2012/10/06

Зөрчил

Зөрчил гэдэг бол ердөө л Аксиомоос үүдэж бий болдог зүйл юм.

Жишээ нь ийм байна.
1. А бол В юм.
2. А бол В биш юм.
3. А бол В юм, А бол В биш юм хоёр зэрэг биелэх боломжгүй.

Дүгнэлт: Зөрчил
гэх жишээтэй.

Дээрхийн хувьд 1. 2. 3. нь аксиом юм. Аксиом гэж "Батлах боломжгүй ч гэсэн, үнэн гээд харанхуй итгэчихье" гэсэн зохиомол дүрмийг хэлдэг.

Тэгтэл хэн нэг нь хүрч ирээд
- Яагаад зөрчил гэж? "А бол В юм", "А бол В биш юм" хоёр зэрэг биелсэн ч яадаг юм? Зэрэг биелэх боломжгүй гэж ер нь хэн хэлээд байгаа юм? Чи өөрөө л биз дээ? Яахаараа заавал чиний хэлснээр байх ёстой юм?
гээд учир зүггүй дайраад байвал явж явж
- Ядаргаа минь, тэгээд нэгэнт шийдэгдчихсэн юм, За юу Гүйцээ!!!... Энэ чинь Аксиом мэдэв үү! Аксиом!!!
гэхээс өөр хэлэх үг гарахгүй болох биз.

Жинхнээсээ, Квант физикт гэрлийг нэг бол бөөм гэж ажиглаад, нэг бол долгион гэж ажиглах явдал ч байдаг. Гэтэл эрүүл ухаанаар бодож үзвэл, гэрлийг бөөм ч мөн, долгион ч мөн гэж төсөөлөх нь туйлын авцалдаагүй. Гэсэн ч хичнээн эрүүл ухаан гэж ярилаа гээд тэрийг гэрэл гэдэг амьтан сонсох уу гэвэл үгүй.
- Хм, та нарын эрүүл ухаан чинь надад падгүй ээ. Тийм хачин юм бодож байгаагаараа та нар өөрсдөө л эрүүл бус.

Тэгэхээр явж явж, хүн бид өөрсдөө л элдэв аксиом зохиож солиорохгүй бол, уул нь зөрчил гээч юм угаас байдаггүй юм л даа.

Жишээлбэл √-1 гэдэг тоог, зүгээр бодоход яавч байж боломгүй. Үнэхээр ч бодит тоон олонлогийг 3 бүтэн самраад ч, хоёр зэрэг нь -1 байдаг тоо олдохгүй. Угаасаа тийм тоо оршин байхгүй гэдгийг товхийтэл нь баталчихсан юм чинь.

Гэхдээ л
- За яах вэ дээ, яг хэд гэдгий нь мэдэхгүй ч гэсэн, хаа нэгтээ тийм тоо байна гэж үзээд, тэгээд тэрэндээ хуурмаг тоо гээд нэр өгчье л дөө. Яадаг юм, болно биз дээ? болно болно.
гээд тохиролцчихвол, тэгээд л зөрчил байхгүй.

- Яадаг юм√-1 = i юм чинь.
гүйцээ.

Зөрчил байхгүй байхаар тохируулаад, шинээр аксиом нэмчихлээ гэсэн үг.

Тэгэхээр байна шүү.
Хэрвээ хэн нэг нь "Энд зөрчил үүсчихлээ" гээд орилоод унах юм бол, тэр баагий зүгээр л өөрийнхөө хөвсөн утсанд өөрөө орооцолдоод маяглаж байна аа гээд ойлгочхож болно.

Хэрэвзээ хэн нэг нь хэзээ нэгэн цагт, ямарваа нэгэн зөрчилтэй тулгарах аваас, юун түрүүнд түүний хийх ёстой зүйл гэвэл, зөрчилтэй тэмцэх бус, харин тэрхүү зөрчлийг үүсгэж байгаа аксиомыг олж илрүүлээд, өөрчилж засах хэрэгтэй юм.

Үйлийн үртэй нь бус, үндэстэй нь тэмц ээ гэдэг энэ...

Жич:
Хэдий хуурмаг тоо i нь зохиомлоор гаргаж авсан, бодитоор оршин байдаггүй тоо гэх боловч, түүнд ер бусын гайхамшигтай шинж чанар бий.

Үүнийг хүн төрөлхитөний бүх үеийн түүхийн Номер 1 математикч, тоо бодохын төлөө төрсөн, нүдээ сохортол тоо бодсон, тоо бодож байгаад үхсэн, тооны машин, агуу суут Эйлерийн нээн илрүүлсэн доорх томьёоноос мэдэрч болно.


...юутай үзэсгэлэнтэй, юутай хачирхалтай... юутай галзуурам.


No comments:

Post a Comment