2017/01/23

Навч огтлогч

Номхон далай, Атлантын далай, тэгээд Хойд ба Өмнөд Америк тивийн уулзвар цэг "Панамын суваг". Энэхүү "4 замын уулзварын" хажуугаар халуун орны өтгөн ой нэлийнэ. Түүний уудам боловч өвч шигүү ширэнгэ дунд өчүүхнээс өчүүхэн шоргоолжнууд өөрөөсөө хэд дахин том навчийг толгой дээрээ өргөн, мөчир газар ялгалгүй хөндлөн гулд давхилдана.

Тэднийг "Навч огтлогч (Leaf-cutter)" гэдэг. Яг л нэрнийхээ дагуу модны "навчыг огтолж", үүр рүүгээ зөөж буй нь тэр.




Сонирхолтой нь, тэд шоргоолжнууд навчаа тэр чигээр нь идчихгүй.
Ажил болгож зөөсөн тоогүй олон навчисаа эхлээд үүрэндээ хурааж, "нууц бактериар" нямбайлан исэлдүүлсний дараагаар тэжээл болгон хэрэглэнэ.
Харин тэр бактери бол "Шоргоолжны хулс" гэж нэрлэгдэх нэгэн төрөл мөөгний бактери юм. Өөрөөр хэлбэл, навч огтлогчид навчаар бордоо хийж "мөөг тариалдаг" гэсэн үг. Нэг ёсондоо "газар тариалан" эрхэлж буй нь тэр юм.

Хүний газар тариалангийн түүх ойролцоогоор 10,000 жилээр яригддаг бол, эдгээр навч огтлогчид даруй 5,000 дахин урт буюу, 50 сая жилийн тэртээгээс удам дамжуулан мөөг тариалж иржээ. Тэд бол хэн ч хавьташгүй ясны тариачид юм.

Түүнээс гадна, навч огтлогчдын ойрын төрөл дотор Aphid гэх шавж тэжээдэг шоргоолж ч байдаг ба, навчийг тэжээл болгон өгөөд чихэрлэг шүүсийг aphid-аас авдаг гэнэ. Зүйрлүүлбэл, хүн үнээнд өвс өгөөд хариуд нь сүү авдаг фирм лугаа адил болно.

Мөөг тариалж, aphid үржүүлэх "Оюун ухаант шоргоолж". Тэд бол Навч огтлогчид.

Нэг колони (үүр) ойролцоогоор 1,000,000 оршин суугчидтай өнөр айл. Гүйцэт хөгжөөд ирвэл 8,000,000 ч хүрдэг гэх. 8,000,000 хүн амтай хүний хотууд гэвэл цөөн тооны дэлхийн хэмжээний мегаполисууд л байна. Тийм том аварга нийгэм мэдээж хэрэг тэр дайны өндөр зохион байгуулагдсан бүтэцтэй. Үйлдвэр мэт нарийн дамжлага, ажлын хуваарилалт тууштай мөрдөгдөж, үүрэг ролиосоо хамаараад шоргоолжнуудын биеийн хэмжээ хүртэл олон янз. Жижигхэн нь гэвэл 2 - 3 мм, томууд нь түүнээс 10 илүү дахин том 3 - 4 см хэртэй. Шоргоолж бүр амьдралынхаа туршид ганц л ажилд хуваарилагдах ба, нийт ажлын байрны төрөл гэвэл 30 илүү тоологдоно.

"Жаахан биетэй ч зааны хүчтэй" гэгчээр, хөлөн доорх шоргоолжны ертөнц гэдэг үнэхээр хүний нийгмээс хол илүү ээдрээтэй аж. Газар тариалангийн түүх талаасаа ч, биологийн төрөл зүйл талаасаа ч, цаашлаад хөгжлийн төвшнийг нь харьцуулсан ч навч огтлогчид хүнээс хавьгүй сүрлэг төрхийг өөртөө агуулна.

