Энэ түүх тун хачирхалтай эхэлсэн юм.
- Хүүш! Бос гэм!
Танил биш хоолойн чимээгээр нүдээ нээсэн би нойрмог хүнд зовхио дөнгөж нээв үү үгүй юү нүдний алим аяганаасаа мултрах шахам цочирдон паниктав.
Юуу вээ энэ одоо?!
Дэрний дэргэд аймар амьтан сууж байна. Зааных шиг урт хамар. Хамрын угалзнаас ёрдойх 2 цагаан соёо (нэг соёо нь яагаад ч юм тэг дундуураа хугархай ч байх шиг). Тэгснээ түнтийсэн том гэдсээ 4 хөлнийхөө нэгээр илнэ.
Яг ийм амьтан. Урт хамраа алгуурхан савлуулсан шиг нүдний өмнө сууж байна. Бүүр нэг, үеийн найзууд нэгнийдээ ууж хоноод маргааш нь сэрсэн аятай, хээв нэг тухлаастай.
Шууд л дотроо “Энэ яг зүүд” гэж бодов. Сэрээд дахиад зүүдэлж байна. Би ч угаасаа их зүүдэлдэг л дээ. Дандаа гүехэн зүүрмэглэдгийг ч хэлэх үү. Гүехэн зүүрмэглэхээр ядаргаа ч олигтой гарахгүй. Ядахад дээр нь ийм хачин мангас шиг юмнууд зүүдлээд байхаар бүр ямар олиг байх вэ. Гэвч, энэ удаа би дүүрсэн хэрэг гээд нүүрэлдэхээр шийдэв. Угаасаа зүүд юм чинь яав л гэж.
- Хэн бээ чи?
Шууд л асуув. Тэгтэл мангас шиг амьтан гхх гэж хамраа дуугаргаад хариу хэлж байна.
- Хэн байдаг юм, Ганеша л байна.
Тэгснээ “Ганц тамхилчих уу?” гэсээр надаас хариу ч хүлээлгүй ширээн дээр байсан Parliament-ийн хайрцагнаас нэг янжуур сугалж аваад асаачхав. Гартаа барьсан 500₮-ийн шар асаагуур нэг л нүдэнд танил. Гэх үү дээ, миний асаагуур байна.
Ганеша гэж өөрийгөө танилцуулсан аймар мангас ганц өрөө жижиг байрны минь тааз руу “Хааа” гэж утаагаа хаялсаар ийн хэлэв.
- За тэгээд, бэлэн үү?
- Юу?
- Юун юу гэж?
Дагз заадлаараа ангас ангас. Шартаж байна гэж жигтэйхэн. Бүрэн гараагүй архины үлдэгдэл, дутуу сэрсэн нойрноос болоод толгой эргэнэ. “Хаанах аялгаар яриад байгаа юм бол?” гэсэншүү юм бодон мангасыг нүднийхээ булангаар сэмхэн ажив. Хамгийн хачирхалтай нь тэр үед энэ мангас хаана ч билээ харсан царай шиг танил санагдсан боловч, яг хэзээ хаана харснаа санах гээд чадсангүй.
За за, ямар хамаа байхав.
Жаахан байж байтал угаасаа юутай ийтэйгээ замхрах байлгүй. Юу ч болдог бай, энэ бол зүгээр л зүүд.
- Зүүд биш дээ хө.
Гэнэт чанга дуугаар Ганешаг хэлтэл давхийтэл цочив. Энэ чинь одоо, бодол уншдаг юм биш биз дээ?
- Алив сайн хараач ээ. Бодит байдалтайгаа нүүрэлд!
Бас юу вэ?
- Ийм байдлаар мөрөөдлөө бодит болгож чадахгүй дээ.
Зассс, хэн бэ энэ одоо? Ёоох, гэдэс өлсөөд эхэллээ. Больё чи минь, буцаад унтах минь. Жаахан сонирхол төрөөд нүүр өгье гэсэн биш гэнэт бүр дургүй хүрчлээ. Хайран сайхан амралтын өдрийн нойр минь гэсээр мангас руу тасхийтэл нуруугаа харуулан хөрвөөж орхив.
Үгүй ээ, энэ чинь!?!??!!
Яг тэр эгшинд.
Гэнэт би мангасыг таньж орхих нь тэр.
- Арай ч дээ, тийм байх учир...
