2.
- За ямар байв даа? Өчигдрийн даалгавар.
Ганеша хувцасны шкафны татуурга нээх зуур асуув. Миний өрөөний хувцасны шкафыг хэвтэрээ болгож ашиглахаар шийдсэн бололтой. Түүнд хэлмээр зүйлс уул овоо шиг их байсан боловч, юутай ч өчигдрийн даалгаврын талаар илтгэхээр шийдлээ. Мундаг!.
- Гутал тослох санаснаас тааламжтай байсаан.
Энэ бол надад төрсөн ний нуугүй сэтгэгдэл. Өчигдөр гутлаа тослож үзээд хангалтгүй санагдсан би ажлаасаа харих замдаа гутал арчилгааны төрөлжсөн дэлгүүрээс гутал өмсгөгчөөс авхуулаад гутлын хэлбэр баригч зэрэг хэд хэдэн зүйл худалдаж авав. Гутал тослоно гэдэг гэр цэвэрлэхтэй адилаар бариад авах хүртлээ яршигтай санагдах ч, яг нухаад эхлэхээр дотор уужраад нэг л тааламжтай.
Харин, хийж байх хооронд өнөөх эргэлзээ тархины хаа нэгтээ сүүтгэнэсээр л байлаа. Би ийм юм хийгээд үнэхээр өөрчлөгдөх болов уу? Бусдыг атаархуулам том ажилтанд хүрдэг л байгаа даа? Үүнээс өөр хийх ёстой зүйл гэж нээрээ байхгүй юм гэж үү? Энэ Ганеша үнэхээр бурхан мөн бол илүү үр дүнтэй арга заагаад өгч болмоор л юм даа. “Гутал тослох” гэдэг яалт ч үгүй арай л тойруу байна аа.
- Юу…
- За яасан?
Би Ганешагаас дахиад л өчигдрийнхөө эргэлзээг үргэлжлүүлэн лавлав.
- Гутал тослох төдийд би үнэхээр өөрчлөгдөх болов уу?
Тэгтэл Ганеша хөмсгөө оволзтол хөдөлгөөд
- Дахиад л нөгөөхөө асууна уу? Чинийхээр бол тэгээд яг яавал өөрчлөгдчих юм шиг байна?
- Юу ч гэх юм. Нэг тийм, амжилтанд хүрэх “нууц жор” маягийн юм зааж өгдөг ч юм уу.
Тэгтэл Ганеша хэсэг бодолхийлснээ хэлэв.
- Жишээ нь, иймэрхүү юү? “Амжилтанд хүрэхийн тулд өөрөө ажиллах бус, мөнгийг ажиллуул” гэх маягийн?
- Тийм тийм. Яг наадах чинь. Тийм юм заагаад өг л дөө.
- Хм, тэрийг заагаад байлтгүй, угаасаа энд бүгд бичээтэй байна.
Ганеша номын тавиураас 1 ном гаргаж ирээд миний өмнө тавив. Сүүлийн үед бестселлер болоод байгаа нэгэн бизнесийн гарын авлага ном. Дэлгүүрийн лангуу дээр жирийтэл өрөөтэй харагдахаар нь өөрийн эрхгүй авсан шиг санагдана.
- Энэ хуудсыг хар даа!
- Ө,...
- Тэмдэглэгээ хүртэл хийчиж.
Би ч өөрийн эрхгүй улайгаад явчив. Нээрээ ч, хэрхэн баян болох тухай бичигдсэн тэр номонд “Мөнгийг өөртөө ажиллуулах арга” гэсэн гарчиг хүртэл дурайтал байлаа. Мөрөө хавчин жуумалзах миний дэргэд сахлаараа шүргэтэл дөхөж ирснээ Ганеша хэлж байна
- “Нууц жор” мэдмээр байна аа гэдэг чинь, цаад санаандаа бол “хялбар арга” л хүсээд байгаа учиртай, мөн биз?
Мөн л юу гэж хариулах үгээ олсонгүй. Амьдралаа өөрчилж, амжилтанд хүрэхийн тулд тэгж чадсан хүмүүс л мэддэг нууц жор маягийн юм байгаад, тэрийг л мэдэж чадвал амжилтанд хүрчихнэ гэсэн миний гэнэн бодол.
- Наад чинь амар хялбар аргаар амьдралаа өөрчилж, амар хялбар аргаар амжилтанд хүрмээр байна гэсэн “залхуурал”, “бэлэнчлэл”-ийн илрэл мөн биз?
Ганешагийн бахдалтай нь аргагүй тавлах шорон харцыг хараад өөрийн эрхгүй зэвүүцэл төрнө. Хэзээ нэгэн цагт өөрийн чинь сул талыг заавал олоод баална даа гэж дотроо андгайлав. Энэ андгайд утга учир байгаа эсэхийг мэдэхгүй ч, юутай ч өөртөө хатуу андгайллаа.