  • Харилцаа

Навч огтлогчийн өвөг гэгдэх нэгэн шоргоолж одоо ч Панамын ширэнгэд амьдарч буй. Тэр бол "Эртний навч огтлогч" гэгдэх зүйл бөгөөд, колони нь 100 гаруйхан гишүүнтэй, тарьдаг мөөг нь ч жижигхэн. Тэдний нийгмийн зохион байгуулалт ч туйлын анхдагч хэлбэртэй, ажлын хуваарилалт гэж үгүй. Ив ижилхэн шоргоолжнууд үүрэн дэхь бүх ажлаа хамтран хийх, тийм эрх тэгш нийгэм. Өнөөгийн өндөр төвшний нийгмийн амьдралтай, аварга том мөөг тариалдаг навч огтлогчид ч бас эрт цагт иймэрхүү анхдагч амьдралаар амьдарч явсан болов уу гэж үздэг.

Тэгвэл яагаад навч огтлогчид л ийм оюунлаг хамтын амьдралыг бий болгож чадсан юм бол?

Навч огтлогчдыг 20 гаруй жилийн турш ширтэж яваа профессор Мураками (Хоккайдогийн Их сургууль), түүний түлхүүр "Харилцаа"-нд нь байна хэмээн онцолж байна. Яг л хүн хэл яриаг эзэмшсэнээс хойш огцом хөгжсөнтэй адилаар.

Гэхдээ навч огтлогчдын хэл ярианд үг байхгүй. "Үнэр" болон "чимээ" ашиглан хоорондоо харилцдаг.

Чимээ гэдэг нь хэвлийн хэсгээс гарах чимээ. Тэр хэсгийг нь томруулаад харвал, угаалга хийдэг нидрүүлэг шиг гадаргатай болох нь харагдана. Бөгсөө хаялан хэмнэлтэйгээр гэдсээ нидэрвэл, тэндээс гарах чимээг сонссон бусад нь "Амттай навч олсон" болохыг ойлгоно. Эсвэл хүчтэй нидэрвэл чанга дуу гарах ба, тэр нь дайсантай таарсан юм уу, үүр нь сүйдсэн гэх мэт аюулын харанга болно. Үүрэндээ авгалдайнууд асрах шоргоолжноос зүйрлэхийн аргагүй ялдам чимээ гарна. Яг л эх хүний бүүвэйн дуу гэмээр.

Профессор Мураками:
- Бусад шоргоолж ч бас чимээ гарган хоорондоо харилцдаг ч, навч огтлогчид хамаагүй нарийн төвөгтэй олон төрлийн чимээ ашигладаг болох нь тогтоогдсон. Хүмүүс шавж гэхээр тархигүй гэж ойлгоод байдаг. Гэтэл ялангуяа шоргоолж болон зөгийний тархи маш сайн хөгжсөн байдаг.

Тэдний үйл хөдлөл энгийн нэг хариу рефлекс төдий гэж тун бодомгүй. Тов хийсэн мэдээлэл боловсруулалтын үр дүнд тохирсон хариултыг гаргаж буй мэт харагддаг, хэмээн профессор хэлнэ.

  • Үнэр

Навч огтлогчид Панамын ширэнгэ дундуур цэгцтэй цуваа үүсгэн аялцгаана. Тоолбол хэдэн 10 мянгаар тоологдох их арми. Модны навч толгой дээрээ өргөөд цувалдах нь хөндлөнгөөс ажвал яг л "ногоон горхи" урсаж байгаа мэт харагдана. Тэдний үс шиг хөнгөн бие ч гэлээ хэдэн 10 мянгаараа явж өнгөрөхөд бяцхан жим үүсч, өвс ч ургахгүй болно.

Яагаад бүгд нэг замаар явдаг юм бэ гэвэл, сайн хоол байгаа эсэхийг "феромон" гэх үнэрний бодисоор ялган замаа зурсан болохоор тэр. Сайн навч олдох юм бол харихдаа ч замаараа феромон цацаад явна. Харин юм олдоогүй бол цацахгүй. Ингэснээр, тэжээлд хүрэх зам л давхар феромон түрхэгдэж хүчтэй үнэртэнэ. Харин олзгүй зам дээр цацагдсан феромон тэгэсгээд ууршин алга болно.

Ингэж, навч хайхаар гарсан ажилчин шоргоолжны эрлийн мэдээлэл феромон гэх үнэрний бодисоор дамжин чимээ үл хүрэх найзуудад нь хүрнэ. Зүйрлүүлбэл, Твиттерийн ретвит шиг дахин дахин давтагдах тусмаа чухал мэдээлэл гэж ойлгогдохтой ижил юм.

