2012/11/07

Чинээлгийг хэмжиж болох уу?

Өнөө үед улсын сүр хүчийг илтгэх хамгийн чухал тоо бол ДНБ.
Энэ тоогоор, өнөө цагийн дэлхийн хамгийн хүчирхэг төр бол Америк, түүний хойноос шинээр цойлон гарч ирж буй Хятад, 10-20 жилийн өмнөх ДНБ-ий төвшиндөө л яваа Япон гээд үргэлжлэх юм.
Гэвч, саяхан НҮБ-аас гаргасан цоо шинэ эдийн засгийн илтгэцүүрээс харвал, дээд зэргийн "хүний нөөцтэй" хэмээн үнэлэгдсэн Япон дэлхийн хамгийн чинээлэг төрөөр тодорсон нь гайхалтай.

Хэдий, 3.11-ний байгалийн гамшигийг сөрөх япончуудын мятрашгүй тэмцэлийг бүх дэлхий сэтгэл хөдлөн биширсэн боловч, энэ удаагийн илтгэл нь тэдэнд өгч буй урмын хоосон үг бус, хүн амын боловсролын төвшин болон ажиллах хүчний потенциал зэргийг тооцсон бодит үзүүлэлт юм.
Энэ үзүүлэлтээр бол Япон нь урьдын адил Хятадаас хол чинээлэг орон бөгөөд, түүний зөрүү нь даруй 2.8 дахин их болно.

  • ДНБ бол зөвхөн хөлөн доорхийг л хэмждэг
Ерөөс, ДНБ гэдэг илтгэцүүрт олон дутагдал бий. Юуны өмнө, энэ тооны харах өнцөг нь дэндүү хязгаарлагдмал. Урт хугацааны хэтийн төлөвийн талаар бол огт юу ч хэлэхгүй. Ердөө л хөлөн доорхио нэг бүрчлэн тоочсон төдий тоо гэхэд болно.

Жишээ нь, уулын модыг ташираар нь унагаж орхивол хэтдээ байгалийн гамшиг нүүрлэж болзошгүй нь, тийм ч төсөөлөхөд бэрх зүйл биш. Гэвч уулын модыг унагаад байвал унагах тусмаа ДНБ гэдэг тоо урамтай гэгч нь өсдөг юм.
Тийм ч учраас, жишээ нь Хятад уулын модыг шалмаг гэгч нь унагаж ДНБ–ээ өсгөх явдал нь, Хятадын Коммунист Намын нэр хүндийг ч өсгөх явдал болно. Эсрэгээрээ уулын модыг бүх талаар хамгааллаа гээд ДНБ-ий өсөлтөнд ширхэг чулуу нэмэрлэхгүй тул, ийм үйлдэл нь бодлого тодорхойлогчидын хувьд ширхэг үгний ч үнэ цэнэ хүрэхгүй.

Үүнээс үүдэх асуудал гэвэл, зөвхөн ДНБ дээр төвлөрч өрсөлдвөл, уулнууд бүгд эрт орой халзрах тавьлантай бөгөөд, үр дүнд нь угтан ирэх байгалийн гамшиг зэрэг нь ярианы сэдвээс хаягдахад хүрнэ. Үр хүүхдүүдийн маань ирээдүй энэ тэр бол аюулгүйн торны цаана үлдэнэ л гэсэн үг.

Мөн ДНБ гэдэг тоо бол хэмжээг л чухалчилахаас бус чанарыг шалгадаггүй. Жишээ нь Америкийн эрүүл мэндийн зардал гэдэг аварга тоо, бусад өндөр хөгжилтэй орнуудын дундачаас даруй 2.5 дахин өндөр гэгдэх ба, энэ зардал нь тус улсын ДНБ-ий өсөлтөнд арвин жин дарж буй.

Гэвч нухацтай харвал, өвчин эмгэг, хэт таргалалтанд нэрвэгдсэн төрийг хүчирхэг төр гэж бодомгүй. Тиймдээ ч олон мэргэжилтэнүүд Америкийн өрсөлдөх чадварын уналтыг эрүүл мэндийн нүсэр зардалтай нь холбож байна.
Түүнээс ч муу мэдээ нь, дэлхийн номер нэг зардалтай Америкийн эрүүл мэндийн үйлчилгээ нь, дэлхийн номер нэг чанартай юу гэвэл үгүй юм.

