2016/05/23

16. Руссо. Төрийн жинхэнэ эрх баригч нь ард түмэн

Өмнөх - 15. Хоббс. Төр гэдэг бол айдсыг ашигласан аюулгүй байдлын тогтолцоо юм



-       Яагаад төр (хаан) оршино вэ?
-       Яагаад төрд (хаанд) захирагдах ёстой вэ?

Эдгээр эргэлзээнд хандаж Хоббс Нийгмийн гэрээний үзэл гэх рационаллаг хариулт өгөв.
Нээрээ ч бодоод үзвэл төр гэж байхгүйсэн бол аюулгүй байдлыг сахин хамгаалах цагдаа ч үгүй болж, хувь хүн тус бүр дур зоргоороо бусдыг хохироох, хүчирхийлэл бүрхсэн харгис хэрцгий ертөнц бий болох юм шиг санагдана. Тийм бол нээрээ л бид бүхэн тийм хуульгүй тамын ертөнцөөс зайлсхийж энх тайванчаар амьдран оршихын тулд, Хоббсын хэлснээр “Хаан мандтугай!!!” гэж орилон, баяртайгаар хаанд захирагдахгүй бол болохгүй.
Тиймээс хаанд тэрслэх хэн нэгэн хэрвээ гарч ирэх юм бол…, тэр болбоос бүх нийтийн энх тайвны эсрэг гэмт хэрэгтэн гэсэн үг!. Тийм ухвар мөчит юмсыг шууд цахилгаан сандал!. Толгойг нь тасдаж цээрлүүлбэл зохино. Тийм биз? Хаан гэдэг бол “Бүх нийтийн энх тайвны төлөө” орших үнэмлэхүй захирагч шүү дээ. Тийм ч учраас ард түмэн хаандаа тэрслэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.
Гээд, нэг иймэрхүү байдлаар хүн төрөлхитөн хаанд тэрслэгчдийг цээрлүүлсээр, хэдэн мянган жилийн турш хаант засаг хэмээх тогтолцоог үргэлжлүүлж ирсэн учиртай боловч…, тэгээд тэгээд тэр хаант засгийнхаа ачаар бүх нийтээрээ аз жаргалтай байж чадсан юм болов уу?
Харамсалтай нь бодит түүхийг гүйлгэн харвал, хараахан тийм байсангүй.
Жишээ нь, 18-р зууны хаант засаг бүхий Францад гэхэд хүн амын 2%-аас хэтрэхгүй тооны язгууртан мэтийн тусгай давхрагынхан нь л тансагийн дээдээр хөлбөрч байхад, тэднээс бусад ард түмэн нь бүгд ядуурлын туйлд зовж байсан гэх, яавч эрх тэгш бус нөхцөл байдал ноёлж байлаа. 98%-ын ард түмний татвар дээр оршин тогтох төрд, 2%-ын тусгай давхрагынхан татвар ч төлөлгүйгээр бялхсан цалин харамж хүртэн элбэг хангалуун амар тайван амьдарч байсан юм.
Энэ бол туйлаас хачирхалтай биш гэж үү? Хоббсынхоор бол, хүмүүс харилцан энх тайвнаар оршихын тулд төрийг бий болгосон учиртай. Гэтэл тэнд бол хаан болон язгууртнуудыг тансаглуулахын тулд төрийг бий болгосон аятай юм харагдана. Нэгэнтээ тийм бол, тэрхүү төр болбоос тусгай эрхтэй цөөн тооны хүмүүс дийлэнх олонхиос маш овжноор татвар хураах зориулалттай ердийн нэг мөлжлөгийн системээс өөр юу ч биш гэхэд болно.
Гэлээ ч, тийм байлаа гээд юу юугүй гэнэт төрийг хөмрүүлж хаяад, байгалийн төлөвтөө (төр үгүй төлөв) буцаад оччихож бас боломгүй. Яагаад гэвэл, хүмүүс байгалийн төлөвтөө буцаж очих юм бол харилцан алалдсаар мөхчихөж мэднэ шүү дээ. Тийм бол, хаан болон түүний хүрээний тусгай эрхэт давхрага татварын мөнгөөр тансаглаж суухыг “дүүрсэн хэрэг” гэж зөнд нь хаяад, нүдээ аниад өнгөрөх нь дээр ч байж мэдэх юм…

Ардын бүрэн эрх

Тэгтэл тэр үед Францын философич Руссо (1712 - 1778) Хоббсын нийгмийн гэрээний үзлийг няцаах ийм нэгэн санааг зарлав.

