2017/01/11

24. Хераклит. Оршихуй үргэлж хувирна

Бид ердийн үед огт мэдээжийн мэтээр “Тэнд алим (оршин) байна” гэхчлэн ярьдаг. Гэвч, “оршин байна” гэдэг чухамдаа юу гэсэн үг юм бол?

Ерөөс философийн түүх гээч маань НТӨ 600-д оны үед хүн төрөлхитөний түүхэн дэхь хамгийн анхны философич гэгдэх Фалес “Бүхий л юмсын анхдагч бол ус” гэж хэлснээс эхэлсэн гэж үздэг. Тэгэхээр энэ нь нэг ёсондоо “чулуу, алим гэх зэрэг оршихуйнууд ер нь яг юу юм бэ?” гэсэн эргэлзээг бидний хүн төрөлхитөн тэртээх балар цагаас нааш бодон бясалгасаар ирсний нотолгоо юм. Тэгээд тэрхүү оршихуйн асуудлын талаар “За даа бараг ус л бүх юмсын цаана байгаа байх. Яалт ч үгүй л бүх юмс хорчийн хатахаараа бутраад үнс болоод байна” хэмээн Фалес тунгаажээ.
Тэрхүү Фалесаас хойш ч бас оршихуйн асуудал үргэлжлэн хөндөгдөж, Фалесийн шавь Анаксимандр “Үгүй ээ, оршихуйн жинхэнэ төрх бол хязгааргүй ямар нэгэн юм байна” гэж, цаашлаад түүний шавь Анаксимен “Биш ээ, хийн хатуурлаас оршихуй бий болдог юм байна” гэлцэн янз бүрийн таамаглал дэвшүүлсэн байдаг. Эндээс харахад “оршихуй гэж юу вэ?” хэмээх энэ асуудал хүн төрөлхитөний хувьд ямар чухал, ямар урт удаан түүхтэй болох нь эрхбиш ойлгогдох болов уу.
Тэгтэл, дээрх таамаглалууд нь өнөөгийн бидний хувьд “Яалаа гэж дээ, хэхэ” гээд няслаад өнгөрөх балчир хүүхдийн яриа шиг санагдаж болох юм. Тиймээс магадгүй ийм байдлаар бодох хүн ч байхыг үгүйсгэхгүй.

-       Аргагүй дээ, чааваас. Тэр эрт балар цагт ямар микроскоп энээ тэрээ гэж байсан биш. Тийм цаг үед “оршихуй гэж юу вэ?” гэж бясалгаад юу ч олж долоох билээ. Бараг бодох тусмаа төөрөлдөх байлгүй, хэхэ.

Гэвч, үнэн түүх тийм биш байлаа. Шинжлэх ухаанлаг мэдлэг, багаж хэрэгсэл юу ч үгүй балар цагийн философичид “зөвхөн тунгаан бодсоор”, эцэстээ өнөөгийн шинжлэх ухаанд ч нийцэх гойд онцгой онолыг босгож ирсэн байдаг. Харин түүний анхны алхмыг тавигч хүн бол Хераклит (НТӨ 6-р зуунаас 5-р зуун) байсан гэдэг.
Тэрээр оршихуйн тухай ийн өгүүлжээ.

-       Бүх юмс урсан одно.

“Энэ ертөнцөд үүрд мөнх үл хувирах зүйл гэж нэгээхэн ч үгүй. Хэлбэр бүхий зүйлс эрт орой гарцаагүй эвдэрч, хэлбэрээ өөрчлөн урсан одно” гэсэн яриа.
Хэдий хатуу чулуу ч бай цохиод байвал хагарч л таарна. Бүр хагардаггүй юмаа гэхэд тийм ижил чулуунуудыг хооронд нь үрээд байвал ядаж л гадарга нь элэгдэх биз. Бага ч болтугай элэгдэнэ гэдэг бол хэрхэвч үүрд мөнх үл хувирах бус гэсэн үг. Үүрд мөнх хэмээх урт удаан хугацааг бодон үзвэл, тэр чулуу эрт орой гарцаагүй элс болон бутрах нь даанч илэрхий мөрдлөг биз.
Тэгвэл тэр торгон элс болсон чулуу түүнээс цааш юу болох вэ?
Мэдээж хэрэг элс юм чинь газрын нэг хэсэг болж таарна. Тэгтэл сайн ажин харвал, тэр газраас мод ургаж алим боловсроно. Тэгэхээр, алим гэдэг чинь мөнөөх чулууны хувирсан хэлбэр бус уу?
Хераклит ч бас энэ мэтээр ажиглаж тунгаасны эцэст “Оршихуй хэлбэрээ өөрчилж өөр хэлбэрт шилжин үргэлжлэн оршино” гэсэн санаандаа хүрч очсон ч юм билүү.
Түүний жинхэнэ агуу байсан нь “Чулуу болон алимнууд юунаас бүрэлдэн тогтоно вэ?” гэдэг өнцгөөс бус, харин “Тэдгээрийн оршихуйд нийтлэг зүйл юу байна вэ?” гэсэн, төдийг хүртлэх философичдоос гарч байгаагүй тэс өөр сэдлээр асуудалд хандсан явдал байв. Тэгээд Хераклит “оршихуй” гээчийг сайтар ажигласны эцэст “Бүгд хувиран өөрчлөгддөг” гэх нийтлэг шинж буй болохыг олж анзаарчээ.
Тэгтэл түүнд ийм нэгэн совин төрөв. Чулуу элс болж, мод алим болно. Тэд ямар ч учир замбараагүй тохиолдлоор хувирдаг юм болов уу? Үгүй ээ, тийм байж таарахгүй. Тэнд бүхий л зүйлсэд нийтлэгээр үйлчлэх хууль байх учиртай.
Тэрээр тэрхүү байх учиртай байгалийн хуулийг Логос гэж нэрийдэв.
Нийтийн тооллын өмнөх балар цагт, чулууг чулуу л гэж бодож, алимыг алим л гэж хардаг байсан тэр цаг үед, Хераклит чулуу болон алимыг агуулсан оршихуй хэмээх үзэгдлийг “Тогтсон тодорхой дүрэмд захирагдан хувиран үргэлжлэх ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ” хэмээн анзаарчээ.
Энэ цаг үе бол хүн төрөлхитөний түүхэн дэхь эргэлзэхийн аргагүй торгон агшинуудын нэг байсныг тодотгон онцолбол зохилтой биз ээ.


Философи сурах бичиг

1 comment: