2018/04/26

Их хөлгөний буддизм (5р хэсэг)

Өмнөх - Их хөлгөний буддизм (4р хэсэг)

Японы нэрт буддизм судлаач Сасаки Шизука профессорын ганцаарчилсан лекцээс.

  • Ертөнцийг бүрдүүлэгч элементүүд ч хүртэл оршин байдаггүй


Сурагч:
Шагжамүни багшийн хэлэх хоосон чанар гэдэг нь, бидний “оршин байна” гэж итгэдэг зүйлс, тэгээд бас “би” ч бас бүгдээрээ бодит оршихуй биш. Найдвартай оршин байгаа нь зөвхөн тэдгээрийг бүрдүүлэгч элементүүд гэсэн утгатай юм байна, тийм үү? Гүйцэд биш ч гэсэн хальт ойлгох нь ойлголоо. Тэгвэл, Шагжамүни багшийн хоосон чанар болон Билиг барамидын судар дахь хоосон чанарын ялгаа нь юу вэ?

Багш:
“Чулуу” ч юм уу “би” гэх мэт нь хүмүүс зүгээр л байдаг гэж харанхуй төөрөлддөг зүйл бөгөөд, үнэндээ бодит бие үгүй гэж үздэгээрээ аль аль нь адилхан. Гэвч Билиг барамидын сударт, Шагжамүни багш бодитоор оршдог гэж хэлсэн таван цогц буюу бүрдүүлэгч элементүүдийг хүртэл “бодит оршихуй биш” гэж үздэг. Мөн Шагжамүни багш энэ ертөнцийн мөн чанарыг “Хуран үүдсэн бүхэн мөнх бус” буюу “Бүхий л зүйлс хувиран өөрчлөгддөг” хэмээн таньсан байдаг бол, Билиг барамидын сударт “Бүхий л оршихуйнуудын суурь элемент гэхээр юм бодитоор байдаггүй юм чинь, тэдгээр нь үүсч устаж, хэртэж цэвэршиж, ихэсч багасч байгаа мэт мэдрэгдэж байгаа нь ч бас бүгд хуурмаг үзэгдэл” гэж үзээд “хуран үүдсэн бүхэн мөнх бус” гэдгийг ч бас үгүйсгэсэн байдаг.

Сурагч:
Өө заза, бүр ч янзтай. Тэгээд бид нарын яг одоо мэдэрч буй өнгө, чимээ, үнэр гэх мэт элементүүд хүртэл бүгд бодит бие үгүй юм гэвэл, ерөөсөө энэ ертөнц тэр чигээрээ “хоосон зэрэглээ” болчихно биз дээ? Тэгж бодох юм бол, энд сууж байгаа багш, тэгээд би, өнгөрсөн ирээдүй, ер юм бүхэн юутай ийтэйгээ тайлбарлах боломжгүй болчих биш үү?

Багш:
Яриа байхгүй тийм. Энэ ертөнцийг бүрдүүлдэг суурь элементүүд ч бодитоор оршдоггүй, зүгээр л хуурмаг шинжтэй юм гэвэл, тэдгээр элементүүдийн хоорон дахь харилцан үйлчлэлийн хуулиуд ч гэж үгүй болж таарна. Чингүүт шагжамүнийн буддизмын суурь болох үйлийн үрийн хууль хүртэл оршин байддаггүй болж хувирна.

Гэвч, тэгээд орхичих юм бол энэ ертөнцийн байр байдлыг тайлбарлах боломжгүй. Эндээс Билиг барамидын сударт “Энэ ертөнц бол бидний логикийг давсан, тэс өөр дээд эрэмбийн хуулинд захирагдан өрнөж байдаг” гэж үзсэн байна. Тэрхүү хүний оюуныг давсан нууцлаг хүч, дээд эрэмбийн хууль бол чухам мөнөөх Зүрхэн сударт гардаг “хоосон чанар” юм.