Өөр жишээ гэвэл, Лейхман шокийн цаад шалтгаан болсон орон сууцны зээлийн асуудал байна. Жирийн иргэдэд буцааж төлөхийн эцэсгүй их өр тохож орхисон нь, түр зуурын "ДНБ-ийн өсөлт" гэдэг шарсан махыг өгсөн.
Гэвч хөөрхий жирийн иргэд энэ өрийг дарах чадалгүй болох нь илрэх үед, нийгэм бүхлээрээ түүний хавирга ясанд хахахад хүрчээ. Энэ яс нь Subprime lending (моргейжийн зээлийн хямрал) байсан бөгөөд, бүх дэлхийг даалуу шиг ханаруулсан санхүүгийн хямралын эхлэл болсон. Тэр үед Америкийн орон сууцны зах зээлийн авсан шарх одоо ч хөндүүр хэвээрээ бий.

Хойдохоо бодолгүй, тухайн үеийн их хэмжээний үйлдвэрлэл болон хэрэглээг хөөргөж орхидог нь, ДНБ-ий туйлширсан үзлээс үүдэх гарз гэлтэй. Мөнгө ч бай баялаг ч бай, зарцуулах тусам ДНБ гэдэг тоо өсөх ч, зарцуулаад байвал ширгэж мэдэх тухай анхааруулга нь номын тавиурын дээр мартагдаж орхидог гэмтэй билээ.
  • Чанараас илүү хэмжээ гэдэг ДНБ
Өнгөцхөн өлийх төдийд л ДНБ-ий деффект нүдэнд торно. Тэр деффекийг нь бүх нийтээр хүлээн зөвшөөрөөд байгааг ч үл харгалзан, урьдын адил ДНБ гэдэг тоо үнэмлэхүй эрх мэдлийг хадгалсаар байна. Учир нь түүнийг орлох дайны хүчирхэг илтгэцүүр өдий болтол гарч ирэхгүй байгаа юм.
"Гамшигуудын тэмцээний ялагч" гэгддэг ДНБ нь, дэлхийн номер нэг мисс учраас сонгогдсон бус, бусад өрсөлдөгчид нь авах юмгүй царай муутууд байсандаа л сонгогдсон юм.

Базаад хэлбэл, ДНБ гэдэг нь зөвхөн "мөнгөний урсгалд" анхаарлаа хандуулж, "баялагийн хуримтлалыг" огт ойшоодоггүйд, дутагдалын үндсэн шалтгаан оршино. Үүний гайгаар уг илтгэцүүр нь ойрыг харсан харалган бодлогыг хөхиүлж, урсгалын хэмжээг л тооцохоос бус чанарыг үл хайхрахад хүрдэг юм.

Үр дүнд нь, ДНБ гэдэг ухагдахуунд аз жаргал, эрүүл мэнд, аюулгүй байдал, тогтвортой байдал мэтийн суурь элементүүд ташираараа орхигдсон буй. Бутан гэдэг ДНБ-ээрээ 163-т жагсдаг төр "Үндэсний нийт аз жаргал" (GNH) гэдэг шинэ хэмжүүр гаргаж ирсэн нь, огтоос марзан яриа биш юм. Үнэндээ Бутан гэдэг улс 163-т жагсахаар яадгаа алдсан орон огтоос биш. Гагцхүү тэнд өрх нэг бүр өөрийн хэрэгцээгээ хангаж амьдардаг (Монголын малчин өрх шиг) учраас, мөнгөний урсгал гэхээр шалитай юм бүртгэгддэггүйд учир нь байгаа юм.

ДНБ гэдэг тоог хөөх тусмаа хүн төрөлхитөн өөрсдийгөө аз жаргалгүй болгоод байна уу гэлтэй.
Урагшилах замд нь эгц хадан ангал харагдсаар байтал, өөрийн эрхгүй эрчиндээ чирэгдэн гүйх нь өрөвдөлтэй биш гэж үү? Тэгээд нэг л өдөр тэр ангал руугаа палхийтэл унаж орхино. Яг л Лейхман шокийн график шиг...
  • ДНБ мэндэлсэн үе
Өнөө үед магтуулах нь багассан ДНБ боловчиг, 80аад жилийн өмнө бодож олсон тэр үедээ туйлын талархууштай тоо байсан аж.

Цаг үе 30-аад он, эдийн засгийн сүйрэл, дэлхийн том дайнуудын үе. Хүмүүс харанхуйд бүдчин баруун зүүнээрээ хуйлралдсан түгшүүрт үе. Тэр үед Орост мэндэлж Америкт хүмүүжсэн Simon Smith Kuznets гэгчийн дэвшүүлсэн нь ДНБ гэдэг цоо шинэ эдийн засгийн хэмжүүр байлаа.

