Японы нэрт буддизм судлаач Сасаки Шизука профессорын ганцаарчилсан лекцээс.
2.
Хоосон чанарын үзэл дэлгэрсэн нь – Билиг барамидын судар
- Анхны их хөлгөн судар
Багш:
Одоо хоёулаа “Билиг барамидын судар”, “Цагаан лянхуа судар”,
“Аватамсака судар” зэрэг их хөлгөн судрууд хэрхэн яаж бий болсон, дотор нь
ямар сургаал номлол бичигдсэн байдаг талаар дэс дараатай тайлбарлан ярилцъя.
Их хөлгөн судар гээд ганц үгээр илэрхийлдэг хэдий ч, үнэндээ эдгээр судрууд
дахь сургаалын агуулга нэлээдгүй ялгаатай байдаг. “Хар хүн чигээрээ буддаг
зорин замнах боломжтой” гэдэг дээр бүгд нийлдэг боловч, судар бүр дэхь будда
болох арга зам хийгээд процесс нь ялгаатай.
Юун түрүүнд, эдгээр олон судрууд дундаа хамгийн эртнийх нь гэгддэг
“Билиг барамидын судар” (пражнапрамита хрдаяа буюу монголоор “Хутагт билгийн
чанад хязгаарт хүрсэн их хөлгөн судар”)-ын тухай ярья. Зарим хүнд билиг
барамид гэхээр тийм ч танил дотно санагдахгүй байх. Харин “Зүрхэн судар”
гэвэл хамаагүй ойрхон сонсогдож байгаа биз?
|
Сурагч:
Тийм тийм. Хэдэн жилийн өмнө нэг сүмд Зүрхэн судрыг хуулж бичиж байсан
юм байна (Японд ном судрууд ханзаар бичигдсэн байдаг ба, сүсэгтнүүд ламаар уншуулж
сүсэглэхээс гадна, өөрсдөө ном судрыг хуулан бичиж сүсэглэх хэлбэр ч байдаг).
Даанч аятайхан бичихдээ байдгаараа анхаараад, агуулгыг нь бараг анзаараагүй
юм байна, жоохон ичмээр л юм. Тэр Зүрхэн судар, тэгээд одоо ярих Билиг
барамидын судар хоёр нэг зүйл гэсэн үг үү?
|
Багш:
Зүрхэн судар ч бас билиг барамидын урсгалд харъяалагддаг олон тооны судруудын
нэг. Билиг барамидын сургаалын цөм агуулгыг нь шахаж эмхэтгэсэн хувилбар гэж
хэлж болно. Билиг барамидын судар гэж нэрлэгддэг судрууд хэдэн 10, 100-аар
тоологдох олон байдаг. Бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн нь л гэхэд Санскрит
хэл дээр 10 гаруй төрөл, Төвөд хэл дээр 20 илүү төрөл, ханзаар 42 илүү төрөл бий.
Дээр нь тал дутуу үлдсэнүүдтэй нь нийлүүлэх юм бол бүр тоолохын эцэсгүй олон байгаа.
|
Сурагч:
Их хөлгөний буддизм дотроо хамгийн эртнийх нь Билиг барамидын судар
гэлээ. Тэгвэл тэрэн дотроо ч хамгийн эртнийх нь хэдий үед бүтээгдсэн байдаг
юм бол?
|
Багш:
Одоогоор судлагдаж тогтоогдсон дотроо “Жадамба” (буюу “Хутагт билгийн
чанад хязгаарт хүрсэн найман мянгат их хөлгөн судар”) гэдэг нэртэй эртний
Энэтхэг хэлээр бичигдсэн судрыг хамгийн эртнийх гэж үздэг. НТӨ 47 – НТ 147
оны хавьцаа бичигдсэн хувилбар Гандара нутгаас олдсон болохоор, наанадаж
тэрнээс өмнө ч байсан гээд бодвол, нийтийн тооллын эхлэл үеэр Билиг барамидын
судар анхлан бүтээгджээ гэж үзэхэд болохоор байгаа юм. Түүнээс хойш хэдэн зуун
жилийн турш олон олон билиг барамидын судрууд бичигдэн Ази даяар тархаж,
Японд 6, 7-р зууны үед дамжин орж ирсэн байдаг.
|
- Бид бүгд өмнөх төрөлдөө Буддатай учирсан
Багш:
За түүхэн талын яриаг ингэсгээд орхиод, билиг барамидын сударт чухам юу
бичигдсэн байдаг, сургаалынх нь агуулга юу болох талаар ярьж өгье.