-       Яалаа гэж. Хүмүүс байгалийн төлөвтөө очвол харилцан алалцаад дуусна гэж юу байсан юм. Тийм юм гэж заяа нь болохгүй. Үүнийг үнэмшье гэвэл хөдөөний бөглүү тогсонд очоод үзэцгээ. Бүгд хаяа дэрлэн айлсаж, харилцан биесдээ туслан амьдарч байна бус уу? Харин ч тав тухтай иргэншсэн хотод нь илүүтэй хүмүүс биесээ залилж, үзэн ядалцаж яваа байх шүү. Тэгэхээр, иргэншлээс өмнөх төргүй төлөв бий болбол хүмүүс харилцан алалцаад дуусна гэсэн Хоббсын суурь нөхцөл нь анхнаасаа ташаа байна.

Руссогийн хүнийг үзэх үзэл нь Хоббсынхоос чанх эсрэг байлаа. Түүнийхээр бол, хүмүүс нь төр гээч юм огт байхгүй байсан ч, харилцан туслалцаад амьдарч чадах энх тайванч амьтан юм. Гэвч тэнд цөөн тооны зальжин нөхдүүд гарч ирээд бусдыг мөлжин амар хялбар амьдрах арга сүвэгчилж орхиж. Үүний улмаас л төр ч юм уу, язгуур зиндаа гэх мэтийн тогтолцоо бий болчихсон юм гэнэ. Энэхүү Руссогийн хүнийг үзэх үзлээр хандах юм бол, төр гэдэг бол хүний хувьд хэрхэвч зайлшгүй байх ёстой оршихуй биш болж хувирна.
Тэгээд, хэрвээ төр нь зайлшгүй биш юм гэвэл…, Хоббсын нийгмийн гэрээний үзэл буюу “Ард түмэн төрд захирагдах ёстой” гэсэн тэр дүгнэлтээс тэс ондоо үр дүн мөрдөн гарахад хүрнэ.

-       Дийлэнх олонхид аз жаргал авчирч чадахгүй төрд оршин байх утга учир үгүй тул, тийм төрийг үтэр түргэн нурааж, илүү сайн төрөөр соливол зохино.

Өөрөөр хэлбэл “Хаандаа тэрсэлж, бослого гарга!!!” гэсэн үг.
Хэрвээ Руссогийн хэлснээр “Хүний хувьд төр гэдэг зайлшгүй оршихуй ч биш, үнэмлэхүй оршихуй ч биш” нь үнэн юм гэвэл, “Биднийг зовоох төр бидэнд хэрэггүй” хэмээн татгалзах зүй ёсны эрх ард түмэнд байж таарна. Үнэхээр ч тэдэнд хүзүүг нь багалзуурдаад байгаа төрд хэрэг болгож захирагдах шалтгаан үнэндээ хаана ч байхгүй шүү дээ.
Мөн эсрэгээрээ, хаад язгууртнууд нь цуглуулсан татварын мөнгөө зөв зарцуулж, ард түмэнд аз жаргал бэлэглэх үүрэгтэй болж хувирна. Нээрээ ч тэдэнд байгалиасаа зэрэг дэв, тусгай эрх гэж заяагаагүй л юм чинь. Тэгээд ч ерөөс татвар гэдэг бол “нийтийн тусын тулд хэрэглэх ёстой хөрөнгө” бөгөөд, түүнийг хаан болон язгууртнуудад түрхэн зуур л хадгалуулах гэж хураалгадаг. Огтоос тэдний дур зоргоороо хэрэглэж болох хувийн хөрөнгө биш.
Явж явж, дээрхи ярианаас тов тодорхой харагдаж буйчлан “Ард түмэн төргүйгээр ч амьдрах боломжтой бол, төр нь ард түмэнгүйгээр амьдарч чадахгүй” юм хойно, ард түмэн болон төрийн аль нь жинхэнэ гол дүр болох, аль нь жинхэнэ эрх мэдлийг атгагч болох нь гал харахаас ч илүү тодорхой юм.
Ийнхүү тунгаасны үндсэн дээр Руссо нь “Жинхэнэ эрх мэдэл төрд бус, ард түмэнд буй” хэмээх Ардын бүрэн эрхийн үзэл санааг нийгэмд хандан цуурайтуулав. Тэгээд төрийг (буюу засгийн газрыг) “Жинхэнэ эрх баригч ард түмнээс эрх мэдлийг төлөөлөн авсан, буцаан татах боломж бүхий нэгэн институц төдий” хэмээн дахин тодорхойлж, тэрхүү институц нь ямар ч чадавхигүй, юуны ч нэмэргүй, уул шугамандаа төрийн жинхэнэ эрх баригч болох ард түмний төлөө ажиллахгүй байвал, эрх мэдлийн төлөөллөөс татан зайлуулбаас зохино хэмээн үзэв.
Руссо эдгээр санаануудаа дэлгэж байх тэр үед аанай л хаад язгууртны тусгай давхрага төрийг атгаж, захиргаадалтын ид хавыг үзүүлэх цаг үе байсан тул, нэлээдгүй эр зориг гаргасан нь лавтай болов уу. Үнэхээр ч, Руссо нь энэ мэт хэмээс хэтэрсэн үзэл санаа гаргасан гэдэг шалтгаанаар баривчлах тогтоол гарч, Швед рүү оргон зугатсан байдаг.
Гээд…, төрийн эрх мэдлийн эсрэг өдий дайны хатан зориг гарган тэрсэлсэн Руссог тун ч сайн хүн байж дээ гэж бодъё юу гэтэл, хараахан тийш биш гэх үү, харин ч нэг дүүрсэн нөхөр байсан гэдэг.