Сурагч:
Наад чинь бүр хамаагүй нууц далдын (оккулт) шинжтэй болоод явчлаа. Хүний оюуныг давсан хачин жигтэй хүч гээд яриад унавал нэгэнт ямар ч үндэслэл байхгүй, утга учир ч байхгүй, хий дэмий зүйл болчих биш үү? Ер нь Билиг барамидын судар тэгэн байж шинэ “хоосон чанар”-ын тухай ухагдахуун гаргаж тавих ямар шаардлага байсан юм бол?

Багш:
Яагаад гэвэл, төдийг хүртэл итгэгдэж ирсэн үйлийн үрийн хуулийг өөрчлөхгүй л бол болохгүй зайлшгүй шаардлага байсан болохоор тэр. Шагжамүни багшийн сургасан “Үйлийн үрийн хууль”-ийг үнэн гэж үзэж байгаа л бол, гэгээрэлд хүрэхийн тулд тусгай даяанчлал хэрэгтэй. Үйлийн хүчийг тасдан дарахын төлөөх даяанчлал. Дахин сануулж хэлэхэд, сансрын хүрдийг эргэлдүүлж буй нь үйл юм. Үйлийг арилгахын тулд, сахил хүртэж нисванисаа тасдан дарах даяанчлалд шамдах шаардлагатай.

Гэвч, үйлийн үрийн хуулийг хөмрүүлж, өдөр тутмын буяныг гэгээрэлд хүрэх инерги болгон ашиглаж болно гэж үзвэл, гэгээрэлд хүрэх босго сэвхийтэл намсаад ирнэ. Сахил хүртэж тусгай даяан хийхгүй байсан ч, гэртээ хар чигээрээ буддагийн замналаар замнах боломжтой болно гэсэн үг. Ийм зам гаргахын тулд шагжамүнийн буддизмын бий болгосон ертөнцийн төсөөллийг хойш нь орхиод, “хоосон чанар” хэмээх шинэ ухагдахуунаар сольж өөрчлөхөөс өөр арга олдоогүй учиртай юм.

  • Уншихтун, бичихтун, түгээхтун


Сурагч:
Мөөн. Буддизм илүү олон хүнд хүрч, даган сүслэх боломжтой шашин болохын тулд яавал дээр вэ гэж арга чарга сүвэгчилсний эцэст хүрч очсон нь “хоосон чанар” гэх ухагдахуун байсан юм байжээ. Ингэхэд сая “хоосон чанар”-ын онолыг ойлгож таньсан зөвхөн тийм хүн л өдөр тутмын буяны инергиэ бүгдийг гэгээрэлд чиглүүлж чадна гэж та айлдсан шүү дээ. Тэгвэл “хоосон чанар”-ын онолыг ойлгохын тулд, бид нар юу хийх ёстой вэ?

Багш
Билиг барамидын сударт өглөгийн барамид, шагшаабадын барамид, тэвчээрийн барамид, хүлцэнгүйн барамид, дияаны барамид, билиг билгүүний барамид гэсэн 6 үйлийг Зургаан барамид хэмээн нэрлэж, паринамана (буюу үйлийн инергийг нирван болоход ашиглах) тийш зүглэхийн төлөөх чухал даяанчлал гэж тодорхойлсон байдаг. Үүн дотроо хамгийн эрхэм нь билиг билгүүний барамид (буюу билиг билгүүний чанадад хүрч төгс оюуныг олох) гэдэг. Чухам эндээс л хоосон чанарыг ойлгож таних оюуны хүчийг өөртөө цогцлоож болно.

Бусад 5 барамид нь тэгтлээ ойлгомжгүй хэцүү зүйл бус, ерөнхийдөө хариу харалгүй бусдад тусалж, өөрийгөө чандалж, сэтгэлээ төвшитгөж, бусдын нүдээр өөрийгөө цэгнэ гэх мэт утга бүхий тул, базаад хэлбэл “Өдөр тутмын амьдралаа зөв амьдраад явахад болно” гэж буй хэрэг юм.

