2018/07/25

Их хөлгөний буддизм (8р хэсэг)

Өмнөх - Их хөлгөний буддизм (7р хэсэг)

Японы нэрт буддизм судлаач Сасаки Шизука профессорын ганцаарчилсан лекцээс.


4.  Авид бурхны хүч – Сугаавадийн сургаал


Сугаавадийн орон

Багш:
Энэ удаа, их хөлгөний буддизм дотроо ч энэ хүртэл ярилцаж ирсэн судруудаас хамаагүй өөр сургаал номлодог судрын тухай ярилцана.

Ингэхэд чамаас санаандгүй асуухад, чи өөрийгөө үхэхээр хаана очно гэж боддог вэ?

Сурагч:
Миний хувьд, хүн үхчих л юм бол тэгээд бүх юм дуусаа, үхлийн дараах ертөнц энэ тэр гэж огт байхгүй гэж боддог. Гэхдээ яах вэ, аман дээрээ ингэж хэлж байгаа ч, сэтгэлийнхээ хаа нэгтээ “Диваажин шиг тийм газар руу явах юм сан” гэж хүсч залбирдаг байхыг ч үгүйсгэхгүй л дээ.

Багш:
Чам шиг 30-аад насны залуу хүн тэгж бодож байгаа юм чинь, чиний эмээ өвөөгийн үеийн хүмүүс “Үхсэний хойно диваажин руу явна” гээд үнэнгээсээ боддог байж ч мэдэх юм. Тиймэрхүү бодол төсөөллийн эхлэл суурь болж өгсөн сургаал нь өнөөдөр ярилцах Сугаавадийн сургаал (буюу Чинг-Тү шашин) юм. Сугаавадийн сургаал гэдэг нь, ганц үгээр хэлбэл “Авид (мөн Амитаба ч гэдэг) бурхан заларч буй диваажингийн орон буюу сугаавадийн оронд шилжин төрөх” тухай номлодог сургаалыг хэлдэг. Авид бурхны хүчинд итгэж сүслэх нь суурь номлол тул “Амитабын шашин” ч гэх нь бий.

Сурагч:
Энэ хүртлэх лекцийн дарааллаас харвал, эхлээд Билиг барамидын судар, дараа нь Цагаан лянхуа судар, тэгээд сугаавадийн сургаал үүссэн гэж ойлгож болох уу?

Багш:
Сугаавадийн сургаалын голлох 3 судар байдаг бөгөөд тэдгээрийг хамтатган “Сугаавадийн 3 сав судар” гэж нэрлэдэг. Сугаавадийн 3 сав судруудыг Энэтхэгт бичигдсэн гэж үзэх нь тун эргэлзээтэй тул олонх судлаачид Хятадад бичигдсэн болов уу гэж үздэг. Тэдэн дотор “Хутагт насан хийгээд цаглашгүй билгэ билгүүний судар” (буюу Насны цэнд судар) хэмээх судар байдаг ба, Цагаан лянхуа судартай бараг нэг цаг үед бичигдсэн байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар Гандара нутагт Авид бурхныг илэрхийлсэн болов уу гэмээр бичээс олдсоноос харахад НТ 1-р зууны үед үндсэн сургаал нь тавигдсан байх гэж харагддаг.

Японд энэ сургаалаас эх аван салаалсан маш олон буддын урсгал байдаг. Агуулгын хувьд, Билиг барамидын судар болон Цагаан лянхуа сударт гардаг шиг сударт өөрт нь ач холбогдол өгөхөөс илүүтэй, Авид бурханд хандах сүсгийг чухалчлан үзэж номлодог ба Япондоо хамгийн их сүсэгтэнтэй урсгалд тооцогддог.

Сурагч:
Өөр өч дөчнөөн буддын урсгалууд байхад, яагаад сугаавадийн сургаал ингэж их сүсэгтний сэтгэлийг татаж чадсан юм бол оо?

Багш:
Японы Хэйан тоолол дуусах үеэр хууль ёсны төр унаж, язгууртнуудын эрх мэдэл суларч ирснээр чухам үймээнт цаг үе залган эхэлжээ. Тэр үед буддын ертөнц ч уруудан доройтож, сүм хийдүүд хоорондоо цэрэглэн тэмцэлдэхдээ хүрч байв. Дээр нь бараг жил болгон шахуу байгалийн гамшиг энд тэндгүй тохиож, ургац алдан өлсгөлөн нөмөрч, хүмүүс үй олноороо үхэцгээх болов. Тэрхүү амьдархуйеэ бэрх зовлонт нийгэм тийш орохын хэрээр хүмүүсийн дунд “Номын төгсгөл” гэх үзэл дэлгэрэх болсон байна.

Сурагч:
Номын төгсгөл гэдэг чинь, Шагжамүни багшийн сургаал утгаа алдан мартагдсан цаг үе, ертөнцийн төгсгөл гэсэн утгатай бил үү?

Багш:
За ер нь тиймэрхүү утгатай. Бага зэрэг дэлгэрүүлэн тайлбарлахад, буддын үнэн сургаал элэгдэн барагдаж, энэ төрөлдөө гэгээрэлд хүрэх боломжгүй болох цаг үе айлчлан ирнэ гэсэн буддын зөгнөлийг хэлдэг л дээ. Хэйан тооллын төгсгөл үед амьдарч байсан хүмүүс тэр цагийн нийгмийн доройтлоо номын төгсгөлтэй холбон ойлгох болж, хүмүүсийг айдас нөмрөх болов.

Өлсгөлөн ядууралд шаналах олон түмэн яваандаа “Эндээс өөр тусдаа ертөнц рүү зугтах юмсан” хэмээн үнэнээсээ хүсэх болно. Тэгж хүсэх нь ч аргагүй. Номын төгсгөл гэх үзэл нь “Энэ ертөнцөд аврал үгүй, гэгээрэх ч боломжгүй” гэж хэлж буй тул, зовлонгоос салахын тулд хаа нэгтээ өөр ертөнц рүү зугтан гарахаас өөр зам үлдээгүй хэрэг.

Тийм цаг үед Сугаавадийн сургаал сахил даяанчлал огт шаардлагагүй, зүгээр л “Намо Амитабаяа” (“Авид бурхан минь ивээлдээ ав” гэсэн утгатай. Дашрамд хэлэхэд “Ум мани бадмэ хум” гэдэг тарни ч бас “Жанрайсиг бурхан минь ивээлдээ ав” гэсэн утгыг илэрхийлдэг) гэдэг тарнийг амандаа уншаад байхад л хэн ч байсан диваажин руу шилжин төрөөд будда болж чадна хэмээн номлох болов. Нэг ёсондоо Билиг барамидын судар болон Цагаан лянхуа сударт номлох гэгээрэлд хүрэх аргаас бүр амархан бас хурднаар будда болох замыг зааж үзүүлснээр олон хүмүүс сүсэгтэн болон орсон юм. Тэр сургаалд нь “Өөрийн хүчээр мэрийхгүй ч байсан Авид бурхан авралын гараа бидэнд сунгах болно” гэсэн Бусдаас аврал эрэх үзэл гүнзгий шингэсэн бий. Өлсгөлөн ядууралд тарчлах хүмүүс даяанчлалд мэрийх сэтгэлийн тэнхээ ч үгүй, сүм дуганд өргөл барих бэл хуй ч үгүй. Яг л тийм тартагтаа тулсан хүмүүс ч бас аврагдах боломжтой гэж үзүүлсэн учраас л сугаавадийн сургаал ард олны дунд дэлбэрэх мэт түгэн тархжээ.

Сурагч:
Мөн мөн. Билиг барамидын судар ч юм уу Цагаан лянхуа судрууд эцэстээ “Судрыг уншиж, судрыг тахь” гэсэн амар хялбар зүг рүү чиглэсэн ч гэлээ, тэр судрыг нь ядаж л уншихгүй бол болохгүй. Тэрний дэргэд зүгээр л амандаа “Намо Амитабаяа” гээд уншаад байхад л болоо юм бол, түгэж дэлгэрэлгүй ч яах вэ. Гэхдээ өмнөх хоёртойгоо харьцуулахад арай л тэс өөр биш үү? Нээрэнгээсээ наад чинь их хөлгөний буддизм мөн үү?