Духаар минь хүйтэн хөлс бурзайгаад явчив. Дөнгөж саяхан “Энэ бол зүүд” гэсэн бодолдоо эргэлзэх ч гүй байсан сан. Гэтэл тэр бодол минь юу юугүй “Зүүд байгаасай” гэсэн айдас болон хувирч орхив.
Би..., энэ мангасыг таньдаг болоод явчлаа шүү!
Хөнжлөөсөө толгойгоо алгуурхан цухуйлгах зуураа дагжин дагжин өрөөгөө тойруулан харав. Уул нь дандаа л утасны тавиурын дэргэд хэвтэж байдаг гарын алганы хэртэй сувнер тоглоом. 3 сарын өмнө Энэтхэгээр аялж явахдаа яагаад ч юм авчихсан “заанан бурхан” шалан дээр хэвтэж байна.
Арай...! Арай тийм баймааргүй дээ?!? Даанч нүдний буланд сүйтгэнэх мангас шиг амьтан хаанаас нь яаж ч харсан гарцаа байхгүй тэр тоглоомтой тольны тусгал шиг адилхан. Гэнэт нүд харанхуйлам айдаст автсан би сандран байж хөнжилдөө буцаад шургачхав.
- Одоо л нэг юм санав шив.
Бах нь ханасан аятай хоолой сонстов. Залгаад чадхийх асаагуурын чимээ гарлаа. Бодвол Ганеша 2 дахь тамхиа асаав бололтой.
- Дахиад асуухаас даа.
Хөнгөхөн санаа алдаад Ганеша дахин ам нээв.
- Тэгээд сэтгэлзүйн бэлтгэл хангагдсан биз?
Хэдийгээр би өөрийн нүдээр хараагүй ч, лавтайяа тэр үед миний нүүр цусгүй цайж, хүүхэн хараа минь цэг болтлоо нарийссан байснаас зайлахгүй.
*
Нүхтийн тэндэх баячуудын хорооллын аль нэг харшид нь тэр үдэшлэг болж байлаа. 50 хүн сэлүүхэн амьдарчхаар уужим өрөө. Баарны булан, биллъярдын ширээ, шоколад шиг нимгэхэн плазма зурагт гээд дэлгүүр хоршоонд л баймаар зүйлс дүүрэн эгнээтэй. Цонхны цаадах Богд уул календарийн зураг шиг цаанаа л нэг онгон бас орги. Шар хэвлэлийг үе үе шуугиулж явдаг нэгэн баяны төрсөн өдрийн шоу. Компанийн ах хүү түүнтэй найз болохоор уригдсан гэж намайг хань татаж цуг ирсэн боловч, үнэндээ бол найз ч биш юу ч биш, ердөө л ганц удаа нэрийн хуудсаа солилцсоноос хэтрэхгүй, энэ шоунд ч бас уригдсан гэхэд хаашаа юм, зүгээр туулайчлаад шургалчихсан гэвэл үнэнд илүү дөхнө.
Олон ном гаргаж баймаар өндөр амжилтанд хүрсэн бизнесменүүд, телевизийн одууд, алдартай тамирчид. Сэтгүүл дээрээс л хардаг модел бүсгүйчүүд.
Энэ насандаа хөл тавьж үзээгүй үлгэрийн гэмээр ертөнц.
Харин бид тэр үлгэрийн ертөнцийн булан тохойд хэний ч анхааралд өртөхгүй, мэдээж бас хэнтэй ч үг сольсон юмгүй, юу ч гэмээр юм бэ дээ, яг л өөрсдийн оршихуйгаа үгүйсгүүлж байгаа аятай мэдрэмжийг тээсэн чигтээ барихад эвгүй гонжгор урт оргилуун дарсны хундагаар юм уумар аядан шигдэн сууна.
Харих замд ах хүү хэлж байна.
- Яаая гэхдээ алдартай хүмүүсийн барааг хараад сайхан л байлаа.
Үхсэн, сайхнаа ч алд. Харин ч эсрэгээрээ амиа хорлочихмоор новшийн мэдрэмж дүүрэн бэлбэгнэсээр гэртээ ирэв.
*
- Өчигдөр чи гүй ээ мөн их уйлсан шүү.
Ганеша яагаад ч юм агаар дээр хөвж байх юм.
- Байдгаараа уйлаад л орилоод байх юм. “Өөрчлөгдмөөр байна” гэж ирээд л.