Тухайн үеийн уг тоо нь, өнөөгийнхөөс нарийвчлал муутай тойм эд байсан боловч, үр өгөөж нь хангалттай том байсан юм. Энэ тооны ачаар, эдийн засгийн уналтын дундаж урт нь 21 сараас 11 сар болтолоо таллагдаж, давтамж нь 4 жил тутмаас 5 жил тутам болж номхорсон гэж үздэг.

Банкнаас хадгаламж огцом татагдах, санхүүгийн паник, эдийн засгийн сүйрэлд унах тоо багассан нь ч, тодорхой бөгөөд макро тоо болох ДНБ доороос нь түшиж ирсэний ач гэлцдэг. Энэ тоо байгаагийн ачаар л, хүмүүсийн сэтгэл дэх эргэлзэх айдасын хүч үлэмж багассан юм.

Simon Smith Kuznets нь дээрхи ажлаараа хожим нь Нобелийн эдийн засгийн шагналыг хүртсэн.
  • Туг барих зориулалтгүй ДНБ
ДНБ–ий мэндэлсэн хөрсийг сонживоос, уг тооны мөн чанар нь ч тодроно.
ДНБ нь харанхуйд бүдчин түгших хүмүүст үл үзэгдэх таяг хэлбэрийн үүрэг гүйцэтгэхдээ гарамгай боловч, эсрэгээрээ туг намируулж уриалан даллахдаа маруухан зантай. Үе үе хүн төрөлхитөнийг ангалруу дагуулдагийг ч хэлэх үү...

Хуучны ДНБ нь муухан дижитал аппарат шиг бүрэлзсэн тоо байсан ч гэлээ, өөрийн үүргийг хангалттай сайн биелүүлж чаддаг байлаа. Харин өнөөгийн ДНБ нь, хэдий өндөр нарийвчлалтай чанга тоо хэдий ч, өөр дамнуурган дээр тавигдсан мэт сэтгэгдэл төрнө. Тэгээд ч, цаг үе 80 жилийн өмнөхөөс динамик өөрчлөлт хийсээр байгаа нь юунаас ч илүү анхаарууштай.
  • Шинэ хэмжүүрийн эрэлд
Хэдэн жилийн өмнө Францын ерөнхийлөгч Саркози ДНБ–ийг орлох шинэ эдийн засгийн аргачилалыг индэрээс зарлав. Түүнд ДНБ–ий хэмждэггүй өөр "чинээлгийг" хэмжих зорилго агуулагдаж байлаа.

Энэхүү шинэ хэмжүүрийг бүтээхийн тулд ерөнхийлөгч Саркозийн тавьсан өдөт сум болбоос Нобелийн шагналт Joseph Eugene Stiglitz гэгч байв. Тэрээр өмнө нь Америкт Клинтоны засгийн газрын үед эдийн засгийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн ч хийж явсан.

Сонирхолтой нь гэвэл, Stiglitz Францад зарласантай адил аргачилалаа Америкт ч зарлаж байсан бөгөөд, тэрийгээ дор нь татан авч байж. Учир нь Америкт энэ талаар улс төрийн том эсэргүйцэл өрнөж, Stiglitz шантарчээ.

Тэр нь ч мэдээж учиртай. ДНБ гэдэг хэмжүүр дор дэлхийн номер нэг Америк гүрэн боловч, өөр шугамаар хэмживэл номер нэг хэвээрээ байна гэсэн баталгаа байхгүй. Ялангуяа "чинээлгийн" тухай болоод ирвэл, Америк эхний 10т ч багтахгүй нь илэрхий шахуу.

Чинээлгээрээ алдартай нь Европ. Дан ялангуяа Норвеги, Швед, Дани, Айсланд мэтийн хойд зүгийн орнууд бүр ч хүчтэй. Юугаа хэмжүүлэхээсээ хамаараад Франц ч номер нэг төр болох боломжтой. ДНБ–ийг эсэргүйцэх хандлага европт хүчтэй байдаг нь ч ийм учиртай биз.

Америкт хэдий орлого өндөр ч, амьдралын өртөг түүнийгээ дагаад өндөр байдаг. Гэтэл Францын олон цалинтай амралт болон эрт тэтгэвэрт гардаг зэрэг давуу талуудыг, Францын ДНБ өөртөө дарж тусгадаг.
Хөгшин болтолоо амралтгүй ажиллах нь, ДНБ–д илүү нэмэр болох боловч, тэр нь тэгээд "чинээлэг амьдрал" гээч мөн үү? ДНБ–ээр номер нэг болж чаддаггүй Франц, энэ асуултыг үндэс болгож шинэ хэмжүүр зарлан дэвшүүлж байжээ.
  • Хүнээр хангалуун нь Япон
Харин энэ удаа Экономист сэтгүүлээс онцолсон НҮБ–ын шинэ илтгэцүүр ч, "Чинээлгийг" эрэлхийлэх зүйл бөгөөд, "хүний нөөц", "байгаль орчин"–ыг хүндийн төвөө болгосон нь түүний онцлог юм.

