2020/11/06

Мөрөөдөл биелдэг ЗАА!н (2-р хэсэг)


1.

- Нээрэнгээсээ яг биз?

Ганеша миний нүүр рүү өнгийн байж асуув.

- Танд дагаар орж буйг минь болгооно уу.

Айгаагүй, эргэлзээгүй гэвэл худал хэлсэн болох биз. Гэх үү дээ, эсрэгээрээ айдсаас өөр юм байгаагүй гэвэл үнэнд дүйнэ. Зааны толгой, цүдийсэн гэдэс, хүний юм дураараа авч хэрэглэж, идэж уухаас ч сийхгүй зан байдал, бурхан байтугай бурхны сүр жавхлангийн хэлтэрхий ч байхгүй энэ бурхан нэрт амьтанд намайг өөрчлөх дайны хүч байдаг л байгаа даа?

Гэсэн ч надад үзээд алдахаас өөр арга байсангүй. Туршиж үзээд худлаа байвал тэр л биз. Амьд явбал арга нь олдож л таараа.

- Зөв л санаа байна.

Ганеша алгуурхан толгой дохин дэмжив. Тэгснээ

- За хө, тийм бол тэгээд эхлээд явах уу даа?… Гэхдээ эхлээд нэг асуудал байна!

За эхлэх нь. Би гүрэлзтэл шүлсээ залгин байж ам нээв.

- Юу юм бол?

Ганеша

- Бурхнаас сургаал сонсоход, өргөл барьц гэж юм байдаг даа хө?

Бас юугаа нэхээд унав аа?

За за тэгж л таарна, зовлонгүй бүтдэг ажил ямар байх биш.

Одоо тэгээд яах ёстой юм бол оо? Мөнгө гаргаж өгөх үү? Даанч надад мөнгө байхгүй. Үнэнийг хэлэхэд, мөнгө байсан ч ийм юманд үрнэ гэхэд арай л хайран. Яасан ч өгмөөргүй.

Хэсэг бодолхийлсний эцэст би өрөөний буланд хайш яйш хэвтэх цаасан хайрцагнаас “Арай л янзы нь үзсэн болчдог юм болов уу…” гэж эргэлзэнгүй бодонгоо нэгэн зүйл гаргаж өгөв.

- Юу юм энэ чинь?
- Энийг, нөгөө, хайлмаг гэдэг юм.
- Хайлмаг? Хайлмаг гэж юу юм?

Ганеша хатсан хайлмаг уутнаас гарган алган дээрээ тавиад гайхан асуув. “Хм, бурхан юм байж хайлмаг ч мэдэхгүй” гэж бодох зуураа ямартай ч хайлмагны талаар жаахан тайлбарлав.

- Хайлмаг гэж нөгөө, уламжлалт амттан байгаа юм. Манай ээж аав хөдөө амьдардаг болохоор надад үе үе хайлмаг явуулдаг юм. Ахиад ч байгаа шүү, танд таалагдвал…

гэж хэлэнгээ дотроо Ганешаг юу юугүй тэсэртэл уурлахыг зөгнөн харав. Хэсэг зуур Ганеша хайлмаг бид 2-ыг ээлжлэн харж байснаа гэнэт надаас халбага булаан авмагц болгоомжтой гэгч нь хайлмаг амандаа зөөв.

- Хооо…

Ганешагийн гарын хөдөлгөөн хурдаа нэмж, аварга ам хайлмаг хоёрын хооронд халбага хэдэнтээ эргэлдэв.

- Юу вэ энэ чинь, тасархай юм гээч. Амт гэж байна аа байна.

Төд удалгүй хайлмаг оргүй алга болов. Хоосон уут барьсан чигтээ Ганеша үг дуугаралгүй наашаа ширтэнэ. Түүний цоргитол гялалзах харц юу ч юм нэг зүйлийг надаас шаргуу шаардах мэт. Би ч тэр дор нь хайрцагнаас ахин нэг уут хайлмаг гаргаад нүдний өмнө нь тавив. Ганеша хайлмаг руу шүлэнгэ харц нэг шидлээд нааш харан хэлж байна.

- Болох юм уу?
- Ид ид.

Ганеша орь дуу тавин хоёр гараа сарвалзуулсаар уутыг задлаад халбагаа зоож орхив. Идэж байгаа нь түрүүнийхээс ч илүү түрэмгий бас шунаг. “Янзтай, оо” хэмээн дуу алдсаар нүдээ онийлгон байж идэж гарав.

А гэх завдалгүй ахиад нэг уут ид бад.

Миний харцаа салгаж чадахгүй ширтэх нүдний өмнө Ганеша хайлмагийг хөнтөрч дуусмагц, “Айх” гэж санаа алдаад ингэж хэлж байна.

- Чи ч мөн алдаг гар юм аа хө.

Юу яриад байгаа юм бүү мэд. Толгой сэгсрэх над руу хараад Ганеша малийтал мишээв.

- Өдийг хүртэл янз бүрийн л хүүхэдтэй зууралдаж явлаа. Гэхдээ юу юугүй ингэж шууд тархидуулж явснаа үнэндээ санахгүй юм.
- Тэг...эхээр… намайг хүлээж авлаа гэсэн үг үү?
- Тэгэлгүй яахав. Хиншүү гартал чинь сургаад өгнө дөө.
- Баярлалаа.

Ганеша чухам юу зааж өгөх бол? Одоо бол айдсаас илүүтэй горьдлого хүлээлт цээжийг минь хөвөлзүүлэн оргино.

Гэвч бодитоор болсон явдал гэвэл, Ганеша шалавхан хичээлдээ орохын оронд “Надаар шууд заалгана гэдэг тэнгэрийн умдаг л гэж мэд!”, “Миний сургаалыг хүлээж байгаа хүмүүс хэдэн жил очерлодог гэж санана?”, “Ёоо, би бүр чамд атаархчихлаа байна” гэхчлэн үглэж, надад ямар гээч аз завшаан, хувь тохиол бүрдсэн болохыг нуршин нуршин ухуулж, “За хө” гээд өндийхөд нь одоо л нэг юм эхлэх нь үү гэтэл “Шүдний чигчлүүр байна уу?” ч гэж байх шиг, энэ мэтээр унжиж сунжирсаар бүтэн цаг гаруй Ганешагийн амыг дагуулан цаг нөхцөөмөр аядав.

- Алив, намайг дагаад!.

Ганеша амандаа модон чигчлүүр зуусаар босон алхав.

Ийнхүү Ганешагийн сургалт эхлэх нь. Би ч догдлон байж Ганешагийн хойноос алхлаа.

Ганеша өрөөгөөр холхисоор үүдэнд очиж зогсмогц, шал руу харан хэлж байна.

- Алив, гутлаа тосол!
- Юу?
- Юу юу гэж? Гутлаа тосол гэж байна.

Гэж хэлээд Ганеша үүдэнд хөглөрөх гутал руу хуруугаараа заав.

Гутал тослох оо?

Яах гээ юм бол?

Тэгтэл Ганеша хээв нэг цааш ярина.

- Сайн хар даа, энэ гутлаа! Арай л дэндүү заваан биш үү?

Би гутлын тавиур, үүдний зай тийш харцаа буулгав.

Хар өнгийн гутлаа ийш тийш нь харуулаад тавьчиж. Тавьчиж ч гэж дээ, хаячиж гэвэл илүү тохирно. Миний өдөр тутам ажилдаа өмсдөг гутал л даа. Ингээд тогтоод хартал энд тэндээ шавар шороо болж халтардаад, хоншоор нь нугалаа үүсгэн ээтийсэн байна. Гутал арчилгаа талаасаа нэлээн базаахгүй ангилалд л орох болов уу.

- За за, би ч явж унтъя.

Ингэж хэлээд Ганеша том өрөө рүү чиглээд алхав. Алгуурхан өрөөг тойруулж харснаа “Энд ч олигтой зай байна уу даа?” гэхчлэн тодорхойгүй зүйлс амандаа үглэн бувтнана. Хэсэг дагуулж харсны эцэст түүнийг өөртөө таарсан унтах газар хайж байгаа болохыг олж тогтоов. Энэ одоо манайд амьдрах гээ юм байх даа? Үгүй ээ, гэхдээ тэрнээс ч чухал нэг асуулт байна. Би сандран байж Ганешад хандан ам нээв.

