2018/08/01

Их хөлгөний буддизм (9р хэсэг)

Өмнөх - Их хөлгөний буддизм (8р хэсэг)

Японы нэрт буддизм судлаач Сасаки Шизука профессорын ганцаарчилсан лекцээс.


Зүгээр л “Намо Амитабаяа”-г амандаа уншаад бай


Сурагч:
Ингэхэд, тэр гайхамшигтай диваажингийн орон руу шилжин төрөхийн тулд ямар даяанчлал хийх ёстой юм бэ?

Багш:
Энэ хичээлийн эхэнд хэлж байсанчлан, сугаавадийн сургаалд “Диваажинд очихын тулд ямар ч даяанчлал хийх шаардлагагүй” гэдэг. Сугаавадийн эхэн үеийн судруудад бас нэг тодорхой хэмжээний даяанчлал хийхгүй бол диваажинд очиж чадахгүй гэдэг байсан боловч, яваандаа тангарагийн хүчийг товойлгон онцолсоор даяанчлах шаадрлагыг ч үгүйсгэх болсон байдаг. Зүгээр л диваажинд очиж төрөхийг хүсч “Намо Амитабаяа” гээд амандаа уншаад байхад л хангалттай. Энэ нь “Авид бурхан минь, ивээлдээ ав” гэх утгатай тул, сэтгэл дотроо гүн бишрэлтэйгээр Авид бурханд мөргөөд байхад л хэн бүхэн ганц үсрэлтээр диваажинд яваад оччино гэсэн үг. Энэхүү “өөрийн хүчээр диваажинд очих бус, Авид бурхан биднийг диваажинд хүргэж өгнө” гэсэн “Бусдыг түших” үзэл л чухам сугаавадийн сургаалын бусдаас ялгарах онцлог бөгөөд, олон сүсэгтнүүдийг татах шалтгаан ч бас мөн юм.

Сурагч:
Сугаавадийн сургаал бусдыг түших үзэл дээр суурилсан болохыг сайн ойлголоо. Гэхдээ Билиг барамидын судар ч, Цагаан лянхуа судар ч бас судрын нууц далдын хүчинд түшиглэн гэгээрлийг зорьж буй гэдэг талаасаа, адилхан л “бусдыг түших” үзэл гэж хэлэхгүй юү?

Багш:
Нээрээ ч Билиг барамидын судар болон Цагаан лянхуа сударт бусдын хүчинд түшиглэж буй тал бий. Гэхдээ эдгээр судруудад “өдөр тутмын буянаа гэгээрэлд хүрэхдээ ашиглах боломжтой” гэх санаанд тулгуурлаж буй тул өөрийн хүчинд найдах хэсэг нь том хэвээрээ байсан гэж хэлж болно. Түүнтэй харьцуулахад сугаавадийн сургаал нь буян хураах ч шаардлагагүй, сайн хүн муу хүн гэж ялгах ч явдалгүйгээр бүгд аврагдана гэж номлодог учиртай тул, илэрхийгээр “бусдыг түших” шинж нь эрс ялгарч байгаа юм.

Сурагч:
Ямар ч шашин уул нь хүмүүсийг сайн хүн байхыг сургаж номлодог байтал, сайн муу хамаагүй аварна гэдэг нь нэг л ойлгомжгүй юм.

Багш:
Сугаавадийн сургаалын үзлээр бол муу хүн гэдэг нь нисванист бүрэн эзлэгдээд өөрийн хүчээр даяанчлал хийсэн ч мултран гарч чадахгүй болсон хүнийг хэлдэг тул, тийм хүнийг ч бас аварч өгдөг “өгөөмөр сургаал” юм шүү гэдгээ илэрхийлэхийг зорьсон болов уу. Сая дурьдаад өнгөрсөн 48 тангараг дотроос хамгийн чухал нь 18, 19-р тангараг байдаг бөгөөд, Авид бурхан дараах байдлаар өгүүлсэн байдаг: “Хэрэв би гэгээрэлд хүрсэн ч, бусад ертөнцийн хүмүүс миний диваажингийн оронд төрөхийг сэтгэлийн угаас хүсэн арвантай тарни уншаад ч тэр хүн шилжин төрж эс чадвал би будда болохгүй”, “Хэрэв би гэгээрэлд хүрсэн ч, бусад ертөнцийн хүмүүс миний диваажингийн оронд төрөхийг сэтгэлийн угаас хүсэн надад залбирч мөргөсөн байтал, тэр хүний эцсийн мөчид би тосон авч эс чадвал би будда болохгүй”.

