2016/09/28

18. Маркс. Капитализм бол гарцаагүй нуран унах тавилантай эдийн засгийн систем юм

Өмнөх - 17. Адам Смит. Хүн бүр хувийн эрх ашгийн төлөө байгтун



Гэвч, үнэхээр зүгээр юм болов уу? Адам Смит “Хувийн хүсэл тачаалаа хангахын тулд, баяжихын төлөө улайрцгаа!” гэж уриалсан учиртай ч, хүн бүр мөнгөний төлөө гүйлдээд унахаар чинь энэ нийгэм маань учир замбараагаа алдчихгүй байгаа? Уулаасаа бол Адам Смит нь “Үл үзэгдэгч гар” гээч юмны зохицуулалтаар “Эцсийн бүлэгтээ бүгд аз жаргалтай болох болно” хэмээн өөдрөг байр суурь илэрхийлсэн төдий болохоос бус, үнэндээ гарцаагүй тэгнэ гэсэн баталгаа хаана ч байхгүй билээ.
Гэсэн ч, ямар ч баталгаа байхгүй гэвч, ажаад байхнээ ер нь гайгүй л бололтой юм. Яагаад гэвэл онолоос илүү нотолгоо. Адам Смитийн санал болгосон ашгийн төлөөх эдийн засгийн нийгэм, өөрөөр хэлбэл “Капитализмыг” бодитоор хэрэгжүүлсэн улс орнууд бүрэн дүүрэн амжилтанд хүрсэн учраас тэр.
Мэдээж, тэр нь ч арга байж уу. Эрх ямбат язгууртны давхрага бүх баялагийг эзэгнэж байсан төдийг хүртлэх ангит төрөөс ялгаатайгаар, капиталист төрийн дор бол мэрийн хичээсэн хэн бүхэн баялгаас хүртэх боломжтой. Навсгар оромжин дотроо үртэс холтсоор амь зогоосон үгээгүй ядуу дорд нэгэн ч бай, хэрхэн ажилласнаасаа хамаараад дулаан хувцас, амтат хоол, тухлаг гэр, цаашлаад машинтай хүртэл болчихож болно. Ийм байхад хэн хичээхгүй хойш суух билээ. Бүгд “Ажиллаад өгнө өө!!” хэмээн нүдээ эргэлдүүлэн бужигнуулж гарна. Үр дүнд нь улс орны үйлдвэрлэл эрс өсч, эд баялаг бялхсан тансаг нийгэм тийш хөгжин дэвжлээ гээд, огтоос хачирхах явдал үгүй биз.
Гэвч энэ бүх капитализмын бахдам амжилтыг хүйтэн харцаар сэжиглэн ажих нэгэн эр байлаа. Германы философич Маркс (1818 - 1883) “Капитализм мандтугай!!” гэлцэн шаагих олон түмний уухайн дэргэд чимээгүйхэн “Капитализм гэж юу вэ?” хэмээн тасралтгүй бясалгаж, эцэстээ ийм дүгнэлтэнд хүрч очно.

-       Капитализм бол бүхнийг аз жаргалгүй болгох систем юм. Эрт орой гарцаагүй нуран унах биз.