Багш:
Тийм, тэр ялгааг одоо тайлбарлаж өгье. Сугаавадийн сургаал бол Билиг барамидын судар болон Цагаан лянхуа судрын сургаалаас огт өөр зүйл. Их хөлгөний буддизм дотор ямар олон янзын үзэл сургаал байдагтай танилцах олзуурхам жишээ гэж санагдах тул, энэ талаар нарийвчлан харцгаая.

Цаг хугацааны шилжилт бус, орон зайн шилжилтэд анхаарлаа хандуулсан нь
Багш:
Юуны өмнө Билиг барамидын судар болон Цагаан лянхуа судруудтай ижилхэн хэсгийг хэлбэл, нийтлэг нь ердөө л “гэгээрэлд хүрэх процесс”. Билиг барамидын судар болон Цагаан лянхуа сударт “Бид эхлээд хаа нэгтээ буддатай учирч, будда болохын төлөө хичээн чармайна гэдгээ тэр буддагийн өмнө андгайлж, бодвьсадва болоод, бодьсадвын даяанчлал хийсээр, эцэстээ гэгээрэлд хүрч будда болно” гэж номлосон шүү дээ. Энэ санаа сугаавадийн сургаалд ч бас адилхан. Харин, будда болохын өмнөх шатны “бодьсадва болох арга” нь өмнөх хоёроос эрс ялгаатай. Өмнөх 2 сударт бодьсадва болох аргыг хэрхэн номлосон байдаг билээ?

Сурагч:
Арга гэж..., Билиг барамидын судар, Цагаан лянхуа сударт биднийг урьд насандаа аль хэдийнэ буддатай учирсан тул, бид нар аль хэдийнэ бодьсадва болсон, гэж үздэг байх аа?

Багш:
Яг зөв. Харин сугаавадийн сургаалд яасан гэхээр, “Бид нар хараахан бодьсадва болоогүй, ирээдүйд буддатай учирч бодьсадва болно” гэж үзсэн байна.

Сурагч:
Сугаавадийн сургаал тэгвэл өнгөрсөнд биш ирээдүй рүү анхаарлаа хандуулсан байх нь. Гэхдээ тэгэхээр чинь энэ ертөнцөд Шагжамүни багш нэгэнт үгүй болсон болохоор буддатай учрах боломжгүй болчино шүү дээ? Дээр нь хэдий дахин дахин төрлөө ч гэсэн тийм амархан буддатай учраад байж чадахгүй биз дээ?

Багш:
Шагжамүнийн буддизмд, Шагжамүни багш жанч халсны (нас барсны) хойно будда үгүй цаг ирж, 5,670,000,000 жил улирч байж Майдар бодьсадва гарч ирэн дараагийн будда болно гэдэг. Тийм гэвэл, хэдий ирээдүйд буддатай учирдаг байлаа ч тэр хүртэл тоолж баршгүй олон удаа үхэж төрөхгүй л бол бодьсадва болж чадахгүй. Үүн дээр сугаавадийн буддистууд яаж ийгээд буддатай хурдхан уулзуулчих арга юу байж болох вэ хэмээн элдэв арга сүвэгчилсний эцэст, “параллел ертөнц”-ийн ухагдахууныг шинээр зохиож гаргасан байдаг.

Сурагч:
Параллел ертөнц гэдэг чинь нөгөө уран зөгнөлт кино, фантастик зохиолуудад гардаг “Энэ ертөнцтэй зэрэгцэн оршдог өөр ертөнц” мөн биз дээ? Сүүлийн үеийн физикт ч бас “Онолын хувьд параллел ертөнц бодитоор оршдог” гэж тайлбарлах судлаачдын тухай сонссон юм байна.

