2012/10/11

Тархи хуваалтын асуудал (2р хэсэг)

Өмнөх – Тархи хуваалтын асуудал (1р хэсэг)

Болсон явдлыг дахин нэг эмхэтгэе.
Тархины дамнуур судсыг тасалж, 2 тархины хоорондох мэдээлэл солилцоог механикаар зогсоотол
- Зөвхөн баруун тархинд очсон мэдээллийг зүүн тархи мэдэхгүй
- Зөвхөн зүүн тархинд очсон мэдээллийг баруун тархи мэдэхгүй
гэсэн, шинжлэх ухааны хувьд маш ойлгомжтой илэрхий дүгнэлт гарсан.


Эндээс нэг юмыг төсөөлөх гээд оролдъё. Дээрх тархи хуваах мэс заслыг бусдад тохиолдсон явдал бус, өөртөө тохиолдсон явдал гээд бодоод үзнэ үү.
Өөрөөр хэлбэл, хэрвээ яг энэ мөчид, БИ тархи хуваах мэс засалд ороод, дөнгөж сэрлээ гэж бодъё.
- БИ юу мэдрэх бол???

Юуны өмнө баталгаатай хэлж болох нэг зүйл бол
- БИ яг энэ мөчид, баруун зүүн хоёр тархиныхаа, яг аль нэгээр ертөнцийг харж байгаа.
- (Яагаад??)

Үүнийг илүү ойлгомжтой болгох зорилгоор жоохон туйлширъя л даа.
Хоёрын хооронд дамнуур судас төдийхөн таслаад юу гэхэв. Нэг мөсөн түс тас, бүх биеэрээ тэх дундуураа хуваагдвал яах вэ гээд бодоод үз.
БИ гудамжаар сайхан зугаалж явлаа.
Гэтэл гэв гэнэт юу юугүй нэг супер нинжа гарч ирээд, хүү хаа гэхийн зуургүй миний биеийг сэлмээрээ тас цавчаад, яаг голоор минь хоёр хэсэг болгоод тавьчхав.
маягийн түгээмэл боевик кинонууд байдаг даа.
Тэгснээ  намайг арай үхэж амжаагүй байхад тэр дор нь хоёр биеийг минь эгшин зуур хөлдөөж аваад, барууныг нь Хятад руу, зүүнийг нь Египет руу зөөчхөв.
За тэгчээд, хоёр биеийг минь гэсгээтэл БИ ухаан орж, орчин тойрноо тойруулан харлаа гэж бодъё.
- Яг тэр эгшинд надад юу харагдах бол?
- Би цагаан хэрэм харах болов уу? Эсвэл Пирамид харах болов уу? Гэхдээ яг аль нэг нь л надад харагдаж таараа.
- Хэрвээ надад цагаан хэрэм харагдвал, БИ баруун тархиараа ертөнцийг харж байгаа хэрэг болно.
- Хэрвээ надад пирамид харагдвал, БИ зүүн тархиараа ертөнцийг харж байгаа хэрэг болно.

Харин БИ хоёуланг нь зэрэг харах ямар ч үндэсгүй гэдэг нь өмнөх туршилтаар батлагдсан.

Мэдээж миний баруун хэсэг нь цагаан хэрмийг, зүүн хэсэг нь Пирамидыг тус тусдаа ямар ч асуудалгүй харж байж болох ч, БИ гэдэг ухамсар зөвхөн аль нэгээр нь л ертөнцийг мэдрэх юм.

Тэгэхээр жишээ нь, БИ яагаад ч юм цагаан хэрмийг харж байя гэж бодъё л доо. Өөрөөр хэлбэл би баруун тархиараа ертөнцийг харж байг.
- Тэгвэл тэр үед, миний зүүн тархиар ертөнцийг харж байгаа нь ингэхэд хэн гээч нөхөр вэ???