Тэрээр “Капитализм бол гайхамшигтай” гэх тухайн үеийн ердийн ойлголтоос чанх эсрэг зүйлийг өгүүлжээ.
Гэвч Марксийн капитализмын шүүмж бол туйлаас рационаллаг хийгээд үнэмшилтэй эд байлаа. Тэрхүү шүүмжийн гол санаа болбоос, нэг ёсондоо “Хөрөнгөтнүүд ажилчдыг шулдаг эрх тэгш бус систем гэдэг өнцгөөс харсан Капитализм” байсан аж.
Ерөөс Капитализм гэж яг юу юм бэ? Тэр бол маш энгийнээр хэлбэл “Баян хүн (хөрөнгөтөн) хөрөнгө гарган үйлдвэр компани байгуулж, тэндээ энгийн иргэдийг (ажилчид) ажиллуулж, цалин олгоно” гэсэн механизм төдий л юм.
Тэгэхээр, эндээс “Энгийн иргэд (ажилчид) ажиллаад бүтээсэн баялаг (ашиг) хэнийх вэ?” гэсэн асуудал гарч ирнэ. “Бүтээсэн нь ажилчид юм чинь ажилчдынх!” гэж хэлмээр санагдавч, бодитоор ажилчдын гар дээр очих нь, тэдний ажиллаад бүтээсэн баялагийн ердөө өчүүхэн жижиг хэсэг нь л байх болно. Өөрөөр хэлбэл, ажилчид яаж ч мэрийн хөдөлмөрлөөд асар их баялаг бүтээсэн ч тэдэнд төлөгдөх нь, тэдний өдөр тутмын амьдралд дөнгөж хүрэлцэх төдий хэрийн цалин л байх болно. Тэгвэл үлдсэн бусад мөнгө хаачсан бэ гэхээр, тэр нь бүгд хөрөнгөтний түрийвчинд шургаж байгаа юм.