Сурагч:
Ммм... Нэг тийм ердөө л энэ үү гэж санагдаад явчлаа. Жишээ нь, хаа нэг компанид ажил хийдэг хүн ч бай мэдлэгээ хурцлаад, цэх шулуун амьдраад явахад л амархаан гэгч нь будда болчиж чадна, гэсэн үг үү?

Багш:
Шагжамүнийн буддизмаар аврагдах боломжгүй хүмүүсийг аврах нь их хөлгөний буддизмын зорилго тул, босго намхан байх нь аргагүй хэрэг. Дээр нь Билиг барамидын сударт буддад хүрэх хамгийн үр дүнтэй даяанчлал хэмээн дээрх зургаан барамидаас гадна, Билиг барамидын сударт өөрт нь мөргөх явдлыг гаргаж тавьсан байдаг.

Сурагч:
Шагжамүни багшид мөргөх биш, сударт өөрт нь мөргө гэж үү? Сайн ойлгохгүй юм байна. Нэг муу үсэг бичсэн цаасны хэлтэрхийд мөргөлөө гээд ямар утга байдаг юм бол?

Багш:
“Сударт мөргө” гэж Билиг барамидын сударт бичсэн шалтгаан нь, Билиг барамидын сударт судрыг ч бас өөрийг нь будда хэмээн авч үзсэнтэй холбоотой. Хүний төрхтэй зүйл бус “сургаалыг өөрийг нь будда” хэмээн үзэж, Билиг барамидын сударт түүнийг “Номын лагшин” (буюу номд хувилсан будда) гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл сударт мөргөх гэдэг үйлдэл бол буддаг өөрт нь мөргөж, залбирч буй хэрэг юм.

Өмнө хичээлийн төгсгөлд “Их хөлгөний буддизмд бусдад энэрэнгүй сэтгэлээр үйлдэхээс илүүтэй буддатай өөртэй нь учирч тахин шүтэж, мөргөх нь буддад хүрэх дөт зам болно гэж үзсэн” тухай ярьсан шүү дээ. Энэ үзэлд суурилах юм бол, буддатай учирч андгай өргөсөн хүн цааш үхэж төрөн амьдрах дундаа ахин дахин буддатай учирч, тэр бүртээ буддаг тахин шүтсэнээр инерги хуримтлуулах шаардлагатай. Гэвч, харамсалтай нь буддатай тэгж амархан учраад байх боломжгүй. Тийм бол яах вэ? Судрыг өөрийг нь будда хэмээн авч үзэх юм бол, бид нар энэ ертөнцөд хэдэн ч удаа буддатай учирч инерги цуглуулах боломжтой болно. Энэ л Билиг барамидын судар дахь буддатай уулзуулах логик байгаа юм.

Сурагч:
Хэр үндэслэлтэй эсэхийг нь орхиё. Ямартай ч будда болохыг хүссэн хүмүүст наадах чинь нээрээ л талархмаар сайхан санаа байна.

Багш:
Тийм шүү, нээрээ л шинэлэг санаа. Будда болохын төлөөх хамгийн үр нөлөөтэй арга бол бодитоор буддатай нүүр тулан учирч, түүнийг тахин шүтэх явдал. Тийм болохоор Билиг барамидын судрыг өөрийг нь номын лагшин гэж тодорхойлсноор, хамаагүй хурдан будда болох боломжтой болсон гэсэн үг.

Мөн Билиг барамидын сударт, судрыг уншиж түүнд мөргөх дээр нэмээд “бичих”-ийг ч бас уриалсан байдаг. Өнөөгийн бидний үйлддэг судар хуулан бичих нь эндээс эхтэй юм. Судрыг хуулан бичих нь сударт залбирч буй нэг арга гэж үзсэн явдал нь, Билиг барамидын судрыг огцом түгэн дэлгэрэх шалтгаан болсон байдаг.

