2012/10/31

Үхэл гэж юу вэ?

– Бид яагаад ийм том биетэй вэ?

Дээрх асуултыг бодож олсон хүн бол нэрт физикч Erwin Rudolf Josef Alexander Schrödinger юм.
Ер нь мань мэтийн жирийн хүмүүсийн хэзээ ч юм гэж анзаарахгүй зүйлсийг хараад, физикч хүн хээв нэг эрүү нь мултран гайхаж явдаг шиг байгаа юм.


Гэхдээ л ийм асуулт олоод зохиоцон байхад, жирийн бидэнд ч хангалттай сонирхолтой байдаг.

Юуны өмнө, ийм том гэдэг нь ширхэг атомтой харьцуулахад юм. Ширхэг атомын диаметр нь ойролгооцоор 1 – 2 ангстром (метрийг 10,000,000,000 хуваасны нэг). Амьдралдаа ангстром гэж сонсоогүй бол нанометрийн 1/10 гэвэл амархан цээжлэгдэнэ. Эсийн диаметр гэвэл 300,000 – 400,000 ангстром.

Гэхдээ үүнийг нарийвчлалтайгаар ойлгож цээжлэх гээд яахав. Зүгээр л
– Пээ, хүн чинь атомын хажууд ийм үлэмж аварга том байсан юм уу
гэдгийг л мэдэрчих. (хүний өндөр л гэхэд, атомын диаметрээс 16 - 18 тэрбум дахин урт)

– Ингэхэд тэр атом гээчийг яг нүднийхээ өмнө гаргаж ирээд дагуулаад ажвал юу харагдах бол?

Тэнд үнэнхүү байж боломгүй "зоргоороо нөхдүүд", алив цаашаа алив наашаа гээд зүүлэгтээд явж байдаг гэнэ.
Тэдний хөдөлгөөнийг урьдчилж тааж хэлэхийн арга байхгүй. Ёстой нөгөө 7 сарын 1 (эмх замбараагүй байдал) тэнд дүрээрээ ноёлж байдаг. Тэдгээр зоргоороо нөхдүүдийн ганц эгшинг ажиглахад, тэрэн дотор орчин үеийн физикийн суурь хуулиудыг хэнэг ч үгүй нулимагсад тоймгүй олноороо харагдана. Зарим нь зүгээр л татах хүчний чанх эсрэг зүг өнхөрнө, усны урсгалыг шууд сөрж сэлнэ. Цэцэрлэгийн хүүхэд ч тэгж тэнэгтэж болдогийг мэдэхгүй дээ.

Эндээс гарч ирэх асуудал бол
– Тиймэрхүү зоргоороо нөхдүүд ер нь хэр олон байдаг бол?
Яагаад энэ асуудал вэ гэвэл
– Ийм сонин үгэнд ордоггүй зоргоороо нөхдүүд хүний биенд олон байх юм бол, яаж бидний энэ эмх журамтай, төгс төгөлдөр, дур булаам, тачаангуй бие махбод маань оршин тогтнох билээ?

Тэгтэл, ийм зоргоороо нөхдүүдийн хувь хэмжээг тунчиг амархан тооцоолж болдог юм байна. Үүнийг "язгуурын дүрэм" гэдэг. 100 ширхэг атом байвал, түүн доторх зоргоороо нөхдийн тоо нь 100–гийн язгуур буюу 10 ширхэг байна гэсэн үг.

100–с 10 нь сахилгагүй бол тэрийг ямар эмх журам гэхэв. Харин энэ тоог ихэсгэвэл байдал өөр өө.
100–гийн язгуур 10 (10%)
10,000-ийн язгуур 100 (1%)
1,000,000–ын язгуур 1,000 (0.1%)
100,000,000–ын язгуур 10,000 (0.01%)
Өөрөөр хэлбэл тоо ихсэхийн хэрээр зоргоороо нөхдийн эзлэх хувь багасдаг байх нь.

Одоо та хүн ийм том биетэйн учрыг нэгэнт гадарласан болов уу.
Бид асар олон атомоос тогтдог учраас л, биеийн хэлбэр дүрс, эмх журмаа хадгалж чаддаг.
Гэж Schrödinger гуай онолджээ.