-       Энэ бол хөрөнгөтнүүд ажилчдыг шулж буй тэр бүтэц (дүр зураг) юм.
хэмээн Маркс зааж үзүүлжээ.
Гэлээ ч, түүний сануулга үнэн байлаа гэхэд, тэр нь тийм сүртэй асуудал мөн үү? Яах вэ, “хөрөнгөтнүүд ажилчдыг далдуурхан ашиглаж буй тэр дүр зураг” бага зэрэг эмзэглүүлж болох ч, ажилчид сэтгэл хангалуун амьдрах дайны хөлс авч байгаа бол тэгээд болоо бус уу?
Өөрөөр хэлбэл, ажилчдыг оролцуулаад бүх нийтээрээ амжиргааны өндөр түвшинд аж төрж чадаж л байвал, бага зэргийн өгөө аваа байхад гэмгүй л баймаар.
Гэвч Маркс “Яалаа гэж, битгий тийм гэнэн юм төсөөл” хэмээн толгой сэгсэрнэ. Яагаад гэвэл, капитализмд “шулагч талуудын (хөрөнгөтнүүдийн) хоорон дахь өрсөлдөөн” байдаг учраас тэр юм.
Тухайлбал, үнийн өрсөлдөөн байна. Нэг хөрөнгөтөн өрсөлдөгч хөрөнгөтнөө дийлэхийн тулд төдийг хүртэл 2,000 төгрөгөөр зарж байсан бараагаа 1,800 төгрөгөөр зарж эхэлжээ гээд төсөөлье л дөө.
Адилхан бараа бол мэдээж аль хямд нь зарагдах нь ойлгомжтой. Тиймээс өрсөлдөгчөөсөө жоохон ч атугай хямд үнэ тогтоохыг эрмэлзэх нь аргагүй биз. Гэтэл өрсөлдөгч нь ч бас түүнийг зүгээр хараад суухгүй. Эднийх 1,800 юм бол, манайх тэгвэл 1,700. Өрсөлдөгчдөө ялагдахгүйн тулд үнээ бууруулна.
Гэтэл ингээд харилцан үнээ буулгаад байх юм бол түүнээ дагаад орлого нь бас буурчихна. Чингүүт ажилчид хичнээн мэрийгээд ч шальтай ашиг гарахаа больж ирэх хэдий ч, тэглээ гээд хөрөнгөтнүүд улам их ашиг олох зорилгоосоо буцах уу гэвэл үгүй. Тэгвэл ийм үед хөрөнгөтөн яах вэ гэхээр, ажилчдынхаа цалинг буулгах ч юм уу, ажилчиддаа хэрээс хэтэрсэн ажил ноогдуулах зэргээр, хамгийн доод байр суурьны ажилчдыг хэтрүүлэн ашиглаж эхэлнэ.
Өөрөөр хэлбэл, хөрөнгөтний “баяжмаар байна” гэсэн хувийн хүсэл тачаал нь ажилчдын (буюу бүх нийтийн) аж амьдралыг туйлдуулах үр дагаварт хүрнэ. Энэ бол Адам Смитын “үл үзэгдэгч гарны” онолыг сөргүүлэх тов тодорхой няцаалт юм.
Тэгвэл ажилчдын аж амьдрал хэцүүхэн болоод ирэхээр цаашдаа юу болох бол? Ерөөс хүн төрөлхитөний дийлэнх олонх нь хөрөнгөтөн бус, ажилчид юм. Мөн ерөнхийдөө бол зах зээлээс бараа худалдан авах нь ч бас ажилчид. Тиймээс ажилчдын цалин буурч, амьдрал нь хүндрээд ирвэл мэдээж хэрэг тэдний худалдан авалт бас буурч таарна. Худалдан авлаа ч үнэтэй бараанаас зайлсхийж, бүсээ чангалахад хүрнэ. Өөрөөр хэлбэл, зах зээл дээрх барааны борлуулалт буурна.
Мэдээж хэрэг хийсэн бараа нь борлогдохгүй болно гэдэг бол, компаний орлого буурна гэсэн үг. Чингүүт хэмнэлтэнд орсон компаниуд хүнээ цөөлөхөөр их хэмжээний цомхотгол явуулж, ажилгүйчүүд гудамжаар хөглөрөхдөө тулж, улмаар зах зээл дэхь бараа борлуулалт бүр ч хумигдаж, тэр нь компаний орлогыг улам унагаж…, гэсээр буруу эргүүлгэнд шигдэж эхлэх юм.
Гэлээ ч, ийм байдлаар нийгэм эдийн засгийн нөхцөл байдал муудах бүрийд хамгийн түрүүнд түүнд хяргуулах нь хэзээд ажилчид байх болно. Яагаад гэвэл хөрөнгөтнүүд л ажилчдыг халж чадахаас бус, ажилчид хөрөнгөтнийг халж чадахгүй шүү дээ. Тиймээс компаний үйл ажиллагаа уналтанд орох бүрт, нэн тэргүүнд хамгийн сул дорой давхрага болох ажилчдын толгой бөндийж таарна.
Ийнхүү ажлаасаа хусагдсан ажилчид амьдрахын эрхээр хөлөө саваа болтол өөр ажил хайж, юухан ч болтугай хийхийг хичээх боловч…, эцсийн эцэст хаана ч ажиллаа гээд мөнөөх шулаачдаас мултрах нь үгүй. Ердөө л шулдаг хөрөнгөтөн нь өөрчлөгдөнө үү гэхээс, шулуулж буй тэр дүр зурагт огтхон ч өөрчлөлт орохгүй.
Маркс ийнхүү капитализмыг “Хөрөнгөтөн (буржуйнууд буюу шулагч тал) болон ажилчид (пролетари буюу шулуулагч тал)” гэсэн шинэ төрлийн ангит нийгмээс тогтох систем юм хэмээн тайлбарлав. Тэгээд хөрөнгөтөн хоорондын өрсөлдөөний балгаар эдийн засаг нуран унах боловч, тэгээд ч өнөөх л бахь байдгаараа ноёрхогч давхрага болох хөрөнгөтнүүд ажилчдыг зүй бусаар хэтрүүлэн ашиглахыг санаархах тул, хэзээ нэгэн цагт гарцаагүй ажилчид эвлэлдэн нийлж хөрөнгөтнүүдийг унагах зорилготой Хувьсгал, ажилчин ангийн хувьсгал өрнөх болов уу хэмээн төсөөлөв. Өөрөөр хэлбэл, Маркс нь капитализмын мөхлийг зөгнөсөн нь тэр байлаа.

