2020/10/24

Сонгууль, улстөрч үнэхээр хэрэгтэй юү?

Өчигдөрхөн дурлаад сүйд болоод байсан зүйлдээ маргааш ч бас дуртай байна гэсэн баталгаа байдаггүй. Бидний сэтгэл тухайн үеийнхээ эмоц хийгээд олны аясыг даган ханарахдаа даанч амархан. Тийм бол нэг мөр тэр мэт хувирамтгай барьцгүй ухамсар гээчийг орхиод, “далд ухамсар” эсвэл “дата” ашиглан ардчиллыг upgrade хийж болохгүй юу? Ийм нэгэн санаа сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. “Бодитоор хэрэгжиж чадвал сонгууль ч улстөрч ч хүртэл хэрэггүй болно” гэж тунхаглах Иеллийн Их Сургуулийн дэд профессор Нарита Юүсүкэтэй хийсэн, ардчиллын ирээдүйн тухай ярилцлагыг хүргэж байна.


  • Бидний ижил дасал болсон ардчиллыг хуучны нийгэм, хоцрогдсон технологи дээр суурилсан гэж та шүүмжилдэг байх аа?


Хичнээн үл хувирах универсал үзэл санааг зорьсон байлаа ч, бидний ардчилал гэж нэрлэдэг энэ системийг ажиллуулдаг арга хэлбэр нь дор хаяж хэдэн зуун жилийн өмнөх хүмүүсийн бодож олсон зүйлс байдаг. Өөрөөр хэлбэл хэдэн зуун жилийн өмнөх нийгэм хийгээд технологи бүхий орчин нөхцөл дээр суурилж бүтээсэн гэсэн үг.

Тухайн үеийн ихэнх хүмүүс төрсөн газраа өсөж бойжиж, тэндээ ажиллаж амьдраад үхдэг байсан. Дан ялангуяа тэдний харилцаа холбоо. Яриа хөөрөө ихэвчлэн гэр бүл болон найз нөхдийн хооронд л өрнөнө, мэдээлэл гол төлөв хов живээр дамжина. Медиа гэвэл үсрээд л том самбар ч юм уу, олдоц муутай цөөн тооны сонин сэтгүүлээс өөр юм байгаагүй. Тийм нэг өрнөлгүй, мэдээлэл ч хүн ч урсдаггүй ертөнцөд зориулж ардчиллыг хэрэгжүүлнэ гэвэл, бүгдээрээ нэг өдөр нэг газар цуглаж байгаад саналаа өгч, тэрийг нь тоолж дүгнээд үр дүнг зарладаг “арга хэмжээ” зохион байгуулахаас өөр яах билээ. Өөрөөр хэлбэл сонгууль явуулах. Сонгууль гэдэг арга хэмжээ зохион байгуулах нь, тухайн улс ч юм уу комьюнитийн коллективийг нэмэгдүүлэх гэдэг дайвар нөлөөтэй байсан нь ч дамжиггүй.

Гэвч, одоогоос 100 - 150 жилийн өмнө радио, телевиз гэх мэт медиа гарч ирсэн. Тэгээд энэ зуун гарсаар сошиал медиа (SNS) гээч юм түгэн тархлаа. Тийм байтал одоо ч бас сонгууль гэдэг уламжлалт нөгөө аргаараа шийдвэр гаргасаар байна. Яг энэ хуучин арга барил болон шинэ цагийн хоорон дахь үл нийцлээс болж олон асуудлууд үүсээд байна.


Ерөөс сонгууль гэдэг бол бүгдээр бие болоод сэтгэлээрээ нэг хэмнэлд орохыг зорьдог арга хэмжээ юм хойно массын хандлага, нийтийн уур амьсгалд аялдан дагалдах магадлал маш өндөр. Хэдэн 100 жилийн өмнө бол бүс нутаг, айл саахалт гэсэн хаалттай хүрээн дотроо аялдаад зогсдог байсан бол, медиа болон мэдээллийн хакер бүхий өнөө цагт улс гүрэн, дэлхий нийтийн түвшинд аялдан дагалт савлах боллоо. Цаашлаад хүмүүсийн аж амьдрал, үнэлэмжийн хэмжүүр улам бүр төрөлжин олшрохын хэрээр бодлогын шийдэл ч бас олон ургалч болоод байхад, одоо болтол сонгуулийн санал зөвхөн улстөрч эсвэл улстөрийн нам дээр төвлөрч, бодлогын шийдэл хоорондын чимхлүүр ялгааг тодотгож чадахгүй байна.