Үнэндээ атомууд хүний биенд ороод ирэхээрээ л учир зүггүй Хойд Солонгосын парад шиг жагсаад явчихдаггүй аж. Бас л тонгочисоор л байна. Гэвч хүний биенд нэгэнт тогтсон байгаа тэр эмх журмыг нулимагсадын тоо нь, нийт олонхитой харьцуулахад өөрөө нулимаж болохуйц жижигхэн тоо болдог байна.

Тоо олон байх тусмаа эмх журам тогтоно гэдэг нэг бодлын хачирхалтай. Олон хүн цуглавал ер нь л байдал эвгүйтдэг шүү дээ.
Гэвч тоо хангалттай их болоход, атом нэг бүр нь бусаддаа саад болох нь ихэссээр, явж явж "эмх замбараагүй" дундаас "дэг журам" бий болдог аж.

Тэгэхээр энэ эмх журам гээд яриад байгаа маань нөгөө л Энтропи шүү дээ.
Тийм ч учраас, хэдий түрхэн зуурдаа хүний биенд эмх журам бий болсон ч, түүний энтропи нь шууд л өсөх зүг рүү чиглээд алхаж гарна (Энтропи өсөх хууль).

– Тэгвэл тэр Энтропи нь өсөөл байвал яах уу? Өссөөр байгаад дээд утгадаа хүрнэ гэж байх уу?

Байлгүй яахав. Тэр бол үхэл юм.

Өмнө өгүүлсэн кофе сүү хоёрын явалдалыг бодоод үз. Тэр хоёр холилдсоор байгаад, эцэстээ тэнд кофе ч биш, сүү ч биш, нэг тийм... сүүтэй кофе бий болно. Үүгээр кофе, сүү хоёрын түүх төгсгөл болж байгаа хэрэг. Кофе, сүү хоёрын энтропи нь өөрийн дээд утгадаа хүрсэн учраас. Гэвч сүүтэй кофе маань хүний ам руу орвол, тэндээс бас дахин шинэ түүх эхлэх болно. Урт богиныг нь мэдэхгүй л дээ. Ямар ч байсан "сүүтэй кофе ба ходоодны хүчил" гэдэг super sci-fi түүх тэнд өрнөнө.

Хүний Энтропи ч гэсэн хэзээ нэгэн цагт өөрийн дээд утгадаа хүрэх л болно.
– Бид чинь төрсөн цагаасаа эхлээл, үхэл рүү чиглээд алхдаг юм шүү дээ.
Тэр хөгширөх процессийг түр зуур, их багаар сунгаж болно л доо. Гэвч хэзээ ч сөрж чадахгүй.

Хамгийн гайхамшигтай нь, хүний энтропи өсөх хурд нь, сүү кофе хоёрынх шиг тийм огцом хурдан биш юм. Амьгүй биетийн энтропи хүүе гэхийн завдалгүй дээд цэгтээ хүрдэг бол, амьд организм өөрийн энтропитойгоо хэдэн 10 жилээр ч чаргууцалдан зууралдах чадвартай байдаг.

Үргэлжлэл – Хүн гэж юу юм бэ?

2 comments:

Unknown said...

кофе сүү 2-н энтропи дээд утгандаа хүрээд сүүтэй кофе болжээ. гэтэл кофе ч гэсэн хуурай кофе ус 2ын дээд утгандаа хүрсэн энтропи. за кофе ч дангаараа ямар юмнуудын дээд утгандаа хүрсэн энтропиний үр дүн юмбдээ?
яг одоо нүдэнд харагдсан хамгийн их энтропи-тай зүйлээ нэрлэ гэвэл тэр чинь юу байна?
бас хамгийн бага энтропитой нь юу байна эрхэм нийтлэгч залуу/бүсгүй

Unknown said...

Бидний энтропи өссөөр байгаад сүүлдээ үхнэ гэлээ. Хэрвээ жамаараа биш гэнтийн болон санамсаргүй осолоор үхэх үед, тэр үед бидний энтропи огцом өсөөд үхнэ гэсэн үгүү??

Post a Comment