2024/04/08

МӨХӨЛ ДҮҮРЭН ХҮНИЙ ТҮҮХ (3-р хэсэг)


  • Босоо алхахын хамгийн том дутагдал


Ингэхэд яагаад төдийг хүртэл хээр талд амьдрахын тулд босоо алхаа хувьссан гэж үздэг байсан юм бол? Өөрөөр хэлбэл, хээр талд босоо алхах нь ямар давуу талтай юм бэ?

Шууд санаанд бууж болох нь, нарны гэрэл хүлээж авах талбай багасна гэх аргумент. Зун далайн усанд сэлэхээр бидний мөр, хамар наранд түлэгдэж улайдаг. Гэхдээ мөр, хамар төдийхнөөр төгсдөг нь бид босоо алхдагийн ач юм. Хэрвээ түрүүлгээ хараад хэвтээд байвал нуруу бүхэлдээ улайж, ёстой бөөн юм болох вий.

Бидний өвөг эцгүүд ч бас ойд амьдарч байсан бол модны сүүдэрт тухлаад байж чадна. Харин хээр талд болоод ирвэл яриа тэс өөр болно. Африкийн хурц нар хайр найргүй шараад л байна. Бага ч болов халуунаас зугтъя гэвэл босоо алхаж, нарны гэрэл тусах талбайгаа багасгах хэрэгтэй. Үгүйдээ л дөрвөн хөллөөд хамаг нуруугаа наранд шаруулж явснаас дээр биз.

Толгой газраас холдох тул тэр хэрээр сэрүүцнэ гэх санал ч бий. Босоо алхвал африкийн халуун хөрснөөс ойх нарны гэрэл болон дулаан хугаслагдана гэсэн санаа. Өөр нэг санал гэвэл босоо байснаар алсыг харж чадна. Хээр талд махчин араатанд бариулахгүйн тулд дайснаа аль болох холоос олж харах шаардлагатай. Тиймээс өндийж босоод, алсыг ширтэх нь ашигтай гэж буй хэрэг.

Нээрээ л аль аль нь санадаг санаанууд. Гэвч босоо алхах нь тийм л ашигтай юм бол яагаад босоо алхдаг амьтад өнөөг хүртэл хээр талаас төрөн гарсангүй вэ? Хээр талд өчнөөн л амьтад амьдарч байхад хэд гурав нь ч болов босоо алхдаг болсон байхад гайхах юмгүй л санагдах юм. Тийм байтал тахь, үхэр гээд бүгд л дөрвөн хөллөдөг хэвээрээ. Хээр талд амьдардаг сармагчингууд хүртэл босоо алхдаггүй. Нохой сармагчин, хуссар сармагчин гээд бүгд л дөрвөн хөллөдөг. Хээр талд амьдардаг хүнээс бусад бүх амьтад ёстой л босоо алхаанаас зориуд тойрч хувьссан юм уу гэлтэй. Гээд бодвол босоо алхаанд асар том дутагдал байдгаас зайлахгүй биз.

Босоо алхааны хамгийн том дутагдал бол ойрын зайд удаан гүйдэгт бий. Жишээ нь, та уулаар алхаж явтал баавгайтай таарвал яах вэ? Хээр талд алхаж яваад ирвэстэй тулбал яах вэ? Тийм үед “Гүйгээд зугтаарай” гэж хэн ч зөвлөхгүй биз. Яагаад гэвэл яаж ч гүйгээд тэр дороо л баригдана. Бид удаан гүйдэг болохоор анхнаасаа л гүйж зугтах ямар ч бодол тээхээ больсон. Махчин амьтад дундаа явдал удаан гэгддэг арслан хүртэл олимпын аварга Усайн Болтоос хамаагүй хурдан. Үгүй ээ, тэр ч байтугай цулцайсан тарган усны үхэр хүртэл Усайн Болтоос яагаад ч дутахгүй.

Ингээд бодвол өдийг хүртэл бусад амьтдад босоо алхаа хувьсаагүйг ч ойлгон үнэмшмээр. Хэчнээн өндийж босоод холыг харлаа ч араатны нүдэнд нэг л өртвөл тэртэй тэргүй зугтаж чадахгүй. Гүйгээд гүйгээд байрандаа шахуу бариулаад идүүлчих биз. Тийм байхад босоо алхаа яаж хувьсана гэх вэ. Үнэндээ сая дурдагдсан хуссар сармагчин ч бас үе үе хоёр хөл дээрээ өндийн, араатан байхгүй эсэхийг нягталж хардаг. Гэхдээ зугтахдаа буцаад дөрвөн хөллөж байгаад хар хурдаараа давхина даа.


