрөнгийг бодоод үз.

Яагаад тэгж зогсолтгүй үржээд байдгийн тухайд, Маркс үүнийг хөрөнгөтөн гэх хүний төрөл зүйл мөнгөнд сүнсээ худалдчихдаг гэхээсээ илүүтэйгээр тэр нь өөрөө капитализмд дөнгөлүүлсэн хүний “мултрашгүй хувь тавилан” болохоор тэр юм гэж хэлнэ. Нэг ёсондоо энэ бол хөрөнгөтөн өөрийн хүсэл шуналаа хазаарлаж, муу сэтгэлээ засаад, олсон ашгаараа ажилчдынхаа цалинг нэмэхэд л шийдэгдчих түвшний асуудал биш юм.

Зах зээл дээр байнгын өрсөлдөөн оволзоостой. Ашгийн хойноос хөөцөлдөж, цар хүрээгээ тэлээд явахгүй л бол бусад компаниудтай хийх өрсөлдөөнд ялагдан арчигдаж, ажилчдынхаа цалинг тавихтай манатай болно. Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд бүтээмжийг өндөрсгөж, зардлыг танаж, өрсөлдөх чадвараа дээшлүүлээд ашиг олохгүй л бол болохгүй.

Нэг ёсондоо зөвхөн ажилчид бус хөрөнгөтөн ч бас үнэ цэн өсгөх автоматжисан хөдөлгөөний араа шүдний нэг хэсгээс өөр юу ч биш гэсэн үг. Хөрөнгөтнүүд хөрөнгөтөн чигээрээ цааш явъя л гэвэл капиталын автомат хөдөлгөөнд захирагдахаас өөр сонголтгүй. Харин ажилчид тэрхүү сонголтгүй хөрөнгөтөнд захирагдахаас өөр сонголтгүй юм.



“Үйлдвэрлэл” хэмээх нууцлаг газар

Ажилчдад тулгагдсан ухаж ойлгохын эцэсгүй нөхцөл байдал, хөрөнгөтнүүдээс дэгдэх хөдөлмөрийн ноцтой асуудлууд руу орохын өмнө, юун түрүүнд хөрөнгөтнүүд хэрхэн яаж үнэ цэнийг үржүүлж, хөрөнгө хуримтлуулдаг талаарх үндсэн механизмыг хөнгөн тайлбарлаад орхиё.

Өмнө өгүүлсэн үндсэн томьёо 「G → W → G’」-ийн илэрхийлж буйчлан өөрт байгаа хөрөнгөө гудсан доороо нуугаад үнэ цэн нэмэгдэхгүй нь тодорхой. Тэр мөнгөө ашиглаад зогсоо зайгүй “борлогдчихоор” товар хийж зарахгүй л бол болохгүй. Үнэ цэн бол “үйлдвэрлэл хэмээх нууцлаг газар”-т (189) үүсдэг юм гэж Маркс хэлжээ.

Юу гэсэн үг болохыг ойлгомжтойгоор хялбарчлан тайлбарлая.

Жишээ нь нэг ажилчин өдрийн 100,000₮-өөр ажилладаг гэе. Хөрөнгөтөн түүнийг 1 өдөр ажиллуулаад 100,000₮ өгнө. Тэр өдрийн хөдөлмөрөөр бий болсон барааны үнэ цэн 160,000₮ болсон гэвэл ажилчны цалинг хасаад 60,000₮ нь хөрөнгөтний ашиг болж үлдэнэ. Ажилчны өнцгөөс харвал 60,000₮-өө хөрөнгөтөнд шулуулжээ гэсэн үг. Үүнийг Маркс “Илүүдэл үнэ цэн” гэж нэрлэсэн ба энэхүү илүүдэл үнэ цэнээр дамжин капитал үрждэг юм гэнэ.

Энэ бол “60,000₮-ийн ашиг арай дэндэнэ ээ, 40,000₮ болго!” маягийн асуудал биш. Хамгийн гол нь ажилчин өөрийн “ажиллах хүч”-ээ зараад олох мөнгөнөөс их үнэ цэнийг өөрийн хөдөлмөрөөр бүтээж буй гэх тэр факт юм. Гэвч тэгэхгүй л бол түүний ажиллах хүчийг хөрөнгөтөн худалдаж авахгүй.