Юуны өмнө билиг барамидын судрын нэг том онцлог бол, “Бүх хүмүүс
урьд насандаа аль хэдийнэ буддатай учирч, андгай өгсөн” гэж үздэг. Өмнө
өгүүлж байсанчлан, их хөлгөний буддизмд будда болохыг хүсвэл эхлээд юу ч
гэсэн буддатай учирч “Би ч бас тань шиг будда болохын төлөө хичээнэ” гэсэн
андгай өргөх ёстой. Тэгэхээр нь тэр будда “Хэзээ нэгэн цагт заавал будда
болоорой” гэсэн адис өгснөөр сая албан ёсоор буддаг горьлогч буюу бодьсадва
болж, даяанчлалын замаар замнах боломжтой болно.
Тэгэхээр билиг барамидын сургаалд “Бид бүгдээрээ аль хэдийнэ буддатай
учирч андгай өгсөн учраас бүгдээрээ бодьсадва юм” гэж үздэг гэсэн үг.
|
Сурагч:
Хэхэ, үнэн юм болов уу даа. Би л гэхэд харамсалтай нь урьд насандаа
буддатай учирч байсан гэх ямар ч ой санамж алга...
|
Багш:
Урьд насныхаа тухай санадаг хүн гэж үгүй болохоор, эргэлзэх чинь мэдээж
аргагүй. Гэхдээ тийм эргэлзээнд хариулах хариулт ч бас Билиг барамидын сударт
бичээтэй бий. Билиг барамидын сударт “Буддатай урьд цагт учирч байснаа
анзаарахгүй байгаа нь, та ердөө л түүнийг мартчихсан болохоор тэр” гэсэн
байдаг.
Гэвч, тэгж хэллээ ч бас л эргэлзээ тайлагдахгүй байх. “Урьд насандаа
буддатай учирсан байлаа гэхэд, тэрийг барин тавин батлах арга байхгүй биз
дээ?” гэж эсэргүүцэх ч хүн байх болов уу. Тийм хүмүүст хандаж Билиг барамидын
сударт ингэж асуудаг. “Маани (буюу Билиг барамидын судар) унших үед, та юу
мэдэрдэг вэ? Сэтгэл хөвөлзөж, талархах сэтгэл төрдөг үү? Хэрвээ сэтгэл тань
хөвөлзөж байвал тэр таны урьд насандаа буддатай учирч андгай өгч байсны тань
нотолгоо юм. Хэрвээ огт юу ч мэдрэхгүй бол та буддатай учраагүй юм байна
гэсэн үг.”
Ингэж хэлэхээр “Мэдэхгүй ээ, надад юу ч мэдрэгдэх юм алга” гээд хээв
нэг хариулах хүн барагтай бол гарахгүй. Ихэнх хүмүүс “Нээрээ нэг тийм талархмаар
ерөөлтэй судар гэмээр, маани болгоод уншихаар сэтгэл тайвшрах шиг санагдаж
байна.” гэж хэлэх вий.
|
Сурагч:
Нээрээ бодоод үзсэн чинь, би ч бас судар хуулж байх үед нэг тийм уяртал
тайвшрах шиг санагдсан шүү. Тэгэхээр би ч бас урьд насандаа буддатай учирч
байсан гэсэн үг болох уу?
|
Багш:
Билиг барамидын сургаалаар бол тийм гэсэн үг. Чи бол аль хэдийнэ
бодьсадва болсон. Гэхдээ энэ бол уугуул шагжамүнийн сургаалаас ялгаатай
санаа. Буддатай урьд насандаа үнэхээр учирсан ч бай үгүй ч бай, шагжамүнийн буддизмд
бол буддаг зорино гэдэг хэзээ ч байхгүй. Бид нар гэгээрсэн ч буддагийн доод
түвшин болох архад л болж чадна.
Цаашлаад Билиг барамидын сударт төдийг хүртлэх биддизмд байгаагүй бас
нэг шинэ санаа дүрслэгдсэн байдаг. Тэр нь өмнөх хичээл дээр ч бас зухас
дурьдаад орхисон “Нэгэнт бид нар бодьсадва болон энэ хорвоод оршиж байгаа
хойно, өдөр тутмын амьдралдаа буян хураагаад явбал, тэр нь гэгээрэлд хүрэх
инерги болон хуримтлагдаж, эцэстээ будда болж чадна” гэсэн санаа юм.