Руссогийн адал явдалт амьдрал

Уул шугамандаа бол тэрээр урлагийн хүн болохыг мөрөөдөгч гавихгүй нэгэн байсан боловч, дурласан хүүхнүүдээсээ төрүүлсэн 5 хүүхдээ ээлж дараалан хаяж..., хатагтай нарын өмнө нүцгэн бөгсөө гаргаж..., гэх зэргээр журамт явдлаас даанч холуур бэлгийн гаж донтон шахуу үл бүтэх этгээд байсан гэдэг (Бөгсөө гаргасан хэргээр баривчлагдсан тухайгаа тэрээр “Ингэвэл хүүхнүүд миний бөгсөн дээр алгадаж өгч магадгүй юм, гэж бодоод…” хэмээн явцгүй тайлбар хийсэн нь бий).
Нэг иймэрхүү яадгаа барсан Руссо хэдий ч, түүнд цор ганц ер бусын авьяас байлаа. Тэр бол “Сэтгэл хөдөлтөл, цээж булиглатал, бүхнийг уяртал мааст хүрэхүйцээр уран гоё бичих” авьяас байсан юм. Анхнаасаа тэрээр өөрөө тэрхүү авьяасаа олж анзаараагүй явсан шиг бололтой бөгөөд, нас суутлаа сийлбэр ч оролдож хөгжим ч оролдож гэсээр, жинхэнэ авьяасаа ашиглаж чадахгүй чигээрээ хэний ч нүдэнд өртсөн юмгүй азгүй өдрүүдийг элээж явж.
Тэгтэл 40 нас шүргээд байсан нэгэн өдөр, түүний өмнө төдийг хүртлэх амьдралыг нь 180 хэм эргүүлж орхих онцгой аз завшаан тохионо.
Тэр бол ердөө түр зуурын гиеүрэл байлаа. Тэрээр гудамжинд зарыг нь олж харсан зохион бичлэгийн уралдаанд өөрийн бичлэгээ явуулж үзэв. Тэрхүү уралдааны сэдэв нь “Иргэншил болон шинжлэх ухааны хөгжил хүмүүсийн аж амьдралд хэрхэн нөлөөлж буй тухай” байж. Яг тухайн цаг үед шинжлэх ухааны үр дүнгүүд олон нийтийн аж амьдралд ид үр өгөөжөө өгч эхэлж байсан үе тул, магадгүй ихэнх оролцогчид “Хүний оюун ухаан гайхалтай! Шинжлэх ухаан гайхалтай!” гэх маягийн сайшаал магтаал бялхсан зүйлс бичсэн болов уу гэж тааварлах авч, тэдэн дунд Руссо “Хүнд оюун ухаан байгаа учраас л бусдыг мэхэлж, өрсөлдөн тэмцэлдэж байна. Эээ халаг!!!” гэсэн утгатай яг эсрэг санааг уянгалуулан илэрхийлсэн зүйл бичсэн байж. Тэгтэл юу юугүй түүний бүтээл шилдэгээр байлуулж, мань эр ч цаг үеийн VIP болж явчив.
Үүнийг бидэн дээр жишээлж зүйрлүүлбэл, эрхэлсэн ажилгүй архинд донтсон 40 эргэм насны нэг нөхөр дөнгөж аавын хаалга татаж гарч ирээд гэв гэнэт Болор цом авч, төрийн соёрхол хүртэх дайны явдал болсон хэрэг юм. Энэ цагаас эхлээд түүний амьдрал эцсээ хүртэл савлах болно. Тэрээр хойно хойноос нь цувуулан ХИТ бүтээлүүд туурвиж, ард олны хүндэтгэлийг хүлээсээр байлаа.
Жишээлбэл, Руссо тавын таван хүүхэд төрүүлчхээд бүгдий нь хаясан юм байж “Емиля” гэх сурган хүмүүжүүлэх ухааны ном бичсэн байдаг ч, тэр номны агуулга нь үнэхээрийн гайхалтайн дээр, өнөө цагт ч боловсролын салбартаа заавал унших ёстой номд тооцогдож, Руссог өөрийг нь сурган хүмүүжүүлэх ухааны эцэг гэж хүртэл нэрлэдэг. Үнэн хэрэгтээ бол сурган хүмүүжлийн талаар хушуу нэмэх ямар ч нэр нүүргүй этгээд гэдэг нь илэрхий атал шүү дээ.
Гэлээ ч, Руссо тэгтэл үнэлэгддэг нь яалт ч байхгүй түүний цаана төдий дайны шалтгаан буйтай холбоотой. Тухайлбал, ердийн сурган хүмүүжүүлэх ухааны ном гэвэл “Хүүхдийг хүмүүжүүлэхдээ ингэх хэрэгтэй” маягийн онол зарчмууд дурайтал үргэлжилсэн, уншингуут нойр хүрмээр гэсэн төсөөлөл буух биз. Гэтэл тийм сэдэв Руссогийн гараар орвол тэс өөр хэлбэрийн ном болж бичигдэнэ. Руссогийн бичсэн “Эмиля” гэх сурган хүмүүжүүлэх ухааны ном гэхэд “Нэгэн сурган хүмүүжүүлэгч Эмиля гэх балчир хүүтэй учирч, тэр хүүг өсч бойжсоор хуримаа хийх хүртэл нь хүмүүжүүлж буй” агуулгатай өгүүллэг хэлбэрийн зохиомжтой ном байдаг.
Мөн тэрээр уг ном дотроо ингэж өгүүлсэн нь бий.
-       Тодорхой бус ирээдүйн төлөө өнөөдрийг золигт гаргах тэр харгис сурган хүмүүжүүлэх аргыг хэрхэн ойлговол зохилтой юм бол?