Багш:
Сайн мэддэг юм байна. Сугаавадийн сургаал түүнтэй адилхан санааг гаргаж ирэн “Бидний амьдарч буй энэ ертөнцийн гадна хязгааргүй олон ертөнц оршиж байдаг” гэж үзсэн байна. Нэг ёсондоо Билиг барамидын судар болон Цагаан лянхуа судрууд цаг хугацааны шилжилтэд анхаарлаа хандуулсан бол, сугаавадийн сургаал орон зайн тэлэлтэнд нүдээ тусгасан учиртай. Тэгээд тэдгээр олон тооны ертөнцийг будда үгүй ертөнц болон будда байдаг ертөнц хэмээн хоёр хуваагаад, будда байдаг ертөнцийг “бурхны орон” гэж нэрлэв. Хэрвээ үхээд тэр дороо бурхны оронд төрж чадвал, хэдэн зуун тэрбумаар тоологдох жилийг хүлээлгүйгээр бид нар буддатай учирч, дор нь бодьсадвын даяанчлалыг эхлүүлэх боломжтой болох учиртай. Эртний Энэтхэгт аль хэдийнэ параллел ертөнц гэх ухагдахууныг төсөөлөн бодсон хүн байсан гэдэг үнэхээр гайхаш төрмөөр байгаа биз?

Бодьсадвын даяанчлалд хамгийн тохиромжтой бурхны орон – Сугаавадийн орон

Бидний амьдарч буй ертөнцийн гадна талд өөр ертөнцүүд байдаг гэж үзсэнийг нь ойлголоо. Гэхдээ тэдэн дотор тоогүй олон будда байдаг ертөнц бий гэхээр, аль руу шилжиж төрөх дээр төөрөлдмөөр санагдчихлаа. Тэдгээр бурхны орнууд өөр хоорондоо ямар нэгэн байдлаар ялгаатай болов уу?

Багш:
Сугаавадийн сургаалд бурхны орнууд дотор даяан хийхэд тохиромжтой орон болон тохиромжгүй орнууд бий хэмээн сэтгэж, цааш нь улам төгс бурхны орныг ургуулан төсөөлсөн байна. Төгс бурхны оронд будда оршин байх нь мэдээж хамгийн нэгдүгээр нөхцөл. Түүн дээрээ сугаавадийн буддистууд “Тэр ертөнцөд будда болоход шаардлагатай хангамж бүрдсэн байх” гэсэн бас нэгэн нөхцөл нэмж гаргаж ирсэн байна.

Будда болоход шаардлагатай хангамж бүрдсэн байх гэнэ ээ? Юу хэлэх гэснийг тань сайн ойлгосонгүй. Мэргэжлийн буддын сургууль ч юм уу, буддын академи, бүх төрлийн гарын авлага энэ тэртэй тийм ертөнц гэх гээд байна уу?

Нэг ийм байдлаар төсөөлөөд үзнэ үү. Эхлээд буддатай ертөнцөд очвол, тэр буддагийн өмнө тангараг өргөөд найдвартай бодьсадва болж чадна шүү дээ. Гэвч тэгээд бүх юм дуусчихгүй. Бодьсадва болж дэвшсэний дараа будда болохын төлөөх даяанчлал шаардлагатай. Нэг ёсондоо энд хэлж буй “Будда болоход шаардлагатай хангамж” гэдэг нь бодьсадвын даяанчлалыг элдэв асуудалгүйгээр дээр нь хурдан шуурхай үйлдэх боломжтой тийм орчин бүрдсэн үү үгүй юү гэдэг утгыг илэрхийлж байгаа юм. Тэгэхээр тийм тааламжтай орчин бүхий ертөнц гэхээр ямархуу юм төсөөлөгдөж байна даа?

Ямар гэнэтийн асуулт вэ. За байз, өмнөх хичээлд ярьж байснаар бодьсадвын даяанчлал гэдэг нь “буян хураах (буюу бусдад туслах)” байсан байх аа? Тийм бол “тусламж хэрэгтэй хүн зөндөө олон байдаг тийм ертөнц” байвал даяанчлалд тохирох юм болов уу?

