2016/08/30

17. Адам Смит. Хүн бүр хувийн эрх ашгийн төлөө байхтун

Өмнөх - 16. Руссо. Төрийн жинхэнэ эрх баригч нь ард түмэн



Руссогийн түгээн дэлгэрүүлсэн “Ардын бүрэн эрх” гэх үзэл санаа төдийг хүртэл шударга бусаар дарлагдаж ирсэн ард түмний сэтгэлд гал өрдөв. Үр дүнд нь Францийн хувьсгал өрнөж, ард түмний гараар хаант засгийг түлхэн унагаж, хэдийгээр энхэл донхол замыг туулсан ч гэлээ эцсийн бүлэгтээ өнөөгийн Ардчилсан төрт улсуудын цаг үе хүртэл дамжигдан ирсэн нь энэ байлаа.
Заа тэгтэл, төрийн засаглалын бүтэц ардчилал тийш шилжиж, хаад язгууртнууд ордон дотроо тэнэг юм шиг тансаглан цацахаа больсон нь үнэхээр сайн хэрэг. Тийм бол чухам одоо л төр нь олон түмний аж амьдралыг сайжруулахын төлөө ажиллахгүй бол болохгүй. Эндээс төрийн хувьд бодолцох ёстой нэгэн шинэ асуудал босч ирсэн нь Эдийн засаг болов. Ардчилсан төр, өөрөөр хэлбэл “Бүх нийтийн төлөөх төр”-ийн хувьд зорих ёстой төсөөллийн төгс төлөв юу хэмээвээс, тэр бол мэдээж хэрэг “бүгдээр элбэг хангалуун тохь тухтай амьдарч буй тэр төлөв” байж таарна. Энэ бол нэг ёсондоо “Бүх нийтээр эдийн засгийн хувьд амжилт олж, аз жаргалтайгаар амьдрахад хангалттай хөрөнгө мөнгө хуримтлуулан, ямар ч гачигдал дутагдалгүйгээр амьдарч буй” тэр төлөвийг хэлж буй хэрэг юм. Тэгвэл хэрхэн яаж тэр зорилгодоо хүрч чадах вэ?
Уг асуултад хариулах зорилготойгоор Эдийн засгийн ухаан гэх шинэ мэдлэгийн салбар төрөн гарна. Харин тэрхүү Эдийн засгийн ухааны эцэг хэмээн цоллогдож, өнөө үе хүртэл дамжигдан ирсэн эдийн засаг нийгмийн урсгалыг бий болгосон хүн бол Английн философич Адам Смит (1723 - 1790) билээ.
Тэрхүү Адам Смитийн онцлон тэмдэглэсэн хамгийн анхаарал татахуйц ишлэл гэвэл “Хүмүүсийн хувиа бодсон шунал тачаал, өөрөөр хэлбэл баяжихын төлөөх хувийн сэдэл л эдийн засгийн гол хөдөлгөгч хүч юм” хэмээн, эдийн засгийг ил тод уудлан гаргаж илэрхийлсэн дүгнэлт биз ээ.
Ерөөс өрнө дахин бол Христийн шашны нөлөөний бүс газар бөгөөд, үндсэндээ амин хувиа бодох үзлийг муу хэмээн сургаж ирсэн байдаг. Тиймээс бурхнаас байр сууриа хуваарилж авсан язгууртан давхрагыг эс тооё гэхэд, худалдаачин мэтийн хувь хүмүүс хувийн шунал тачаалыг хангахын төлөө баяжих явдал нь адгийн үйлд тооцогддог байж.
Үүнийг Библи дээр ч тов тодорхой бичсэн байдаг.
-       Баян хүн диваажинд очих нь, тэмээ тэвэнгийн нүхээр багтаж гарахаас ч хэцүү юм.