Энэ мэт өнөөгийн нөхцөл байдалд зохьцож чадахгүй байгаа ардчиллын мухардлаас болж дэлхийн улс төр “хуурамч либерализм”, “өөнтөгч популизм”-ын тийрэлтэт моторын нөлөөн дор муужралд орчоод байгаа юм.


Тэгэхээр асуудал юунд байна вэ гэхээр, явж явж хүн ухамсартайгаар бодол санаагаа илэрхийлье гэхээр ойр тойрны дуу хоолой, түрхэн зуурын эмоц хөөрөл, мэдээллийн давалгаанд амархан урсчихдагт байна гэсэн үг. Хурал дээр хүнээс санал асуухаар хаана ч юм хальт сонссон тэс хөндлөн зүйл ярих ч юм уу, эсвэл дэргэдэх хүнээ аялдан дагалдах төдийхнөөс хэтрэхгүй байгаатай ижил. Тэгснээ, уушийн газар очоод жаахан халаад ирэхээрээ сая нэг юм өөрийн бодол гэхээр зүйл ярьж эхэлнэ. Тэгэхээр асуудал бол, тийм тогтворгүй, ойрыг харсан, ичимхий, бусдыг аялдсан сонголт хийж орхидог хүн бидний сул дорой шинж масс медиа, сошиал медиагийн нөлөөгөөр улам илрээд, тэр чигээрээ сонгуулийн дүнд тусаад байгаа явдал юм.

За тэгвэл тэр асуудлыг яах ёстой вэ? Томоор хуваавал үндсэн 3 шийдэл байж болно.


Нэг дэхь нь, одоогийн ардчиллын системийг тодорхой хэмжээнд хэвээр нь хадгалсан байдлаар “сайжруулж, зохьцуулах” хувилбар. Жишээ нь, улстөрч юм уу улстөрийн нам бүрт санал өгөх бус, боловсрол, тэтгэвэр, хөдөлмөр эрхлэлт гэх мэт тухайн тухайн асуудлын шийдэлд хандаж ашиг сонирхолдоо тааруулан санал өгөх. Энэ хувилбарт “Шингэн ардчилал (Liquid Democracy)”, “Бутархай ардчилал (Divicracy Democracy)”, “Квадрат сонгууль (Quadratic Voting)” гэх мэт санаанууд орох байх. Аль аль нь ардчиллын үндсэн үзэл санааг хадгалсан хэвээр нь түүний нарийвчлал хийгээд уян хатан чанарыг дээшлүүлэх гэсэн оролдлого. Сонгуулийн эрхтэй хүнд “дундаж үлдсэн наснаас (дундаж наслалтаас тухайн хүний насыг хасах)” нь хамаарсан саналын эрх өгөх, сонгуулийн тойргийг засаг захиргааны хуваариар бус насны үеэр (generation) хувааж гаргах гэх мэт санаа ч бас ардчиллыг сайжруулж, зохьцуулах гэсэн хувилбар гэж хэлж болно.


Шингэн ардчилал, бутархай ардчилал

Интернетийг ашигласан улстөрийн шийдэл гаргах шинэ аргачлал. Жишээ нь, сонгогчид хүнд бус бодлогод саналаа өгөх ба өөрийн 1 саналаа 0.3 санал, 0.7 санал гэх байдлаар хуваан өгөх, эсвэл мундаг гэж боддог хүндээ өөрийн саналын эрхээ шилжүүлэх гэх мэт боломжтой. Шингэн ардчилал нь дижитал цаг үеийн шинэ ардчиллын хэлбэр гэгдэн 2000-д оноос европоор төвлөн яригдаж, Шведийн орон нутгийн улстөрийн нам, Германы “далайн дээрэмчдийн нам” зэрэгт намын дотоод шийдвэр гаргах тогтолцоонд туршилтаар ашиглагдаж байсан.