- За за, өнөөдрийн даалгавартаа оръё ерөөсөө.
- З, заа.
- Өнөөдөр өглөг хийх үү дээ?
- Өглөг, гэнэ ээ?
Ганеша бас л нэг хачин юм хэлэх нь дээ?!
- Өглөгт бас утга учир байх уу?
- Дуугуй л хий.
- Юу..., ядаж нэг тайлбар ч болтугай хэлээд өгвөл?
- Чи махан толгой юм чинь. Тайлбарлаад ч ойхгүй биз.
- Тэгж хүнийг зоргоороо хэлэхээ боль л доо.
- За яахав, тэгвэл чи Жон Рокфеллер бацааныг мэдэх үү?
- ... Мэдэх… гүй ээ.
- Рокфеллерыг ч мэдэхгүй, чи чинь ер нь бичиг үсэг тайлагдсан уу, ингэхэд?
Хөмсөг минь бараг өөрсдөө хөдлөөд өрвийтөл босоод ирэв. “За тайвшир, тайвшир” гэж өөрийгөө барина. Ганешатай хэрэлдье гэвэл яриаг нь дуустал сонссоны дараа ч оройтохгүй. Би “Жон Рокфеллер гэж юу хийсэн хүн юм? Заагаад өгчөөч дээ” гээд бухимдалдаа чичрэн байж хэлэв.
Тэгтэл Ганеша “Одоо тэгэхээс дээ” гэсээр лазан гэгч нь ярьж эхлэв. Тэр байдал нь ч бас цухал төрүүлэх боловч яаж ийгээд сонсохыг хичээв.
- Рокфеллер бацаан байна шдээ, “Стандорт Ойл” гээд компани байгуулсан газрын тосчин хүү байгаа юм. Ер нь бол тэрбумтан л даа. Тэгээд байна шдээ, тэр Рокфеллерын тухай хов жив өч дөчнөөн л байдаг юм. Зарим нь түүнийг хэтэрхий олон компани худалдаж аваад баахныг нь дампууруулж хаясан гэж шүүмжлэх нь ч бий. Гэхдээ түүнд дээр үеэс нааш тасралтгүй мөрдөг ирсэн нэг зуршил байдаг юм. Тэр нь өглөг. Рокфеллер бацаан бүр залуу байхаасаа л орлогынхоо 10%-ыг дандаа өглөг хандивт өгч байсан гэдэг юм. Оогт баян болоогүй байхдаа шүү дээ.
- Тийм үү, хмм.
- Тэгээд зогсохгүй тэр 10%-аа өглөгт өг гэсэн сургаал нь үр ачид нь хүртэл дамжигдсан гэж байгаа. Тэгсэн чинь хүү Рокфеллер Жуниор нь мундаг хөрөнгө оруулагч, ач Нелсон Рокфеллер нь мужийн захирагч хүртэл болсон. Бүхэл бүтэн гэр бүл ташираараа алдартнууд болсон юм шдээ.
- Яахав, тэр Жон Рокфеллер нь амжилтанд хүрсэн нь мундагийнх л биз. Харин тэр хүүхдүүд нь бол эцгийн нэрээр л яваа байлгүй дээ?
Тэгтэл Ганеша гох гох гэж найтаасаар цааш хэлэв.
- Ду, дуугуй сонсож бай. Энэ орлогынхоо 10%-ыг өглөгт өгдөг уламжлал гээч юм байна шүү, урлаг бизнес гээд байж болох бүхий л салбарт гайхалтай хүмүүсийг төрүүлэн гаргадаг Еврейчүүдийн сургаал номлолд ч бичээтэй байдаг гээд бод! “Өөрийн орлогын 10%-аа бусадтай хуваалц” гээд. Чи ч тийм юм мэдэхгүй л дээ.
- Хху… (ц)
- Ер нь бол Рокфеллерын тэр өглөг өгөх мөрдлөг гээч юм бол дэлхий дахинаа стандарт болтлоо шахуу танигдсан зүйл л дээ. Аргагүй СТАНДАРТ ОЙЛ.
гэж хэлээд Ганеша тормойтол нүдээ бүлтийлгэснээ цоргитол наашаа ширтэв. Би ч аль болох түүний нүднээс бултасхийн байж хариу асуулт асуув.
- Гэхдээ яагаад өглөг өгөх нь амжилтанд нөлөөлдөг юм бол? Үнэнийг хэлэхэд ямар ч хамаарал бодоод олохгүй нь.
Тэгтэл Ганеша “Өө ийм гоё хошигнол ч ойлгохгүй” гэж дурамчхан гэгч нь амандаа бувтнаснаа тайлбарлаж гарав.