Хүүхдийн ирээдүйн төлөө нэрийн дор, ирээдүйд чинь хэрэгтэй гэж түрий барин, хүүхдээс “өнөөдрийн хүүхэд насных нь аз жаргалыг” булаан авч, алив бүхнийг толгойд нь чихэж бушуухан том хүн болгох гэдэг боловсролын тэр зөрчил. Тэрээр сурган хүмүүжүүлэх ухааны зарчмын шинжтэй энэ мэт асуудлуудыг нэг бүрчлэн уудлан илчилж, Эмиляг яавал хүүхэд насыг нь аз жаргалтайгаар өнгөрүүлэх вэ гэдгийг хүртэл бодолцон сэтгэл гаргаж бичсэн байдаг.

-       Би Эмиляд бэртүүзэй гэж сануулах үг огт хэлдэггүй.

Зүгээр л сурган хүмүүжүүлэх ухааны онолыг жагсаах бус, тэндээ “сэтгэл хөдлөлийн элементүүд” нэмж “уншуулах явдлыг” чухалчлан бичсэн түүний ном хүмүүсийн сэтгэлийг хөвөлзүүлэхгүй өнгөрөх учир байсангүй.
Дашрамд, тухайн үеийн хатан хаан Мариа-Антуанетта “Талх олдохгүй байгаа бол амттан л идээч дээ” хэмээн тас хөндлөн үг хэлсэн тухай алдарт цуу яриа байдаг ч, ажаад байхнээ энэ нь Руссогоос анхлан ниссэн бор шувуу бололтой шиг байгаа юм (Олон тайлбар байдаг ч, бодитоор түүний бичсэн бүтээл дотор яг энэ үг цохиж явдаг).
Ямартай ч хувь хүнийхээ хувьд үл бүтэх Руссо боловч, туурвисан номынх нь амт даанч хол тасархай байсан тул, түүний үзэл санаа тийнхүү ард олны дунд өргөн тархаж уншигдсан нь тэр байв.
Гэвч үүнээс болж асуудал үүссэн нь, тухайн үеийн эрх баригч 16-р Людовик хаан болон хатан хаан Мариа-Антуанетта байлаа.
Төдийг хүртэл хатан хаан Мариа-Антуанетта ордон дотроо яаж ч тансаглан хөлбөрөөд, хичнээн ч багт наадам хийлээ гээд, эрхэм дээдэс юм чинь гэсэн ганц үгээр тайлбарлагдаад өнгөрдөг учиртай байсан бол, Руссогийн ардын бүрэн эрхийн үзэл санаа нийгэмд түгмэгц тэгж аргацаах аргагүйд хүрнэ.