Дээрх жишээг капиталын үндсэн томьёонд орлуулбал, хөрөнгөтөн 100,000₮ (G)-өөр “1 өдрийн ажиллах хүч” гэх бараа худалдаж аваад, гутал (W) үйлдвэрлэж, түүнийгээ зараад 160,000₮ (G’) оллоо гэсэн үг.

Үүнийхээ 100,000₮-өөр маргааш нь ахиж ажил хийлгээд, ахин 160,000₮ олбол анх 100,000₮ байсан 「G」 нь 2 өдрийн илүүдэл үнэ цэн болох 120,000₮-өөр нэмэгдэж, 220,000₮ болно. Тэгмэгц дараа өдөр нь 2 ажилчин хөлслөх боломжтой болно. Чингүүт 1 өдөрт олох илүүдэл үнэ цэн ч 2 дахин болно. Тэгээд энэхүү үнэ цэнээр үнэ цэн төрүүлэх хөдөлгөөнийг давтан давтсаар капитал улам бүр үржээд явах болно.


Үнэ цэн гээч юм үнэ цэн байснаараа үнэ цэнийг төрүүлнэ гэх нууцлаг увдисыг өөрийн болгов. Тэндээс амьд хүүхэд биш юм гэхэд үгүй ядаж л алтан өндөг төрөн гарна. (169)


Хүний хөдөлмөрөөр дамжин өөрийгөө үржүүлэх процесс хэнээр ч зогсоогдохгүй. Тийнхүү хүн удирдаж үл чадах үнэ цэнийн “нууцлаг увдис” ажилчдыг шахаанд оруулаад явна.


“Хөдөлмөрлөх хүч” ба “хөдөлмөр”-ийн ялгаа

Ажилчин бүтээснээс үл хамааран, 60,000₮-ний илүүдэл үнэ цэн бол хөрөнгөтний мэдлийнх. Гэвч энэхүү байж боломгүй мөлжлөг капиталист нийгэмд мэдээжийн мэтээр зөвтгөгдөнө. Тэр шалтгааныг Маркс “хөдөлмөрлөх хүч” ба “хөдөлмөр” хоёрын ялгаагаар тайлбарласан байдаг.

“Хөдөлмөрлөх хүч” (буюу сая өгүүлсэн ажиллах хүч) гэдэг бол ажил хийх чадварыг хэлж буй. Ажилчин ба хөрөнгөтний хооронд эн тэнцүү солилцож буй нь энэхүү “хөдөлмөрлөх хүч” юм. 100,000₮ гэх өдрийн хөлс бол хөдөлмөрлөх хүч хэмээх барааны 1 өдрийн үнэ цэнд тохирсон үнэ.

Гэвч ажилчин өөрийн хөдөлмөрлөх хүчээ “өдрийн 100,000₮-өөр зарна” гэж шийдсэн тэр мөчид, эсвэл хөрөнгөтөн түүнийг худалдаж авахаар шийдсэн тэр мөчид хараахан “хөдөлмөр” явагдаагүй. Хөрөнгөтөн ажилчнаас худалдаж авсан “хөдөлмөрлөх хүч” нэртэй барааг бодитоор ашигласнаар (буюу ажилчныг ажиллуулснаар) сая “хөдөлмөр” үүснэ. 160,000₮ гэх шинэ үнэ цэн төрүүлж буй нь чухам энэ “хөдөлмөр” юм.

Энд чухал нь, хөрөнгөтөн “хөдөлмөрөөс бий болж буй үнэ цэн”-ийг ажилчнаас худалдаж авсан бус “хөдөлмөрлөх хүч гэдэг барааны үнэ”-ийг л төлсөн.