Чимээ болон үнэрийг чадварлагаар хослуулах тэдний мэдээллийн нарийн технологи. Чимээ ашиглан шууд харилцах үе байхад, зурвас бичээд үнэрт шингээн илгээх ч боломжтой. Энэ мэт харилцааны хэрэгсэл 50 сая жилийн туршид нарийсан боловсорсоор, өнөөгийн өндөр хөгжилтэй мөөг тариаланчид болжээ гэж судлаачид үзэж байна. Тэгээд тэрхүү аварга том тариалангийн талбайгаа авч явахын тулд "ажлын хуваарь" гэх систем ч бас шаардлагатай болсон биз ээ.

  • Ажлын хуваарь

Үүрний хаан ширээнд хатан шоргоолж залрана. Биеийн урт 3 - 4 см. Колони 1 сая хүн амтай ч бай, 8 сая хүн амтай ч бай, хатан шоргоолж яг л нэг ширхэг байна. Давтагдашгүй цор ганц оршихуй. Түүний хийдэг ажил ч бас цор ганц, "өндөглөх" л үүрэгтэй. Пэмбийтэл хөөсөн гэдсэн дотроо тоолж баршгүй олон өндөгтэй. Нэг өдөрт ихдээ 30,000 удаа амаржиж, бүх насныхаа туршид 200 сая хүртэл өндөг гаргадаг гэгддэг. Хатан шоргоолж дундажаар 20 жилийн настай.

Ямар ч агуу том колони бай, түүний эхлэл нь ердөө цор ганц хатан шоргоолж бөгөөд, хэрвээ хатан шоргоолж л үхчихвэл тэр колони шууд мөхнө. Учир нь бусад ажилчин шоргоолжнууд уртдаа л 3 сарын настай болохоор тэр.

Хатан шоргоолжоос эхэлж, хатан шоргоолжоор дуусдаг навч огтлогчийн колони. Гээд бодохоор аргагүй л эрхэм дээд Хатан хаан. Түүний аварга биеийн ойр тойронд 2 - 3 мм хэмжээний жижигхэн шоргоолжнууд байнга арчилж тойлоостой. Том цэрэг шоргоолжууд ч гадуур нь эргүүлд хөлхөлдөхөө зогсохгүй.

Цэрэг шоргоолж гэдэг нь хатны дараах том биетэй нь бөгөөд, биеийн урт 2 см гарантай. Эрүүний хазах хүч онцгой хөгжсөн нь, хүний арьсыг ч ярчих чадалтай. Үүрэн дотроо эргүүл хийхээс гадна, навч зөөгч ажилчдын эгнээг ч зохицуулахаа мартахгүй.

Навч зөөгчид бол дунд хэрийн биетэй шоргоолжнууд (1 см). Шалмаг гэгч модонд авираад, үзүүрийн шимт навчуудыг шажигнатал хазаж гарна. Хойд хөлөө гортигны тулгуур болгоод эрүүгээрээ навчыг дугуйлан зүснэ. Гэхдээ зүсэх нь хайч гэхээсээ илүү лааз онгойлгогчтой төстэй. Тасдаж авсан навч нь өөрөөс нь 2 дахин хүнд ч, хээв нэг зуугаад гэрийн зүг. Ширэнгэ дундаас нарийхан урсгал хэд хэдээр нийлэхэд, ногоон мөрөн гол болон газар доогуур сорогдох мэт гулсан орно.

Тэнд навчийг хүлээж авах нь 2 - 3 мм хэрийн биетэй хамгийн жижиг шоргоолжнууд. Тэд навчисыг улам жижиглэн бутлаад, нэг бүрчлэн мөөгний талбайдаа дэвсэн бордоно. Жижиг биетэй шоргоолж дунд, мөөгний өсөлтөд саад болох паразитуудыг шалгаж, хортой бактериудыг цэвэрлэгчид ч бий. Мөөгний бизнес эрхэлж буйн хувьд, магад хамгийн чухал энэ ажлаа л халтуурдаж орхивол, ургацаа бүрэн алдах ч эрсдэлтэй.