- Юу..., нөгөө…
- Яасан?
- Нөгөө..., арай..., саяын хэлдэг чинь… “сургаал” биш биз дээ?
- Сургаал байлгүй яахав.

Би амаа хамхихаа ч мартан Ганешаг тас гөлрөөд явчив. Тэр дор нь хариу хэлэх үг ч олдсонгүй. “Чүү” гэсээр хувцасны шкаф руу шургахыг завдах Ганешаг зогсоон байж арай гэж аманд орсон үг маань энэ байв.

- Юу…, тэр…, гутал тослоход ингэхэд ямар утга учир байдаг юм бэ?

Ганеша том гэгч санаа алдаад “Чааваас даа хөөрхий, юу ч ойлгохгүй” гээд залхуутай гэгч царай тодруулсаар ярьж гарав.

- Өөрөө Ичиро гэж тамирчин мэдэх үү?

Ичиро?

Ганешагийн амнаас гарна чинээ санаагүй үг сонссондоо түрхэн зуур балмагдаж орхив. Тэгээд удаанаар нягтлах аястай эргүүлэн асуусан нь

- Ичиро гэж арай нөгөө бейсболын тамирчинг хэлээд байна уу?
- Тийм ээ, тэр Ичиро. Айн гэж бай. Тэр Ичиро бацаан байна шүү, бусад тамирчид зээ гээд хариад явсан хойно ч бас ганцаараа үлдээд бээлийгээ сойздоод л байдаг гээд бод доо! Бараг бага сургуульд байхаасаа л тэгдэг байсан юм даг. “Хамгийн нандин хөдөлмөрийн багаждаа хайхрамжгүй хандах тухай бодож ч чадахгүй” гээд шүү. Тэгж ажил хөдөлмөртөө чих шулуун сэтгэлээр ханддаг болохоороо л мань хүн дээд лигт байнга тэргүүлж явдаг юм шдээ.
- Ммм, тийм үү?... Мундаг юм өө.
- Ингэхэд чамаас асуухад, чиний хөдөлмөрийн багаж чинь тэгвэл юу вэ?
- Мм…, за байз...
- Гутал чинь хөөе!. Угаасаа ярианы урсгалаас тодорхой байхад мал юм уу хаашаа юм. Айн гэж бай! Чамайг компани руугаа явах үед ч, борлуулалт хийж гадуур гүйх үед ч, караокед галзуу юм шиг дэвхцэх үед ч, гутал чинь чамайг ямагт доороос чинь түшиж тулдаг биз дээ? Тэгж өөрийг чинь дэмжиж түшиж өгдөг юманд хайхрамжгүй ханддаг хүн амжилтанд хүрэх үү? Мал минь!

Мал гэж хэлүүлсэн чинь дүрсгээд л явж байна. Яахав, гутландаа хайхрамжгүй ханддаг минь үнэн л байх, бага зэрэг гэмшиж болох л юм. Ганешагийн хэлсэн үг ч бас логик талаасаа буруу гэж хэлэхгүй. Гэсэн ч гэлээ, тийм байлаа ч, тэр нь миний амьдралын унах сэхэхтэй шууд холбогдоно гэж яагаад ч бодомгүй.

- Юу…
- Яав?
- Ний нуугүй хэлэхэд, яаж ч бодоод, гутлаа тосолчих л юм бол амжилтанд хүрнэ гэж яагаад ч бодогдохгүй нь. Баян хүмүүс дунд ч бас навсайсан юмнууд явж л байдаг биз дээ? Арай нэг тийм, өөр даалгавар байхгүй юм уу?

Тэгтэл Ганеша зэвүүцсэн харцаар өөдөөс ширтэв.

- Чи байна аа?
- За?
- Өдийг хүртэл өөрийнхөө хэрээр бодож сэтгэж амьдарч ирээд, тэрнийхээ үр дүнд ийм царайтай явж байгаа биз дээ?
- Тэр, тэр бол…
- Тийм бол эсрэгээрээ чамаас асуумаар санагдчилаа байна. Чи өөрийнхөө толгойгоор яваад бүтдэггүй юм бол, хүний толгойноос гарсныг олон долоон үггүй хүлээж аваад хэрэгжүүлэхээс өөр ямар шаанс чамд байна??