Тэмээ тэвэнгийн нүхээр багтаж гарахаас ч… энэ тэр гэж тойруулан илэрхийлж байгаа ч, энэ нь шууд утгаараа бол “Ямар ч боломжгүй, бүтэшгүй зүйл” гэж хэлж байгаа л хэрэг.
Монголд ч бас худалдаачин наймаачин гэдэг үг цаанаа “худалч, луйварчин, шулаач” гэсэн ньюансыг их багаар тээж явдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. Түүгээр ч зогсохгүй Хятадын Кунзийн суртал ч бас “Худалдаачин хүн (буюу хувьдаа мөнгө олж буй хүн) бол тариаланч хүнээс (буюу бүгдэд хоол бэлдэхээр зүтгэж байгаа хүн) зиндаа доогуур” хэмээн тодотгож өгсөн байдаг. Яагаад өрнө дорно хоёуланд нь “наймаа панзыг дорд үзэх үзэл” оршиж ирсэн юм бол? Тэр бол, худалдаа наймааг (ашгийн төлөө шунахыг) хазаарлаж байхгүй бол дараах асуудал босч ирнэ хэмээн сэрэмжилдэг байсантай холбоотой.

-       Хувь хүн болох “худалдаачид” хэт баяжих юм бол, эрх мэдэлтнүүдэд аюул учруулахыг байг гэх газаргүй (эдийн засгийн дарангуйлагч төрөн гарна).
-       Бүгд мөнгө хөөн худалдаанд хушуураад, газар тариалангаа орхичих юм бол хүнсний нийлүүлэлт буурч, эцэстээ өлсгөлөн нөмөрч төрийг самууруулахыг байг гэх газаргүй.

Ийм учиртайн тул, хувьдаа хөрөнгө хураахыг санаархагч “худалдаачдыг” нийгмийн зэрэг дэвийн хувьд доогуурт тавин жигших үзэл түгээн дэлгэрүүлэх нь хамгийн найдвартай арга байсан биз.

Бурхны “Үл үзэгдэгч гар”

-       Өөртөө мөнгө хураах (ашгийн төлөө гүйх) явдал бол адгийн бөгөөд бузар үйл, хэрхэвч сайн зүйл биш.

Энэ бол нэг ёсондоо урьд цагийн ертөнцийн “ердийн ойлголт” байсан хэрэг юм. Гэтэл Адам Смит энэхүү ердийн ойлголттой нь зөрчилдөхөөр зүйл хэлчхэж ээ.

-       Үгүй ээ, харин ч баяжихийн төлөө зүтгэцгээ! Тэгж байж л сая бүх нийтээр аз жаргалд хүрч чадна!

Тэгэхээр энд Адам Смитийн санааг ойлгохын тулд, жишээ болгож талхчны тухай төсөөлж үзье. Мэдээж хэрэг талхчин бол үнэгүй талх тараадаг ч хүн биш, мөнгө олохын тулд тодорхой үнээр талхаа зардаг тул, түүнийг хувийн хүслээ хангах зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаа явуулж байна гэж үзэх боломжтой.
Тэгвэл, талхчны үйл хэргийг ч бас жигших ёстой гэсэн үг үү?
Мэдээж, яалаа гэж. Харин ч эсрэгээрээ, талхчин бол “талхыг хүмүүст тогтмол нийлүүлж, бүгдийг сэтгэл хангалуун байлгаж буй” нэг ёсны “баялаг бүтээгч” бус уу? Ингэж тунгаавал “Хувийн ашгийн төлөөх эдийн засгийн үйл ажиллагаа” гэдэг бол хэрхэвч муу явдал бус, эсрэгээрээ “бусдын аз жаргалтай” шууд холбогдох гайхамшигтай үйл гэж хэлж болно.
Тэгтэл талхчны хувийн хүсэл тачаал нь дэвэрч, улам их мөнгө олохоор үнээ нэмээд унавал юу болох вэ? Бүгд уйлагнан байж үнэтэй талх авахдаа тулж, бүх нийгмээрээ талхны мухлагийн ноёрхолд орчих болов уу?
Үгүй дээ, яалаа гэж тэгэх вэ. Учир нь, “Тийм үнэтэй талх хэн авдаг юм!” гэсэн энгийн гаргалгаа ч байх боловч, хамгийн том шалтгаан нь гэвэл, ерөөс талхчны ажил тийм л их ашигтай байдаг юм бол хэн нэг нь дуурайгаад “өөр талхны мухлаг” ажиллуулчих учраас тэр юм.
Олон талхчин бий болбол, мэдээж хэрэг тэнд өрсөлдөөн үүснэ. Өндөр үнэ тогтоочихвол бусад дэлгүүрүүдэд үйлчлүүлэгчээ алдах учир, харилцан хамгийн тохиромжтой үнэ тогтоох хэрэгтэй болж, мөн бусдаасаа илүү гоё талх хийх шаардлага ч гарч ирнэ. Ингэж өрсөлдөөн нь зөв зүг рүү үйлчилж, “Амттай талхыг тохирсон үнээр нь хүртэнэ” гэх хүн бүрийн хувьд баярлууштай механизм бий болох учиртай юм.
Адам Смит үүнийг дараах байдлаар илэрхийлжээ.

