Шинжлэх ухаан технологи хорвоо дээрх
зүсэн зүйлийн оньсого нууцыг тайлсаар ирсэн, яриа байхгүй гайхалтай. Гэвч,
уншигч таны хамгийн их мэдэхийг хүсдэг тэр зүйл тайлагдсан болов уу?
Бичигч миний бодлоор, хүн төрөлхитөнд
мэдэхийг хүсдэг боловч өдий болтол тайлагдаагүй байгаа туйлын оньсого 2 бий. Нэг дэхь нь, яагаад, мөн хэрхэн яаж энэ сансар
огторгуй бий болсон юм бол? гэх оньсого. Хоёр дахь нь, яагаад, мөн хэрхэн яаж
миний сэтгэл оршин байна вэ? Нэг нь тоймгүй холын асуудал, нөгөө нь зайгүй
ойрын асуудал. Аль аль нь яагаад ч мэдэж үл болох метафизикийн асуудал юм шиг
санагдана. Гэвч энэ 2 асуудал хүндийн түвшнээрээ ялгаатай.
Сансар огторгуйн нууц бол “хэрхэн яаж?”
гэх асуултад хариулах боломжтой боловч, “яагаад?” гэх асуултад хариулах
боломжгүй. Хязгааргүй үргэлжилж, хязгааргүй цаг хугацааг дамнан орших мэт
санагдах энэ аварга том сансар огторгуй Их тэсрэлтээс эхэлж, гэрлийн хурдаар
тэлэн томордог бололтой юм, гэдэг нь мэдэгдээд байгаа. Харин Их тэсрэлт “яагаад”
үүссэн юм бол гэдгийг мэдэхийн арга байхгүй. Яадаг ч бай, сансар огторгуйн
гадна талын тухай, сансар огторгуй үүсэхээс өмнөх үеийн тухай ямар ч ажиглалт
хийх боломжгүй тул, ор тас энэ талаарх баримт таамаг байхгүй гэхэд болно. Их
тэсрэлтээс өмнөх явдлыг мэдсэн (эсвэл Их тэсрэлт гэж болоогүй) гэж нотлох
хүмүүс сүүлийн үед олширч байгаа ч, үнэн байдал гэвэл хүн төрөлхитөн энэ нууцын
өмнө бууж өгөхөд цаг хугацааны л
асуудал байна.
Тэгвэл нөгөө нэг
асуудал, өөрөөр хэлбэл миний сэтгэл яагаад, мөн ямар механизмаар оршин байна вэ
гэх асуудал ч бас шинжлэх ухаанаар тайлах боломжгүй метафизикийн асуудал шиг
санагдана. ДНХ, тархи, эсвэл бие махбодыг яаж ч гүнзгий таньж мэдлээ гээд,
хувийн бяцхан огторгуй болох сэтгэлийн асуудал бол тэд бүгдээс өөр хэмжээсийн
дээд эрэмбийн шийдэх боломжгүй оньсого мэт сэтгэгдэл төрнө. Бодит байдал дээр ч
энэ асуудал нь олон мянган жилийн турш шинжлэх ухааны бус, философийн асуудал
гэж үзэж ирсэн байдаг.
Бага ангийн балчир
сурагч байхдаа би олон нойргүй шөнүүдийг элээсэн сэн. Үхчихээр миний сэтгэл юу
болох бол? Яагаад миний сэтгэл энэ “Маэно Такаши” хэмээх махан биенд байрлаж,
одоо гэх энэ цаг үед төрсөн юм бол? Яагаад зөвхөн би л би бөгөөд, бусад хүмүүс
бусад юм бол? Хөнжилдөө ороод эгц дээшээ ширтэн энэ мэтчилэн эргэцүүлж бодоход,
ширтэж буй харанхуйд бүүдийх тааз маань юу юугүй алсран холдож, хязгааргүй
огторгуйн дунд цор ганцаар хөвөх мэт тусгаарлагдмал, ганцаардмал мэдрэмж төрөн
давчиддаг байсан минь одоо ч сэтгэлд минь тодхон харагдана. Нэг л мэдэхнээ тийм
юмсыг тэртэй тэргүй мэдэж чадах биш гээд тоохоо ч больж, мэдэх боломжгүй би
болон сансар огторгуйн завсар дахь бодит ертөнцийн сонин хачинд анхаарал минь
татагдаж, түүнээс хойш хэдэн арван жилийн турш амьдарсаар ирж. Үнэндээ түүнийг
хоосон зэрэглээ гэж даанч анзаарсангүй.
