2020/09/27

Үхэл гэж юу вэ?

Хэрхэн амьдрах ёстой вэ? “Эцэстээ бүгд үхнэ” гэдгийг ойлгосон хэн бүхэн энэ асуултын талаар нухацтай бодохоос өөр замгүй. Ямар зорилго тавих вэ? Зорилгодоо хэрхэн хүрэх вэ? Хичээнгүйлэн байж нухацтайгаар шийдэх асуудал. Хэрвээ үнэхээр үхэл гэдэг “төгсгөлийн цэг” мөн юм бол бид бүхэн нүдээ том гэгч нээгээд тэр бодит үнэнтэй халз нүүрэлдвээс зохино. Би ингэхэд хэн болох, амь заяагдсан энэ зуурдын хормыг хэрхэн ашиглаж буйгаа анзааран байж нүүрэлдвээс зохих биз ээ.


Йелийн их сургуулийн профессор Шелли Каган




“Үхэл гэж юу вэ?” Йелийн их сургуульд 23 жилийн турш олны таашаалыг хүртсэн алдарт лекц


I лекц: “Үхэл”-ийн тухай тунгаах нь

 

Энэ бол “үхэл”-ийн тухай ном, миний Йелийн их сургуульд олон жил уншсан лекцийн агуулгыг эмхэтгэсэн бүтээл юм. Энэ лекцийн агуулга философилог эргэцүүлэл дээр суурилсан бөгөөд минийхээр бол бусад ном бүтээлд гардаг үхлийн талаарх агуулгаас эрс ялгаатай гэж бодно.

Тиймээс үхлийн тухай ном юм бол гарцаагүй өгүүлэх учиртай гэж уншигч таны тааварлан буй зүйлс, өгүүлээсэй гэж хүсэж буй зүйлсээс зарим нь байхгүй ч байж магадгүй. Иймд юуны өмнө уг номд яригдахгүй сэдвүүдийн тухай товчхон тоочоод орхиё. Тэгвэл энэ ном уншигч таны хайн эрэлхийлж буй тэр ном биш байвал эртхэн анзаарахад тустай биз ээ.

Үүнээс цааш миний голлон ярих сэдэв бол “үхлийн мөн чанар” эсвэл “үхэл гэдэг үзэгдэлтэй холбоотой сэтгэлзүйн болоод нийгэм судлал талын эргэлзээнүүд” юм.

Үхэлтэй холбоотой ердийн ном бүтээлд лавтайяа нас барах процесс ч юм уу, таны сэтгэлзүйг үхэлд бэлдэх талаар нарийвчлан өгүүлдэг байх. Харин энэ номд тийм юм ярихгүй.

Мөн үхлээс үүдэх шаналал хагацлын тухай ч хөндөхгүй. Дээр нь оршуулгын тухай ч ярихгүй, бас бидний үхэж буй нэгэнтэй харьцахдаа гаргадаг түгээмэл хандлага дахь асуудалтай тал болон үхэж буй нэгнээ бусдын нүднээс далдуур байлгахыг хичээдэг хандлагын тухай ч ярихгүй. Эдгээр нь цөм гарцаагүй чухал сэдвүүд мөн боловч, сая өгүүлсэн ёсоор энэ номд авч үзэхгүй.

Тэгвэл чухам юуны тухай ярих вэ? Энэ номд үхлийн мөн чанарын талаар эргэцүүлж эхлэх үед төрөн гардаг олон тооны философилог асуудлыг тойруулан ярилцана. Гэхдээ үнэндээ тэдгээр асуудалтай тулахын тулд нэн тэргүүнд дараах эргэлзээний тухай бодож үзэх шаардлагатай.

Бид ингэхэд юу юм бэ?

Хүн гэдэг ямар учиртай оршихуй юм бэ?

Нэн ялангуяа, бидэнд сүнс гэж бий юу?