Өчигдрийн ой санамжаа хөөн санах тусам нүүр минь пийшин шиг халуу дүүгэж байгаа нь анзаарагдав. Нээрээ шоу дууссаны дараа гэртээ ирсэн би саяын орд харш, өөрийнхөө умгар өрөө хоёрын арай дэндүү ялгаанд бачууран хямрахдаа хөргөгчнөөсөө Боргио 2-ыг гаргаж ирээд зэрэг задалж орхисон. 4 дэхь лаазаа задлах үеэс эхлээд тоглоомон зааны хувиралгүй хүйтэн царай гэдэн хөдөлгөөд болдоггүй. Намайг ингэж их шаналж бачуурч байхад юундаа малийж тавлаад байгаа муу зөнөг вэ энэ одоо! Би зааныг толгойноос нь базаж авмагц ширээн дээр тасхийтэл тавив.
Согтуурхсандаа учир нь олдохгүй баахан юм үглэсэн шиг санагдана.
Би ч бас цагтаа мандаж явсан толгой шүү. Дунд ангидаа ангийн сагсны шигшээд сонгогдож л явлаа. Сурлагаар ч дээгүүр цохьдог байсан. Тэрүүхэндээ бас нэр устай их сургуульд ч орсон. Энэ компанид ажилд ороход ээж аав минь надаар бахархсан юм шүү. Миний дэргэд сургууль соёл ч үзээгүй, гудамж метрлэсэн арчаагүй юмнууд зөндөө л байгаа шдээ. Тэгж ярих юм бол харин ч би чадаж байгаад нь орно гэж мэд.
Гэхдээ л, яагаад ч юм одоогийн энэ би, арай л..., арай л жирийн үү? Арай л жирийн нэг ажилчин уу? “Жирийн байх хамгийн хэцүү” ч гэх шиг, шал худлаа л байхгүй юү. Яс юман дээр олонхын нэг болохоор л жирийн байгаа биз дээ? Олонх нь ийм байна гэдэг чинь, амархан болоод л тэр биз дээ? Амархан болохоор л олон хүн ийм байгаа. Хамаагүй ээ, би ичихгүй хэлнэ. Тийм гоё үлгэрийн ертөнцийг харвал хэн ч гэсэн атаархана за юу! Тэгж амьдарч байгаа хүмүүсийн дэргэд би арай л өрөвдмөөр байна. Нэг тийм доромжлуулаад ч байгаа юм шиг. Ийм үү тийм үү гэвэл эргэлзээгүй тийм л болмоор байна. Тийм болмоор байна шдээ! Хөөе муу заан минь. Бурхан юм гээ биз дээ, чи? Алив нэг юм хийгээч! Миний энэ доожоогүй амьдрал зэргийн асуудал бол алга урвуулахын төдийд л шийдчинэ биз дээ чамд бол? Айн? дуугараад өгөөч новш оо!
Заанан тоглоом руу хэсэг баахан агсарсны дараа
- Гуйж байна шдээ. Юу ч байсан хийнэ.
гээд ихэр татуулан уйлж, духаараа хэдэнтээ ширээ цохин байж тоглоомны өмнө мөргөж унасан. ...Шиг санагдана.
- Тэгээд яах юм бэ?
- Яах юм бэ..., гэдэг нь юу билээ?
- Үгүй ээ тэгээд..., өөрөө өөрчлөгдмөөр байгаа юм уу, үгүй юм уу? Яг аль нь юм?
- Тэг..., тэгж болдог бол өөрчлөгдмөөр л байна.
Өөрчлөгдөх. Гэхдээ яг амьдрал дээр хэрэгжүүлэхэд үүнээс хэцүү үг гэж байдаг болов уу? Ер нь ч Энэтхэг рүү аяллаар явсан маань ч тэр, компани дээр гарын үзүүрийн ажилд зарагдаж, ахлахын яршигтай аашинд эгдүүцэхдээ л “Бүхнээс залхаж байна. Ерөөсөө л амьдралаа өөрчилье!” гэж хүчээр шахуу ээлжийн амралтаа аваад ум хумгүй зугтаж одсон маань тэр байсан. Тухайн үедээ бол эргэлтийн гэмээр л шийдвэр гаргаж байсан юм даг.
Харин одоо, Энэтхэг явахын өмнөхтэй юугаараа ч ялгарах юмгүй өдөр хоногийг өнгөрөөж буй нөгөө л би энд байна. Тэгж бодохоор өөрийгөө хараад улам л үзэн ядах шиг мэдрэмж төрнө.