Коммунизмын үзэл

Ингээд Марксын жинхэнэ агуу байсан нь, тэрээр зүгээр л “Капитализм бүтэхгүй ээ, удахгүй сүйрнэ” гэж хэлсэн төдий бус, “Тэгвэл капитализм сүйрсний дараа, ертөнц ямар болох ёстой вэ? Ямар ИЗМ дээр суурилсан улс хамгийн ирээдүйтэй вэ?” хэмээн, сүйрлийн дараах ертөнцийн тухай нямбайлан бясалгасан явдал юм. Тэгээд капитализм нуран унасны дараах шинэ үеийн нийгмийн систем болгож Коммунизмыг санал болгов.
Энд хэлэх Коммунизм гэдэг бол, товчоор хэлэх юм бол “Бүгдээрээ эд хөрөнгөө хамтран эзэмшиж амьдарцгаая” хэмээх үзэл юм.
Нэг ёсондоо, капитализмын асуудал нь “Баячууд нь энгийн ардаа дээрэлхэн шулах” гэсэн тэр бүтцэд байсан.
Эндээс, баячууд нь тэр мөнгөө ашиглан хөрөнгөтөн болж цаашаа улам баяжих боломжтой бол, энгийн иргэд нь тийм суурь хөрөнгөгүй тул насаараа ажиллаад шулуулаад явахаас өөр тавьлангүй. Тиймээс “Баячууд нь улам бүр баяжиж, ядуус нь улам бүр ядуурна” гэх баян хоосны ялгаа ангал болтлоо тэлж, “Хөрөнгөтөн” гэсэн абсолют дарангуйлагч анги бүрдэх жамтай.

Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэл зохилтой вэ?