Дээр нь өдрийн 100,000₮ гэх хөдөлмөрлөх хүч нэгэнт хөрөнгөтний мэдэлд шилжсэн учир түүнийгээ хэрхэн ашиглах нь хөрөнгөтний мэдэх асуудал. Туйлшраад хэлбэл, огт ашиглалгүйгээр 100,000₮-өө үрсэн ч болно, 8 цаг ажиллуулаад 160,000₮-ний үнэ цэн өөртөө олсон ч болно. Нэг ёсондоо, хөдөлмөрлөх хүчээ нэг л зарчих юм бол тэр хугацаанд уг хүчийг ашиглах эрхийг эзэмшигч нь ч, ашигласнаар бий болох илүүдэл үнэ цэнийг хүртэх нь ч хэзээд ажилчин бус хөрөнгөтөн байна.


Илүү цагийн хөдөлмөр эрхлэлт хавтгайрах механизм

Сая өгүүлэн буй жишээн дэх ажилчин 1 цагийн хөдөлмөрөөр 20,000₮-ний үнэ цэн бүтээж байна. Түүнийг өдрийн 100,000₮-өөр хөлслөж, хөдөлмөрлөх хүчийг нь 5-хан цаг ашиглахад 100,000₮ олж зардлаа нөхчихнө.

Харин 5 цагаас илүү гарсан хөдөлмөр бүгд илүүдэл үнэ цэн болж хөрөнгөтөнд очно. 8 цаг ажиллуулбал 160,000₮-ийн үнэ цэн бий болж, 60,000₮-ийн илүүдэл үнэ цэнийг өөрийн болгоно. Тэгтэл хэрвээ “Үнэ цэнийг улам нэмэгдүүлмээр байна” гэвэл яах вэ? Жишээ нь та байсан бол яах байсан бэ?

Хамгийн хялбар арга гэвэл 1 өдөрт ажиллах цагийг ихэсгэхэд л болно шүү дээ. Жишээ нь 10 цаг ажиллуулбал илүүдэл үнэ цэн 40,000₮-өөр нэмэгдэж, 12 цаг ажиллуулбал бүр 80,000₮-өөр нэмэгдэнэ.

Ажилчинд төлөх өдрийн хөлс 100,000₮ хэвээрээ учир хөрөнгөтний хувьд ижил зардал гаргаад ашгаа 80,000₮-өөр нэмэгдүүлчихэж буй хэрэг болно. Ердөө ажлын цагийг уртасгаад ямар ч зовлонгүйгээр өөрийн болгох нэмэлт илүүдэл үнэ цэнийг Маркс “Абсолют илүүдэл үнэ цэн” хэмээн нэрлэж, ажлын цагийг сунгах нь абсолют илүүдэл үнэ цэнийг үйлдвэрлэж байна хэмээн онцолсон байдаг.

Хөрөнгөтөн аль болох их ашиг олохыг зорино. Түүний төлөө чадах хэрээрээ илүүдэл үнэ цэн төрүүлэхийг хүснэ. Тэгтэл үнэ цэнийг ийм хялбархан ихэсгэж болдог гэх юм бол ажлын цаг уртсаад явах нь капиталист нийгэм дэх зайлшгүй өрнөл болж таарна.


Байгалийн өдрийн хязгаарыг давж, шөнө хүртэл ажлын цагийг сунгах нь ажилчны бүлээн цусанд шунах цус сорогчийн цангаагаа тайлж ядан буй төдий явдал юм. Өдрийн 24 цагийн хөдөлмөрийг бүхлээр нь өөрийн болгох гэж тачаадах нь капиталист хэв маяг бүхий үйлдвэрлэлийн далд өдөөлт болой. (271)


Гэлээ гээд ажлын нэг өдөр улам бүр сунаад байвал мэдээж хэрэг ажилчдын талд зүсэн зүйлийн асуудлууд босож ирнэ. Чөлөөт цаг хомсдож, ядаргаа хуримтлагдаж, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг танагдаж, хобби мэт нь бүр ч лөөлөө болно. Хэт их ажиллаад эрүүл мэндээ ч сүйтгэж, эвгүйтвэл бүр амиа ч алдахийг байг гэхгүй.