Квадрат сонгууль

Сонгуулиар иргэн бүрт саналын хуудас худалдаж авах зориулалттай “кредит” тараана. Өөрийн сонирхсон бодлогодоо олон саналын хуудас худалдаж аваад өгч болно. Гэхдээ 1 саналын үнэ 1 кредит, 2 саналын үнэ 4 кредит, 3 саналын үнэ 9 кредит гэх байдлаар үнэ өснө. Өөрийн хувьд чухал асуудалдаа олон кредит зарах байдлаар илүү нөлөөлөх боломжтой тул, тухайн хүн өгсөн саналын тоогоороо тэр асуудалд ямар ач холбогдол өгч буйгаа илэрхийлж байна гэж үзэх ч боломжтой.


Гэхдээ миний хувьд ийм байдлаар сонгуулийн тогтолцооны "зохьцуулалт, сайжруулалт" хийх нь асуудлын суурь шийдэл болж чадахгүй гэж бодож байна. Бөөн хүн цугларсан "арга хэмжээ" хэлбэрээр шийдвэр гаргахад үүсдэг аялдан дагалдах, бусдын ухуулгад автах гэсэн суурь асуудлыг хөндөж чадахгүй. Энэ асуудалд хүрч очихын тулд “сонгууль гэдэг арга хэмжээ” зохион байгуулахгүй бол болохгүй гэсэн ягшмал ойлголтоо эхлээд авч хаяя. Сонгуулийн оронд, бидний ил анзаарч ухамсарладаггүй түвшний хүсэл тачаал хийгээд хүсэл зорилгыг ямар нэгэн хэлбэрээр бөөгнүүлж эмхэтгэе гэвэл ямар вэ? Энэ бол 2 дахь төрлийн шийдэл буюу “далд ухамсрын ардчилал”, “сенсор ардчилал”, “дата ардчилал” гэж нэрлэгддэг санаанууд юм.


  • Далд ухамсар … гэв үү? Гэхдээ аль бодлого нь зөв бэ гэж бодох ч юм уу, хэнд саналаа өгөхөө бид илээр ухамсарладаг биш билүү?


Гэхдээ онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх, эсвэл мэдээ уншиж бичлэг үзэхдээ датанаас санал болгосон зүйлийг л сонгодог хүмүүс олон байдаг шүү дээ. Түүнтэй адил зүйлийг улс төр болон бодлого сонгоход ч бас хийж болохгүй гэх шалтгаан байхгүй биз дээ? Хувь хүн юу худалдаж авахаа сонгоход нь туслахын оронд, нийгэм бүхэлдээ ямар улс төр, ямар бодлого сонгоход нь туслахын тулд далд ухамсар болон датаг ашиглая гэх энэ санаа цаашид улам өндрөө авах нь дамжиггүй.


Ойлгомжтой жишээ гэвэл, сонгуулийн дата ашиглаад хүмүүс ямар бодлого хүсээд байгааг тандаж болно. Жишээ нь, “L2”, “Catalist” зэрэг америкийн хувийн компаниуд, авсан саналын тоо гэдэг энгийн статистикийг даван гарч, сонгогч хүн бүрийг ямар ямар хүмүүс болох, хэзээ ямар сонгуульд оролцож хэнд саналаа өгсөн гэх мэт нарийн мэдээллийг хэдэн зуун саяар тоологдох хүний түвшинд боловсруулан сонгуулийн панел датаг угсарч босгосон гэдгээрээ алдартай. Иймэрхүү датаг ашиглавал, ямар дэвсгэр нөхцөлтэй сонгогчид ямар бодлогыг, улстөрчийг, намыг хүсэж байгааг хэмжих боломжтой болно.


Дата цуглуулах арга ч бас сонгууль ч юм уу сошиал мэдиагаар хязгаарлагдахгүй. Жишээ нь, гудамжинд суурилуулсан камераар хүмүүсийн үйл хөдлөл, үг яриаг дата болгон ашиглах боломжтой тийм цаг үе ирээд байна. Бэлэн жишээ гэвэл Хятадын хяналтын камерын сүлжээ. 24 цаг, 365 хоног, тоогүй олон камераар царай төрх, дуу хоолойг таньж, бүхий л бодлогын асуудлуудын талаар хүмүүс гудамжинд юу ярьж, ямар хүсэл санаа илэрхийлж байгааг сонсох боломжтой. Тэндээс ард түмний дотор нуугдан буй тэр хоолойг олж тогтооно. Тийм ардчилал төдий л холгүй ирээдүйд айлчлан ирэх болов уу.