Тун амархан. Төр нь хөрөнгөтэй хөрөнгөгүй бүх хүмүүсийн хувийн хөрөнгийг хураагаад авчхад л болоо. Бүх хөрөнгө баялагийг төр хариуцаж, түүнээ хувь хүн бүрт эн тэнцүү хуваарилаад явбал, баян хоосны ялгаагүй эрх тэгш нийгэм бий болж таарна. Ингэвэл “Хөрөнгөтний жилийн орлого нь ажилчдын насны орлогоос их” гэх мэтийн санаа алдмаар дүр зураг хэрхэвч дахин биелэхгүй.
Ойлгомжтой. Ингээд сонсох юм бол, Коммунизм гэдэг хамгийн төгс төгөлдөр эрх тэгш нийгэм юм шиг сэтгэгдэл төрнө. Гэвч бодит байдал дээр гэвэл, энэхүү Марксын философийг шүтэн гарч ирсэн олон тооны коммунист төрүүд аль хэдийн дампууран мөхөж, түүх талаасаа бол Коммунизм гээч нь нэгэнт бүтэхгүй ИЗМ гэгдэн лацдуулаад хаягдсан нь бий. Тухайлбал, Ленин Сталин нар Марксын онолыг шүтэж, Зөвлөлт Холбоот Улс хэмээх коммунист улсыг босгож ирсэн ч, эцэстээ тэр улс нь дампууран мөхөж, одоо нэгэнт тийм улс байхгүй болсон.
Тэнд чухам юу болсон юм бэ?
Яриад байвал мэдээж олон асуудал байсан боловч, ерөнхийлөөд энд хоёр шалтгааныг нь товчхон эмхэтгэе.
Юун түрүүнд хэлэх нь “Эрх тэгш гэдэг нь анхнаасаа шал худлаа” гэх асуудал байсан юм. Ерөөс коммунист төрийг “Бүх анги давхрага, ялгаа зөрөөг халсан эрх тэгш нийгэм” гэсэн төгс төгөлдөр төсөөллөөр бүтээн байгуулсан учиртай боловч, тэнд мөн л төрийн жинхэнэ эрх мэдлийг атгагч “Коммунист намын хүнд сурталтнууд” нь хамгийн эрх дархтай нь байв. Тиймээс явж явж Коммунизм гээч нь зүгээр л “хүнд сурталтнууд” хэмээх шинэ язгууртны давхрага төрүүлэх процесс болсон төдийд, үнэндээ бол “Төгс эрх тэгш нийгмийн төлөө!” ч юм уу “Ангит нийгмийг халъя!” энэ тэр бол анхнаасаа оргүй худал яриа байсан юм. Тэгээд тэр хүнд сурталтнууд (язгууртан давхрага) юу хийсэн гэхээр, өөрсдийнх нь төсөөлсөн төгс төгөлдөрийг нь дагахгүй хүмүүсийг дарамталдаг айдсын улс төр явуулдаг байв. Хүнд сурталтнууд нууц цагдаагийн газар зохион байгуулж, засгийн газрыг эсэргүйцсэн хэн бүхнийг ээлж дараалан барьж, барьсан бол цаазалж байлаа. Ийнхүү ард олон нууц цагдаагийн газраас айн чичрэхдээ төрийн алив заавар тушаалыг үг дуугүй ягштал мөрдөж, хүн бүр өөрт ноогдсон үүрэгт ажлаа хийх гэсэн, эрх чөлөөгүй аймшигт амьдралаар амьдрах болсон учиртай бөгөөд, тэр нь нэгэнт “төсөөллийн төгс эрх тэгш нийгэм” гэхээсээ илүүтэй, зүгээр л ердийн шорон байсан гэхэд болно.
Явж явж, коммунизм гэдэг утопи нь “ажилчин ангийг хөрөнгөтний савраас салгасан эрх тэгш нийгмийг” бүтээн байгуулах нь битгий хэл, “ажилчдын эрх чөлөөг ч, хүний эрхийг нь ч булаан авсан, хамгийн адгийн эрх тэгш бус нийгэм” гэх ой гутам үр дүнд хүрсэн нь тэр байлаа.
Хоёр дахь нь гэвэл “Бүгд эрх тэгш болохоор, хэнд ч ажиллах сонирхол байхгүй” гэх асуудал. Яагаад ч юм “эрх тэгш” гэнгүүт, нэг л гайхалтай сайхан юм шиг санагдах авч, нээрээ үнэхээр бүгд “эрх тэгш” болчихвол тийм сайхан байх болов уу?
Бодоод үзвэл, нэгэнт л бүгд эрх тэгш юм бол, тэнд өрсөлдөөнөөр бий болох орлогын ялгаа үүсэхгүй учир, яаж ч мэрийж ажиллаа гээд илүү юм олж долоохгүй ээ гэсэн үг болно. Тийм бол хэний ч ажил хийх дур сонирхол өдөөгдөхгүй биз. Бодит байдал дээр ч коммунист улсуудын аж үйлдвэрийн бүтээмж болон чанар нь үргэлж уруудалтын байдалд байж, эдийн засаг нь дандаа л муу байдаг байлаа. Тэгэхээр “эрх тэгш” байлаа гээд заавал бүх зүйл сайн сайхан болчихдоггүй юм аа л гэсэн үг байх нь.
Ийнхүү “Төгс эрх тэгш нийгмийг” магтан дуулах коммунист нийгэмд энэ мэт зарчмын асуудлууд олон байлаа.
Гэлээ гээд, сайн тал тэнд огт байгаагүй юм уу гэвэл бас ч тийм биш. Коммунист төр бүх баялаг хийгээд эрх мэдлийг төвлөрүүлэн хариуцдаг юм болохоор том хэмжээний бүтээн байгуулалт хийхдээ чадварлаг байсан нь бий. Ухаандаа төр нь “Сансрын станц барьцгаая!” ч юм уу “Супер танк бүтээцгээе!” гэх мэтийн нүсэр төсөл боловсрууллаа гэхэд, түүндээ хичнээн л бол хичнээн хөрөнгө хаяж, улсын хамаг л толгойтой авьяастай эрдэмтдийг хүссэнээрээ цуглуулчхаж чадна. Үнэхээр ч тухайн үедээ ЗХУ нь коммунизм бол хамгийн агуу нь гэдгийг батлах зорилгоор чадалдаа ахадсан их хөрөнгийг сансар судлалд зарцуулж, солиотой юм шиг зэвсэглэлээр хөөцөлддөг байлаа. Тэгээд ч нэгэн үе сансрын технологиороо Америкийг ардаа хийж явсан удаатай.