Яриандаа орохоос өмнө шалавхан тайлбарлаад орхиход энэ номд “сүнс” гэдэг үгийг философилог утгаар ашиглаж, логик сэтгэлгээнд тулгуурлан авч үзэх болно. “Сүнс” гэдгээр би махан биеэс тусдаа биет бус (матери бус) зүйлийг илэрхийлнэ. Тиймд үүнээс цааш дараах асуудлын талаар ярилцана гэсэн үг.

Бидний махан бие үхэхэд үргэлжлэн амьдрах биет бус сүнс гэмээр зүйл гэж бий юу?

Хэрэв сүнс байдаггүй гэвэл тэр нь үхлийн мөн чанар талаасаа ямар утгыг илэрхийлэх вэ?

Хүн үхэхээрээ юу болдог вэ?

 

Уг номд дараах эргэлзээний талаар ч авч үзнэ.

Би үхлийн дараа ч оршин үргэлжлэхийн тулд юу шаардлагатай вэ? Үгүй ээ, энэ асуултыг илүү ерөнхийд нь авч үзэх ёстой байх.

Ерөөс оршин үргэлжилнэ гэж юу гэсэн үг вэ?

Жишээ нь, би маргааш ч амьд байна гэдэг юу гэсэн үг вэ? Миний тавьж буй асуудлыг хялбархан тайлбарлавал ийм учиртай. Маргаашийн үдээс хойш аль нэг цагт хэн нэгэн энд миний компьютерын өмнө суугаад, энэ номын бичвэр дээр ажиллаж байх болов уу. Би түүнийг “Тэр бол би” гэдэгт эргэлзэх ч гүй байна (бас хүсэж ч байна).

Гэвч маргааш энд суугаад кийборд тоншин суух тэр хүн, өнөөдөр энд өгүүлбэр холбон сууж буй хүнтэй төгс нэгэн ижил хүн болохыг яг ямар шинжээр нь тогтоох вэ? Энэ бол цагийн урсгал дундах бие хүний нэгэн ижил шинжийн асуудал юм. Үхэл ба оршин үргэлжлэх, тэгээд би үхсэн хойноо ч цааш оршсоор байх боломжийн талаар тултал эргэцүүлье гэвэл юун түрүүнд бие хүний нэгэн ижил шинжийн мөн чанар нь юу болохыг тов тодорхой болгох зайлшгүй шаардлагатай нь ойлгомжтой болов уу.

 

Дээрх асуудлуудыг (сүнс байдаг эсэх, үхлийн мөн чанар, үхлийн дараа ч үргэлжлэн орших боломжийн талаарх асуудлууд) ярилцсаны дараа үнэ цэний талаарх асуудалд харцаа чиглүүлэх болно.

Үхэл гэдэг үнэхээр төгсгөлийн цэг юм гэвэл үхэл нь гарцаагүй муу зүйл юм гэж үү?

Мэдээж бидний ихэнх маань үхэл бол муу зүйл гэдэгт эргэлзэх ч сөхөөгүйгээр жигшдэг. Гэвч хэрхэн яаж үхэл муу байж болох вэ гэх эргэлзээ өөрөө философилог хүнд асуудлуудыг дагуулдаг.

Тэдгээр хүнд асуудлуудын талаар хөнгөхөн баримжаа өгөхийн тулд энд нэгийг нь цухас танилцуулаад орхиё. Жишээлбэл, би үхлийн дараа оршин байхаа больдог гэе. Энэ тохиолдолд сайн бодож үзвэл үхэл миний хувьд яаж муу байх юм бэ гэдэг нь ойлгомжгүй болж хувирна. Яадаг ч бай нэгэнт үхээд өгсөн (оршин байхгүй) миний хувьд үхэл муу байх ямар ч боломжгүй гэж санагдана.