- Аан гэж бай. Мөнгө гээч юм байна шүү. Бусдыг баярлуулж, аз жаргалтай болгосон хэмжээгээр эргэж олддог юм. Тийм болохоор ямар хүмүүс баян болцгоодог вэ гэхээр, олон хүмүүсийг тултал баярлуулах сан гэж боддог тийм хүмүүс баян болдог байхгүй юу. Гэтэл баян болохыг хүсдэг хүмүүс яадаг билээ? Гоё машинтай болмоор байна л гэнэ, амттай юм идмээр байна л гэнэ, өөрийгөө жаргуулмаар байна л гэнэ, ердөө тийм л юм бодоостой мөн үү? Яахав, гэхдээ тэр шунал муналыг муу гэх гээгүй л дээ. Хүн гэдэг өөрийнхөө шунал хүслээ дагаж л амьдардгаас хойш. Эхэндээ бол тэгж өөрийгөө баярлуулах гэсэн шуналдаа хөтлөгдөөд урагшлахад болохгүй ч юмгүй. Гэхдээ байна шүү...
Ганеша цааш үргэлжлүүлэв.
- Олон түмнийг баярлуулах сан гэх эгэл сэтгэлээ орхилгүй байнга тордож томруулж явах нь их чухал. Түүний тулд л өглөг хэрэгтэй байдаг юм. Яадаг ч бай бусдыг л баяруулъя, тус нэмэр болъё. Тийм л хүн болох хэрэгтэй.
Олон юм бодолгүй дуугүй сонсвол Ганешагийн хэлэх үг нээрээ ч ортой гэж бодогдохоор. Харин би албаар Ганешад тэрслэх гэсэндээ ийм няцаалт чулуудаж үзэв.
- Гэхдээ л өглөг гэхээр нэг л тийм худлаа буян хураах гэж хэлбэрдээд байгаа ч юм шиг санагдаад байдаг юм аа.
Хэлж дуусав уу үгүй юү Ганеша “За тэр” гээд өлгөж аван хэлэв.
- Яг ингээл өөрөө доод зиндааных байхгүй юу.
- Доод зиндаа?
- Сонсож бай. Одоо чи амжилтын хойноос явж байгаа биз? Тийм зорилготой биз дээ? Тийм бол үүнээс хойш чи алмайртал бусдыг баярлуулж, олны төлөө баруун солгойгүй сайн зүйл хийж явахгүй бол горьгүй шүү! Тийм байтал тэрийг тэгж мушгиж хараад байхаар чинь одоо яана вэ?
Тэгснээ Ганеша “Аайх” гэсээр санаа алдаад, хаашаа ч юм алсыг ширтэв.
- Мацү бацаан санаанд орчлоо байна. Хөөрхөн нь аргагүй “Хорвоогоос ядуурал гээч юмыг байхгүй болгоно” гэж хэлээд хэн ч худалдаж авч болохуйц хямдхан цахилгаан бараа хийгээд унаж билээ. Өнөөдөр хэн нэг залуу хүн “Хорвоогийн ядуурлыг арилгана” гээд орилбол түмний шившиг болно доо. Галзуу юм уу л гэх байх. Гэвч байна шүү, агуу үйлсийн төлөө явдаг хүмүүс үнэнгээсээ хорвоо ертөнцийг улам гоё болгохсон гэж ариухнаар мөрөөдөн амьдарцгааж явдаг юм шүү дээ. Тийм ч болохоор их мөнгө цутгаад л ороод ирнэ. Зөвхөн мөнгө ч биш. Бусдад хайрлагдаж, аз жаргалаар бялхаж, ер бүхий л сайн сайхан зүйлс бялхтал урсаад ирнэ дээ.
- Юу…
- Яасан?
- Нөгөө сая Мацү бацаан гэж хэнийг хэлсэн юм бол оо?
- Хэн байдаг юм, Panasonic-ын Мацүшита л байж таараа шд. Тэгж дуудсаар байгаад бүр дасчиж. Мацү гэвэл Мацүшита, Хон гэвэл Хонда моторс-ын Хонда бацаан гээд л ойлгочих.
- Зөөзө, би ч яаж мэдэхэв.
- Гэснээс Хонда бацааны мотоциклын арын суудал бөгсөнд минь гүй ээ мөн таатай байдаг сан.
Гэж хэлээд Ганеша дахин алсыг ширтэн зогтусав.
“Энэ заан чинь харин жаахан залчихдаг зуршилтай даг шүү” гэж дотроо бодонгоо, за яахав, замаар тааралдах гуйлга гуйсан хүмүүст халаасныхаа бутархайнаас өгөөд үзэхэд яахав дээ, гэсэншүү юм бодлоо.
Ганешагийн даалгавар:
Өглөг өгөх
No comments:
Post a Comment