Капитализмын давуу тал

Гэвч эсрэгээрээ Коммунизм нь хот тосгоны дайны “бяцхан бүтээн байгуулалт” хийхдээ маруухан байв. Шулуухандаа бол жижиг бүтээн байгуулалтанд бол капитализм илүү чадварлаг юм.
Жишээ нь, та гудамжаар алхаж явахдаа иймэрхүү юм бодож байсан уу?
-       Энд л нэг хоолны газар нээчихвэл найдвартай цөм хийнэ дээ!?!

Өдөр бүр тогтсон нэг замаар явдаг хувь хүн л олж харж чадахуйц зүйл гэж бий. Өдрийн цайгаар албан байгууллагуудаас бөөн ажилчид гарч ирээд, хаа холын дэлгүүр хүртэл уралдаж бэлэн хоолыг нь түйвээгээд байвал, хэний ч толгойд ийм санаа орж ирэх нь лав биз. Тэгвэл ийм үед яах ёстой вэ?
Яах юу байх вэ, ойлгомжтой биз дээ? Азаа л үз. Зээл ав, газар түрээслэ, гуанзаа нээ. Нэг л өдөр гэнэт баяжаад хүссэнээрээ амьдрах битүүхэн хүсэлтэй залуу эр энэхүү гэнэтийн санаанд амьдралаараа дэнчин тавихаар сэтгэл шулуудна. Тэрээр цалингаас цалингийн хооронд амь залгах тогтсон ажлаа хаяад, өрийн дарамтыг үүрэн байж нэгэн гуанз нээж үзнэ ээ.
Тэгтэл... бөөн амжилт. Түүний мэргэн санаа нээрээ л байндаа тусчээ. Тэгээд олсон ашгаараа хоёр дахь, гурав дахь гуанзаа нээж бизнесээ тэлнэ. Тэгсээр, нэг мэдэхнээ өөрөө ч тэр гуанзандаа ажиллаад байх шаардлагагүй болно. Бусдыг хөлсөлж, өөрөө хуруугаа хөдөлгөх төдийд л бөөн бөөн орлого олдог болоод ирнэ. Цагийн ажилчдад сарын хэдэн цаас атгуулаад, өөрөө бол сарын 10 сая, үгүй ээ бүр түүнээс ч их орлого олон, тансагийн дээдээр тухлан амьдарна.
Гэдэг бол юутай сайхан байх вэ... Даанч бодит амьдрал тийм ч санасны зоргоор болсонгүй...
Үнэндээ тэрээр гуанз нээгээд үзтэл, яагаад ч юм хүмүүс төдийлөн орж ирэлгүй, бэлдсэн жаахан материал нь хогийн сав мялаасаар, эцэстээ ердөө л баахан өрөнд унаад үлдэх нь тэр. “Заавал баяжна. Би чадна” гэсэн түүний хүсэл тэмүүлэл хатуу байсныг хэлэх үү, ялагдлын өвдөлт түүнд ямар чангаар тусаа бол. Тэгээд, түүнээс цаашхи өрөнд баригдсан хяслант өдөр хоногууд. Хэр удаан тэвчиж, хэзээ амиа хорлоод бууж өгөхийг хэн ч таашгүй. Гэлээ ч, энэ ч гэсэн бас л нэг амьдрал юм. Амьдралд ялсан нь бүхнийг авч, ялагдсан нь бүхнээ өгдөг нь жам. Үүнийг яаж ч мушгиад, яаж ч тийчлээд... аргална гэж үү? Энэ бол капитализмд байх л асуудал...
Гэхдээ энд тов тодорхой хэлж болох нэг зүйл бий. Тэр бол, түүний гуанз дампуурсан гэдэг бол, тэр газар гуанз байх хэрэггүй байжээ гэсэн үг. Харин эсрэгээрээ дампуураагүй бол, тэнд гуанз байх хэрэгтэй байжээ гэсэг үг болно. Өөрөөр хэлбэл, орчиндоо зохицсон нь л амьд үлдэнэ. Тэр утгаараа одоо хотод ашигтай ажиллаж байгаа хоолны газрууд бол бүгдээрээ хэрэгтэй болоод л байгаа гэдгийн баталгаа.