Хөдөлмөрлөх хүч бол хүнд заяагдсан чадвар, уул шугамандаа нэгэн төрлийн “баялаг” юм. Хөдөлмөрлөх хүч гэх баялгаа ашиглаад үнэндээ бол амьдралаа улам баяжуулж, мөрөөдлөө биелүүлж, нийгэмд хувь нэмэр болж, ажиллаж буй хүндээ аз жаргалтай дүүрэн өрнөлтэй мэдрэмж төрүүлэхүйцээр түүнийг ашиглаж болох учиртай.

Тэгтэл капиталист нийгэмд энэхүү хөдөлмөрлөх хүч гэх “баялаг”-ийг “товар” болгон хайрцаглаж орхино. Хөрөнгөтний хувьд худалдаж авсан бараагаа ашиглахдаа ажилчны амьдралын чанар хийгээд мөрөөдөл, хүсэл тэмүүллийг нь харгалзан анхаарах нь төдийлөн чухал биш. Тэдний шүлэнгэтэн буй зүйл бол ердөө л хөдөлмөрөөс төрөн гарах үнэ цэнийн хэмжээ. Түүнийг максималчлахын төлөө хөдөлмөрийг дарангуйлан мөлжинө. Үр дүнд нь амьдрахын төлөө ажиллаж байна гэж бодсон нь ажиллахын төлөө амьдарч яваа болон сууриараа хөмөрч орхино.

“Ажилчдын бүлээн цусаар цангах цус сорогчдын” идэш болдог нь зөвхөн томчуудаар хязгаарлагдахгүй. “Капитал” бүтээлийн I ботийн VIII бүлэг “Хөдөлмөр өдөр” хэсэгт хөлсний ажилд дайчлагдан сургууль завсардсанаас болж бичиг үсэг тайлагдаагүй хүүхдүүд болон томчуудтай хамт ажиллах явцдаа архи тамхинд донтсон хүүхдүүд, зуурдаар нас нөгчих залуу ажилчдын эмгэнэлт бодит байдлыг булан тохойгүй дүрслэн өгүүлсэн байдаг.


“Эрх чөлөө” ажилчдыг буланд шахна

Амиа тавих шахан байж урт цагаар хүнд хүчир ажил хийхийг яагаад ажилчид зөвшөөрөн тэвчинэ вэ? Амармаар байвал амраад, эсвэл шуудхан хаяад явахад юу нь болдоггүй юм бол? Магадгүй зарим хүнд тэгж санагддаг ч байх. Орхиод хаяж чаддагүй шалтгааны нэг нь ажилчид “эрх чөлөөтэй” болохоор гэж Маркс хэлнэ. “Эрх чөлөөтэй болохоороо хаяад явчихаж чаддаггүй” гэж юу гэсэн үг юм бол?

Марксын үгээр бол капиталист нийгмийн ажилчид 2 давхар утгын хувьд “эрх чөлөөтэй” юм гэнэ. Нэг нь, боол шиг гинжлэгдэн албадан ажил хийдэггүй гэх утгаараа “эрх чөлөөтэй”. Феодалын эсвэл ангит нийгмээс ялгаатайгаар хэн бүхэн дуртай ажлаа хийх боломжтой.

Гэвч боолын болон феодалын ангит нийгмийн дарлалаас чөлөөлөгдсөн бид зэрэгцээд бас бүтээж үйлдвэрлэх арга замаасаа ч “чөлөөлөгдөж (free)”  орхисон. “Бүтээж үйлдвэрлэх арга замаасаа чөлөөлөгдсөн” гэдэг нь амьд явахад шаардлагатай зүйлсээ өөртөө бий болгох боломжгүй болсон байдлыг илэрхийлж буй. Энд өгүүлж буй “чөлөөлөгдсөн” гэдэг нь эрх чөлөөтэй болсон гэдэг утгаар бус түүнээсээ “хагацаж салсан”, “тийм юмгүй” гэх утга, жишээлж хэлбэл sugar free гэдэгтэй ижил утгаар хэрэглэгдэж буй юм. Мэдээж хэрэг энэ бол өмнөх бүлэгт өгүүлсэн дундын өмчийг “бүслэн хүрээлж” үгүй хийснээс үүдсэн үр дагавар.