Сурагч:
Хуулан бичихийг хожмын хүмүүс судраа олон түмэнд улам түгээх зорилгоор сүүлд нь санаачлан нэмсэн байх тэ?

Багш:
Сонирхолтой нь, Билиг барамидын сударт үүнийг анхнаас нь бичиж оруулсан байдаг юм. “Сударт мөргө, судрыг бич, судрыг түгээ” гэсэн өөрийгөө хувилан үржүүлэхийн төлөөх програм маягийн зүйл судар дотор анхнаасаа байсан гэсэн үг. Тийм ч учраас судар нь цааш цаашаа хувилагдсаар хурдан түгсэн байдаг. Өнөө үед ч бас бид бүхэн Зүрхэн судар болон түүнийг хуулан бичих зориулттай цаасыг хаанаас ч худалдан авч болдог шүү дээ. Тэгэхээр тэрхүү өөрийгөө хувилан тараах зорилготойгоор анх суулгасан програм нь одоо ч бас ажиллаж байна гэдэг утгаараа, үнэхээр гайхалтай санагддаг юм.

  • Олон хүнийг аврах “нууц далдын” гэх хүч

Багш:
За тэгэхээр, энэ хүртэл тайлбарлан ярьсан Билиг барамидын судрын сургаалын талаар ерөнхийдөө ойлгож авсан болов уу гэж бодож байна. Үүн дээр ахиад тодруулж асуух зүйл байна уу?

Сурагч:
Нэг ойлгомжгүй асуудал үлдчээд байна л даа. Билиг барамидын сударт ертөнцийн төрх байдлыг “ердийн оюун ухааныг давсан, илүү дээд эрэмбийн механизмд захирагддаг” гэж үздэг тухай багш та хэлсэн шүү дээ. Тэгвэл тэр дээд эрэмбийн механизм гэдэг нь чухам ямар эд юм бол оо?

Багш:
“Нууц далдын” гэдэг бол ерөөс логик учир жанцантай эд биш юм болохоор, тэрийг дэлгэрүүлэн тайлбарлах нь ярвигтай л даа. Жишээ нь, судрыг тахин шүтвэл будда болно гэх сургаал маань өөрөө нууц далдын хүч үгүйгээр биелэх нь боломжгүй. Нэг ёсондоо, Билиг барамидын судрын бүхий л сургаалын суурь үндэслэл болж буй зүйл нь нууц далдын хүч юм.

Бүр тэгж ярих юм бол, Билиг барамидын судар маань өөрөө учир битүүлэг далдын хүч бүхий “шившлэг (тарни)” гэж үзсэн ч болох талтай.

Сурагч:
Нууц далдын шинжтэй сургаал номлодог судар болохоор нь, хүмүүс тэрийг өөрийг нь нууцлаг хүчтэй гэж бага багаар итгэсээр яваад тийм болсон гэж үү?

Багш:
Тийм биш, анхнаасаа Зүрхэн судар дотор “Энэ судар бол тарни” гээд биччихсэн байдаг юм. Тухайлбал Зүрхэн судрын төгсгөл хэсэгт ийм мөр бий. “Тийм учраас билгийн чанад хүрсний тарни, их ухааны тарни, тэнсэл үгүй тарни, сацуу бус лугаа сацуу тарни, хамаг зовлонг машид амирлуулагч тарни нь худал бусын тулд үнэнд мэдвэл зохино.”