Түүгээр ч тогтохгүй.
Өдийг хүртэл би хичнээн ч удаа өөрчлөгдөхөөр сэтгэл шулуудаж байлаа. Зорилго тавиад өдөр бүр заавал хэрэгжүүлнэ гэж амална. Ажлаа тарж ирээд ч бас англи хэл сурна гээд нухаж л байсан. Даанч бүтээгүй. Цоглог үедээ “Алаад өгье!” гээд босохоороо хэсэг явдаг ч, эцсийн эцэст юу ч үргэлжилсэн юмгүй замхарч, бараг нөгөө “Алаад өгье” гэж боддог үеэсээ ч өөртөө итгэлгүй арчаагүй амьтан болдог. Тиймэрхүү л өрнөл дахин дахин давтагдаад таардаг.
Өөрчлөгдөхсөн гэх бодол.
Тэр нь хэзээнээс ч юм нэг мэдэх нь ээ “Угаасаа чадах биш дээ” гэсэн бодолтой хосоороо толгойд орж ирдэг болж.
- Одоо санаа зоволтгүй ээ.
Гэнэтхэн хэлсэн Ганешагийн үгэнд давхийтэл цочив.
- Энэ удаад “Ганеша жор”-оор явна.
Ганеша жор? Бас юу вэ?
- Ний нуугүй л хэлчье. Өөрийгөө шалихгүй амьтан гэдгээ мэднэ биз дээ хө?
Шаль..., шалихгүй???
- Өөр шиг чинь суурин дээрээ эргэлдсэн, өөрөө шийдсэн зүйлээ ч хариуцлагатай хийчих чадалгүй шалихгүй амьтныг ч бас чаддаг болтол нь дасгалжуулаад өгч болдог юм. Тэрийг надад даатгачих.
Юу гэнэ ээ?
Ганешагийн хэлсэн үгийн утгыг ойлгож ядсан би гайхан мэлэрч орхив.
- Өөрөө, надад эргэлзээд байна аа даа?
- Үгүй ээ, юу..., яг ч бас эргэлзсэн ч гэх үү…
- Тийм бол намайг дагах уу?
- Тэр ч бас жаахан…
- Яав аа? Ямар асуудал байна?
Ямар асуудал байна гэж, ядаж л наад зах нь энэ гадаад төрхийг нь аваад үзсэн бөөн айдас хүйдэс. Юун тэр “өөрчлөгдөх, өөрчлөгдөхгүй” бол бүр цаашаа. Наана нь шийдэх асуудал (яахаараа ч агаарт хөвөөд байгаа юм гэхчлэн) уул овоо шиг их байхад..., яагаад ч юм дээрээс удирдуулсан утсан хүүхэлтэй аятай миний амнаас ийм үг гарч орхив.
- Гэхдээ л өөрчлөгдөнө гэдэг хэцүү шүү дээ. Хүн ер нь өөрчлөгддөггүй юм биш үү?
Тэгтэл Ганеша том гэгч нь санаа алдаад хэлж байна.
- Өөрөө, юу ч ойлгоогүй байна даа.
- Юу ойлгоогүй гэж?
Өөр шиг чинь гэнэн жараахайд хаанаас нь тайлбарладаг юм билээ байз.
Ганеша гараараа духаа маажин байж хэлэв.
- Аа тийм. Жишээ нь, Ньютон бацаан байна аа даа?
- Ньютон бацаан?
- Тийм ээ, Ньютон бацаан.
- Үгүй ээ, сайн мэдэхгүй юм байна.
- Айн? Мэддэггүй юм уу? Исаак Ньютон гээд?
- Исаак... Ньютон! Гэж мэдэлгүй яах вэ дээ. Нөгөө таталцын хууль нээдэг хүн биз дээ?
- Тийм ээ тийм. Тэр Ньютон. Тэрийг ч гэсэн үндсэндээ бол би хүмүүжүүлсэн юм шдээ.
- Наргиад байгаа юм уу?
- Хэн наргисан юм. Тэгж яривал таталцлын хуулийг зааж өгсөн нь угтаа бол би байгаа юм. Бацаан чинь ерөөсөө юм анзаарахгүй болохоор нь толгой дээр нь алим унагаад хаясан. Тэгсэн алимыг ч бас анзаарч өгдөггүй, бүр гурван ч удаа унагаж билээ. Ёстой нэг мэдрэмжгүй бацаан байсан юм даг.