Багш:
Их хөлгөний буддизмын эхэн үеийн номлолоор бол наадах чинь зөв боловч, сугаавадийн сургаалд тэгж үзээгүй. Билиг барамидын судар ч, Цагаан лянхуа судар ч “Хүнд туслах нь даяанчлал болно” гэсэн уул сургаалыг өөрчилж, эцэстээ “буддаг болон судрыг өөрийг нь тахин шүтэх нь хамгийн дээд буян болно” гэж номлосон шүү дээ. Үнэндээ сугаавадийн сургаал ч бас “Хүнд туслахаас илүүтэй, ариун дээд зүйлийг тахин шүтэж мөргөх л хамгийн үр дүнтэй даяанчлал болно” хэмээн сэтгэж, “буддад тахиж мөргөхөд амархан тийм газар”-ыг төгс ертөнц гэж үзсэн байна.

Сурагч:
Тэгэхээр чинь буддатай ертөнцөд л очоод төрчвөл хэзээ дуртай үедээ буддад мөргөөд байж чадна биз дээ? Тийм бол бүх л бурхны орон төгс ертөнцийн нөхцлийг хангачиж байгаа юм биш үү?

Багш:
Буддизмд 1 ертөнцөд (бурхны оронд) 1 л будда байдаг гэдэг тул, ердийн бурхны оронд төрлөө ч буддад мөргөх боломж хязгаарлагдмал. Тиймээс сугаавадийн сургаалд “Өөр бусад бурхны орон руу чөлөөтэй ирж буцдаг төхөөрөмж” бүхий тийм бурхны орныг төгс ертөнц гэж үзжээ. Янз бүрийн будда нарт мөргөөд байвал өөрийн будда болоход шаардлагатай инерги хуримтлагдаад байх тул, тийм төхөөрөмжтөй ертөнцөд очвол ганц буддад мөргөхөөс хавьгүй хурднаар будда болж чадах учиртай. Сугаавадийн сургаалд тийм хангамж орчноор тохижсон ертөнцийг сугаавадийн орон буюу “диваажингийн орон” гэж нэрлэсэн байна. Тэгээд тэрхүүү диваажингийн орны хамгийн гол хүн нь өнөөх Авид бурхан юм.

Сурагч:
Гэхдээ яагаад сугаавадийн сургаалд Авид бурхны амьдардаг зөвхөн тэр диваажингийн оронд л даяанчлал хийх таатай орчин бүрдсэн гэж үзсэн юм бол? Бидний амьдарч буй энэ ертөнцөд ч бас Шагжамүни багш гэсэн будда байсан юм чинь, манай ертөнц ч бас адилхан хангамжтай байж болох л байсан биз дээ?

Багш:
Сугаавадийн сургаалд, Шагжамүни багштай харьцуулахад Авид бурхан нь хамаагүй мундаг оршихуй гэж үздэг. Гэвч, Авид бурхан мундаг байлаа гээд Авид бурхны амьдрах ертөнц ч бас мундаг гэх нь хачирхалтай сонсогдож байгаа биз? Гайхамшигтай мундаг хүн байлаа гээд заавал баян тансаг гэр оронтой байх албагүй шүү дээ. Яагаад Авид бурхны ертөнц бусад бурхны орноос илүү тоноглогдсон юм бол? Үүний шалтгаан нь, Авид бурхан бодьсадвын даяанчлалд орохын өмнөх багш буддадаа өргөсөн тангарагийн агуулганд байгаа юм.

Шагжамүни багш ч бас анхандаа бидэн шиг эгэл хүн байсан боловч, урьд цагт буддатай учирч тангараг өргөөд, бодьсадва болсон тухай эхний хичээл дээр ярьсан. Шагжамүни багш урьд цагт буддатай хамгийн анх уулзахдаа ямар тангараг өргөснийг санаж байна уу?

Сурагч:
“Би ч бас тань шиг мундаг будда болохыг хүсч байгаа тул, бүх хүчээрээ мэрийн хичээнэ” гэж тангараг өргөтөл, нөгөө будда нь “Чи ирээдүйд гарцаагүй будда болох болно оо. Сайн хичээгээрэй” гээд адис хүртээсэн гэдэг байх аа?