Энэ хоёр тангарагийг уншвал “Намо Амитабаяа” гэсэн тарнийг хэдэн удаа унших төдийд л хэн бүхэн диваажингийн оронд шилжин төрж чадна гэдгийг Авид бурхан багш буддадаа урьдчилаад тангарагласан болох нь харагдана. Авид бурхан тэдгээр тангарагтаа бүрэн хүрч түүнийхээ хүчинд будда болсон учиртай тул, тэр бүх тангарагууд бодитоор биелсэн гэсэн үг юм.

Сурагч:
Хэтэрхий шалгааж байгаад уучлаарай. Гэхдээ Авид бурхан арай ч бас “Юу ч хийх хэрэггүй” гэж хэлээгүй юм байна шүү дээ? “Диваажинд очмоор байгаа бол намайг тахин шүт” гэж байгаа юм чинь ямар нэгэн зүйл хий, ядаж л “өөрийнхөө хүчээр” хүсч залбир гэсэн юм байна.

Багш:
Сугаавадийн сургаалыг зохиогч лам нар анхандаа чамтай адилхан сэтгэж байсан болов уу. Тэд “Диваажинд очихын тулд шилжин төрөхийг өөрөө хүсч, буддаг тахин шүтэх нь чухал” гэж номлодог байж. Гэвч Японд дэлгэрсэн урсгалууд яваандаа бусдад найдах тал нь давамгайлах болж “Хэрэг болгон хүсч найдахгүй байлаа ч, Авид бурхан өөрөө бидэнд гараа сунган тусалж, диваажингийн орондоо аваачих тул бид юу ч хийгээд байх шаардлагагүй” маягаар тунгаах болсон байна. Тийм болмогц буддад (бурханд) мөргөхийн утга учир ч өөрчлөгдөөд ирнэ. “Аль хэдийнэ бид нар диваажинд очих амлалт авсан учир, бурханд мөргөж буй нь гуйж залбирахын төлөө биш талархсан сэтгэлээр мөргөх учиртай” хэмээн сургах болжээ.

Сурагч:
Юу ч хийхгүй байсан ч Авид бурхан диваажин руугаа дагуулаад явах юм бол, хураасан буянаа будда болохын төлөөх инергид хувиргадаг “хоосон чанар”-ын ухагдахуун ч бас хэрэггүй болох нь ээ?

Багш:
Яриа байхгүй тийм. Авид бурхны хүчинд итгэх хүмүүсийн хувьд “хоосон чанар” энэ тэр ерөөсөө чухал биш. Гэлээ гээд, энэ нь сугаавадийн сургаал хоосон чанарыг үгүйсгэсэн гэсэн үг ч бас биш юм. Авид бурхан даяанчлалын хүчээр ертөнцийг диваажингийн орон болгосон гэдэг энэ түүх хоосон чанарын ухагдахуун үгүйгээр тайлбарлагдах боломжгүй. Ертөнцийг өөрчлөхийн тулд, өөрийн үйлийн хүч сансрын хүрдийг эргүүлэхээс өөр зүйлд нөлөөлдөг болохыг тайлбарлах шаардлагатай учир, түүн дээр хоосон чанар хэмээх үзэл санаа гарч ирж таарна. Гэхдээ тэр нь ердөө Авид бурханд л хамаатай яриа бөгөөд, бид нар будда болохын тухайд бол хоосон чанар төдийлөн холбоогүй болоод явчина. Сугаавадийн сургаал хоосон чанарын ухагдахууныг үгүйсгээгүй хэдий ч, түүний ач холбогдлыг бууруулан авч үздэг их хөлгөний нэг урсгал юм аа, гэж ойлгох нь зүй болов уу.