Энэ хооронд Мэдрэл
судлал гайхам хурдаар хөгжиж ирлээ. Мэдрэл судлал тархины үйл ажиллагааг алхам
алхмаар нээн тогтоож, сүүлдээ Ухамсрын мэдрэл судлал, Ухамсрын танин мэдэхгүй
судлал гэж хүртэл нарийсан салбарлаад ирэв. “Би ухамсрын нууцыг тайлчихлаа!”
гэсэн нэртэй ном бичих философич хүртэл гарч ирэв (Daniel Dennet “Consciousness
Explained”).
Гэсэн ч, “яг энэ юм
аа” гээд хэлчих барин тавин хариулт үнэндээ хараахан олдоогүй л байна. Бичигч
миний бие гэвэл, хүртэх мэдрэхүй хэрхэн яаж гөлгөр болон барзгар гадаргууг
ялгаж чаддаг юм бол?, роботын бие махбодыг яавал хийж болох вэ? гэх зэргээр,
хүн ба роботын “сэтгэл” бус “бие”-ийн асуудлыг судалсаар ирж. Бяцхан философич
байсан хүүхэд насны маань бодол оргүй гээгдэн мартагдсан гэхэд болно.
Тэгтэл нэг өдөр
“сэтгэл” болон “бие”-ийн бүтэц бүрэлдэхүүн ерөнхийдөө ижилхэн биш үү? хэмээн
эргэлзэн байтал, гэв гэнэт сэтгэлийн оньсогыг тайлах сэжүүр харван орж ирсэн юм.
Бичигч би амьтны тархи чухам яагаад, юуны төлөө сэтгэлийг бүтээсэн бэ, тэгээд
сэтгэл нь хэрхэн яаж ажилладаг вэ, гэх сэтгэлийн зарчмыг бүрэн ойлгосон гэж
өөрийгөө үзэж байна.
Энэхүү номондоо
миний өгүүлэх онолд өдийг хүртлэх философич, танин мэдэхүй судлаачдын бичсэнээс
эрс ялгаатай нэг зүйл бий. Сэтгэлийн талаарх өнөөг
хүртлэх төсөөллүүд нь “ерөнхийдөө нэг иймэрхүү юм байдаг бололтой ч, яг голыг
нь бол хараахан мэдэхгүй” эсвэл “хэтэрхий ээдрээтэй нарийн учраас шууд бүтээх
боломжгүй” гэх мэт хараахан бүрэн боловсроогүй зүйлс л байж ирсэн. Үнэндээ бол
гүйцэт ойлгоогүй байсан гэсэн үг. Тэгвэл миний онолоор бол, сэтгэл гэдэг нь
үнэнхүү энгийн механизмтай бөгөөд, түүнийг бүтээх ч хүртэл амархан болохыг хэнд
ч ойлгомжтой хэлбэрээр дэлгэн өгүүлэх боломжтой. Өдийг хүртэл нууцлаг гэгдэж
байсан сэтгэлийн талаарх асуудлуудад ч хариулах боломжтой. Тиймээс ойрын
ирээдүйд сэтгэл бүхий роботыг ч хялбархан бүтээх болов уу.
Миний бие энэхүү онолоо
“Роботын сэтгэл бүтээх арга (Идэвхгүй ухамсрын таамаг дээр суурилсан ерөнхий
ойлголтын санал)” гэх эрдмийн ажил болгон шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлсэн
(Японы роботын судалгааны хүрээлэн 2005 он). Шинжлэх ухааны хүрээнд илтгээд
зогсохгүй, сэтгэлийн талаар дур сонирхолтой хүмүүсээс авхуулаад мэргэжлийн
хүмүүс хүртлэх олон эрхмүүдтэй үүний талаар хамтдаа эргэцүүлж бодохыг хүссэндээ,
аль болох ойлгомжтой хэлбэрээр эмхэтгэж буулгасан маань энэ ном юм.
Номын 1-р бүлэгт,
тархи-сэтгэл-ухамсрын асуудлыг тунгаан бодохын төлөөх суурь ойлголтууд болгож,
сэтгэл болон ухамсрын тодорхойлолтыг өгүүлнэ. Мөн сэтгэлийн юу нь одоогоор учир
битүүлэг байгаа тухай цэгцэлж дүгнэнэ.
Номын 2-р бүлэгт,
сэтгэлийн талаарх өөрийн онолоо тайлбарлана. Эхэндээ бага зэрэг ойлгомжгүй, төсөөлөхөд
бэрх гэж санагдаж мэдэх боловч, “дэлхий төвт үзэл”-ээс “нар төвт үзэл” тийш ертөнцийг
үзэх үзэл өөрчлөгдсөнтэй адилаар, харах өнцгөө томоор өөрчилбөл сэтгэл болон
ухамсар гээчийг ямар энгийнээр тайлбарлах боломжтой болохыг эрхэм та хүлээн
зөвшөөрч ойлгох болов уу гэж найдна.
Номын 3-р бүлэгт,
дээрх санааг баримталбал, өдийг хүртэл философичид тэргүүтнүүдийг бодон
шаналгаж ирсэн өдий төдий хийсвэр туршилтуудыг тун ч хялбархан цэвэрхээн
тайлбарлаж болохыг үзүүлнэ.
Номын 4-р бүлэгт,
соёл иргэншил, шашин, шинжлэх ухаан зэрэг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн
ойлголтуудтай харьцуулан жишиж, сэтгэлийг танин мэдэх гэдэг чухам юу болох
талаар өгүүлнэ. Мөн робот ч хүнтэй адил сэтгэлтэй болох тийм ирээдүйн эрин
үеийн тухай өөрийн төсөөллийг өгүүлнэ.
Номын 5-р бүлэгт,
Нейрон сүлжээ (neural network), фийдбак (feedback) фийдфорвард (feedforward)
удирдлага, шулуун болон урвуу модел зэрэг техникийн хэллэгээр сэтгэлийг
өгүүлэхийн төлөөх нэмэлт тайлбар хийнэ. Техникийн ухаанд сийрэг уншигчид эхлээд
энэ хэсгийг уншвал 2-оос 4-р бүлгийг улам гүнзгий ойлгож чадах болов уу.
Эсрэгээрээ техникийн ухааныг төдийлөн сонирхдоггүй хүн сүүлийн бүлгийг огт
уншилгүй орхисон ч болно.
Хүний сэтгэл гэдэг
ямар ч барих барьцгүй өчүүхэн зүйл хэдий боловч, чухам тийм ч учраас үхэл ч, юу
ч огтоос айх зүйлгүй, даруухан ч гэлээ амьдрал гэдэг өөрөө зугаатай сайхан зүйл
юм шүү хэмээх хүүхэд үеийн өөртөө зориулж олсон хариултаа эрхэм тантай
хуваалцаж чадах аваас энэ номны маань зорилго орших билээ.
7 comments:
ashgyi min dee gej...........................
Urgeljlel????
Зөвхөн япон хэл др бдг ном уу, орчулад хэвлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юу?
Япон ном. Орчуулбал энд тавиад явахыг бодно оо.
уншмаар санагдлаа...орчуулаарай
Энэ номыг унших юмсан?
Энэ их сонирхолтой ном. Тэр хэрээр орчуулахад төвөгтэй ном. , {би}, [би] гэх мэтчилэн хооронд нь ялгахад төвөгтэй ухагдахуунууд гарч ирдэг.
Post a Comment