  • Технологийн хөгжил яах аргагүй нүдэнд өртөхүйц байгаа нь үнэн л дээ. Гэхдээ л нэг тийм, Жорж Орвелийн “1984 он” дээр гардаг “том ах” ард түмнийг нэг бүрчлэн хянадаг улс шиг болчих ч юм шиг, жихүүцэл төрөх юм?


Энэ бол уран зөгнөл шиг хол хөндий яриа биш, бараг гарцаагүй ирэх ойрын ирээдүй. Бүр урт интервалаар түүхийг сөхөөд үз. 800 жилийн өмнөх хүмүүсийн хувьд одоогийнх шиг ингэж бүхэл бүтэн улсаараа сонгуульд оролцох тухай санаа бол уран зөгнөл шиг л сонсогдох байсан биз. Тэрэнтэй л ижил зүйл. Мэдээлэл, технологийн орчин нөхцөл өөрчлөгдвөл яг одоо хэцүү байж болох ч, ойрын 10 жил, 100 жилийн интервалаар харвал гарцаагүй боломжтой болно гэж бодож байна.

Тийм болоод ирвэл “Хүмүүсийн дуу хоолойг нэгтгэхийн тулд сонгууль гэх арга хэмжээ шаардлагатай” гэх ягшмал ойлголт маань ч бас устаж таарна.

Ямар сенсор ашиглаж, ямар дата цуглуулж, хэрхэн боловсруулах вэ, дата болон тооцоолол хийх эрхийг хэн хадгалах вэ гэх мэт шийдэгдээгүй асуудал мэдээж зөндөө бий л дээ. Гэхдээ л дээр үеэс нааш хүмүүс ямар сонгуулийн тогтолцоо сайн бэ гээд тасралтгүй мэтгэлцэж ирсэн учиртай юм хойно, тэр мэтгэлцээний 21-р зууны хувилбар гээд хүлээж авч яагаад болохгүй гэж?


  • Мөн мөн. Хэрвээ таны онол бодит болох юм бол, сонгууль ч бас улстөрч гэсэн “төлөөлөл”-ийг сонгох бус, өөрийн итгэж үнэмшиж буй “бодлого”-д саналаа өгнө гэсэн үг үү?


Тэгж л таарах байх. Тэгээд асуудал тус бүр, бодлого тус бүрийн хувьд тэдгээрт хамгийн их хамааралтай хүмүүсийн дуу хоолойг голлон сонсох тийм механизм шаардлагатай болно. Ялангуяа цөөнхийн дуу хоолойг хэрхэн шигтгэх нь чухал.


Ерөөсөө одоогийн ардчиллын сул талын нэг бол ямар ч асуудалд “бүх хүнийг оролцуулна” гэсэн явуургүй нөхцөл заавал тавигддаг явдал гэж боддог юм. Жишээ нь, тухайн нэг нийгмийн цөөнхтэй холбоотой асуудлыг шийдэх гэхээр, тэрэнтэй бараг холбоогүй нийт массын хоосон шуум шиг санал бодол уур амьсгалыг ноёлж орхидог. LGBT-ийн тухай хууль бол нэг жишээ. Үүнийг шийдэхийн тулд, шингэн ардчилал шиг тухайн асуудлыг гүнд нь мэдэх хүнд өөрийн саналын эрхээ шилжүүлэх ч юм уу, эсвэл зөвхөн өөртөө чухал асуудалд ахиухан саналын хуудас худалдаж аваад хийх ч юм уу, тиймэрхүү аргууд байж болно. Цаашилбал, сая ярьсан дата ардчилалд, тухайн асуудлын холбогдогч болохуйц цөөн хүмүүсийн дуу хоолойг програмын аргаар автоматаар дээш нь гаргах ч боломжтой байх учиртай.


