2017/01/31

26. Демокрит. Оршихуйн язгуур махбод бол атом

Өмнөх - 25. Парменид. Оршихуй үүрд үл хувирна

Хераклит “Оршихуй хувирна” гэж өгүүлж, Парменид “Оршихуй үл хувирна” гэж өгүүлэв.
“Юмс хувирна” VS “Юмс үл хувирна”. Чухам аль нь үнэн бол?
Яагаад ч юм Парменидын дүгнэлт мэдрэмжээс үл хамааран оюун ухаанаар тунгаасан юм болохоор рационаллаг хийгээд үнэн юм шиг санагдана. Гэсэн ч Хераклитын хэлэх “Юмс (оршихуй) гэдэг бол дүрэмд захирагдан хувиран үргэлжлэх ямар нэгэн зүйл юм” гэх дүгнэлт ч бас тун үнэмшилтэй гэж санагдана.
Энэхүү харилцан эсрэгцэх хоёр философичийн дүгнэлтийг өвлөн авч, эртний Грекийн философи дахь “Оршихуйн асуудал”-ыг бүрэн гүйцээсэн хүн бол Демокрит (НТӨ 460-д оноос 370-д оны үе) билээ.
Угаас Парменид нь “Алимыг яаж ч жижиглэн хуваалаа гээд алимны үртэс нь улам л жижигхэн болно уу гэхээс хэзээ ч алга болохгүй” гэж тунгаасан учиртай боловч, Демокрит тэр санааг нь улам гүнзгийрүүлж, “тасралтгүй хуваагаад л байвал эцэстээ цааш нь хуваах боломжгүй өчүүхэн үрэл, туйлын оршихуй болохуйц зүйлд тулж очих учиртай” гэж тунгаав. Тэгээд Демокрит тэрхүү “Туйлын оршихуй (хэрхэвч хуваах боломжгүй үрэл)” гээчээ Атом гэж нэрийдэн, атом нь хоосон орон зайд эргэлдэн нисэлдэж, бусад атомуудтай нэгдэж бас задрах байдлаар орчлон ертөнцийг бүрдүүлж байна гэх, төдийг хүртэл байгаагүй гойд шинэ оршихуйн онол буюу Атомын онолоо бүтээн босгожээ.
Ойлгомжтой, ингэж тунгаах юм бол “Атом (оршихуй) нь хэрхэвч хувирахгүй боловч, атомууд хоорондоо тодорхой дүрэмд захирагдан нэгдэж задарсны үр дүнд юмс хувирч буй мэт харагдана” гэсэн үг болж, Хераклитийн дүгнэлт ч Парменидийн дүгнэлт ч аль аль нь ямар ч зөрчилгүйгээр нэгдэх боломжтой. Демокрит Атомын онол гэх шинэ санааг гаргаж тавьснаар, харилцан эсрэгцэх хоёр дүгнэлтийг хоёуланг нь биелэхийг гайхалтайгаар баталж үзүүлсэн нь энэ байлаа (Диалектикийн хууль).
Дашрамд өгүүлэхэд, Демокрит нь энэ ертөнц бүхэлдээ атом гэх биетээс бүрдэж буй юм хойно, хүн үхнэ гэдэг нь ердөө л бие махбодыг бүрдүүлж буй атомууд нь задран бутрах явдал бөгөөд, үхлийн дараах амьдрал энээ тэрээ гэж байхгүй юм, гэсэн Материалист ертөнцийн үзлийг тов тодорхой гаргаж тавьсан хүн ч гэгддэг. “Тиймээс амьд яваа хугацаандаа ханатлаа зугаацан цэнгэе” хэмээн уриалж түүнээ өөрийн амьдралаараа үзүүлсэн тэрээр “Инээдэг философич” хэмээгдэн алдаршиж, тэрхүү үзэл санаа нь хожим Эпикурост дамжигдан өвлөгдөх болно.
Ийнхүү эрт цагийн “оршихуйн асуудал”-ыг бүр мөсөн шийдэж орхисон гойд онцгой Атомын онол боловч, харамсалтай нь НТӨ өмнөх эртний Грек оронд томруулдаг шил ч, химийн шинжлэх ухаан ч гэж байсангүй. Өөрөөр хэлбэл Демокрит хэрэг болгож Атомын онолыг зарласан боловч, түүнийг нотолж баталгаажуулаад өгөх нэгээхэн ч хүн үгүй байлаа. Тиймийн учир Фалесаас эхэлсэн “Оршихуй гэж юу вэ?” гэх эрэл энэ хүрээд гар мухардан зогсож орхино.
Гээд, өнөө үеийн шинжлэх ухаантай ч нийцэх өдий дайны онолыг балар эртний тэр цагт оюун бодлоороо нээж олсныг хэлэх үггүй гайхамшиг гэхээс өөр юу гэлтэй билээ дээ.



No comments:

Post a Comment