Багш:
Тийм ээ. Харин Авид бурхны хувьд түүнээс өөр юм болж. Сугаавадийн 3 сав судрын нэг Насны цэнд сударт Авид бурхан тангараг өргөх үедээ багш буддадаа хандаж “Тань шиг мундаг будда болохыг хүсч байна” гэж хэлэхийн хажуугаар ахиад 48 тангараг өргөж, “Хэрвээ будда болохын төлөөх даяанчлалыг дуусгаж чадлаа ч, миний амьдрах бурхны орон бусдаас илүү гайхамшигтай газар болох хүртэл би будда болохгүй” гэж хэлсэн гэдэг. Нэг ёсондоо зөвхөн өөрийгөө будда болно гэж тангараглаад зогсохгүй, бусдын бодьсадвын үйлд ч бас нэмэр болохуйц ертөнцийг бүтээнэ гэж тангараглажээ.

Дөнгөж саяын “Янз бүрийн бурхны орон руу ирж очиж, зөндөө олон буддад мөргөх боломжтой болгоно” гэдгийг ч бас тангарагласнаас гадна, “Амьтай амьтан бүр адгуус, там, бирд төрөл рүү төрдөггүй ертөнц болгоно”, “Хүмүүсийн хооронд сайхан муухайн ялгаа үгүй тийм ертөнц болгоно” гэхчлэн олон олон зүйлс 48 тангараг дотор бичигдсэн байдаг. Ингэж ертөнцийг сайн сайхан болгоно гэсэн тангараг өргөж, түүнийгээ гүйцэлдүүлж чадсан учраас л Авид бурхны амьдрах диваажин бидний энэ ертөнцөөс хамаагүй мундаг ертөнц болжээ, гэж сугаавадийн сургаалд гардаг. Нэг ёсондоо Авид бурхан бодьсадвын хувиар даяанчилж эхэлсэн тэр цагаас эхлээд л өөрийн гэгээрлийн төлөө төдийгүй бүхий л амьтдыг будда болоосой гэж хүсэн зорьжээ гэсэн үг юм.

Даяан хийж ертөнцийг өөрчилсөн Авид бурхан


Сурагч:
Нээрээ л зөвхөн өөрийгөө гэлгүй ертөнцийг бүхэлд нь сайхан болгохыг нэгдүгээрт тавьсан юм бол яалт ч гүй Шагжамүни багшаас илүү мундаг гэж хэлж болох юм. Гэхдээ, улс төрч болоод ертөнцийг өөрчилнө гэвэл төсөөлөгдөж болох ч, даяан хийгээд ертөнцийг өөрчлөнө гэхээр..., боломжтой л юм байх даа?

Багш:
Шагжамүнийн буддизмд гарах “үйл” бол зөвхөн тэр үйлийн эзэндээ л буцаж очдог гэж тодорхойлдог тул, анхнаасаа бол “даяан хийснээр ертөнцийг өөрчлөх боломжгүй” гэж үздэг байсан байж таарна. Тэрийг сугаавадийн сургаалд яагаад боломжтой гэж үзсэн бэ гэдэг дээр нарийн ширийн нөхцөл байдал нь тодорхойгүй байдаг. Гэхдээ би их хөлгөний буддизм үүсч байх үед шинээр гарч ирсэн “хамтын үйл” гэх санаа сугаавадийн сургаалд нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Хамтын үйл гэдэг нь “хувь хүмүүсийн үйлээс гадна бүгд нийтээр үйлдэх үйл гэж байдаг агаад, тэр нь ертөнцийн байр байдалд нөлөөлж байдаг” гэх санааг илэрхийлдэг. Ойлгомжтой хэлбэл, бүгд муу юм хийгээд байвал өлсгөлөн тахал байгалийн гамшиг тохиож, эсрэгээрээ бүгд сайн зүйл хийгээд байвал амар амгалан энх цаг айлчлан ирнэ гэсэн үг. Энэхүү хувь хүний үйлийг ертөнцийн байр байдалтай гинжлэн холбох санаа яг сугаавадийн сургаал үүсэхийн өмнөхөн гарч ирсэн гэх тэр фактыг үл тоох аргагүй гэж боддог юм.

Сурагч:
Гэхдээ сугаавадийн сургаалд бүгдээрээ үйлийн хүчээ нэгтгэж байж ертөнцийг өөрчлөх биш, Авид бурхан ганцаараа үйлийн хүчээр ертөнцийг өөрчилсөн гэж байгаа биз дээ? Тэр нь нэг ёсондоо Авид бурхан Шагжамүни багшаас хамаагүй их мэрийн хичээж даяанчилсан гэсэн үг үү?

