SNS дээрх элдэв хэрүүлийн сэдвүүд, олны танил хүмүүсийг балбах уралдаан, сүүлийн үед гэвэл коронагийн хямралаар тодорсон “сайн дурын энхийг сариулагчид”. Нийгмийг гүйлгэн харвал “Гарцаагүй миний зөв” гэх өвч хандлагаар бусдыг ширүүн дайрч доромжлох үг үйлдэл дан ялангуяа сүүлийн хэдэн жилд эрчимтэй дэлгэрч байх шиг. Өөрийгөө аанай л шударга ёсны ариун хамгаалагч мэтээр бодон автаж, өөр бодол саналыг яагаад ч ойлгож зөвшөөрч чадахгүйгээс болж тэвчишгүй мэдрэмж тээж орхидог “Шударга ёсны донтолт” гэх үзэгдэл. Тархи судлаачид үүнийг тархинд байгалиас суугдсан механизм, хүн л бол хэн бүхэн өртөх эрсдэлтэй өвчин хэмээж байна.
Энэхүү “Тэвчишгүй” бачуурлаас мултран гарах эхний алхам бол танд тэгж мэдрүүлээд байгаа тархины механизмыг таньж мэдэх явдал юм. Хэний ч хувьд падгүй асуудал гэж хэлэхээргүй тэр эмоцыг хөндлөнгөөс ажиглан засаж, бага ч болов сэтгэлээ тогтоож авснаар илүү олон ургалч үзэл бодлыг зөвшөөрөх тэнхээтэй өөрийгөө, мөнхүү нийгмийг ч бүтээж чадах учиртай.
Түлхүүр 1 Сүргээс гадуурхыг балбаснаар тархинд таашаалын бодис ялгардаг
Хүн гэдэг амьтан өөрийн сул доройг нөхөх тактик болгож сүрэглэх хэлбэрээр хувьсаж ирсэн. Аюулгүй байдал хийгээд амьдралын бүтээмжийг дээшлүүлэх тал дээр сүрэг буюу бүлгийн тогтвортой байдал бол зайлшгүй шаардлагатай нөхцөл. Тиймээс хүн байгалийн инстинкт талаасаа өөрийн харьяалагдах сүргээс гадуурхыг хүлээн зөвшөөрөхгүй байх, эсэргүүцэн дайрдаг байхаар бүтээгджээ. Өөрсдийн шударга ёсны хэмжүүрт нийцэхгүй хүнийг “муу хүн” гэж үзэн балбаснаар тархинд таашаалын бодис болох допамин ялгарч, тааламжтай мэдрэмж төрдөг гэнэ. Тиймээс балбах тусам дотор онгойж, түүнээсээ салахгүй давтан давтах үзэгдэл өрнөнө. Бас хүн бүхэн өөрийн харьяалагдах бүлгийн гишүүдийг бусад хүмүүсээс сайн гэж мэдрэх “In-group bias” (дотор бүлгийн хэлбийлт) гээч хандлагыг тээж явдаг гэнэ. Сайтар анхаарахгүй л бол тархи залхуурч, өөрийн группээс гаднах хүмүүсийг нэг бүрчлэн нямбайлан шүүлгүйгээр “Нөгөөдүүл чинь” гэсэн нэг шошгонд базаж чихээд цэгцэлчихдэг аж.
Түлхүүр 2 Хэнийг хэрхэн үл тэвчих нь нийгмийн шинж чанараас ч хамаарна
Шударга ёсны донтолт хэнд ч тохиож болох боловч ямар хүнийг дайрах вэ гэдэг суурь хэмжүүр нь улс орон хийгээд соёл, нийгмийн төлөвшил зэргээс хамааран янз бүр байдаг бололтой. Нэгдмэл 1 үндэстэн, нийтлэг зовлон ихтэй боловч нийгмийн төлөвшил сул монголчуудын хувьд бусдыг өөр шигээ үзэх нь түгээмэл, нийтлэг бус нөхцөл байдлыг ойлгож бодолцох чадвар сул, өөрөөр хэлбэл нийгмийн цөөнхийг орхигдуулах хандлагатай юм шиг харагддаг. Наад захын бэлэн жишээ гэвэл бидний бүтээсэн хүрээлэн буй орчин маань нийгмийн цөөнх болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд даанч ээлгүй, тэгсэн хэрнээ тэр нь олонх хүний хувьд төдийлөн асуудал биш байх жишээтэй. Иймэрхүү баригдмал стереотип өргөн түгсэн нийгэмд ялгаатай үзэл бодлын хооронд мөн чанарлаг бүтээлч мэтгэлцээн өрнөх нь ховор, сав л хийвэл эсрэг талын персоналити (хувь шинж) рүү халдах гээд байдаг гэмтэй.