Шагжамүнийн буддизмд бол зөвхөн даяанчлал дундаа нисванисаа тасдан арилгах нь
л гэгээрэлд хүрэх цорын ганц арга гэж үздэг байсан. Тэр нь Билиг барамидын
сударт “Өдөр тутмын амьдралдаа буян хураагаад байвал гэгээрэлд дөхөх
боломжтой” болж өөрчлөгдсөн байгаа юм. Энэ бол илэрхий Шагжамүнийн сургаалаас
зөрсөн санаа. Уул шугамандаа бол буян хураалаа гээд будда болох учиргүй.
|
Сурагч:
Нэг ёсондоо Билиг барамидын сударт, гэгээрэлд хүрэх аргыг “чанд хатуу
даяанчлал”-аас “өдөр тутмын буян” болгож өөрчилсөн учиртай байх нь ээ. Анхны
шагжамүнийн буддизмаас ялгаатай гэдгийг ойлгох нь ойлголоо. Гэхдээ буян
хураагаад байвал гэгээрэлд дөхнө гэдэг санаа миний хувьд тийм ч буруугүй л юм
шиг санагдах юм. Буян их хийвэл диваажинд очдог юм чинь, буян бас буддад
хүрэх инерги ч болно гээд хэлчхэд тэгтлээ буруудсан болохгүй биш үү?
|
Багш:
Үнэндээ диваажин гэдэг ухагдахуун ч бас их хөлгөний буддизмын үед
шинээр бий болсон байдаг. Диваажингийн талаарх яриаг дараагийн хичээл рүүгээ
шилжүүлээд, одоо чамд гэгээрлийг олж будда болно гэдэг юу болохыг тайлбарлаж
өгье. Тэгвэл буян хураах нь гэгээрэлд нэмэр болохгүй болохыг ойлгоно.
|
- Буянаар сансрын хүрдийг зогсоож болох уу?
Багш:
Шагжамүнийн буддизмд
гэгээрлийг олох гэдэг нь, дахин эргэж төрөхгүй нирванд хүрэхийг илэрхийлдэг
шүү дээ. Дахин эргэж төрөхгүй гэдэг бол нэг ёсондоо сансрын хүрдийг зогсооно
гэсэн үг. Тэгээд сансрын хүрдийг зогсоохын тулд бясалгалд шамдаж нисванисаа
тасдан арилгах зайлшгүй шаардлагатай. Гэвч эгэл жирийн амьдралд буян хураах
болон даяанчлалаар нисванисаа арилгах хоёр нь тэс ондоо 2 үйлдэл учир, өдөр
тутмын буян нь гэгээрэлд хүрэхэд тус болохгүй болж таарна.
|
Сурагч:
Тэгвэл багш та өдөр тутамдаа буян хураах нь бидэнд огт утгагүй зүйл гэж
бодож байна уу?
|
Багш:
Яалаа гэж. Буян хураах нь утга учиргүй гэж хэлсэн юм биш. Сансрын
хүрдийг зогсоох нь даяанчлалын зорилго. Харин буян хичнээн хураагаад ч
сансрын хүрдийг зогсоож чадахгүй, гэгээрэлд ч хүрэхгүй гэдгийг л хэлж байна.
Мэдээж ердийнхөөр бол буян гэдэг сайн зүйл гэдэг нь маргаангүй. Яагаад
буян сансрын хүрдийг зогсооход тус болохгүй вэ гэдгийг сайтар ойлгож авахад
ахиад жаахан тайлбар хэрэгтэй юм шиг байна. Өмнөх хичээлээр Шагжамүни багшийн
ертөнцийг үзэх үзэл нь “Сансрын хүрд болон үйлийн үр” гээч зүйл дээр суурилдаг
тухай ярьсныг санаж байна уу?
|
Сурагч:
Сансрын хүрд гэдэг чинь, жишээ нь нүгэл хийсэн хүн түүнийхээ үйлээр
адгуус бирд болон төрдгийг хэлээд байгаа биз дээ тэ?
