2024/03/27

МӨХӨЛ ДҮҮРЭН ХҮНИЙ ТҮҮХ (1-р хэсэг)

Өмнөх - МӨХӨЛ ДҮҮРЭН ХҮНИЙ ТҮҮХ ー Оршил

Удиртгал бүлэг ー Бид үнэхээр онцгой оршихуй юу?


  • Хүн бусдаас онцгой юу?


Хүн ба хүнээс бусад амьтдын хооронд асар том ангал бий. Бидний хүмүүс муур, нохойтой харьцуулахад үс ноос ч байхгүй, харваас гөлчгөр арьстай. Үг хэлээр ярьж, онгоцоор нисэж, хэцүү төвөгтэй зүйлсийг ч тунгаан бодож чадна. Бусад ямар ч амьтдаас илэрхий өөр. Хүн бол онцгой оршихуй! Ихэнх хүмүүс яг л ийм эгэл сэтгэгдэл тээдэг болов уу.

Энэ сэтгэгдэл цаг үе, бүс нутгаас шалтгаалан харилцан ялгаатай л гэхээс дийлэнх хүмүүсийн дунд нийтлэг байсан шиг байдаг. 150 жилийн өмнө Англид амьдарч байсан Дарвин ч бас хүмүүсийн энэ сэтгэгдлийн өөдөөс яахаа мэдэхгүй үйлээ үзсэн гэдэг. Тэрээр “Зүйлийн үүсэл” номоороо хувьслын онолыг дэвшүүлээд олон хүний шүүмжлэлийн бай болсон.

Дарвины дэвшүүлсэн онол дараах гурван аргументаас бүрдэж байв. 1) Амьтад хувьсдаг. 2) Хувьслаар зүйлийн төрөлжилт өрнөнө. 3) Хувьслын механизм нь байгалийн шалгарал. Тухайн үеийн хүмүүс эдгээрээс чухам алинд нь цухалдсан юм бол?

“1) Амьтад хувьсдаг” учраас мэлхий загаснаас хувьсаж бий болсон гэж хэлэхэд гайхан тавгүйрхэх хүн төдийлөн байхгүй байлтай.

“2) Хувьслаар зүйлийн төрөлжилт өрнөдөг” тул хирсний өвгөөс хар хирс, цагаан хирс хувьсан салаалжээ гэхэд эрүү нь мултраад унах хүн лав гарахгүй биз.

“3) Хувьслын механизм нь байгалийн шалгарал” юм чинь удаан гүйдэг гөрөөснүүд цөөрч, хурдан гүйдгүүд нь л үлдсэн гэхэд баргийн хүн санал нийлэх юм шиг санагдана. Тэгвэл тэгээд юунд нь бачуурахдаа Дарвиныг зүхсэн юм бол оо?

Олон хүн Дарвиныг энэ онолоо хүн дээр авч үзсэнд л дургүйцсэн юм. Тэгээд бүгдээрээ сармагчингаас хүн үүсэж буйг төсөөлж үзээд ой нь гутсан хэрэг. Хүн, сармагчин хоёрыг хоорондоо холбоотой гэж бодохыг тэвчиж чадаагүй юм.

Ийм реакц олон хүнээс ирэхийг Дарвин ч тааварлаж байсан. Тиймдээ ч “Зүйлийн үүсэл” бүтээлдээ хүний хувьслын талаар бараг юм дурдаагүй. Ердөө хэдхэн газар хүний нүд ба аарцагны талаар цухас өгүүлсхийгээд л орхисон. Хүнийг сармагчны төрлөөс хувьсан бий болжээ энэ тэр гэж бүр огт бичээгүй.

Гэсэн хэдий ч мөн л олон хүн хүний хувьслыг толгойдоо төсөөлж орхисон юм. Мэдээж хэрэг тодорхой тооны мэргэжлийн судлаачид байгалийн шалгарлын механизм гэх мэт онолын агуулгынх нь талаар шүүмж хэлсэн л дээ. Гэхдээ л ихэнх уншигчид хүн ба сармагчингийн тасралтгүй шинж, нэг ёсондоо хүн сармагчингаас үүссэн гэх сценарийг хүлээж авч чадаагүйдээ Дарвин руу давшилсан гэдэг.


  • Олон зүйлийн хүн байсан


Тэгвэл хүн үнэхээр онцгой оршихуй мөн үү? Онцгой юм гэвэл юу нь онцгой вэ? Том тархитай, соёл иргэншлийг бүтээсэн, босоо алхдаг, хэцүү үгээр харилцдаг гээд санаанд буух зүйлс өдий төдийг нэрлэж болохоор. Гэхдээ энэ бүхнийг жич авч хэлэлцэхээр тогтоод, энэ удаад илүү фундаменталь асуудлын талаар эргэцүүлж үзье. Тэр нь юу гэвэл удмын модны асуудал.