  • Тийм болчихвол нэгэнт улстөрчийн хэрэг гэж байхгүй болж мэдэх нь ээ?


Тийм, улстөрч гэж байхгүй болно гэж бодож байна. Гэхдээ үзүүлэн ч юм уу, төлөөлөл гэдэг утгаараа улстөрчийн үнэ цэн нэг хэсэгтээ хадгалагдах болов уу. Бид ямар нэгэн шийдвэр гаргах эсвэл тогтолцоог өөрчлөх үедээ хэн үүнийг гардан хийв гэдэг хариуцлагын субъектыг үргэлж хайдаг. Машины автомат жолоодлоготой холбоотой асуудал бол үүний бэлэн жишээ. Магадлалын хувьд хүн жолоодохоос хамаагүй аюулгүй гэдгийг толгойгоороо хүлээн зөвшөөрлөө ч, хэн нэгэн хариуцлага үүрэх хүн байхгүйгээр чухал асуудал урагшлахыг бидний ухамсар хараахан тэвчихгүй байх. Бидний хуучин хүн төрөлтөнд тийм зуршил байсаар байгаа. Тиймээс дата ардчилал боломжтой боллоо ч, эхэндээ бол байдал эвгүйдвэл мишок болгон балбаж байх үзүүлэн хэлбэрийн улстөрчийн хэрэгцээ нэг хэсэгтээ байх биз. Харин 2-р үе, 3-р үеийн хүмүүс төрж, дата ардчилалд нэгэнт дасчихвал тэгээд тэр ч шаардлагагүй болох байх.


  • Таны хэлж буй ардчиллын сул талыг нөхөх 3 дахь шийдэл тэгвэл юу вэ?


3 дахь нь хамгийн хэцүү, хатуу сонголт байх. Юу гэвэл ерөөсөө ардчилал гээч юмыг больчихъё гэсэн санаа. Нэрлэе гэвэл “сөрөг ардчилал”, эсвэл “тойруу ардчилал” гэж хэлж болох юм.


  • Тойруу гэнэ ээ? Юу гэсэн үг вэ?


Чухал шийдвэр болон шинэчлэлтийг аль болох ардчилсан процедураар оруулалгүй, хэсэг “эрх мэдэлтэн”-ий хүрээнд шийддэг байя гэсэн санаа. Ерөнхийлөгч Трампыг дэмжиж буй америкийн баруун эргийн бизнесман, хөрөнгө оруулагч бүлэглэлийн дунд тиймэрхүү үзэл санаа бүхий хүмүүс цөөнгүй бий. “Ардчилал ба эрх чөлөө зэрэгцэн орших боломжгүй” гэсэн үгээрээ танил Peter Thiel (хөрөнгө оруулагч, Paypal-ыг үндэслэгч) тэдний нэг төлөөлөл. Түүний үгийг өөрийнхөөрөө утгачилбал “Ардчилал гэх механизмд саатуулагдахаас залхаж байна” гэж хэлж болох байх.


Түүний үндсэн санаа нь ийм. Бүхий л хүмүүст тэгш эрх олгодог ардчилал гэх тогтолцоо бол онцгой авьяас хийгээд туршлага бүхий хүмүүс шинэ талбарыг нээн илрүүлж, үнэ цэн болон ялгарлыг төрүүлэхэд саад болдог. Тийм ардчиллын процессыг аль болох тойрцгооё, гэж буй учиртай. Тэгээд тэд Калифорниа мужийг тусгаар тогтнуулъя, далайн дээр ч юм уу газрын гүнд эсвэл сансарт шинэ тусгаар улс байгуулъя гэхчлэнгээр үнэнээсээ нухацтай ярьцгаадаг юм.


  • Яагаад тэдгээр хүмүүс “America is first” гэж тунхаглах Трампыг дэмждэг юм бэ? Чанх эсрэг байх ёстой биш үү?


Ардчиллыг дотроос нь дэлбэлэх “бөмбөг” гэдэг утгаар нь Трампад найдвар тавьдаг гэх үү дээ. Тэднийхээр бол, одоогийн ардчилал бол юу ч мэдэхгүй юу ч бүтээдэггүй хар массын ресентимент (атаа хорсол, үзэн ядалт)-ээ гаргаж бахаа хангадаг тогтолцоо болон завхарсан. Тэрхүү ардчиллаар дамжин төрж, ардчиллын ой гутам байдлыг биеэр илэрхийлэгч Трамп бол ардчиллын өөрийнх нь мөхлийн бэлгэ тэмдэг юм.