|
Багш:
Яг тийм. Шагжамүнийн буддизмаар бол, энэ ертөнц “тэнгэр, хүн, адгуус,
бирд, там” гэсэн 5 төрлөөс (хожим нь асур төрөл гэж нэмэгдсэн) тогтож, бид
тэдгээрийн хооронд төрж үхэн үүрд эргэлдэж явдаг. Хэрвээ чи аль байдгаараа
буян хураавал, тэр үйлийнхээ хүчээр хойд насандаа зовлон үгүй ертөнц болох
тэнгэрт төрж ч болно. Гэвч, анхаарууштай нь тэр тэнгэр ч бас сансрын хүрдний
нэг хэсэг төдий бөгөөд, хэдий тэнгэрт төрлөө ч гэсэн бурхны насыг наслаад
дуусахад дахиад л 5 (6) төрлийн аль нэг рүү дахин төрөх болно.
|
Сурагч:
Юу? Тийм юм уу? Би буян үйлдсээр байгаад тэнгэрт төрчихвөл тэгээд ахиж
хэзээ ч бууж ирэхгүй, үүрд тэндээ байдаг гэж боддог байлаа. “Тэнгэр” болон
шагжамүни багшийн хэлэх “нирван” хоёр чинь нэг зүйл биш байсан юм уу?
|
Багш:
Тэнгэр, нирван хоёрыг хольж хутгадаг хүмүүс цөөнгүй байдаг. Үнэндээ бол
огт тусдаа зүйлс. Тэгэхээр, буяныг хичнээн ч хураалаа гээд, одоогийнхоосоо
арай дээр газарт түр зуур л очих болохоос, жишээ нь хамгийн дээд төрөл болох
тэнгэрт очсон ч гэлээ, тэр нь сансрын хүрдийг тасалсан явдал болохгүй.
|
Сурагч:
За яах вэ, тийм гэж бодъё. Гэхдээ нэг асуулт байна. “Үйл” гэдэг юм
байдаг учраас сансрын хүрдийг эргэлдүүлдэг гэх Шагжамүни багшийн онолоор бол
“Сайн үйл ч бас үйл” болж таарах нь ээ? Би бол үйл гэхээр муу утгатай л үг
гэж боддог байлаа. “Үйлийн үрээ эдэл” гэх мэтээр ярьдаг биз дээ?
|
Багш:
Үгүй үгүй. Үйл дотор сайн үйл ч байна, муу үйл ч байна. Аль нь ч байлаа
гэсэн, үйл гэдэг юм биднийг дараагийн төрөл рүү чирэн татдаг, сансрын хүрдний
хөдөлгөгч хүч болж өгдөг. Муу үйлийн үр дүнд зовж, сайн үйлийн үр дүнд
жаргана. Жоохон адармаатай юм ярихад, бид нар жишээ нь сайн үйл хийх үедээ
“Бусдад тус болох юм хийхсэн”, “Би ийм гайхамшигтай зүйл хийчихлээ” гэх зэргээр
өөрөө анзаарч үйлддэг шүү дээ. Тэгж анзаарч үйлдсэн л бол тэр нь үйл болно.
|
Сурагч:
Нээрээ л хүмүүс ямар нэг сайн зүйл хйие гэж бодохдоо, өөрөө санаатай
тэгж хүсээгүй байлаа ч сэтгэлийнхээ хаа нэгтээ “хэн нэгэнд магтуулахсан” ч юм
уу, “сайн дурын үйлс хийж байгаа би ямар мундаг вэ” гэх мэтээр өөрийгөө
өргөмжлөх, бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж хариу хардаг байх.