Цагаан мөөгнүүдийн завсар зайгаар нуугдах хагас тунгалаг зүйлс бол навч огтлогчдын өндөг болон авгалдайнууд. Жижиг шоргоолжнууд хүүхэд нэг бүртэй тулж харьцан, сар гаруйн турш насанд хүртэл нь халамжилна.

Дашрамд хэлэхэд, хатан хаанаас эхлээд цэргүүд, ажилчид, асрагч үйлчлэгчид гээд үүрэнд байгаа бүх шоргоолжнууд бол эмэгчингүүд юм. Эрчүүд хэрэгцээнд ордог нь жилдээ ганц удаа буюу, хавар болж ороо орох үеэр л тохионо. Шинэ хатан хаан төрөх үед түүнтэй хослох эрчүүд бас хамт төрнө. Тэдний тоо эр эм нийлээд хэдэн 100 ширхэг. Хосууд бүгд далавчтай ба, төрсөн үүрнээсээ нэгэн зэрэг хөөрөн нисч, партнертайгаа учирч, тэгээд дараагийн шинэ колони бүтээх ажилдаа орно. Харамсалтай нь, хөөрхий эрчүүд тэр ганц хээлтүүлэг дуусав үү үгүй юу хэрэглээ нь дуусч, тэр дороо цогцос болно. Харин эмэгчингүүд гэвэл, ахиж хэзээ ч хослохгүй.
  • Жинхэнэ нийгмийн шинжтэй шавж

Сая тооны навч огтлогч амьдардаг газар доорх үүрийг ухаж үзвэл 1 суудлын машин хэрийн хэмжээтэй эзэнт гүрэнг цогцлоон бүтээсэн байна.

Орох нүх 5 - 6 хавьцаа байх ба, америк хөл бөмбөгийн хэртэй мөөг тариалангийн цагаан бөөгнөрөл энд тэндгүй байрлана. Тариалангийн газруудыг хооронд нь холбох суваг нүхнүүд газрын гүн рүү чиглэн спирал шат уруудах мэт үргэлжилнэ. Тэр нь доошлох тусмаа улам хоорондоо тэлэх ба, эгц хажуунаас нь огтолж харвал яг пирамид хэлбэр үүсгэх аж.

Энэхүү аварга том газар доорх хаант улс гэдэг яавч ганц шоргоолж барьчих эд биш юм. Энэ бол эргэлзээ байхгүй "Зохион байгуулагдсан төгс хүч"-ээс л ургах үр жимс, мөр зэрэгцэн харилцан туслалцаж байж л хүрч чадах өндөрлөг билээ. Энэ мэт зохион байгуулагдсан хүчийг өөртөө агуулах шавжийг "жинхэнэ нийгмийн шинжтэй шавж" гэх ба, тийм шавж нь нэгэн жигд өндөр төвшний нийгмийн шинжтэй болох нь тогтоогдсон байдаг.

Ийм шавж дундаа ялангуяа навч огтлогчийн түүх хамгийн урт бөгөөд, аль үлэг гүрвэл ид мандаж байсан Цэрдийн галвын үед л газар дээгүүр гүйлдэж байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, навч огтлогчид нийгэмшиж эхэлсэн нь хүнтэй харьцуулахад дэндүү эртний явдал юмаа, гэсэн үг болно.

Сонирхолтой нь гэвэл, навч огтлогчдын нийгэмд удирдагч гэж үгүй. Хатан хаан бол үүлнээс дээгүүрх оршихуй тул, аж ахуйн хэрэгт ор тас хушуу дүрэхгүй. Тэгвэл, хэрхэн яаж сая тооны шоргоолж өөр хоорондоо дэг журмыг хадгалж чаддаг хэрэг вэ?

Тэдний нийгмийн амьдралд нарийн төвөгтэй дүрэм гэж үгүй. Тэдний харилцаа нь үнэр, чимээ гэх мэтийн энгийн хялбар дохио төдий. Гэсэн ч тийм энгийн хялбарыг тууштай мөрдөн давтсанаар өөрийн ажлаа чин үнэнчээр гүйцэтгэж, үр дүнд нь тэр мэт дээд нийгэм оршин тогтнох аж.