Хүүе, хүүе. Тайвшир, тайвшир.

- Юундаа тээглээд өөдөөс цор цор гээд байгаа юм? Их зан уу? Миний бодол гарцаагүй зөв гэсэн их зан, тийм биз?

Их зан юм гэж үү?

- Эсвэл бөөн горьдлого найдвар уу? Өөрийнхөөрөө явбал хэзээ нэгэн цагт амжилтанд хүрэх ч юм билүү гэсэн.

Ганеша тамхи гарган асаав.

- Зүгээр, шулуухан хэлэхэд байна шүү.

Өөдөөс утаагаа “фүү” гэтэл савсуулаад

- Нэг л зүйлийг чамд баттай хэлчье. Бүр 2,000% баталгаа өгье. Өөрөө энэ янзаараа явбал яасан ч амжилтанд хүрэхгүй шүү.

Би өөрийн эрхгүй хоолойгоо шахан хэлэв.

- Яа, яагаад бүтэхгүй гэж?
- Яах юу байдаг юм. Өөрөө “Амжилтанд хүрэхгүй байх хамгийн чухал болзол”-ийг хангачихсан байна, за юу.
- Юу юм? Амжилтанд хүрэхгүй байх хамгийн чухал болзол гэж юу юм?
- Амжилтанд хүрэхгүй байх хамгийн чухал болзол гэдэг нь байна шүү. Тэр бол “Хүний үг сонсохгүй байх”. Угаасаа ойлгомжтой биз? Амжилтанд хүрэхүйц болтлоо өөрчлөгдмөөр байна гэж байнга шаналдаг, тэгсэн хэрнээ өдийг хүртэл оогт өөрчлөгдөөгүй ээ гэдэг чинь, нэг ёсондоо “өөрийнхөө бодолдоо хайрцаглагдсан байна аа” гэсэн үг мэдэв үү!

Тэгснээ Ганеша наашаа хараад хэлэв.

- Өөрөө амжилтанд хүрч чадахгүй байгаа нь байна шдээ… дөнгөж сая хэлдэг “Гутлаа тослоод ямар утга учир байна?” гэж бодсон чухам яг тэр бодол дотор чинь бүх шалтгаан байгаа юм за юу.

Ганеша долоовор хуруугаа гозойлгон миний шанаа руу хөнгөн тогшоод

- Ийм хамгийн хамгийн, хамгииийн энгийн юм ойлгохгүй махан толгойг дээ.

Би юу ч юм байдаг чадлаараа хашгиран эсэргүүцмээр санагдсан боловч, юу гэж хэлэх үгээ олсонгүй.

Новш гэж, ноооовш!

Гээд, эцсийн эцэст надад гутлаа тослохоос өөр сонголт нэгэнт байсангүй.

Харин хариуд нь ямар ч үр дүн гарахгүй бол, тэр үед ёстой нэг тасхийтэл нь, улалзтал нь, улаан нүүрэн дээр нь амы нь асууна даа, муу заанан толгойт минь.

- Таны арга шал худлаа.

гээд.

Ганеша үүдэнд суугаад гутлаа тослох намайг дээрэнгүй нүдээр ширтэн чичилнэ.

- Хөөе, тэгж мунаглаж зүлгэхгүй ээ. Арай нэг чин сэтгэлээсээ гуталтайгаа харьцах арга алга уу? “Үргэлж миний төлөө зүтгэж ирсэнд чинь баярлалаа” гээд талархсан сэтгэлээр тосло!
- Юу гэнэ ээ?
- Юу вэ чи, юу гэнэ ээ гэв үү?

Ганеша уухилсан ширүүн царай гаргасаар нааш дөхөж ирэв.

Аа новш гэж, заза тэгье ээ тэгье. Энэ муу нээрээ, юу ч өөрчлөгдөхгүй бол ёстой зүгээр орхихгүй дээ, харж л байгаарай.


Ганешагийн даалгавар:

Гутлаа арчлах


2 comments:

Jagana said...

nom yunmuu, zohioson umu

Tumen said...

Гэхдээ юу юугүй ингэж шууд тархидуулж явснаа үнэндээ санахгүй юм.
хаха

Post a Comment