- ...
- Яав? Дуугаа хурааж гэнэ. Би чинь бурхан шүү! Тэр зэргийн юм юу ч биш. Ер нь байна шүү, түүхэнд тодорсон гол гол хүмүүсийн ихэнхийг би хүмүүжүүлсэн байдаг юм шдээ. Моцарт байна, Пикассо байна, Наполеон байна, Ницше, Эдисон гээд..., сүүлийн үед гэж яривал Билл Гейтс хүү ч бас үндсэндээ би дээ.
- ...
- Гүй ээ, тэгээд хэлээд байхад даа, битгий дуугаа хураагаад бай гээд. Тийм түүхэн хүмүүсийг хүмүүжүүлж ирсэн байхад, өөр шиг чинь өчүүхэн баньдыг өөрчлөх бол яамай л байна. Ер нь ч өөрийн чинь зорилго мөрөөдөл гээд шалихгүй юм л байгаа байлгүй. Бүх дэлхийг нэгтгэх энэ тэр биш биз дээ? Үсрээд л орлогоо 2 дахин их болгох ч юм уу, шоунд очоод од болмоор байна ч юм уу, тэр зэргийн л юм биз дээ зайлуул? Амархан гэм.
- Нээрээ юү?
- Нээрээтэй юутайгаа тийм гэм. Өөрийгөө азтай байна л гэж мэд.
За ёстой юу ч болоод байгаа юм бүү мэд. Гэх үү дээ, ерөөсөө ийм юмтай ингээд хээв нэг ярьж суугаа маань өөрөө сууриараа ойлгох юм алга. Тийм бол ер нь яасан ч яадаг юм, энэ хачин амьтны хачин яриаг бүр боргиогоод өгье л дөө, тэгвэл. Гэсэншүү бодол толгойны мухарт сүйтгэнээд ирэв.
- За тэгээд яах уу хө?
Толгойгоо сажлуулан том нүүрээрээ дөхөж ирсэн Ганешагийн өөдөөс бага зэрэг чухал царай гарган хэлж орхив.
- Өөрчлөгдөж болдог юм бол өөрчлөгдье л дөө.
Тэр үгийг сонсов уу үгүй юү хүлээж байлаа гэсэн шиг Ганеша тааз өөд гэдийн “Аа хаахаахаа” хэмээн тавлангуй гэгч нь инээв. Тэгтэл хаанаас гараад ирэв бүү мэд, гэнэт нэг хуудас цаас агаарт намирсаар буугаад ирлээ.
- Гарын үсгээ зур.
Ганеша агаарт савчих цаасыг шалмаг барьж авмагц над руу тулган барив.
- Ю, юу вэ энэ?
- Юу байхав, гэрээний бичиг.
- Гэрээ гэнэ ээ?
- Харин түрүүнээс хойш асуугаад байгаа биз дээ? Сэтгэлзүйн бэлтгэл хангагдсан уу гээд байхад.
Цаасан дээр уншиж ч мэдэхгүй хачин үсгээр гонжиролдон бичигдсэн харагдана.
- Нөгөө юу, энэ дээр юу гэж бичсэн юм бол?
- А, энэ үү?
Ганеша гэрээний цаасыг надад харуулангаа хэлэв.
- Энэ байна шүү, одооноос эхлээд миний хэлэх үгийг ганц л удаа үл тоох юм бол, түүнээс хойш үлдсэн амьдралдаа ямар ч хүсэл мөрөөдөл тээх тэнхэлгүй, яг л одоогийнхоо авах юмгүй намаг балчиг амьдралаар дуртай дургүй амьдарсаар харамсаж үхнэ, гэдэг гэрээ байгаа юм. Тийм л биз дээ? Миний заах зүйлс өөрийг чинь өөрчлөх хамгийн хялбархан аргууд юм чинь. Тиймхэн юмсыг ч чадахгүй бол өөр юу ч чадахгүй. Тиймээс миний хэлэх үгийг сонсохгүй бол оронд нь өөрийн чинь ирээдүйдээ хандах “итгэл найдвар”-ыг би авна.
Дөнгөж сэрснээс болоод түрүүнээс хойш бүрэлзээд байсан Ганешагийн төрх гэв гэнэт хүрээ хязгаар юутай ийтэйгээ тов тод харагдах шиг болов.