|
Багш:
“Би” гэсэн хайрцгаас мултран гарсан хэлбэрээр буян үйлдвэл үйл болохгүй
боловч, тэгж бүхнээс ангижирч хоосон чанадаар буян үйлдэнэ гэдэг амар зүйл
биш. Яах аргагүй ямар нэг зүйл хийе гэхээр “Хийж өгч байна” ч юм уу,
“Магтуулмаар байна” гэсэн анзаарга хүлээлт төрж орхидог. “Би ийм ийм зүйл
хийнэ” гэсэн хүчтэй хүсэл эрмэлзлээр хийсэн сайн муу зүйлээс төрөн гарах хүч,
түүнийг л үйл гээд байгаа юм. Тиймээс Шагжамүни багш “Сансрын хүрдийг
таслан зогсоож нирваныг зорьж буй бол, энэ хорвоод сайныг ч бүү хий, мууг ч
бүү хий” гэж үнэндээ сургасан учиртай. Үйлийг үүсгэдэг хүний хувийн
анзааргад суурилсан алив үйлдэл бүү хий, гэж буй хэрэг. Сайн муу юу ч
хийлгүй, ерөөсөө л бясалгалд шамдаж, үйлийн хүчийг дараад сансрын хүрдийг
зогсоо. Чухам энэ л шагжамүнийн буддизмын мөн чанар нь юм. Энэ өнцгөөс харах
юм бол Билиг барамидын судар дахь санаа зөрчилтэй харагдана. “Урьд насандаа
буддатай учирч, андгай тангараг өргөн бодьсадва болоод, түүнээс хойшхи урт
удаан үхэж төрөн амьдрах дундаа аль байдгаараа буян хурааснаар өөрийгөө будда
болгож, эцэстээ нирван дүрийг үзүүлнэ” гэж хэлж буй тул, энэ нь үйл гээчийн
тодорхойлолттой зөрчилдөж байгаа юм.
Энэ хүртлэх ярианаас Билиг барамидын судрын сургаал нь Шагжамүни
багшийн сургаалаас тэс өөр болохыг ойлгож авсан болов уу. Билиг барамидын
сургаалын онцлог бол “Уул шугамандаа сансрын хүрдийг эргэлдүүлэхээс өөр
нэмэргүй байх учиртай үйлийн инергийг гэгээрэлд хүрч будда болоод, нирван
дүрийг үзүүлэхэд хувирган ашиглах боломжтой” гэж өөрчилсөн явдал. Ямар ч
байсан үүнийг сайтар тогтоогоод аваарай.
|
- Шагжамүнийн сургасан “хоосон чанар”
Багш:
Тэгэхээр яриагаа цааш ахиулъя. Сая ярьсан “Үйлийн инергийг сансрын
хүрднээс өөр зүйл рүү чиглүүлэх”-ийг их хөлгөнд Паринамана гэдэг. Уул
шугамандаа бол боломжгүй учиртай паринаманаг, Билиг барамидын сударт ямар
онол гаргаж ирэн боломжтой болгон хувиргасан талаар одоо тайлбарлая. Би
дэлгүүрийн пойнт картны тухай зүйрлэл яриагаар паринаманаг тайлбарлах дуртай.
Дэлгүүрээс юм худалдаж авахаар пойнт картанд пойнт цугладаг шүү дээ. Тэгж
цугласан пойнтоороо дахиад юм худалдан авч болдог. Тэр ч бүү хэл зарим пойнт
картыг өөр зүйлд ч ашиглах боломжтой байдаг. Пойнт цуглуулж цуглуулж байгаад,
түүгээрээ онгоцоор нисч, гадаад руу аялж ч болдог.
|
Сурагч:
Сүүлийн үеийн пойнт картнууд ч хоорондоо янз бүрээр холбогдоод, зөвхөн
дэлгүүрт ч гэлгүй ресторан, бензин түгээгүүр гээд олон газраар үйлчлүүлэхээр
нэг картанд пойнт цугладаг болоод байгаа шүү. Цугласан пойнтоор нь ч юу л бол
юу хийж болдог болоод, нээрээ л гайхмаар хөгжиж байна.
|
Багш:
Гэхдээ мэдээлэл муутай хүмүүс дунд дэлгүүрт цуглуулсан пойнтоо тэр
дэлгүүртээ л ашигладаг гэсэн буруу ойлголт ч байх шиг байдаг. Одоогийн
нийгэмд юм мэдэхгүй бол тэр хэрээр л хохирдог болж. Тэгэхээр үүн дээр
паринаманагийн яриа руугаа эргэж ороход, Билиг барамидын сударт ч бас үүнтэй
ижил логикоор паринаманаг боломжтой гэж тайлбарласан байдаг юм. Билиг
барамидын сударт ийм байдлаар тунгаасан байдаг.
“Шагжамүнийн буддизм буюу эрт цагийн судруудад, үйлийн инергид сансрын
хүрдийг эргүүлэхээс өөр нөлөө байхгүй гэж үзсэн нь, үйлийн үрийн хуулийн ард нуугдаж
байсан илүү дээд механизмыг анзаараагүйтэй холбоотой бөгөөд, үнэндээ үйлийн
үрийн хуулийн ард буян хийж олсон инергийг буддад хүрэх хүч болгон хувиргах
боломжтой, илүү дээд эрэмбийн механизм нуугдаж байдаг.”