Навч огтлох ажлын байран дээр тооцоолоогүй дайсан, гэнэтийн аадар бороо тохиож, арга буюу төлөвлөгөө тасрах явдал цөөнгүй гарах ч, мэдээлэл нүд ирмэхийн зуур хамгийн захын шоргоолж хүртэл түгнэ. Тэр нь өнөөх чимээ дамжуулах тоглоом ч юм уу, феромоноор бичсэн зурвас байх жишээтэй.

"Асуудал хурлын өрөөнд биш, ажлын талбарт гардаг юм" гэдэгчлэн, нээрээ л тэдэнд хоосон улс төр хэлэлцэх шаардлага гэж үгүй. Тиймээс харин ч эсрэгээрээ удирдагч энэ тэр гэж байхгүй нь ч дээр биз.

  • Хогны асуудал

Сая давсан иргэд нэг дор амьдрахаар их хотын гэгдэх түмэн асуудал аандаа босч ирнэ. Хамгийн наад зах нь "хогны асуудал" байна.

Навч огтлогчдын тариалангийн талбайд "бактерийн менежмент" нь хамгийн чухал асуудал. Тэдний хэдэн мянган жил тариалсаар, айл бүрт амт нь өөр гардаг айрагны хөрөнгө шиг үнэт эрдэнэ болсон мөөгний бактери нь хэдийнэ өөрийн бие даасан шинэ замаар хувьсаж, навч огтлогчдын нөмөр нөөлгөнд үржиж идээшсээр, сүүлдээ үр хүүхдээ хамгаалах зориулалттай мөөгний саравчаа хүртэл гээчихсэн гэж байгаа.

Бактерийн асаргаанд өдөр шөнө гэж үгүй. 24 цагийн туршид хортой бактери гарч ирэхээс сэргийлэн байнгын харуул ажиллана. Тэдэн дунд паразит цэвэрлэгчээр мэргэшсэн хэсэг байхад, хог цуглуулж мэргэшсэн хэсэг ч байна. Тэдний ажлын амин сүнс нь хурд. Хэсэгхэн амсхийх л юм бол хогноос тархах хорт бактериндаа шигүүлж орхино.

Цаашлаад, хогийг аль болох хол хаяхгүй бол болохгүй. Хоёрын хооронд зайлуулбал нэг л мэдэхэд үүрэнд нь буцаад ирж мэднэ. Тиймээс хог цэвэрлэгчид хаа хол руу хог хаяхаар өдөр шөнөгүй гүйлдэж, дээр нь заавал модонд авирч байгаад доош хаяна. Учир нь, хогийн цэг дээр гишгэсэн хөлөөрөө үүрэндээ орвол бактери дагуулаад ирж мэднэ шүү дээ. Хог цэвэрлэгчдийн ажил хөндлөнгөөс харвал дэндүү залхмаар уйтгартай энгийн. Гэсэн ч, түүний ач холбогдол навч зөөгчидтэй эн тэнцүү үнэ цэнэтэй.

  • Гэнэтийн харанга

Нэгэн өглөө Панамын ширэнгэд гэнэтийн аадар асгаран буув. Гадаа навч цуглуулж байсан ажилчид "Арай дэндлээ" гэлцэн арга буюу тасдсан навчаа хаяад, ойр хавьдаа борооноос толгой хоргодов. Харамсалтай нь, нэгэнт норсон навчийг үүрэндээ аваачиж болохгүй. Дулаанд эмзэг мөөгний бактери өвчилж мэднэ шүү дээ. Эх газрыг завсаргүй нүдэх бороо татрах шинжгүй, ширэнгийг улам чийглэнэ. Тэгээд хөөрхий навч огтлогчдын явж үүсгэсэн жим жинхнээсээ усан горхи болон тогтох нь тэр.

Тэгэж тэгэж нэг юм бороо зогстол, навч огтлогчдын ажилдаа явдаг жим нь мөчир холтсонд дарагдаж, ёстой л байгалийн гамшигт нэрвэгдсэн мэт сүйрлийн төрхтэй болжээ.