- Би “итгэл найдвар” цуглуулдаг юм. Оогт явцгүй юмнуудаас “итгэл найдвар”-ыг нь цуглуулж аваад, арай нэг зовхи нь өөдөө хүүхдүүдэд бүгдий нь өгчихдөг юм. Тэгж таалагдсан хүүхдүүдээ дэмждэг гэх үү. Тийм болохоор мундаг хүүхдүүд улам мундаг болж, явцгүй муу сайн юмнууд нь туйлдаа хүртэл хог дээр үсэрнэ дээ.
- Яа, яах гэж тийм юм хийдэг гэж?
- Миний хобби.
Гэж эхэлсэн Ганеша цааш нь “Тийм л биз дээ? Сүрхий хүүхдүүдийг хаа хүртэл явах бол гээд хэн бүхэн л сонирхдог биз дээ?” хэмээн үргэлжлүүлэх зуураа хөргөгч хүртэл алхаж очоод, надаас ямар ч зөвшөөрөл асуулгүй хаалгыг нь онгойлгов.
Өглөөнөөс хойш хэт их юм өрнөөд, толгой дотор бөөн будлиан. Ер нь явж явж би угаасаа л бүрэн сэрээгүй, энэ бүх үйл явдал ердөө л миний толгой дотор эргэлдэх зүүд юм биш үү? Гэх үү дээ, ер нь ч тийм байх магадлал нь хамаагүй өндөр гэж санагдана.
Харин!.
Ганешатай ярилцах зуур бодлын минь хаа нэгтээгээс тувт намайг чангаан шаналгах нэг зүйл байлаа. Юу гэвэл, өдийг хүртэл ичгэвтэр явдал, онцгүй явдал тохиолдох бүрийд өөрийгөө өөрчлөхсөн гэж хүчтэй боддог ч, даанч тэр нь ганц шөнө унтаад сэрэх төдийд л яагаад ч юм төдийлөн чухал биш болж, ямар нэг шинэ юм эхлүүлнэ гэхээс л лазан хөдлөөд тээршаан хойш суусаар өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн хэдий боловч, гэхдээ л сэтгэлийнхээ хаа нэг мухарт хэзээ нэгэн цагт өөрчлөгдөхгүй л бол, ямар нэг юмыг өөрчлөхгүй л бол ахиж хэзээ ч амжихгүйгээр оройтсон болчих вий хэмээн үргэлж мэдэрсээр ирсэн тэр нэг бүдэгхэн зовнил. Ажлынхантайгаа архидаж суухдаа ч, найзуудтайгаа зугаацаж явахдаа ч, юу ч юм нэг л чухал ажлыг үргэлж хойш тавиад байгаа ч юм шиг, хийхгүй бол болохгүй зүйл хүлээгээд байгаа ч юм шиг санагдаад сэтгэлээсээ баясаж чадахгүй, тэгсэн хэрнээ яг яах ёстойгоо ч ойлгохгүй, бачуурсан тэр мэдрэмжээ таглаж хаяад олон жил амьдарч ирснээ эргэн санав.
“Нэг л өдөр надад боломж ирнэ”. Үргэлж л ингэж бодно. Одоохондоо тэр боломж надад арай ирээгүй байна гэдэг үгээр өөрийгөө тайтгаруулна. ...Гэвч, яг үнэндээ “боломж” гээч юм миний эргэн тойронд хаа сайгүй ирмэж, ичгэвтэр явдал, онцгүй явдлууд тохиолдсон агшин бүр үнэндээ чухам тэр өөрчлөгдөх боломж нь ч байсан юм билүү, тэр боломжуудтай би өдийг хүртэл зүгээр л зөрж өнгөрсөөр ирж. Тиймээс энэ янзаараа явбал “боломж” гээч юм надад олдохгүй. Боломжийг “боломж” мөн эсэхийг зөвхөн би өөрөө энд одоо л шийднэ.
Нүдний өмнө зогсох Ганеша. Үнэндээ миний эдгээр бодлуудаас надад үзүүлж буй хий зэрэглээ ч юм шиг.
- А нээрээ, намайг хэнд ч битгий хэлээрэй, за юу.
гэж хэлээд Ганеша хамраа дуугаргав.