Эцсийн зорилго “гэгээрэх” бус “аврагдах”

Сурагч:
Нэг асуулт байна. Диваажинд “бусдын тусламжтайгаар” очиж чадлаа гэхэд, Авид бурхантай учирч бодьсадва болсны дараагаар ямар даяанчлал хүлээж байдаг вэ? Диваажинд шилжин төрлөө гээд яриа дуусчихгүй, харин ч тэндээс будда болохын төлөөх даяанчлалын гарааны цэг эхэлнэ биз дээ?

Багш:
Тэгэлгүй яах вэ. Диваажинд очих нь буддын даяанчлалын замд орох гарааны цэг төдий л зүйл. Уул шугамандаа бол тэндээс бодьсадвын даяанчлал эхлэх учиртай боловч, хачирхалтай нь сугаавадийн сургаал аажим аажмаар “будда болох”-ыг бус “диваажинд шилжин төрөх”-ийг эцсийн зорилго хэмээн үзэх болсон байдаг.

Сурагч:
Утгагүй юм. Багш та дөнгөж сая “Диваажин гэдэг бол бодьсадвын даяанчлалыг ямар ч асуудалгүй бас хурдан шуурхай гүйцэтгэхэд зориулагдан бүтээгдсэн газар” гэж хэлсэн биз дээ? Тийм болохоор нь л бүх хүмүүс тэнд шилжиж төрөхийг хүсээд байгаа биз дээ?

Багш:
Насны цэнд сударт ч, ер нь бусад судруудад “Эцсийн зорилго бол диваажинд очих явдал” гэсэн мөр ганц ч байхгүй. Гэсэн ч диваажинд очиж энэ хорвоогийн зовлонгоос ангижрахыг хүсэх сүсэгтнүүд олшрохын хэрээр, олон түмэнд тааруулсан байдлаар сургаал тайлбар нь өөрчлөгдөөд явсан болов уу. Судар ном нь өөрчлөгдөх хүртлээ биш ч гэлээ, цаг үе хийгээд нийгэмтэйгээ холбоотойгоор тайлбар нь бага багаар өөрчлөгдөх явдал хаана ч түгээмэл байдаг зүйл.

Сурагч:
Сургаалын уул үзэл санаанаас өөр зүг рүү чиглээд явсан нь тодорхой харагдаж байна. Уул нь их хөлгөний буддизмын зорилго бол, гэгээрэлд хүрч будда болоод бусдыг аварч нирван дүрд хувирах явдал байтал, тэр нь зорилго биш болсон гэвэл тэгээд юу эцсийн зорилго болсон юм бол оо?

Багш:
Мэдээж анхандаа “гэгээрэлд хүрэх” нь зорилго байсан нь гарцаагүй биз. Гэвч яваандаа тэр зорилго нь “аврагдах” болон өөрчлөгдөөд явж. Энд хэлэх “аврагдах” гэдэг нь гэгээрэлд хүрээд нирваан болох бус, аз жаргалтай эрх чөлөөтэй амьдралаар үүрд амьдрах явдал. Насны цэнд судар болон Авид судар зэрэгт “Диваажин гэдэг бол зовлон гаслан огт үгүй ертөнц, бүх хүмүүс эрдэнийн чулуун шигтгээтэй ордонд тухалж, үүрдийн аз жаргалтай амьдралаар амьдарна” маягийн зүйл бичсэн байдаг тул, хүмүүс тэр хэсгийг нь томруулан чухалчлах болж, нэг мэдэхнээ диваажинд очих нь л эцсийн зорилго юм шигээр сэтгэх болцгоосон байна.

Сурагч:
Диваажинд очих нь эцсийн зорилго юм гэвэл, диваажинд очсон хүн дахин хэзээ ч эргэж төрөлгүй үүрд тэндээ байна гэж ойлгож болох уу?