Энэ туухайгаар хэмжвэл, Америкийн баялаг нь өөрийн ДНБ–ээс даруй 10 дахин их болж үржинэ. Гэвч хүн нэг бүрт нь хувааж орхивол, Японы тэр тооноос ч доошоо орох юм. Японы хүний нөөц нь дэлхий аль ч орноос хол тасархай их юм.
(НҮБ–н хүний нөөцийн тооцоонд,  боловсрол хүртэх жилийн дундач, ажилчидын цалингийн дундач, тэтгэвэрт гарталаа ажиллаж чадах жил зэргийг ашигласан.)
  • Байгалиа хамгаалсан Япон
Японы бахархал нь хүний нөөцөөр тогтохгүй. 1990–2008 оны хооронд "байгальдаа гар хүрээгүй" ердөө 3хан орны нэг нь Япон. Нөгөө хоёр нь Франц болон Кени.

Япон хэдийгээр нефть зэс мэтийн байгалийн баялаггүй ч гэлээ, газар нутгийнх нь ихэнх хагас нь тансаг ой модоор бүрхэгдэж, цэвэр ус тунгалаг агаараар бялхаж байна. Энэхүү үзэсгэлэнт байгаль орчин нь сүүлийн 30 жилийн турш огт хөндөгдөөгүй юм.

Эсрэгээрээ байгалийн сүйрэл эрчимтэй өрнөж байгаа улсаар Орос, Колумба, Нигерия, Саудын Араб, Өмнөд Африк, Венесуэл гэх мэт, дэлхийд алдар цуугаа дуудуулсан эрдэнэсийн авдарууд толгой цохиж явна.

Магадгүй Японд байгалийн баярлаг байхгүй нь, эсвэл ой модны талаархи судалгаанд арвин зоос зарсан нь, байгалиа онгоноор нь хадгалж үлдсэн цаад шалтгаан байсан ч байж болно.
  • Хөрвөх чадвартай 3 баялаг
НҮБ–ын шинэ аргачилал нь, материаллаг нөөц, хүний нөөц, байгалийн нөөц гэсэн 3 үндсэн хэмжүүрт хуваагдах бөгөөд, энэ гурвыг мөнгөн дүнд шилжүүлсэнээр харилцан биедээ хөрвөх чадвартай болох юм.

Жишээ нь, Саудын Араб байгалийн нөөц болох нефтиэсээ 40 тэрбум доллартай тэнцэх хэсгээ экспортлож, олсон мөнгөө боловсролд хаясанаар хүний нөөцөө 1 их наяд доллараар нэмэгдүүлжээ (1990-2008). Өөрөөр хэлбэл, нефть нь багасч гарлагдсан ч, тэрийгээ 27 дахин өсгөж хүндээ шингээсэн байна.
Нэг л ухаад эхлэхэд дуусах тавьлантай нефтийг ч гэсэн, хүний нөөц рүүгээ шилжүүлэн хадгалах боломжтой гэсэн үг.
  • Үнэхээр хөрвөх чадвартай гэж үү?
Материал, хүн, байгаль гурав харилцан биендээ хөрвөх чадвартай гэх нь туйлын уран санаа боловч, үүнийг эсрэгүйцэх үзэл олон бий.

Учир нь, нэгэнт доройтсон байгаль унаган төрхөндөө эргэтэл хичнээн жил сар, хүч хөдөлмөр шаардах вэ гэдгийг зөв тогтоох боломжгүй аж. Байгаль эхэд тохирсон үнийг нь хэлэх хэцүү бөгөөд, огт үнэ хэлэхгүй явдал ч элбэг байдаг байна.

Тиймээс, НҮБ–ын дээрх тооцоололд хамрагдах байгалийн баялаг гэдэг нь нүүрс, зэс, мод гэх мэт зах зээлийн үнэ ханштай түүхий эд л орсон. Түүнээс цаашхи эзэмших ч боломжгүй, зарах ч боломжгүй цэвэр агаар, тунгалаг ус зэргийг багтааж чадаагүй болно.
  • Зөгийний хийсэн ажил нь зөгийн балаар тогтохгүй
Байгальд үнэ хэлэх гэдэг нь, туйлын бэрх ажил бололтой бөгөөд, нөгөө алдарт эдийн засагчид хүртэл энэ тал дээр үгээ хэлдэг шиг байгаа юм.
Ухаалаг эдийн засагчид, зөгийний хийсэн балд нь үнэ хэлж чадах боловч, ургамалд зориулсан үр хүртээх үйлчилгээнд нь үнэ хэлэхэд хүндрэлтэй болохыг мэдэж байгаа.