- Тэгэхгүй бол, би чинь алдартай юм болохоор, гэрэл цохиулчихвал төвөгтэй юм болно. Хүн амьтан энд тэндээс гар барья нтр гээд татаж чангаагаад…
Ганеша тийн хэлэнгээ миний өглөө идэхээр нөөцөлсөн таргийг маань ямар ч зөвшөөрөлгүйгээр гаргаж ирэн тагийг нь онгойлгосноо
- Халбага байна уу хө?
Ийм даварсан бүдүүлэг жишээргүй хачин юмны үгэнд итгэж болох уу?!? Дотроо дүүрэн эргэлзээнд ээрэгдсэн би гал тогооны татуурганаас халбага гаргаж ирэв. Халбага авсан Ганеша
- Өндөөөр болоорой.
Юу нь мэдэгдэхгүй хачин амьтны яах нь мэдэгдэхгүй арга барилаар ямар нэг зүйлийг өөрчлөх гэж оролдоно гэдэг, өөрөө хэлэх нь хаашаа юм гэхээс үнэндээ яавч хэвийн бус санагдаад болсонгүй. Дээр нь өөрийгөө бурхан гэж ам гарах энэ амьтан миний найз уу, дайсан уу гэдэг нь ч тодорхойгүй. Хамгийн гол нь арай л дэндүү сэжигтэй.
Хичнээн бодоод ямар ч дүгнэлтэд хүрч чадаагүй би яавал ч яаг гэсээр босч ирэв. Ийм юмтай эрүүлээр нүүрэлдэж суух арга алга.
Би шийдсэн янзаар алхалсаар хөргөгчиндөө хүрч, дотроос нь лаазтай пиво гаргаж ирмэгц газар дээр нь задлаад томхон балгаж орхив.
- Уухай, өглөөнөөс эхлээд цоглог байх чинь вээ.
Ганеша хүр хүр инээнэ.
Ооопс.
Шартсан дээрээ уутал юу юугүй огиод, золтой л буцаагаад гаргачихсангүй. Арайхийн гараараа тогтоох зуураа шалан дээр хөглөрөх балыг шүүрэн авлаа.
Уг номыг унших заавар
Өнөөдрөөс эхлэн Ганешагаас танд өдөр бүр нэг даалгавар өгч, түүнийгээ хийлгээд явах болно. Ганешагийн даалгавар гарцаагүй “1 өдөр”-т хийх боломжтой даалгавар байна.
Эдгээр даалгавар нь Ганешагийн хэлсэнчлэн тийм ч хүнд хэцүү биш. Гэхдээ таны амьдралыг томоор өөрчлөх дайны үр нөлөө тэнд бий. Таны мөрөөдөл хийгээд зорилгодоо (баян болмоор байна, алдартай болмоор байна, их үйлсийг бүтээмээр байна, өөрийн авьяасаа тултал ашигламаар байна, амжилтанд хүрмээр байна...) хүрэхэд шаардлагатай чадвар танд суух болно.
Даалгаврууд дотор өнгөц харахад “Энийг хийгээд ямар утга байна аа?” гэж гайхаж эргэлзмээр зүйлс ч байж магадгүй. Хий хоосон мухар сүсэг, шинжлэх ухаанч бус гэж санагдаж ч болно.
Тийм байсан ч заавал даалгаврыг хийгээрэй.
Эдгээр даалгавар бол Ганешагийн хэлж буйчлан, түүхэнд агуу үйлс хийж мөнхөрсөн алдартай хүмүүсийн туулаад өнгөрсөн даалгавар ч бас мөн юм. Тиймээс эдгээрийг хийж, хэрэгжүүлж, үр нөлөөг нь мэдрээрэй.
Хэрэв та ганц л удаа даалгаврыг гүйцэтгэхгүй бол Ганешагийн гэрээ үйлчилнэ гэдгийг анхаарна уу.
За одоо нэг сайн гүнзгий амьсгаа аваад.
Ганешагийн даалгаврыг эхэлцгээе.
6 comments:
Shuud orchuulchihaj boloogui yumuu, Nukht Borgio ene ter geed.
Тэр их учиртай
ene nomoo orchuulj gargaarai. Mash goyo nom bn. Haramsaltai ni English hel deer orchuulagdaj garaagui bololtoi haigaad oldsongui. Hervee English hel deer garsan bol amazon deerees hudaldaj avavmaarl bn
jisheergui gej yamar utgatai ug yen be
жишээргүй гэж, эрээ цээргүй гэх үү дээ.
Томё Бодё зохиол бичдэг болоо юу даа, сайн байна
Post a Comment