Хүн биологийн нэг зүйлийн хувиар “Хомо сапиенс” гэдэг шинжлэх ухааны нэртэй. Хүнд хамгийн ойрын амьтан гэвэл “том биетэй хүн дүрст мичнүүд”. Тэдгээрт шимпанзе, бонобо, горилла, орангутан харьяалагдана (зүгээр “хүн дүрст мич” гэвэл нэмээд гиббоны төрлүүд ч орно. Ахиулаад тайлбарлахад, “хүн дүрст мич” гэдэг нь сүүлгүй, хойд хоёр хөл дээрээ зогсож чаддаг мичийг хэлнэ. Харин сүүлтэйг нь бид сармагчин гэж ерөнхийлөн дууддаг. Эд бүгдээрээ примат буюу мичний багт харьяалагдана). Горилла нь зүүн горилла, баруун горилла гэсэн хоёр зүйл, орангутан нь суматрагийн орангутан ба борнеогийн орангутан, дээр нь 2017 онд шинээр олдсон тапанулийн орангутан гэсэн гурван зүйлд тус бүр хуваагдах тул том биетэй хүн дүрст мич нийтдээ 7 зүйл бий.

Өнөөдөр амьдарч буй том биетэй хүн дүрст мичнүүдийн нийтлэг өвөг одоогоос 15 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг. Эхлээд тэр өвгөөс орангутаны удмын мод салаалж, удаагаар нь гориллагийн удмын мод салаалсан. Үлдсэн хэсэг нь шимпанзе ба хүн гэсэн хоёр удмын мод болон салаалсан ба тэр салаалалт ойролцоогоор 7 сая жилийн өмнөх явдал гэж баримжаалдаг. Тэгээд шимпанзегийн удмын мод 2 ~ 1 сая жилийн өмнө шимпанзе ба бонобо болон хоёр салаалжээ.



Одоогоор мэдэгдээд буй хамгийн эртний чулуужсан хүний үлдэгдэл гэвэл ойролцоогоор 7 сая жилийн өмнөх Сахелантропус чаденсис юм. Үүнийг шимпанзе ба хүний удмын мод хоёр салаалаад удаагүй байх үеийн хүний удмын модонд харьяалагдах зүйл хэмээн судлаачид ангилдаг. Энэхүү Сахелантропус чаденсисыг агуулаад нийтдээ 25 зүйлийн чулуужсан хүн төрөлхтөн одоогоор олдсон бий (Энэ тоо судлаачдын байр сууриас хамаарч өөрөөр тоологддог. Мөн хараахан чулуужсан үлдэгдэл нь олдоогүй хүний зүйлүүд ч олон бий гэж үздэг тул жинхэнэ тоо нь хамаагүй олон байх магадлалтай). Эдгээр чулуужсан хүний зүйлийг одоо амьдарч буй Хомо сапиенстэй нийлүүлээд хамтад нь “Хүн төрөлхтөн” гэдэг. Нэг ёсондоо хүн ба шимпанзегийн удмын мод салаалснаас хойшхи хүний удмын модноос төрөн гарсан бүх амьтны зүйлийг хүн төрөлхтөн гэж нэрлэдэг гэсэн үг (ердийн үед хэлдэг “хүн төрөлхтөн”-өөс бага зэрэг утга өөр). Өнөөдөр амьдарч буй бидний хүн төрөлхтөн бол дор хаяж 25 зүйл бүхий хүн төрөлхтний сүүлчийн ганц зүйл юм.

Эсрэгээрээ хүн, шимпанзе хоёр салсны дараах шимпанзегийн удмын модонд харьяалагдаж байсан бүх зүйлийг шимпанзе төрөлтөн гэж нэрлэе. Энэ удамд ч бас олон зүйл үүссэн гэж үздэг боловч өнөөдөр амьдарч буй шимпанзе ба бонобо хоёр л тэдний сүүлчийн үлдэгдэл билээ.


  • Бүгд мөхсөн


Таныг учиргүй хурдан гүйдэг хүн гэж төсөөлье. Сургуулийнхаа биеийн тамирын спартикатаар сайн гүйвэл нэгт ордог. Гэсэн ч та үл ялиг зөрүүгээр арай чүү нэгт орохдоо тийм ч сэтгэл хангалуун биш. Хол тасархай түрүүлж, бахдалтайгаар нэгт орохыг хүсдэг. Гэлээ гээд хэчнээн бэлтгэл хийсэн ч хоёр, гуравт ордог тамирчдаас тийм ч хялбар тасарч чадахгүй. Тэр үед танд нэгэн аятайхан санаа төрөв. Ерөөсөө хоёр ба гуравт ордог тамирчдаас тэмцээнийг өнжөөд өгөөч ээ гээд гуйчихъя. Нэгэнт гуйсных бүр мөсөн 25-т ордог тамирчин хүртэл бүгдий нь өнжүүлчихье. Тэгвэл та 26 ба түүнээс хойгуур байранд ордог тамирчидтай л үзэлцэх тул хол тасархай түрүүлэх нь бат биз. Нээрээ ч туршаад үзтэл яг л тийм юм болов. Та хэдэн тойрог тасархай гүйн, бахдалтайгаар нэгт оров оо. За тэгэхээр, таны энэхүү бахдам ялалтыг хоёр үндсэн шалтгаанаар тайлбарлаж болно. Нэгт, та үнэхээр л хурдан гүйдэг. Харин нөгөө нь, 2 ~ 25-р байрны тамирчид бүгд тэмцээнд ороогүй.