  • Нээрээ ч ардчилалд, баахан мэтгэлцээд мөд шийдвэр гарч өгдөггүй гэх сул тал байдаг ч, тэр “нуршуу байдал” чинь чухам “сайн тал” байхгүй юу гэх хүн ч бас байдаг. Сайтар мэтгэлцсэнээр алдаагаа давтахгүй, цөөнхийн саналыг ч бас шигтгэх боломжтой гэдэг.


Нуршуу байдал, удаашрал сайнаар тусдаг тийм асуудал байдаг бол, нөгөөтэйгүүр гай болдог тохиолдол ч бас байдаг. Өнөөдрийн асуудал бол, ардчилал гээч юм хэтэрхий универсалчлагдаад, түүний шийдвэр гаргах гэж уддаг нуршуу байдал нийгмийг олон талаас нь хэт их бүрхчихээд байгаад гол учир байгаа болов уу. Ардчилал бол уул шугамандаа улс төрийн шийдвэр гаргах гэж бүтээгдсэн механизм байтал, анхны тодорхойлсон тэр мужаасаа хальж даваад, нийгэмд хаа сайгүй тархчихаад байна. Зах зээлийн эдийн засаг дахь бизнесийн үйл ажиллагаа, сошиал медиа дахь өдөр тутмын өрнөлд хүртэл. Бүхий л сэдэв, бүхий л салбарт эрх тэгш үзэл гээч учир битүүлэг зүйл улстөрийн зөвтгөл нэрээр нэвчин шургалж, тэр нь хүмүүсийн шийдвэр гаргалт, үзэл бодлыг бөөрөнхийлөөд байна. Нуршуу шинж хэрэг болдог муж, тийм биш муж хоёрыг тов тодорхой ялгах шаардлага байна гэж бодож байна.


Ямартай ч улстөр мэтийн бүх нийтийг хамарсан асуудалд бүгдийг шийдэж чадах төгс тогтолцоо гэж байхгүй. Хоёр муу тогтолцоог харьцуулаад, аль нь харьцангуй дээр вэ гэдгийг л өрсөлдүүлэхээс өөр замгүй.


“Ардчилал бол хамгийн муу улс төрийн хэлбэр. Өдийг хүртэл туршиж ирсэн бүх хэлбэрийг эс тооцвол шүү дээ” гэж Английн ерөнхий сайд асан Черчилл хэлсэн байдагчлан, энэ нюансыг цаашид хадгалаад явж чадах эсэх л одоо тулгараад байгаа асуудал юм. Миний хувийн бодол бол, далд ухамсарын ардчилал, сенсор ардчилал, дата ардчилал гэх зайлшгүй ирэх ойрын ирээдүйг аль болох яаравчлан эрэлхийлэнгээ, ардчиллаас татгалзахыг дэмжигчидтэй өрсөлдүүлэх нь зөв тактик байх болов уу гэж бодож байна. Тэгээд үр дүнд нь шалгарч гарсан ардчилал ч бас ялзраад дампуурвал хамгийн муу улстөрийн хэлбэр болох ардчиллаас татгалзъя гэх тэр сонголт сая бодит болж ирнэ. Би тэгж л бодож байна даа.



1 comment:

Дон Кихот said...

ЗАГАТНАСАН ГАЗАР МААЖИВ гэдэг шиг шинэлэг аястай ярилцлага олж орчуулжээ.
Иймэрхүү эрс шийдэмгий үзэл санааны шинжтэй контент, бүтээлүүдийг яаж өргөн олон нийтэд таниулж, мэдүүлдэг байх, олон нийт рүү чиглэсэн ямар хүчтэй суваг платформуудаар дамжуулан хүргэх алхам л аливаа нэг томоохон чанарын өөрчлөлтийг авчрах хамгийн эхний урьдач нөхцлийг бүрдүүлнэ гэдэгт найдлага тавьж явьдаг юм.

Post a Comment