Түлхүүр 3 SNS-ээс болж дайралцаан улам ширүүссэн
Хэн нэгнийг “тэвчихгүй” гэх энэ эмоц хүмүүсийн нийгэм бүтээж ирсэн түүхийн туршид байж ирсэн зүйл. Гэхдээ энэ эмоцоо бодитоор тухайн хүндээ гаргаж цацах явдал хэн бүхэн оролцох боломжтой SNS гэх хэрэгсэлийн нөлөөгөөр сүүлийн үед улам эрчимжиж байна. Мөн SNS дээр үзэл бодлоор төстэй хүмүүс хоорондоо холбогдох хандлага байдаг тул интернэтэд өөрөө ч анзаараагүй байтал өөрийн таалалд нийцсэн мэдээлэл л илүүтэй танд хүрдэг болно. Чингүүт “Гарцаагүй миний зөв, түүний буруу” гэх бодон төөрөгдөл улам батжин чангарахад нөлөөлдөг байна.
Түлхүүр 4 Тархи хөгшрөхийн хэрээр консерватив болдог
Ямар ч хүнийг хүнийх нь хувьд хүндлэх, хүлээн зөвшөөрөх гэдэг тархины функц нь үнэндээ маш дээд түвшний зүйл юм. Тэр функцыг тархины урд дэлбээний OFC хэмээх хэсэгт хариуцдаг боловч харамсалтай нь тэр хэсэг 25 ~ 30 насанд хүрч байж арай чүү бүрэн хөгжиж, дээрээс нь буцаад доройтохдоо хурдан гэнэ. Өөрөөр хэлбэл нас ахихын хэрээр тархи хөгширч, өөрийн суурь үзэл бодол хатууран хөшиж, түүнээс бусдыг улам бүр хүлээн зөвшөөрөх чадваргүй болдог аж.
Түлхүүр 5 Бусдыг “Зөвшөөрөх” тархийг шинэ туршлагаар тэжээж болно
Шударга ёсны донтолтонд автаж, бусдыг балбаснаар таашаал авдаг хүмүүс зэрэгцээд өөрсдийгөө ч бас үзэн ядах эмоцийг тээж явдаг. Бусдыг зөвшөөрч амгалан тайван амьдрахын тулд юуны өмнө уурын мэдрэмж төрөх бүртээ “Яг одоо донтолтын шинж тэмдэг хүчтэй илэрч байна” хэмээн өөрийгөө хөндлөнгийн байр суурьнаас ажиглаж сурах нь чухал. Мөн тархи хөгшрөхийн хажуугаар дадал зуршил хийгээд туршлагаар дамжуулан хөгжих ч боломжтой байдаг. Үргэлж явдагаасаа өөр замаар харих, үргэлж ордог дэлгүүрээ сольж үзэх зэргээр зориуд шинэ туршлага хуримтлуулах, эсвэл хангалттай нойр авах зэргээр бие сэтгэлээ тэнийлгэж авах нь уян хатан бөгөөд уужуу тайван тархинд хүрэхэд нэмэр болдог гэнэ шүү.
1 comment:
niice.. one.
esp "Шударга ёсны донтолтонд автаж, бусдыг балбаснаар таашаал авдаг хүмүүс зэрэгцээд өөрсдийгөө ч бас үзэн ядах эмоцийг тээж явдаг." part shocked me a lil :V
Post a Comment