  • Төрөхийн хүндрэл ба босоо алхаа


Сая алсыг хардаг нь босоо алхахын нэг давуу тал гэж өгүүлсэн. Гэвч алсыг харна гэдэг бол эсрэгээрээ алсаас харагдана ч гэсэн үг мөн. Босоо алхаа дэндүү өртөмтгий. Жишээ нь, үсрээд л хэдэн 10 сантметр хэрийн өвс ургасан хээр талыг дөрвөн хөллөөд алхвал бие нэлэнхүйдээ өвсөнд халхлагдах учир араатанд өртөх нь багасна. Гэтэл босоо алхвал ташаанаас дээд хэсэг шууд л түмний бай болно. Тэгээд нэг л харагдвал хаашаа ч зугтаж амжихгүй. Өвсөн дундаас өртөмтгий дээрээ нэмээд удаан гүйдэг босоо алхаа гээч шинж маань махчдад хандаж “Алив, намайг идээрэй” гэснээс өөрцгүй шахуу маазрал юм.

Гээд бодвол босоо алхаа хээр талд бус тачир ой модонд хувьссан болохыг үнэмшиж ойлгомоор. Ямар ч модгүй газар арсланд хөөгдвөл бидэнд ямар ч аврал байхгүй. Бахардталаа хэд харайлгаад, төд удалгүй хүзүүнээсээ хазуулаад зүйл дуусна. Харин энд тэнд мод ургасан байвал арслангаас аврагдах боломжтой байж ч мэднэ. Юутай ч мод руу чиглээд гүйх хэрэгтэй. Амжиж мод руу авирч чадвал тэгээд л аврал. Урьд нь босоо алхааг хээр талд хувьссан гэж үздэг байсан бол үнэндээ модгүй орчинд хувьсах ямар ч боломжгүй юм.

Дашрамд дурдахад, босоо алхааны дутагдлаар төрөхийн хүндрэл болон ууцны өвдөлтийг ч нэрлэх нь бий. Нээрээ ч биеийн дээд хагас ууцан дээр тогтож буй юм хойно ууцанд багагүй ачаалал ирнэ. Тиймдээ ч нуруу татах, нурууны диск цүлхийхдээ амархан. Гэвч иймэрхүү зовлонд дайруулах нь хөгшин хүнд элбэг, залуу хүнд цөөн ажиглагддаг. Хэрвээ хүүхдээ төрүүлж, өсгөх хүртэл нуруу тэгтэл асуудал тарихгүй бол хувьсал талаасаа онцын сул тал болохгүй л дээ.

Мөн босоо зогсоход биеийн дотор эрхтнүүд доошоо унаж ирнэ. Тэрийгээ тулах гэсэндээ хүмүүс фасцигаа (хальсаа) хөгжүүлж, төрөлтийн замаа S үсэг шиг муруйлгаж орхисон. Нэмээд төрөх хүртлээ ургийг доош нь алдчихгүйн тулд төрөлтийн замаараа баахан булчин байрлуулчихсан. Тэдгээр нь төрөх үед саад болдог. Энэ бүгдээс харахад анхдагч хүн төрөлхтөн ч бас тодорхой хэмжээний төрөхийн хүндрэлтэй байсан байхыг үгүйсгэмгүй.

Гэвч жинхэнээсээ төрөхийн хүндрэлтэй тулсан нь толгой томорсны дараа юм. Угаас муруйгаад, нэвтрэхэд хүндрэлтэй байсан төрөлтийн замаар данхар толгойг гулсуулж гаргах даалгавар нэмэгдсэн. Гэхдээ хүн төрөлхтөн босоо алхаж эхэлсэн нь 7 сая жилийн өмнө, толгой томорч эхэлсэн нь 2.5 жилийн өмнө тул цаг хугацааны хувьд нэлээд зайтай. Магадгүй анхдагч хүмүүс бага сага төрөхийн хүндрэлтэй байсан ч өнөөгийн бидэн шиг арчаагаа алддаг байгаагүй биз. Тиймээс удаан хөдөлгөөн, бусдад өртөмтгий хоёр л хамгийн том дутагдал байсан болов уу.

Тэгвэл энэхүү дутагдал дүүрэн босоо алхаа хэрхэн яаж хүн төрөлхтөн дээр хувьссан юм бол? Үүнд хариулахын тулд хүн төрөлхтний анхны чулуужсан малтмалыг өнгийж харцгаая. Лавтайяа тэнд чухал сэжүүр нуугдан буй биз ээ.





No comments:

Post a Comment