Оршин байх ч үгүй зүйлийн хувьд “муу” гээч юм хэрхэн яаж байх боломжтой вэ? Түүгээр зогсохгүй, үхсэний дараах миний хувьд үхэл муу байх боломжгүй юм бол үхэхээс өмнө ч гэсэн хэрхэн яаж муу байж чадах билээ? Нэг ёсондоо, амьд хэвээрээ байгаа хүнд үхэл муу зүйл байж болно гэж яагаад ч харагдахгүй байна гэсэн үг.

Гэхдээ бүү санаа зовогтун. Би огтоос үхэл бол муу зүйл биш гэж санагдтал чинь ухуулах санаа агуулахгүй. Харин үхлийн чухам юу нь муу болохыг нарийвчлан харж, яагаад үхэл муу байж болохыг ойлгохын тулд үнэндээ нэлээд ажиллагаа шаардлагатай гэдгийг цаашдын лекцүүдээс харах буй за (үхэл муу гэж санагдах шалтгаан цор ганц эсэхийг ч эргэцүүлж үзэх үнэ цэн бий).

Цааш нь, хэрвээ үхэл үнэхээр муу юм гэвэл, үхэшгүй мөнх тэгвэл сайн зүйл үү гэх эргэлзээ төрөн гарч таарах биз. Үүний талаар ч бас цаашдын лекцээр авч үзнэ.

Тэгээд бүр ерөнхий байдлаар дараах эргэлзээг ч ярилцах шаардлага гарна.

“Хэзээ нэгэн цагт үхнэ” гэх тэр фактыг би амьдралдаа хэрхэн тусгаж амьдарвал зохих вэ?

Гарцаагүй үхэх тавиланд хандаж би ямар хандлага (буюу байр байдал) гаргах ёстой вэ?

Жишээ нь үхлээс айх ёстой юу? Тэртэй тэргүй үхнэ гэсэн фактад цөхрөх ёстой юу?

 

Төгсгөлд нь амиа хорлохтой холбоотой эргэлзээнүүдэд анхаарлаа хандуулна. Амь нас гэдэг эрхэм бөгөөд үнэ цэнтэй зүйл юм хойно амиа хорлоно гэдэг хэрхэвч эрүүл ухаанд нийцэхгүй гэж бидний олонх бодоцгоодог. Яадаг ч бай, амиа хорлох гэдэг бол цор ганц заяагдсан тэр амиа тасалж буй үйлдэл шүү дээ.

Тиймээс амиа хорлохын рационаллаг шинж (оновчтой, ухаалаг эсэх) болон ёс суртахуунлаг шинж (эсвэл эсрэгээр нь иррационаллаг шинж болон ёс суртахуунгүй шинж гэх үү)-ийн талаар эргэцүүлснээр энэ ном маань төгсөх болно.

 

За ингээд дээрх сэдвүүдийн яриа руугаа оръё. Эдгээр яриатай холбоо бүхий философийн мэргэжлийн үгстэй танил хүнд зориулж хэлбэл, номын эхний хагасыг метафизик, сүүлийн хагасыг үнэ цэний асуудал гэж тодорхойлж болох юм.

 

“Амьдрал ба үхлийн мөн чанар” юу вэ?

 

Дашрамд дурдахад философийн ном, ялангуяа уг ном шиг анхан шатны танилцуулга номыг бичих 2 янзын аргачлал байдаг.

Нэг дэх нь дэмжсэн үгүйсгэсэн хоёр талын байр суурийг зүгээр л танилцуулж, өөрөө аль болох дундыг баримтлах. Өөрийн байр суурийг улайн цайм илчлэлгүй, аль талын саналыг дэмжин зөвшөөдгөө хэлэхээс зайлсхийх. Энэ бол нэг дэх хэлбэр.

Тэгтэл үүнээс тэс өөр хэлбэрийг барин бичих ч боломжтой. Тэгээд энэ ном бол хоёр дахь хэлбэрийг баримтлан бичигдсэн гэдгийг сануулаад орхих нь зүйтэй байх. Энэ хэлбэрийн номонд бичигч нь өөрийн дэмжин зөвшөөрдөг үзэл санаагаа ил тод өгүүлж, тухайн үзэл санааг дэмжих болсон хувийн саналаа хэлээд, хамаг сайнаараа түүнийгээ хамгаалах болно. Миний үүнээс хойш хийх ажил энэ хэлбэрт илүү дөхнө.