Багш:
Сугаавадийн уул сургаалд бол диваажинд төрлөө ч дараа нь ахиад өөр газар дахин төрнө гэж үзэж байж. Яагаад гэвэл, буддизмд нэг ертөнцөд нэг л будда байдаг гэсэн дүрэм бий. Нэгэнт Авид хэмээх будда байдаг диваажинд бусад хүмүүс будда болох боломжгүй. Тиймээс бид диваажинд очсоныхоо дараа нэг үхээд өөр ертөнцөд (буддагүй ертөнцөд) дахин төрж, тэндээ будда болно гэж үзжээ. Гэтэл эцсийн зорилго нь гэгээрээд будда болох явдал бус, диваажинд хэзээ ч хүртэл зугаацан амьдрах явдал болоод ирвэл тиймэрхүү дүрэм журам ч бага багаар мартагдан үл тоогдож, диваажинд л оччих юм бол үүрд тэндээ байх болно гэсэн яриа тийш хувираад ирсэн байгаа юм.

Сурагч:
Энэ яриаг чинь сонсоод байсан чинь “диваажингийн орон” гэдэг нь Христийн шашин дахь диваажинтай адилхан юм шиг санагдаад явчлаа.

Багш:
Нээрээ л Христийн шашны диваажинтай төстэй. Гэхдээ миний төсөөллөөр хамгийн тохирох нь сансрын хүрдний тэнгэр төрөл л яв цав санагддаг юм. Гэхдээ шагжамүнийн буддизмаар бол тэнгэр төрөлд очсон ч сансрын хүрднээс мултрахгүй тул, тэр ч бас бага зэрэг өөр л дөө. Магадгүй хойчийн сугаавадийн сургаалтнууд тэнгэр төрөл болон диваажин хоёрыг хооронд нь хольж, нэг зүйл мэтээр ойлгоод явсан болов уу гэж санагддаг. Сургаалынх нь агуулга ингэтлээ хувираад ирэхээр буддизм гэхээсээ илүү бараг чиний хэлдгээр Хритсийн шашинтай илүү төстэй шахуу ч гэж санагдмаар.

Гэхдээ дахин давтаж хэлэхэд, нэг ч болтугай хүн аврагдсан л бол тэр сургаал утга учиртай юм. Сугаавадийн сургаал Хэйан тооллын төгсгөлөөс Камакура тоолол хүртэл жирийн ард олны дунд эрчимтэй тархан дэлгэрсэн байдаг. Тэр нь сугаавадийн сургаал л биш бол аврагдах аргагүй хүмүүс тэр цагт олон байсны нотолгоо гэж хэлж болох биз ээ.

Сурагч:
Мөн мөн. Ядуу зүдүүгийн туйлд байгаа хүмүүс арай чүү амь зогоохоо л бодохоос, бусдын төлөө юм хийж буян үйлдэх ч сөхөөгүй, даяан хийх ч цаг завгүй байсан байлгүй. Тийм хүмүүст хүрч тусалсан нь сугаавадийн сургаал юм гэвэл, хэдий тэр нь уул сургаал болох шагжамүнийн сургаалаас тэс хөндлөн байлаа гээд нээрээ л учир утгатай сургаал байжээ.

Багш:
Ямартай ч хойчийн хүмүүс диваажинд очихыг эхлэл биш эцсийн цэг гэж үзэх болсон нь бодит факт. Тухайн үеийн хүмүүс “Тамын зураг шиг энэ амьдралаас яаж ийгээд мултран гарах юмсан” гэж хүслээ ч, “Нисванисаа дараад гэгээрлийн зэрэгт хүрэхсэн” гэсэн дээд түвшний юм ярих сөхөө даанч байгаагүй биз. Өлсгөлөн, өвчин, дайнд ээлжлэн үрэгдэх хүмүүсийн хувьд гэгээрэл мэтийн ярианы дэргэд “үхвэл гарцаагүй диваажинд очиж, үүрд аз жаргалтай амьдарна” гэсэн яриа нь хэд дахин түшигтэй аврал болсон байх учиртай.

Сурагч:
Нээрээ л хэзээ ч үхчиж мэдэхээр орчинд байгаа хүмүүс “үхсэний дараа энэнээс хавьгүй гоё амьдрал хүлээж байгаа” гэдэгт итгэх юм бол үхлээс айх айдас ч нимгэрэх байх даа. Бас гэр бүл, хайртай дотно хүнээ алдлаа ч “Талийгаач маань одоо диваажингийн оронд жаргаж байгаа даа” гэж бодвол уй гашуу ч бас нимгэрч сэтгэл тайтгарах биз.