Миний зүүн талын бие ч гэсэн ялгаагүй л ертөнцийг харж, өвдөлтийг мэдэрч, шаналж, бас уйлж байгаа шүү дээ.
Тэгвэл тэр уйлж инээгээд байгаа цаад эзэн нь ингэхэд хэн юм болоо?
Энэ бол туйлын жигтэй сонин асуулт юм.
Эндээс, асуудлыг 2 вариантаар тунгааж үзье.

1. БИ бол БИ. БИ бол цор ганц. Зүүн тархинд хэн ч байхгүй.

Хэрвээ БИ гээч сүнс онгод маягийн матери тархинаас үл хамааран оршин байх бөгөөд, тэр БИ нь, үхлээс хойш ч тасралтгүй "цор ганц, дахин давтагдашгүйгээр" оршин байдаг бол БИ бол хэзээд БИ л байх бөгөөд, надаас өөр БИ хэзээ ч бий болох учиргүй.

Тиймээс хэрвээ миний бие хуваагдсаны дараа БИ баруун тархиараа ертөнцийг харж байвал
- БИ гэдэг сүнс тохиолдолоор миний биеийн баруун тал руу нь шилжжээ.
гэж үзэж болно.

Тэр үед миний зүүн хэсэгт ямар ч сүнс, цаад эзэн бие байхгүй болноо доо. Хичнээн наанаа өвдөж, шаналж байгаа мэт харагдавч, цаанаа тэрийг мэдэрч байгаа хэн ч байхгүй, зүгээр л хөдөлдөг робот шиг л хөдлөөд байгаа хэрэг болно.

Ер нь ч, бодит амьдрал дээр тал тархи нь үхээд, тэрийг нь гавалнаас нь гаргаж хаяад, өрөөсөн тархиараа амьдрарч байгаа хүмүүс байдаг.
Цаашид анагаах ухаан хөгжсөөр, тэр ажиллахгүй болсон тал тархины хариуцдаг функцыг нөхөж чадах төхөөрөмж залгаж орхивол, үнэхээр жирийн хүн шиг бүв бүтэн болж, бусдын адил инээж, уйлж, хайрлаж, хүний амьдралаар хорвоог туулах боломжтой болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр хүн хичнээн эгэл хүн шиг амьдарч байлаа ч хоёрны нэг магадлалтайгаар цаанаа ямар ч эзэн биегүй Философийн зомби байх болно. Учир нь түүний үхсэн тархинд сүнс нь шилжих магадлал 50:50 юм.

Явж явж, энэхүү тархи хуваалтын асуудлыг лавшруулан бодохоор
- Хэрвээ бид цорын ганц, дахин давтагдашгүй сүнс гэдэг юм оршин байдгийг хүлээн зөвшөөрөх аваас, ямар ч сүнсгүй хоосон бие хүн оршин байж болохыг ч давхар хүлээн зөвшөөрөхөд хүрэх
болж байгаа юм. Энэхүү цаад эзэн биегүй хоосон хүнийг Философийн зомби гэдэг.

Философийн зомби оршин байж болно гэдэг үзэл нь шууд утгаараа тархи гээч юм ямар ч сүнсгүйгээр өөрөө дангаараа ажиллах боломжтой төхөөрөмж юм гэсэн санааг илэрхийлдэг.

- Унтаж байтал агшин зуур тархи нь зогсож, тэр хооронд сүнс нь биенээсээ гараад явчих боловч, өглөө болоход юу ч болоогүй юм шиг тархи хэвийн ажиллаж, дотроо бол нэгэнт үхсэн хоосон бие хөнжлөөсөө гарч ирэн, нөгөө л явдгаараа ажилдаа явж, өдөр тутмыг амьдардагаараа амьдарч
буй хүн ч байх байх боломжтой болно оо гэсэн үг.

- Үхсэн хойно ч үл устах сүнс минь үлдэх тул, дахин төрөөд үргэлжлүүлэн хайрлан дурлалцъя
хэмээн хойд насны дахин учралыг хайртайгаа амлан хэлэлцэх ч боломжтой болно...

Үргэлжлэл – Тархи хуваалтын асуудал (3р хэсэг)

No comments:

Post a Comment