Багш:
Будда болохын төлөөх оноо цуглуулж, инерги хуримтлуулсан төдийд ертөнц хувирахгүй шүү дээ. Тэгэхээр будда болоход шаардлагатай онооноос хамаагүй их оноо цуглуулж, илүү гарсан оноогоо ертөнцийг хувиргахад зарцуулсан гэж тунгаавал яриа байхгүй Авид бурхны даяанчлал Шагжамүни багшийнхаас хавьгүй илүү байсан гэсэн үг болно.

Сурагч:
Ингэхэд, өнөөдрийн хичээлээр нөгөө хамгийн гол хүн болох Шагжамүни багшийн маань яриа бараг гарахгүй байгаа нь анхаарал татаад эхэллээ. Сугаавадийн сургаалд Шагжамүни багшийг хэрхэн авч үздэг юм бэ?

Багш:
Сугаавадийн 3 сав судруудын нэг болох Насны цэнд судар болон Авид судар хоёулаа Шагжамүни багшийн амаар сургаал айлдагдаж буй хэлбэрээр бичигдсэн байдаг болохоор, мэдээж Шагжамүни багш гол дүр. Гэхдээ сугаавадийн сургаалын судруудад гарах Шагжамүни багш “Та нар мэдэхгүй байх, үнэндээ Авид хэмээх мундаг будда амьдардаг гайхамшигтай ертөнц байдаг юм” хэмээн шавь нартаа дамжуулах “үлгэр яригч”-ийн дүр төдий бөгөөд, Шагжамүни багш өөрөө мөргөлийн эзэн болдоггүй. Сугаавадийн сургаалд гол мөргөж тахих зүйл нь Шагжамүни багш бус ерөөсөө л Авид бурхан тул, Шагжамүни багшийн байр суурь жаахан бүдгэрсэн байдаг.

Сурагч:
Тэгвэл эсрэгээрээ шагжамүнийн буддизмд Авид бурхан гарч ирдэг үү?

Багш:
Авид бурхан бол их хөлгөний буддизмаас төрсөн будда учир, түүнээс өмнөх үе болох шагжамүнийн буддизмд гарч ирэхгүй. Санскрик хэлэнд Амитаба эсвэл Амитаюс гэх ба, амита гэдэг нь цаглашгүй (буюу хязгааргүй их), аба нь гэрэл, аюс нь амь нас гэсэн утгатай тул, орчуулбал Амитаба нь цаглашгүй гэрэлт, Амитаюс нь цаглашгүй наст болно.

Тэгвэл яагаад Авид бурхан гээч юм гэнэтхэн гараад ирэв? Үүний шалтгааны тухайд, дорно зүгээс өөр соёл урсан орж ирснээр буддизмтай холбоогүй шашны шүтээнийг буддатай адилтгах болсон гэх тайлбар болон, Зороаста шашнаас эх үүсэлтэй гэх мэт тайлбарууд байдаг ч, яг тодорхой зүйл үгүй.

Ямартай ч их хөлгөний буддизмын цаг үед “Шагжамүни багш л цорын ганц будда” гэх үзэл бүдгэрэн суларч, Авид бурхнаас гадна Бирузана (буюу Машид гийгүүлэн зохиогч), Оточ манла, Минтугва (буюу Үл хөдлөгч) гэх зэрэг өч дөчнөөн будда нар гарч ирсэн байдаг. Параллел ертөнцийн ухагдахуун бий болж “Тоогүй олон ертөнц зэрэг оршдог” гэсэн яриа гарснаар ёстой л дэгээ нь мултарсан юм шиг буддагийн тоо үржээд иржээ.

3 comments:

  1. Anonymous27/7/18 14:20

    энэ хэсгийг улам л ойлгохоо болиод байна шүү хэхэ

    ReplyDelete
  2. Anonymous27/7/18 22:26

    Сайхан байна шүү. Буддизмын талаар сайхан ойлголттой болж байна. Маш их баярлалаа.

    ReplyDelete