Шашинд зөв буруу гэж байдаггүй
Багш:
Гэхдээ үнэндээ наад санааны чинь ард аюултай үзэл санаанд ч хүргэж мэдэх тал бас бий. “Авид бурханд итгээд үхвэл диваажинд очиж чадна” гэх нь энэ насны амьдралдаа зовох ард олны хувьд “авралын зам” боловч, төр улсыг засаглагч талын өнцгөөс харвал “Аюултай үзэл санаа” ч гэж үзэх боломжтой.

Сурагч:
Үхсэний дараа диваажинд очно гэдэг санааны хаана нь тийм аюултай зүйл байна гэж?

Багш:
Сая чиний хэлсэн шиг диваажин байдагт үнэнээсээ итгэвэл үхэх гэдэг тийм ч аймар санагдахаа болино шүү дээ. Диваажинд очно гээд бодохоор амь насандаа тэгтлээ хоргодохоо болих тул, ямар ч хүчтэй дайсны өөдөөс эрслэн босох зүрх зориг орно. Тэгж, үхэхээс ч буцахгүй болсон хүн шиг аюултай зүйл гэж үгүй тул, эрх мэдэлтнүүдийн хувьд тун ч халгаатай нь дамжиггүй. “Энэ насны минь амьдрал ингэтэл зовлон зүдгүүртэй байгаад эрх мэдэлтнүүд буруутай” гээд сугаавадийн сургаалын сүсэгтнүүд болох ард олон босоод ирвэл юу ч тэднийг барьж тогтоох аргагүй болно.

Бодит түүхэнд үнэхээр ч тийм бослого самуун Японд өрнөж байсныг чи мэдэх байлгүй. Хүчирхийлэл гээч юм ямар ч шалтгаантай байгаад хэрхэвч зөвтгөгдөх зүйл биш хэдий ч, ямар ч шашинд үнэнээсээ гүн итгэсэн үед нийгмийн хэм хэмжээнд үл нийцэх зүйл гарцаагүй гарч ирж таардаг. Түүнийг нь эрх мэдэлтнүүд “аюултай үзэл санаа” хэмээн сэрэмжилдэг учиртай.

Сурагч:
Сугаавадийн сургаалыг “Бусдыг түших” үзэлд суурилсан, нарийн ширийн дэг жаяг ч багатай “сулавтар шашин” юм байна гэж надад санагдсан юмсан. Тэгсэн чинь нэг л буруу гишгэвэл аюултай зүг рүү чиглэх эрсдлийг ч бас агуулдаг байх нь ээ?

Багш:
Христийн шашин, Еврейн шашин, Лалын шашин, Хиндү шашин ч тэр бүгдэд нь сургаалыг нь өөр дээрээ шууд тусган гүнзгийрээд байвал, гарцаагүй тийм тал гарч ирдэг. Абсолют бурхан ч юм уу, эсвэл гадны ямар нэгэн аврагчийг тахин шүтдэг хэлбэрийн шашнууд өөрийгөө золих үйлийг их бага ямар нэг хэмжээгээр сайшааж үзэх талтай байдаг.

Сурагч:
Гэхдээ нэг шашинд тэгтлээ гүн гүнзгий итгэх шаардлага үнэхээр бий юм болов уу? Ямар ч зүйлд хэмжээ нь хэтэрвэл хор болно гэдэг биз дээ? Би жишээ нь Крисмас, Халловин ч тэмдэглэдэг, Цагаан сараар ч лам дээр очиж зам мөрөө засуулдаг. Итгэл үнэмшилдээ туйлбаргүй гэж хэлбэл хэлэх л байх. Гэхдээ л шашны улаан сүсэгтэн байснаас дээр санагддаг.