-       Хувь хүн бүр өөрийн дураар ашгийн төлөө явлаа ч, гарцаагүй “үл үзэгдэгч гарт” зохицуулагдаж, бүх нийгмийн эрх ашигт нийцсэн үр дүнд хүрэх болно.

Тэгэхээр зах зээлд “өрсөлдөөн” гэх зарчим байдаг учраас, хувь хүн тус бүртээ ашгийн төлөө явж баяжихийг хичээлээ ч, (“Үл үзэгдэгч гарт” зохицуулагдан) тухайн хүмүүсийн төлөвлөснөөс үл хамааран юмс очих тогтох ёстой газраа тогтож, нийтийн ашгийг бий болгодог байх нь.

-       Тиймээс санаа зовох хэрэггүй!. Хүсэл тачаалынхаа чинээгээр баяжихын төлөө тэмүүлэгтүн!!!

Энэхүү Адам Смитийн уриалга “Хувиа бодох нь муухай, баяжих бол адгийн зүйл” гэсэн тухайн үеийн ердийн ойлголтыг нурааж, олон түмний сэтгэлийг тасхийтэл доргиожээ.
18-р зууны эхээр аж үйлдвэрийн хувьсгал дөнгөж эхэлж байхтай яг давхцсаныг ч хэлэх үү, Адам Смитийн  үзэл санаа өргөн тархаж, бүгд идэвхитэйгээр хувийн ашиг сонирхлыг хөөн худалдаа наймаа үйлдвэр үйлчилгээ эрхлэх болж, чухамдаа эндээс өнөөгийн капиталист эдийн засгийн хэлбэр төрх бүрэлдэн тогтсон билээ.


Үргэлжлэл - 18. Маркс. Капитализм бол гарцаагүй нуран унах тавилантай эдийн засгийн систем юм

Хялбаршуулсан философи

2 comments:

  1. Ter bas moraliin onoliin nom bichdeg bsan ym bnle. Sain bolovsrolgui humuus (odoogiin humuus shig ih medeelelgui tsag uein humus) shineleg uzel sanaag ni heregjuulehdee niigmiin tuhai terhuu shine medleguudiig dutuu hagas huleej avsan ym shig bgam ym yvaandaa buh niigmiin hymral bolson bdag ni enetei holbootoi bh.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм, Адам Смит Моралын ном бичсэн гэсэн. Тэнд нь эдийн засгийн онолоос нь чанх эсрэг юм бичсэн байдаг, уншсан харсан хүмүүс нь гайхамшигтай л гэдэг. Гэхдээ л түүхэнд нөлөө үзүүлсэн нь түүний "Үндэсний баялаг" л байдаг.

      Delete