2017/01/15

25. Парменид. Оршихуй үүрд үл хувирна


Хераклит “Бүхий л зүйлс хувиран өөрчлөгдөнө” гэж өгүүлэн, тэрхүү өөрчлөлт нь Логос хэмээх тогтсон хуулинд захирагддаг хэмээн тунгаав.
Тэгтэл тэрхүү Хераклитын санааг тас хөндлөн эсэргүүцэх нэгэн гарч ирсэн нь, түүнтэй нэгэн цаг үед амьдарч явсан философич Парменид (НТӨ 515 – 450 хавьцаа) гэгч байлаа.
Парменид ингэж боджээ.

-   Яалаа гэж. Оршихуй хувирна гэж юу гэсэн хэл вэ. Оршихуй гэдэг бол хэрхэвч хувирашгүй ТИЙМ ЗҮЙЛ юм.


Яагаад тэрээр ийм дүгнэлтэд хүрсэн юм бол? Ерөөс төдийг хүртлэх философичид оршихуйн асуудлын талаар зөвхөн “зөв совингоороо” л хандацгааж ирж. Жишээлбэл, хамгийн анхны философич Фалес “Бүхий л зүйлс уснаас бүтдэг” гэж хэлж, Анаксимен “Үгүй, агаараас бүтдэг” гэж хэлсэн учиртай ч, эцсийн эцэст тэд бүгдээрээ л өөрт нь тэгж санагдсан болохоор “Гарцаагүй л ийм байх шиг байна” гэх аясаар хэлсэн төдий байв. Тэр нь мөнхүү Хераклитийн хувьд ч ялгаагүй бөгөөд, Хераклит ч бас “Оршихуй байнга хувирч байгаа мэт харагдаад байна” гэх мэдрэмж л түүний үндэслэл болж байлаа.
Гэвч тэрхүү мэдрэмж гээч маань хүн бүрийн хувьд үл ялиг өөр байдаг хойно, тэр мэт мэдрэмжид суурилсан арга барилаар явбал философич тус бүрийн хувьд өөр өөр дүгнэлтүүд мөрдөн гарч таарна. Гэтэл тийм байдлаар яваад хаашаа ч газар ахихгүй.
Тиймээс Парменид мэдрэмж бус оюун ухаанаа ашиглаад “Хэнбэ гуай нь ч бодсон яг л адилхан дүгнэлтэд хүрдэг оноллог арга барилаар” оршихуйн асуудалд хандах нь зүйтэй хэмээн тунгаажээ.
Тэрээр ингэж өгүүлсэн гэгдэн яригдаж ирсэн байдаг.

-   Оршин буй зүйлс оршин байна. Оршин байхгүй зүйлс оршин байхгүй.

Ийм мэдээжийн илэрхий зүйл хэлэхэд нь тухайн үеийн хүмүүс шаагин инээлдсэн гэдэг боловч, тэр нь тонгоруулж тунгаавал “Хэний ч хувьд инээд хүрмээр мэдээжийн үнэн” юм хэлжээ гэсэн үг биз. Парменид иймэрхүү илэрхий үнэн гэж зөвшөөрөхүйц мөрдлөгөөр алхамт хийн тунгаахыг ихэд чухалчлан үздэг байжээ.
Тэгээд тэрээр ингэж өгүүлэв.

-   Оршин буй зүйл оршин байхаа болих нь үгүй. Өөрөөр хэлбэл, оршихуй хэрхэвч хоосон болохгүй.

Нэг иймэрхүү байдлаар төсөөлөх гээд үзнэ үү. Алим байжээ гэе. Алимыг сайн гэгч нь хэрчиж хуваасаар жижигхэн болгоод байя. Тэгээд жижигхэн болсон алимны хэсгүүдийг улам бүр жижиглэж, дахин дахин хуваая.
Ингээд энэхүү хуваах үйлдлээ төгсгөлгүй олон давтаад байвал юу болох вэ? Энд хэлж болох илэрхий үнэн нэг зүйл гэвэл “Алимны хэлтэрхий ямар ч жижигхэн боллоо гээд, ердөө л жижигхэн болж буй болохоос бус хэрхэвч оргүй алга болохгүй” гэх мөрдлөг.
Энэ бол мэдээж илэрхий ойлгомжтой гэж санагдах боловч, үнэндээ тун чухал мөрдлөг юм.
Яагаад гэвэл, алимыг юу ч үгүй болтол нь жижиглэж орхивол мэдрэмжээр бол тэр нь “байхгүй болчихсон” юм шиг л харагдана шүү дээ. Харин оюун ухаанаар хандвал “Яалаа гэж байхгүй болох вэ. Ердөө л алимны хэлтэрхий дэндүү жижигхэн болчихлоо” гэсэн, мэдрэмжээс тэс өөр дүгнэлтэд хүрнэ. Тэгээд тэрхүү оюун ухаанаар гаргаж авсан дүгнэлт бол бүхий л хүмүүс хүлээн зөвшөөрөхүйц нийтлэг дүгнэлт бөгөөд, мэдрэмжид тулгуурласан дүгнэлттэй харьцуулахад хамаагүй үнэмших боломжтой эд юм.
Үүнтэй адилаар оюун ухаанаар тунгаавал, нүдний өмнөх алим гэнэт илбэдсэн мэт лийр болно гэж үгүй. Учир нь алим бол алим. Тэгээд алимыг яаж ч жижиглэж хуваалаа гээд тэр нь мөн л “жижигхэн алим” болохоос бус гэнэтхэн “жижигхэн лийр” болно гэж байхгүй.
Нэг ёсондоо, мэдрэмжээр бол “оршихуй хувирч буй” мэт харагдах ч, оюун ухаанаар тунгаавал тэрхүү оршихуйг бүтээж буй зүйл нь хэрхэвч алга болохгүй, мөнхүү хувирах ч үгүй гэсэн илэрхий дүгнэлт гарч ирнэ.
Ийнхүү Парменид нь “Оршихуй үл хувирна” гэж тунгаажээ.



3 comments:

  1. tgher ene buhen bsn bn dawtagdaad l bn gsn uguu?

    ReplyDelete
    Replies
    1. Юу давтагдана гэж?

      Delete
    2. Anonymous16/1/17 16:06

      hichneen ydaan hyleev dee

      Delete