Энэ бүлгийн эхэнд “Хүн ба хүнээс бусад амьтдын хооронд асар том ангал бий” гэж өгүүлсэн шүү дээ. Өнөөгийн хүн буюу Хомо сапиенсад хамгийн ойрын амьтнаар шимпанзе, бонобог нэрлэж болно. Тиймээс энэ өгүүлбэрийг “Хүн ба шимпанзе хоёрын хооронд асар том ангал бий” гэж өөрчилсөн ч болно. Хүн ба шимпанзе нээрээ л асар ялгаатай. Хүн яалт ч байхгүй онцгой содон амьтан.

Тэгвэл хүний тэрхүү онцгой содон байдлыг хоёр шалтгаанаар тайлбарлаж болохоор байна. Нэгт, хүн нь амьтны төрөл зүйлийн хувьд өвөрмөц онцлогтой, өөрөөр хэлбэл нээрээ л хүн тодорхой хэмжээнд бусдаас содон амьтан нь үнэн. Харин нөгөө шалтгаан нь хүнд хамгийн ойрхон 25 зүйлийн амьтад ташираараа мөхөөд, 26 дахь ойрын зүйлтэй (шимпанзе ба бонобо) нь жишиж байгаа болоод л тэр. Уг нь бол шимпанзегаас ч ойрын зүйл дор хаяж 25 байсан юм.

Жишээ нь тархины хэмжээг харъя. Хүн бидний тархины хэмжээ ойролцоогоор 1,350 cc (гэхдээ тархины хэмжээ хүн бүрд харилцан өөр. Бодгаль хоорондын ялгаа их тул энэ тоо ердөө л бүдүүвчилсэн дундаж төдий. Цаашид яригдах бусад зүйлийн тархины хэмжээ ч бас бүдүүвч утга байх болно). Гэтэл шимпанзегийн тархи 390 сс. Хүний тархи шимпанзегийнхээс 3 дахин том юм чинь үнэмлэхүй том гэж хэлж болно.

Тэгвэл эртний хүмүүс болох неандерталчууд (хэмжээ нь 1,550 сс), Хомо хейделбергенсис (хэмжээ нь 1,250 сс), Хомо эректус (хэмжээ нь 1,000 сс) зэрэг зүйлүүд өнөөдөр ч амьд байсан бол ямар вэ? Хүний тархи үнэмлэхүй том гэж хэлж чадах уу? Неандерталчууд биднээс ч том тархитай, нөгөө талд хүн бидний дунд Хомо хейделбергенсис түвшний 1,250 сс тархитай нэгэн ч бий. Ингээд харвал хүн ердөө ч онцгой оршихуй биш болж хувирна. Дашрамд өгүүлэхэд, хүн төрөлхтнүүдийн тархины хэмжээ тэдний оюуны чадвартай шууд хамааралгүй шиг байдаг. Угаас оюун ухаан гээчийг хэмжих аргагүйгээс хойш ямар нэг баттай зүйл хэлэх боломжгүй. Эйнштейний тархи дундаж хүнийхээс жижиг байсан гэдэг алдартай яриа ч байдаг шүү дээ.

Хүнийг онцгой содон оршихуй болгодог дээрх хоёр шалтгаан бол энэ номын үндсэн сэдэв юм. Хүн гээч амьтан хэрхэн яаж өвөрмөц онцлогоо хувьсгаж ирсэн юм бол? Хүн төрөлхтнөөс яагаад зөвхөн хүн л үлдсэн юм бол? Энэ хоёр асуудал өөр хоорондоо ч бас нарийн хамааралтай. За ингээд удаах бүлгүүдэд энэ талаар тухлан хүүрнэлдье ээ.


1 comment:

Anonymous said...

Дарвинруу давшилдаг ч тэрнээс биш харин энэ онолыг тэр чигээрээ буруу гэж үзэж дайрцгаасан л даа. Тэдний санаа бол юу ч хувьсан өөрчлөгдөхгүй бурхан бүгдийг одоо байгаагаар нь бүтээсэн гэдэг библын сургаалтай таарахгүй байна гэж эсэргүүцсэн л дээ

Post a Comment