Ийм онц байдлын үед навч огтлогчид улам хүчээ нэгтгэн чулуу шорооны цэвэрлэгээ өрнүүлнэ. Ажлын хуваарь ч хүчингүй болж, дайсантай тулалддаг цэргүүд хүртэл өнөөх хүчирхэг эрүүгээ шаварт хутган байж сэргээн босголтын ажилд хамжилцана.

Өнгөц харахад чанд хатуу мэт навч огтлогчдын ажлын хуваарь цаанаа бол маш уян хатан шинжтэй аж. Ажлаа хуваарилах нь багийн ажиллагаа юм бол, шаардлагатай үед түүнийгээ цуцлах нь ч бас нээрээ л  багийн ажиллагаа. Чухам жинхэнэ нийгмийн шинжтэй шавж гэдэг л энэ биз.

  • Амьдралын тойрог

Навч зөөх цуваа өдрийн адал явдал бол, шөнийн хог цэвэрлэгээ ч бас өдөр тутмын дүр төрх. Санаандгүй ажвал, цэвэрлэгчдийн зөөж буй нь зөвхөн хог биш байна. Сулбайсан журмын нөхдөө ч бас үүрний гадагш зөөж харагдана. Дөнгөж л үл ялигхан хөдлөх нь шавжны амьтай төдий.

Үүрэн дотроо үхвэл цогцосноос нь муу бактери тархах аюултай. Тиймээс үхэлтэй нүүр тулсан шоргоолж өөрөөсөө өвөрмөц үнэр цацан, нөхөддөө мэдэгддэг гэнэ. 

Хогтой хамт хаягдах хараахан амьсгаатай ажилчин шоргоолж. Гэхдээ тэр бол түүний эцсийн хүсэл. Хамгаас нандин мөөг, мөр зэрэгцсэн андуудаа хохироож яахан болох билээ...

Навч огтлогчдын хогийн цэг, мөнхүү оршуулгын ч газар. Гэхдээ тэр бол ойн хувьд огтхон ч чимээгүй хот бус, харин ч тэндээс шинэ амьдрал соёолон ургана. Азотоор баялаг хогийн цэг ургамлын хувьд үрсэлгээний таатай хөрс болно. Ингэж навч огтлогчдын эрхлэх газар тариалан ой дахь амьдралын тойргийг эргүүлж өгнө.

Моддын навчисыг огтлох нь ч бас ойн хувьд хор болохгүй. Тэдний сонгох навчис нь хамгийн ургалт сайтай үзүүрийн хэсэг байх нь их тул, харин ч ургамлын хувьд өсөлт өдөөх нэмэртэй. Мөн навч огтлогчид тухайн ямар нэгэн ургамлыг онилно гэж хэзээ ч үгүй. Панамын ойд л гэхэд, тэндэхийн ургамлын төрөл зүйлийн 90 гаруй хувиас нь жигдхэн хэмжээний навч хүртдэг гэнэ.

Хүний эрхлэх газар тариалан цагаа тулахаар "Тасралтгүй үргэлжлэх бололцоо" нь асуудал дагуулдаг. Харин навч огтлогчдын тариалан тасралтгүй үргэлжлэх бололцоотойг тэдний 50 сая жил гэх урт удаан түүх нэгэнт батлаад өгчихжээ.

Навч огтлогч шоргоолж нэг бүрийн ажил үнэндээ энгийн өчүүхэн. Гэвч, тэдгээр ажил нэг бүр зохион байгуулагдсаар, төсөөлөшгүй том ажлыг бүтээнэ. Яг л эс нэг бүрийн өчүүхэн үйл ажиллагааны нийлбэр та бидний бие махбодыг бүрдүүлдэгтэй адил мэт. Тэр утгаараа навч огтлогчдын колони гэдэг өөрөө нэгэн том амьд биет, дээд бодгал гэлтэй.

Хүн бид цагаа тулахаар "өчүүхэн БИ"-дээ хоргодон зууралдах нь бий. Тэгвэл навч огтлогчид харин ч "аварга том БИ"-тэй байна бус уу?

Хөлөн дор гүйлдэх хөөрхий бяцхан шоргоолж ч гэлээ, түүний аминд хэдэн мянган жилийн жин бий...

3 comments:

Unknown said...

Гайхалтай юм

Ихээ said...

цүц

Unknown said...

Гоё байна

Post a Comment