Би тухайн нэг үзлийн үндсэн логикийг гаргаад, түүнийхээ үнэн зөвийг тодотгоод явна. Өөрөөр хэлбэл үүнээс цааш эргэцүүлэн ярилцах төрөл бүрийн асуудлуудын тухайд би тодорхой байр суурь баримталдаг ба энэ номдоо тэрхүү байр сууриа зөв болохыг та бүхэнд итгүүлэхийг зорих болно.

 

<Үхлийн талаарх нийтлэг байр суурь>

 

Үхлийн талаарх миний хувийн байр суурийг шалавхан ойлгуулахын тулд эхлээд олны дунд яригддаг нийтлэг байр суурийг тайлбарлая.

Юун түрүүнд бидэнд сүнс байдаг. Өөрөөр хэлбэл бид зөвхөн махан бие төдий биш. Зүгээр л яс махны цуглуулга биш. Бидний нэг хэсэг, заримынх нь итгэдгээр бол мөн чанарлаг хэсэг нь физикээс дээд түвшний оршихуй бөгөөд сүнслэг хэсэг буюу биет бус хэсэг гэдэг. Ихэнх хүн ямар нэгэн биет бус сүнс оршин байдагт итгэдэг нь гарцаагүй факт юм.

Тэгээд биет бус сүнс оршин байдаг гэж үзвэл бид бүхэнд үхлийн дараа ч амьдран үргэлжлэх боломж байхад хүрдэг. Үгүй ээ, тэр боломж маш өндөрсөхөд хүрдэг. Үхэл бие махбодыг үгүй болгодог ч биет бус хэсэг нь үхлийн дараа ч оршин үргэлжлэх боломжтой.

Мэдээж үхлийн талаар мэдэхийн аргагүй зүйлс олон бий. Үхэл бол туйлын оньсого. Гэсэн ч сүнс байдагт итгэдэг ч бай үгүй ч бай, та бүхэн үгүйдээ л сүнс байдаг байгаасай гэж битүүхэн хүсдэг биз. Сүнс байвал үхсэн хойноо ч оршин үргэлжлэх боломж эрс нэмэгдэнэ шүү дээ. Ямартай ч үхэл бол гарцаагүй муу зүйл мөнөөр тогтохгүй үс өрвийм аймшигт зүйл учир бид бүхэн үүрд мөнх амьдран үргэлжлэхийг мөрөөсдөг. Гээд бодвол үхэшгүй мөнх гэдэг нь гайхамшигтай зүйл юм болов уу.

Хэрвээ сүнс оршин байдаггүй бөгөөд үхэл үнэхээр төгсгөлийн цэг юм гэвэл түүн шиг муу мэдээ үгүй болж, хэтдээ үхнэ гэх тавилантайгаа айдас цөхрөл тээн байж нүүрэлдэх нь дэндүү ойлгомжтой реакци, зохистой реакци, гарцаагүй реакци болж таарна.

Эцэст нь, үхэл тийм аймшигтай, амьдрал даанч гайхамшигтай юм гэвэл амь насаа өөрийн гараар егүүтгэх нь хэрхэвч эрүүл ухаанд нийцэх учир үгүй. Ийм шалтгаанаар амиа хорлох нь нэг талаар ямагт рационаллаг бус (ухаалаг бус) гэгдэж, нөгөө талаар ямагт ёс суртахуунлаг бус гэгддэг.

Үхлийн мөн чанарын талаарх нийтлэг үзэл (гэж би бодож буй)-ийг эмхэтгэвэл нэг иймэрхүү болно.

Дээрх нийтлэг үзэлд логикоос тэс хөндлөн санаанууд агуулагдах нь ч бий. Тиймээс логикоор тунгаавал дээрхийн зарим хэсэгт итгэдэг хэр нь ээ бүхэлд нь итгэдэггүй хүн ч байж болно. Тэгтэл үнэндээ маш олон хүн дээрх үзэлд бүхэлд нь итгэдэг агаад, уншигч та ч бас дээрхийн ядаж зарим хэсэгт нь итгэдэг байх магадлал хангалттай өндөр болов уу.

 

<Үхлийн талаарх Шелли багшийн байр суурь>

 

За тэгвэл үүнээс цааш би уг номд дээрх нийтлэг үзлийг эхнээсээ эцсээ хүртэл бараг бүхэлдээ буруу болохыг заан үзүүлэхийг зорино.

Би сүнс оршин байдаггүй болохыг та бүхэнд итгүүлэхийг хичээнэ.

Үхэшгүй мөнхийг сайн зүйл биш болохыг үнэмшүүлэхийг оролдоно.

Тэгээд үхлээс айх нь үнэндээ тийм ч зохистой реакци биш болох, үхэл гэдэг тийм ч далд нууцлаг зүйл биш болох, амиа хорлох нь тодорхой нөхцөл байдлын дор рациональ учир шалтгааны хувьд ч ёс суртахууны хувьд ч зөвшөөрөгдөж болох талаар өгүүлнэ.

Давтан хэлэхэд, би ердийн нийтлэг гэж санагдах үзлийг эхнээсээ дуустал бараг бүхэлдээ алдаатай гэж үзэж буй тул түүнийг та бүхэнд үнэмшүүлэхийг зорино. Тэр бол дор хаяж миний зорилт бөгөөд мөнхүү санаархал ч гэж хэлж болно.

Тийм бол гайхаад байх зүйл биш боловч, энэ номыг уншиж дуусах үед дээрх асуудлуудын тухайд та бүхэн намайг зөвшөөрч, бүрэн дүүрэн санал нийлсэн байгаасай гэж хүснэ. Яадаг ч бай би өөрийн хамгаалан тайлбарлах санаануудаа бүгд зөв гэж бодож байгаа хойно түүнийг минь зөв гэдэгт та бүхэн ч бас итгээсэй гэж сэтгэлийн угаас горьдож байна.

Тэгэвч, яг үнэндээ хамгийн чухал нь та бүхэн эцсийн бүлэгт надтай санал нийлэх явдал биш гэдгийг ч бас хэлэх нь зүйтэй байх. Чухал нь юу гэвэл та бүхэн өөрийн толгойгоор тунгаах явдал. Мөшгөн харвал миний хийх гэж буй зүйлийн хамгийн чухал нь үхлийг сайтар эргэцүүлж, бидний ихэнх маань хэзээ ч сэтгэж байгаагүй тийм хэлбэрээр үхлийг төсөөлөн сонжиж, үхлийн тухай бодохыг өдөөн түлхэх явдал юм.

Хэрвээ та бүгд уг номын сүүлийн хуудсыг хаахдаа энээ тэрээ олон асуудлууд дээр надтай санал нийлэлгүй үлдвэл яая гэхэв. Гэсэн ч би сэтгэл ханана. Үгүй ээ яахав, бүрэн гүйцэд сэтгэл ханахгүй байж болох ч үндсэндээ бол сэтгэл хангалуун байх болов уу. Та бүхэн сэдэв бүрийн хэлэлцүүлгийг дэмжиж үгүйсгэсэн аль ч талаас нь тууштай эргэцүүлэн тунгаасан бол шүү дээ.



Бүрэн эхээр нь МПЛАС-аас уншаарай.

Үргэлжлэл: Үхэл гэж юу вэ (2-р хэсэг)

3 comments:

Jagana said...

Thanksss

bmb said...

Үргэлжлэл хэзээ гарах вэ? Тун сонирхолтой

Atarbayan said...

Талархаж байна.

Post a Comment