Үүнийг орчин цагийн хэлэнд хөрвүүлж хэлбэл “Тиймийн учир дараах зүйлийг ойлго. Билиг барамид бол дээд үнэний үг (сургаал номлол), дээд мэдлэгийн үг, харьцуулашгүй үг, бүхий л зовлонгоос ангижруулагч үг, худал үгүй бодит үнэн болой.” Нэг ёсондоо, энэ тарнийг л уншаад байхад бүхий л зовлонгоос ангижирна, ямар ч асуудлыг шийддэг төгс тарни юмаа гээд шууд хэлчхэж байгаа учиртай юм. Тэгээд цааш нь “Ийнхүү билгийн чанад хүрсний тарнийг өгүүлвэй: ДАТЯАТА УМ ГАДИ ГАДИ БАРА ГАДИ БАРА САМ ГАДИ БОДХИ СУХА” гээд чухам л шившлэг тарни гэмээр хэсэг гарч ирдэг. Энэ хачин жигтэй шившлэг хэсэг бол судар дахь эртний санскрит хэлээр бичсэн хэсгийг орчуулалгүйгээр яг тэр дуудлагаар нь авсан зүйл байгаа юм. Тэгэхээр яагаад энийг орчуулалгүйгээр тэр дуудлагаар нь авсан бэ гэхээр, энэ хэсэг бол чухам мөнөөх тарни бөгөөд, орчуулаад тавьчих юм бол үгэнд нь шингэсэн нууц далдын хүч нөлөө нь арилчих гээд байсан болохоор тэр юм.

Сурагч:
Зүрхэн судрыг шившлэг тарни байсан гэж анх удаагаа л сонсож байна. Гэхдээ үнэхээр тийм юм гэвэл, надад нэг л сэжигтэй, худлаа хоосон юм шиг санагдаад, сүжиг төрөхөө болиод явчихлаа...

Багш:
Тийм ээ, хачин жигтэй нууц далдын хүч гээд яриад унахаар сэжиглэн үл итгэх хүмүүс олон гарч ирэх л байх. Гэхдээ, “нууц далдын” гэдэг үгнээс цэрвэж буй хүмүүс “нууц далдын” болон “мухар сүсгийн” гэсэн хоёр ухагдахууныг хольж хутгаж ойлгодогтой холбоотой болов уу. Үнэндээ бол “нууц далдын” болон “мухар сүсгийн” хоёр хоорондоо яагаад ч ижилсэхээргүй тэс хөндлөн ойлголтууд юм.

“Мухар сүсэг” гэдэг бол, нүдний өмнө тохиосон хоёр үзэгдлийг хооронд нь ташаа учир шалтгааны холбоогоор холбож төсөөлөхийг хэлдэг. Жишээ нь, хэрээ гэрийн гадаа гуаглахыг харсны маргааш өдөр нь ээж нь нас баржээ гэе. Эндээс “Ээж үхсэний шалтгаан нь, хэрээ гуагласнаас болжээ” гэж бодох юм бол мухар сүсэг. Тэр хоёрын хооронд ямар ч учир шалтгааны холбоо гэж байхгүй тул, тэр бол ердийн нэг бодон төөрөгдөл.

Харин нууц далдын хүч гэдэг бол, энэ ертөнцийн алив үзэгдлийн цаанаас хүний оюунаар тайлбарлаж үл чадах хүч нөлөөг мэдрэх явдал юм. Жишээ нь, 7 хоногийн настай гэж оношлогдсон хүнд өвчтэй хүн өдөр бүр маани уншаад байсан чинь хагас жил илүү амьдарч, охиныхоо хуримд оролцоод, маргааш өдөр нь нас баржээ гэе. Маанинд өвчин анагаах хүч нөлөө байдаг эсэхийг хэн ч мэдэхгүй боловч, ямартай ч маани тэр хүний хувьд ямар нэгэн байдлаар сэтгэлийн тулгуур болж байсан нь лавтай. Тэндээс хүний оюуныг давсан хачин жигтэй ямар нэгэн хүчийг мэдэрсэн бол, тэр нь түүний хувьд нууц далдын хүч оршин байжээ гэсэн үг болно.

Сурагч:
Наадах чинь надад бас л үнэмшил төрүүлэхгүй л байна. Үнэндээ нууц далдын хүч гэхээсээ илүү, хүмүүсийн ярьдаг Пласбо нөлөө (Placebo effect буюу ямар ч эмийн үйлчилгээгүй зүйлийг эм гэж итгүүлж уулгасаар, сэтгэлзүйн нөлөөгөөр өвчтөний өвчний байдал дээрдэх үзэгдэл) ч юм билүү. Зүгээр нэг хатаасан гурилыг эм гэж бодоод уугаад байсан чинь өвчин нь эдгэчихсэн гэх мэт тохиолдол байдаг биз дээ. Судар маани ч бас нэг тиймэрхүү л юм биш үү?