Тэрхүү үйлийн үрийн хуулийн ард нуугдаж буй механизмыг Билиг барамидын
сударт “Хоосон чанар” гэж нэрлэсэн. Хоосон чанарын онолд суралцаж,
түүнийг ойлгосон хүн л өдөр тутамдаа хураах буяны инергиэ бүгдийг гэгээрэлд
чиглүүлэх боломжтой болно, гэж Билиг барамидын сударт үзжээ.
|
Сурагч:
Нэг ёсондоо шагжамүнийн буддизмд үйлийн инергийн олон янзын хэрэглээг
зүгээр л анзаараагүй болохоос, уул нь пойнт картныхаа хэрэглэх зааврыг уншсан
бол, шагжамүнийн буддизмын төсөөлж ч байгаагүй тийм их ашиг шим хүртэж чадна,
гэсэн яриа байх нь ээ? Тэр заавар маягийн зүйл нь “хоосон чанар” гэж ойлгож
болох уу?
|
Багш:
Ерөнхийдөө бол тийм. Хоосон чанар гэдэг үг шагжамүнийн буддизмд ч байдаг
боловч, Билиг барамидын сударт адилхан хоосон чанар гэдэг үгийг тэс өөр
ухагдахуун буюу бид бүхнийг будда болгож өгдөг дээд механизм гэх
ухагдахуунаар сольсноор цоо шинэ шашныг төрүүлсэн. Тиймээс Билиг барамидын
судрын хоосон чанар гэдэг нь, шагжамүнийн буддизмын хэлэх хоосон чанараас тэс
өөр зүйл юм. Энэ хоёр хэрхэн ямар ялгаатай болохыг, юуны өмнө шагжамүнийн
буддизм дахь хоосон чанараас эхлэн тайлбарлая.
Хоосон чанар нь Шагжамүни багшийн цаг үед төдийлөн чухалчлагдсан
ухагдахуун биш байсан ба, хамгийн эртний судар гэгддэг Суттанипада дотор
дараах өгүүлбэрт хоосон чанар гэдэг үг хэрэглэгдсэн байдаг. “Энд би гэх зүйл
байна гэсэн бодлоосоо салж, энэ хорвоог хоосон чанартай болохыг хар”
|
Сурагч:
Философилог хэцүү өгүүлбэр байна. Энэ хорвоог хоосон чанартай, өөрөөр
хэлбэл бодит оршихуй биш гэж тунгаа гэж байгаа нь юуг илэрхийлж байгаа юм
бол?
|
Багш:
Шагжамүнийн буддизм дахь хоосон чанарыг ойлгохын тулд, Шагжамүни
багшийн ертөнцийг үзэх үзлийг ойлгох шаардлагатай. Жаахан урт яриа болж
магадгүй ч, бүхний суурь болох үзэл учир анхааралтай сонсоод аваарай.
Шагжамүнийн буддизмд энэ ертөнцийг хэд хэдэн аргаар ангилж хуваасан
байна. Түүний нэг нь Таван цогц. Энэ нь хүн бид ямар ямар юмнаас
бүрэлдэн тогтдог хийгээд, хэрхэн яаж оршдог болохыг задлан шинжилж, 5 элементэд
хуваасан зүйлийг хэлнэ. Тэдгээр элементийг “дүрс”, “сэрэхүй”, “хуран
мэдэхүй”, “хуран үйлдэхүй”, “тийн мэдэхүй” гэнэ. Тус бүрийг нь товчхон
тайлбарлавал, дүрс гэдэг нь биднийг бүрдүүлж буй гадна талын элемент буюу бие
махбодыг хэлнэ. Уул нь бол гадаад ертөнцийн мод чулуу гээд бүх юмыг агуулдаг
ч, энэ удаад зүгээр бие махбод гээд үзчье.
Үлдсэн 4 элемент нь дотоод ертөнц буюу сэтгэлийн ертөнцтэй холбоотой
элементүүд. Сэрэхүй гэдэг нь гадаад ертөнцийг мэдрэх сэрэл мэдрэлийн
ажиллагаа, хуран мэдэхүй гэдэг нь элдэв зүйлийг бодон тунгаах ажиллагаа,
хуран үйлдэхүй гэдэг нь аливаа зүйлийг хийе гэж шийдэх хүсэл зоригийн
ажиллагаа, тийн мэдэхүй гэдэг нь бүхий л сэтгэлийн үйл ажиллагааны суурь
болох аливааг танин мэдэх ажиллагааг хэлнэ.