-       Улс орон хямраад, ард түмэн туйлдаад байхад, энэ тэнэг хатан одоо арай дэндэж байгаа юм биш үү???

Эцэстээ бухимдсан ард түмэн тэсрэхдээ, хаан байсан 16-р Людовик болон хатан хаан Мариа-Антуанеттаг барин авч шүүхээр оруулан, бордоо зөөдөг тэргээр хотын дундуур чирч тойруулсны эцэст, олны нүдэн дээр толгойг нь цаазаар аваачин цээрлүүлсэн гэдэг.
Энэ бол түмний ярьдаг өнөөх Францийн хувьсгал гээч байсан бөгөөд, “ард түмэн хувьсгал өрнүүлж, хаанаа олны өмнө цаазалсан” гэх дэлхийн түүхэнд онцгойлон тэмдэглэгдэх гойд үйл явдал байсан юм.
Дашрамд өгүүлэхэд, тэр хувьсгалын ачаар ард түмэн хөл хөсөр жаргаж чадсан уу гэвэл оогт тэгж чадалгүй, уул нь “зэрэг дэв болон хөрөнгө хогшилоос үл хамааран бүх эрчүүд сонгуулийн эрхтэй болсон” гэх ардчилсан хувьсгал ялсан хэдий ч, төрийн эрх баригч парламентийн гишүүд фракц хоорондын тэмцэлдээ толгой өндийхгүй жийлцсээр, төрийн жолоог нэгэнт гаргуунд нь гаргаж орхино. Үр дүнд нь Францад үймээн самуун дэгдэж, гаднаас нь харийн түрэмгийлэл халдаж, улс нь салбайн нурах нь тэр.
Чухам тэр үед цахиур хагалан гарч ирсэн хүн бол ардын баатар, дайны суутан Наполеон юм. Тэрээр дахин хувьсгал өрнүүлж, чадварлагаар төрийн эрхийг гартаа оруулна. Ингээд тулаан болгонд ялж, бүх дайснаа дарж аваад төр улсаа нэгтгэн босгоно. Тэгтэл ард түмэн “Наполеон Ура” гэж хашгиралдан, тэндээсээ шууд Наполеоныг эзэн хаан болгон өргөмжилж орхих нь тэр. Ингэж түүх дахин давтагдаж, хүн төрөлхитөн жинхэнэ Ардын бүрэн эрхийг бүрэн утгаар нь сэхээртлээ ахиад хэсэг хугацааг элээсэн байдаг.
Гээд яая гэхэв. Ямартай ч “Төр гэдэг бол, нийтийн эрх ашгийг хамгийн нэгдүгээрт тавин ажиллах ёстой, ард түмний төлөөх институц юм” хэмээх өнөө цагийн бидний ойлгох тэрхүү төрийн тухай үзэл санааг олон түмний дунд түгээн тараасан Руссогийн гавьяа зүтгэл бол хэмжээд баршгүй агуу үнэ цэнэтэй гэж дүгнэж болох биз.
Түүнээс гадна бас нэгэн сургамж болгож хэлэх зүйл гэвэл, эрхэлсэн ажилгүй, бэлгийн гаж донтой чигээрээ 40 насны босгыг давлаа ч гэлээ, амьдрал гэдэг хараахан дуусчихдаггүй төдийгүй, түүхэнд нэрээ үлдээх философич, үзэл санааны эцэг хүртэл болоод явахыг байг гэх газаргүй юмаа гэдгийг мэдээд авчихад илүүдэхгүй болов уу.


Үргэлжлэл - 17. Адам Смит. Хүн бүр хувийн эрх ашгийн төлөө байгтун

Хялбаршуулсан философи

1 comment: