– Философийн хувьд хамгийн том асуудал юу вэ?
Философийн хувьд, аливаа асуудлын зөв хариулт, мөн чанар зэргээс ч чухал нэгэн асуудал байдаг. Тэр нь
– Ерөөсөө энэ чинь асуудал мөн үү?
Жишээ нь
– Яагаад сөрөг цаг гэж байдаггүй юм бол??
гэдэг бодол нэгэн физикчийн хувьд хоолойд торсон яс шиг нэн зовиуртай асуудал байж гэе л дээ.
Тэрээр цаг ухарч явдаггүйн цаана гарцаа байхгүй ямар нэгэн учир шалтгаан байхаас зайлахгүй гэж сэтгэж, цаг ямагт үүний талаар толгой гашилган, бусадтай энэ асуудлын талаар санал бодлоо хуваалцаж мэтгэлцэхийг эрмэлзэнэ.
Гэтэл бусад салбарын эрдэмтэдээс харвал, сөрөг цаг мэт нь үнэндээ падлий ч байхгүй явдал санагдах жишээтэй. Ерөөсөө цагийг физикийн биет мэтээр бодох нь өөрөө NONSENSE гэж бодож ч магадгүй.
– Үхсэний чинь сөрөг цаг. Чи өөрөө сөрөг Аура.
Тэдний өнцөгөөс харвал яагаад энэ нь асуудал юм бэ гэдэг нь өөрөө учир битүүлэг асуудал юм.
Ийм үед яриа цааш өрнөхөд хүндрэлтэй болж, хичнээн удаан сунжруулсан ч параллел хэвээрээ л байна. Нэгэнт дундын асуудал болж яриа төвлөрөхгүйгээс хойш (Тийм ч учраас, өөр салбарын эрдэмтэд хэл амаа ололцохдоо маш тааруу байдаг).
Тэгэхээр ямар нэгэн асуудлыг тойрч ярилцахын өмнө юун түрүүн
– Би юуг асуудал болгоод байгаа вэ?
гэдгээ нөгөө талдаа ойлгуулж, мөн нөгөө талын хувьд юу асуудал болоод байгааг ойлгох шаардлагатай байх нь.
(Гэхдээ заримдаа хэт ойлголцохоороо, хоюулаа асуудлыг нэг өнцөгөөс харж, тухайн асуудлын хүрээнээсээ мултарч чадахаа больдог тал ч бий)
– Миний хардаг энэ улаан, цэнхэр өнгөнүүд, яагаад надад ингэж харагддаг юм бол?
гэж би боджээ гэе.
– Яагаад улаан өнгө ИЙМ юм бол? Одоо миний харж байгаа ЭНЭ хаанаас ямар механизмаар гарч ирээд надад мэдрэгддэг юм бол?
Танд тэгж санагддаг уу? Эсвэл та миний юуг гайхаад байгааг ойлгож байна уу?
– Нээрээ энэ чинь юу билээ? Бодоод үзсэн чинь энэ үнэхээр асуудал байна
гэж хэн нэг нь бодож болох ч, өөр нэг нь
– Юу солиороод байгаан бэ? Ямар ч байсан яадын ер нь?
гэж бодох нэгэн ч байж таараа.
Яг л нэг, тохиолдлоор хэлбэр үүсгэж тогтсон голын эргийн элсийг харсанаа
– Энэ, яагаад ийм байна?
гээд гайхаж байгаа юм шиг марзан зүйл санагдах биз.
Угаасаа л тухайн хүнд л сонин биш бол тэр философийн энээ тэрээ ухагдахуун, идеал, матери, юу юу ч гэнэ үү, огтоос падлийгүй агаарын яриа л байдаг.
– Хаанаас ч юм гэв гэнэт сөрөг цаг гэсэн учир нь олдохгүй юм өөрөө хэлчээд, тэрнийхээ хойноос яагаад? яагаад? гээд солиороод байх юм. Энэ яг галзуу байхаа
гэх маягтай.
Амьдрал дээр ч ийм юм бишгүй л байдаг. Заримынх нь хувьд мөнгө гэдэг асуудал байхад, заримд нь мөнгө огтоос проблем биш байдаг ч юм уу.
Харин философийн хувьд энэ бол Хамгийн том асуудал.
Бусадтай ном хаялцаж, бусдад зориулж ном бичиж, философийн талаар бусадтай ярилцах гэсэн өдий төдий гүн ухаантануудын хувьд, хамгийн өндөр хаалт болдог нь энэ хана юм.
– Мэдээж энэ асуудал маань өөрөө зарим хүний хувьд огтоос асуудал биш ч байж мэднэ. кк.
PS:
Хэрвээ та хэзээ нэгэн цагт, хэн нэгэн хүнтэй юм ярьж байгаад яагаад ч юм
– Энэ хүнтэй нэг л хэл нэвтрэлцэхгүй байх чинь
гэж санагдвал, өөрийнхөө буруу зөв яриад байгааг шалгахын өмнө
– Ингэхэд бид хоёр яг нэг юмны тухай ярьж байна уу?
гэдгийг юун түрүүнд нягтлаж үзээрэй.
Үргэлжлэл – Философийн асуудал (2р хэсэг)
No comments:
Post a Comment