Багш:
Чиний юу хэлэх гэснийг сайн ойлгож байна. Гэхдээ нэг юмыг чамд шулуухан хэлье: “Аливаа шашныг ямар ч нөхцөлгүй, үг дуугүй, улайран шүтэхгүй л бол жинхэнэ утгаараа аврагдана гэж хэрхэвч байдаггүй юм”. Шашин шүтлэг гэдэг тийм л зүйл байдаг. Сугаавадийн сургаалд үнэн голоосоо итгээд бослого үймээнд амь үрэгдсэн хүмүүсийг өнөөгийн бид нар өрөвдөлтэй азгүй мэтээр төсөөлөх гээд байдаг ч, үнэндээ тухайн хүмүүс жаргалтай ч байсан юм билүү. Үхээд үнэхээр диваажинд очсон эсэхийг мэдэхгүй ч, үгүйдээ л “диваажин руу явж байгаа би жаргалтай” гэж бодоод үхэж одсон хүмүүс олон байсан болов уу.

Сугаавадийн сургаал бол Шагжамүни багшийн сургаалаас хэт тасарсан санаа гэдэг нь үнэн факт. Буддизмын хамгийн чухал оршихуй болох Шагжамүни багшаа хүртэл хааш нь ч юм цөлчихсөн. Шагжамүнийн буддизмаас, Цагаан лянхуа судраас ч хол төөрсөн гэж санагдахыг үгүйсгэхгүй. Гэлээ ч тэр нь тэндээ үнэ цэнэтэй болохыг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Шашинд зөв буруу гэж байдаггүй. Цорын ганц чухал нь “Түүнд итгэсэн хүн аз жаргалтай байж чадаж байна уу, үгүй юу” ердөө л үүнд бий.

Мэдээж өнөө цагийн үнэлэмжийн хэмжүүрээр хэлбэл, хэдий ямар ч гүн сүсэг бишрэлээс үүдэлтэй байлаа ч бусдад хор хөнөөл учруулах үйлдлийг зөвтгөх ёсгүй. Тийм хэм хэмжээ тогтоосны үндсэн дээр, тухайн шашинд итгээд аз жаргалыг мэдэрч байгаа хүн байгаа л бол, тэр нь ямар ч шашин бай хүлээн зөвшөөрөх ёстой юм. Сугаавадийн сургаал бусад их хөлгөний урсгалуудтай харьцуулахад хамаагүй этгээд шашин гэж хэлж болно. Гэвч, маргаашаа ч олж харж чадахгүй үнэхээр зовж зүдэрсэн хүмүүсийн хувьд туйлаас эрхэм, агуу аврал болох сургаал ч бас мөн билээ.

6 comments:

Anonymous said...

hichneen myndag erdemten bailaa ch bugdiig meddeg gsn ug bish l ium bna daa

YekO said...

Христийн шашны талаар оруулж өгөөч тэхүү :)

ТОМё БОДё said...

https://tomyo-bodyo.blogspot.com/p/blog-page_18.html
-Бурхны үнэн- хэсэгт Христийн тухай гардаг. Сонирхож үзээрэй.

Tumen said...

Хатуу хөл хорионы үеэр өөрийн тань орчуулгууд, бичлэгүүдийг уншиж үнэхээр сайхан "таашаал"-ыг эдэллээ. Нэмж хэлэхэд, би 6-н жил Япон хэл уйгагүй үзсэн хүн боловч өдгөө Англи хэлний техникийн орчуулга хийдгийн дээр, та бид 2 хэрэв дундаа нэг "шил" юм хувааж уунгаа, "гайхалтай" зүйлийг хамтран бүтээх (Карл Маркс, Фрэдэрик Энгелс 2 шиг) талаар санал солилцож, магад хамтран ажиллавал юутай сайхан бэ?

ТОМё БОДё said...

@Tumen: facebook page-рүү мсж бичээрэй.

Anonymous said...

5- н цогцын сургаалийг үнэн гэж боддог Дүрс хоосон чанар/энерги/ 40/60 харьцаатай ч юмуу сүлэлдэн оршдог Арга- билиг Хоосон чанарт нь юмсын мөн чанар оршдог Ер нь бүх юмс түгээмэл мөн чанартай гэдэгт итгэдэг Үүнийг мэдэх арга бол бясалгал Гэхдээ суугаад бясалгаж болно Хятадууд шиг биеийн хөдөлгөөн дундаа бясалгалыг агуулж бие.сэтгэл ухамсарын хүчийг ч олж болох юм байна гэж хувьдаа боддог

Post a Comment