Бүтээж үйлдвэрлэх арга замгүй болсон хүмүүсийн дийлэнх нь бие даан амьдрах боломжгүй болно. Амьд явахын тулд яаж ийгээд мөнгө олохгүй л бол болохгүй. Түүний тулд ямар нэг юм зарах шаардлагатай. Гэтэл ердийн хүнд амьдралынхаа төлөө зарж чадах юм гэвэл цор ганц буюу өөрийн хөдөлмөрлөх хүч л бий.

Капиталист нийгмийн ажилчид боолоос ялгаатай нь өөрийн хөдөлмөрлөх хүчээ “чөлөөтэйгээр” зарах боломжтой. Давтан хэлэхэд бид өөрсдийн хүссэн ажилдаа орж болно. Гэхдээ эрх чөлөөтэй байх нь тэр хүртэл. Хөдөлмөрлөх хүчээ нэг л зарчих юм бол түүнээс цааш боолоос нэг их ялгарахгүй.

Энэ талаар эдийн засагч Үчида Ёшихико гуай ингэж бичсэн байдаг.


Ажилчид хөдөлмөрлөх хүчээ зохьцуулах (энд хэлж буй зохьцуулах гэдэг нь мэдэх, захирах, удирдах гэсэн утгатай) эрхтэй л байх, харин хөдөлмөрөө зохьцуулах эрх гэж түй ч байхгүй. Итгэхгүй байвал маргааш ажил дээрээ очоод юу хүссэнээ хийгээд нэг үзээрэй. Дарга чинь чамайг зохьцуулж орхино л гэж мэд. Хөдөлмөрлөх хүчээ зохьцуулах боломжоо 100% эзэмших нь хөдөлмөрөө зохьцуулах боломжоо 100% алдахын нэр юм.


“Хөдөлмөрлөх хүчээ зохьцуулах эрх” гэдэг бол өөрийн хөдөлмөрлөх хүчээ хэнд зарах вэ гэсэн сонголт хийх эрхийг хэлж буй. Энэ эрх ажилчдад хэзээд байдаг. Гэвч хэн нэгэнд зарсан тэр эгшинээс ажилчид “хөдөлмөрөө зохьцуулах эрх”, өөрөөр хэлбэл хүссэнээрээ ажиллах эрхээ 100% алдана. Зоргоороо ажиллах гэвэл халагдана гэж буй хэрэг.

Боолоос ялгаатай нь, ажилчид ба хөрөнгөтөн 2-ын харилцаа гэрээ байгуулах хүртлээ эрх чөлөөтэй бас эрх тэгш байдаг. Тиймдээ ч хүссэн компанитайгаа гэрээ байгуулах боломжтой. Харин нэг л гэрээлчих юм бол ажилчид түүнээс хойш хөрөнгөтний үүрэг даалгаврын дор ажиллахаас өөр замгүй. Хэрхэн яаж ажиллахыг шийдэх нь ч, ажиллаад бий болсон үнэ цэнийг өөрийн болгох нь ч бүгд хөрөнгөтөн байна. Хөдөлмөрийн ажлын байранд эрх тэгш гэсэн ойлголт байхгүй юм.

Тэрийг мэдэж байлаа ч бүхий л зүйлс товарчлагдсан нийгэмд амьдармаар байвал шаардлагатай зүйлсээ худалдаж ав гэсэн тулгалтанд орж, ажилчид өөрийн эрх чөлөөнөөсөө сайн дураараа татгалзахаас өөр замгүй. Тэнд үнэндээ ямар ч бодит сонголт байхгүй. Тиймээс Маркс өнөөгийн ажилчдад тулгагдан буй нөхцөл байдлыг боолын нийгэмтэй зүйрлэсэн байдаг.


Үргэлжлэл: Маркс - Капитал 4


No comments:

Post a Comment