Үнэхээр ч, нэгэнт байгаа зүйл дээр үнэ хэлэх нь амар боловч, устаж алга болж байж сая үнэ цэнэ нь илэрдэг байгаль мэтийн үнийг тогтооно гэдэг хэцүү.
Энэ өнцөгөөс харвал НҮБ–ын шинэ хэмжүүр төгс биш.

Гэвч үнэ тогтоох боломжгүй зүйлд үнэ тогтоохыг эрмэлзсэн явдал нь туйлын үнэлүүштэй зүтгэл юм.
Учир нь, явж явж хүн гээч нь тоо хэмээх бодит зүйлийг харж байж, сая юмны үнэ цэнийг баримжаалдаг амьтан билээ.
  • Хүн бол тоосго
Хүн бол тоосго, хүн бол хана, хүн бол цайз юм. Хүн л улс гүрний суурь нэгж. Хэдий цаг үе нь өөр ч, дэлхийн үе үеийн удирдагчид "Манай улсын хамгийн том баялаг бол манай ард түмэн юм" гэж олонтаа хэлсэн байдаг.
Энэ удаагийн НҮБ–ын илтгэлд дээрх үзэл тусгалаа олжээ. Дэлхийн ихэнх улс орны хувьд, үндсэн 3 нөөц дотроос хүний нөөц нь үнэмлэхүй жин дарсан байна.

Хүний нөөцийн хувь хэмжээ нь, Англид 90%, Америкт 78%, Японд 73% тай байна. Хүний нөөц нь хамгийн том баялаг нь болоогүй ердөө гурван улс байгаа нь Орос, Саудын Араб, Нигерия гэнэ. Аль аль нь газрын тосонд хөлбөрсөн төр.
  • Баялагаас илүүтэй урт насалдаг төр
Японы гомдол тавьдаг ганц зүйл нь байгалийн баялаггүй явдал боловч, энэхүү дутагдалынхаа ачаар харин ч байгалиа хамгаалж, хүнээ хөгжүүлсэн үр дүнд хүрсэн гэлтэй.

Хэдий нефтинд умбах төр байлаа ч, тэр давуу тал нь 100 жил үргэлжлэх эд биш. Байгалийн баялагийн богино настай харьцуулахад төр улсын нас хамаагүй урт. Геннист бичигдсэнээс үзвэл Японы төр хамгийн урт буюу 2600–аад жилийн настай гэнэ.

Ийм урт удаан оршдог төрийн ирээдүйг бодолцох аваас, 100аадхан жилийн настай байгалийн баялагт хувь заяагаа даатгах нь ямархан аюултай зүйл бол? Яг л элэгдэн нарийсах өчүүхэн таяганд хамаг жингээрээ даран тулахтай адил мэт.

Тэгвэл, хүний боловсрол гээч зүйл ямар билээ?
Жишээ нь, хүмүүнийг удирдан залдаг дэлхийн хэмжээний шашинууд хөнгөхөн 1000 жилийн настай. Зуу зуун жилийн өмнөх гүн ухааны суут бүтээлүүд одоо ч гүн гүнзгий утга агуулгаа хадгалсаар буй.

Энэ удаагийн НҮБ–ын илтгэлд япон хүнийг өндөрөөр үнэлсэн нь, магадгүй Япон төрийн 2600 жилийн туршид өсгөн тойлсон ямар нэгэн зүйл, ард түмэнд нь хуримтлагдсаны үр дүн ч юм билүү.
  • Дахиад салаа зам?
Нэгэнтээ ДНБ гарч ирж байх үед, дэлхий салаа замын өмнө байж.
Мөнхүү өнөө үе ч, өөр үнэлэмж хайх болсон нь бас дахин салаа замын өмнө ирээ юу гэлтэй.
Эдийг сонгох уу? Хүнийг сонгох уу? Бас байгальтай хэрхэн зохицож урагшлах вэ? гэх мэт салаа замууд.

Орчин цагийн иргэншил хэмээх хултай айргийг, зүгээр л уугаад байдаг тансаг үе удахгүй төгсөж мэдэх нь ээ...

No comments:

Post a Comment