Өөрөөр бас нүд, чих, хамар, хэл, бие, сэтгэл ба тэдгээрийн оногдохуун
болох өнгө, чимээ, үнэр, амт, хүрэлцэхүй, сэтгэхүй гэж 12 хуваах гэхчлэн олон
янзын ангилах аргууд ч байдаг. Тэгээд иймэрхүү элементүүдийн оршихуй
хоорондоо ээдрээтэй нарийн холбоогоор харилцан холбогдож, цуглаж нийлээд
тодорхой хууль дүрэмд захирагдан өөрчлөгдөх байдлаар энэ ертөнц оршин
тогтнодог гэж дүгнэсэн байна.
|
Сурагч:
Энэ тэгээд түрүүний хоосон чанарын ухагдахуунтай ямар холбоотой юм бэ?
|
Багш:
Одоохон, түр яаралгүй аядана уу. Хоосон чанарын тухай тайлбарлахын
урьд, эдгээр ангилалуудад суурилаад Шагжамүни багш ертөнцийг бүхэлд нь хэрхэн
ойлгож байсныг тайлбарлахгүй бол болохгүй. Үүн дээр нэг асуулт асууя. Замын
хажуугаар янз бүрийн чулуунууд байжээ гэе. Түүнийг хараад чамд юу бодогдох
вэ?
|
Сурагч:
Сонин л асуулт байна. Яах вэ, эхлээд “чулуунууд газраар зөндөө
байгаа”-г нүдээрээ харж, анхаарал татсан чулуу байвал газраас аваад хүрч
ажиглаж үзэх биз. “Янз бүрийн л өнгө хэлбэртэй чулуунууд байх юм даа...” гэж
бодогдох юм болов уу.
|
Сурагч:
Тийм ээ. Ердийн үед бол эхлээд чулуу гэдэг юм бодитоор оршиж, түүнд
өнгө болон хэлбэр гэх мэт шинж чанарууд байна гэж мэдэрдэг учиртай. Гэвч,
Шагжамүни багш тийм бус, бодитоор оршин буй нь нүд болон гараараа мэдэрсэн
өнгө, хэлбэр гэх мэт элементүүд бөгөөд, чулуу гэдэг бол тэдгээр элементүүдийг
угсарч бүтээсэн сэтгэл доторх хийсвэр биет төдий гэж тунгаасан байна. Тэгвэл
ахиад нэг асуулт асууя. Чулууг “Би”-ээр орлуулаад, “Би гэж юу вэ?” гэдгийг
тайлбарлая гэвэл юу болох вэ?
|
Сурагч:
Шагжамүни багшийн логикоор бодвол, би гэдэг юм бол өнгө, хэлбэр,
дулаан, жин, гэх мэт янз бүрийн элементүүд цуглаж бүтсэн хийсвэр биет, энд
“оршин байгаа” юм шиг харагдах боловч, үнэндээ бол оршин байдаггүй хуурмаг
үзэгдэл юм болов уу?
|
Багш:
Яг зөв. Гэхдээ хүн бол чулуунаас ялгаатайгаар зөвхөн өнгө хэлбэр
төдийгүй сэрэл, мэдрэл, ой санамж, эсвэл уур, шунал гэх мэт сэтгэл хөдлөл,
зан чанар гээд зүсэн зүйлийн сэтгэлийн үйлчлэлийн олонлог элемент ч бас мөн.
Тэгээд бие махбод болон сэтгэлийн үйл ажиллагаа нь нүд чих гэсэн мэдрэх
эрхтнүүдээр холбогдож үргэлжид өөрчлөгдөнгөө түр зуурын бөөгнөрөлийг үүсгэнэ.
Тэр л чухам “би” юм гэж Шагжамүни багш үзсэн байна. Үүнийг мэдвэл, Шагжамүни
багшийн хэлсэн “Энэ ертөнц хоосон чанартай болохыг тань” хэмээх үгийн учрыг
сая ойлгох учиртай.
Үргэлжлэл - Их хөлгөний буддизм (5р хэсэг)
|
No comments:
Post a Comment