Багш:
Маани уншсаар байгаад нас уртассан нь ердөө л пласбо нөлөө гэж бодмоор байгаа бол бололгүй яах вэ. Тэрэн дээр хүн бүр өөрийнхөө тааллаар ойлгоход огтхон ч буруу зүйлгүй. Гэвч, агуу том хүч байдагт итгэснээр сэтгэлдээ хүч авч, түүнийхээ ачаар өвчнөө анагааж авралыг мэдэрсэн хүмүүс байдаг нь ч бас бодит баримт. Өөрийнхөө хүчээр зовлонгоос мултаръя гэж хичнээн хичээвч ганцаараа яаж ч чадахгүй, арга буюу ямар нэгэн том хүчинд найдахаас өөрөөр аврагдах гарцгүй хүмүүс ч гэж байдаг. Тийм хүмүүст хүрч аврах гэдэг утгаараа, Билиг барамидын судар нь нууц далдын шинж дээр суурилж буй нь хэрхэвч муу зүйл биш гэж надад санагддаг юм.

Хүний оюуныг давсан хүч гэхээр сэжигтэй сонсогдож болох ч, Билиг барамидын судар нь нууц далдын хүч хэмээх шинэ элемент нэмж оруулснаар, шинэ авралын зам нээсэн. Хүмүүс хэн ч бай “Боломжгүй ч гэсэн ийм байсан ч болоосой” гэдэг ч юм уу, “Бүтэхгүй ч гэсэн яаж ийгээд болгочих юм сан” гэхчлэн бодоцгоодог шүү дээ. Ямар нэгэн ер бусын дээд хүч энэ ертөнцөд оршин байдаг гэж итгэж чадах юм бол, тэр мэт биелэшгүй холын мөрөөдлийн хойноос ч гэсэн зүтгэх эрч хүч төрөн гардаг.

Сурагч:
Билиг барамидын судар нууц далдын хүчийг сургаалдаа шингээснээр шагжамүнийн буддизмын сургасан үйлийн үрийн холбоог хүчингүй болгож, бүхнийг бүрхэгдүүлж орхисон ч гэлээ, эсрэгээрээ тэгснийхээ хүчинд шинэ зам нээж олон хүмүүсийг аварчээ, гээд эерэгээр тунгаах ч боломжтой гэсэн үг байх нь ээ?

Багш:
Тийм ээ. Шагжамүнийн буддизмд үйл ч юм уу сансрын хүрд гэхчлэн өнөөгийн нийгэмд шууд хүлээж авахад хүндрэлтэй ухагдахуунууд агуулагддаг ч гэлээ, нууц далдын элемент бараг байдаггүй. Шагжамүнийн буддизм бол сэтгэлийн зовлонгоос өөрийн хүчээр мултран гарахыг зорих хүмүүсийн хувьд оноллог хийгээд логик учир жанцантай, бараг л төгс шашин гээд хэлчхэд буруудахгүй биз. Гэвч, түүнд сахил хүртэж даяан хийх гэсэн бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй том босго тавигдсан байдаг. Шагжамүнийн буддизмаар яагаад ч аврагдах боломжгүй хүмүүс гарцаагүй цаана нь үлдэж орхидог. Тийм хүмүүсийн тусын тулд Билиг барамидын судар бүтээгдсэн гэж үзэх юм бол, шагжамүнийн буддизмыг үгүйсгэж буй чухам тэр байдал нь түүний оршин буй утга учир нь юм аа гэж ойлгож болох юм.


2 comments:

Anonymous said...

Дараагийн хэсэг нь хэзээ гарах вэ?

Schelkunchik said...

Niiice!!

Post a Comment