Нэг ёсондоо, хувь хүмүүсийн хүсэл санаачлагаар бий болсон дэлгүүр хоршоо, жижиг том компаниуд жилийн жилд л энд тэнд булцайтал гарч ирсэнээ бэлцийтэл дампуурч унацгаадаг нь, мөн чанартаа бол тэнд орчиндоо хамгийн зохицсон нь амьд үлдэх Оптимизаци (буюу оновчлол) явагдаж буйн илрэл билээ.
Хүмүүсийн амь амьдрал дээр тогтох оптимизацийн үр дүнд хамгийн зохистой, “Аа, энд яг ийм юм байгаасай гэж хүсч байсан юм” маягийн оновчтой хуваарилалтаар хот хөгжин хувисна. Нэг үгээр хэлбэл, капитализм дахь систем нь өөртөө хамгийн оновчтойг эрэлхийлэх механизмыг агуулж байдаг.
Харин энэ бүхэн коммунист нийгэмд байсан бол яах бол? Бүх дэлгүүр хоршоод бүгдээрээ төрийнх тул, хэн ч капитализм шиг амь амьдралаараа дэнчин тавьж үхэн хатан мэрийгээд байхгүй нь тодорхой. Тэгээд ч ер нь мэрийдэг ч бай, эс мэрийдэг ч бай авах цалин нь өөрчлөгдөх биш. Тиймээс төрийн албан хаагчдын төвшинд тэгэс хийгээд хэдэн дэлгүүрийн байрлал зааж өгсөн болоод л орхино. Тэр нь мэдээж бодит амьдралд төдийлөн оновчгүй тааруухан хот болон тогтоно.
Нэг тийм, “Ийм газар ийм юм байгуулж байх ч гэж дээ” гэмээр газрууд хаа сайгүй тааралдана. Хэрэв тэр нь капиталист нийгэмд байсан бол дороо дампуурч, илүү тохиромжтой газар дэлгүүр нээж ашиг олох гэсэн хүн гарч ирэх нь гарцаагүй боловч, коммунист нийгэмдээ бол улсын дэлгүүр дампуурна гэсэн ном байхгүй. Тэр чигтээ байгаад л байна. Ингэж, дэлхийд сансар судлалын технологиор тэргүүрлэгч супер гүрэнд, иргэд нь ердөө ганц талх авахын тулд хахир өвлийн хүйтнээр хэдэн километр алхаж өдөржингөө дугаарладаг гажиг амьдралаар амьдарч байсан юм.
Эцэстээ ЗХУ-ын коммунист нам өөрсдийн оновчгүй засаглалаа хүлээн зөвшөөрч дампуурлаа зарлан, 1991 онд олон жижиг улс болон бутран унасан. Коммунизмын магтан дуулсан “Төсөөллийн төгс эрх тэгш нийгэм” гээч нь даанч төсөөллөөс хэтэрч чадаагүй. Улмаар коммунист төрийн дампуурлын үр дүнд “Капитализм бүтэхгүй тул коммунизм л ирээдүйтэй болов уу” гэх Марксын философи нэгэнт үнэмшилтэй сонсогдохоо больжээ.
Мөн Марксын зөгнөсөн капитализмын сүйрэл ч бас, хэд хэдэн удаа болонгоо алдсан ч болоогүй. Эдийн засгийн хямрал хүндрэлийг олонтаа амссан хэдий ч, капиталист эдийн засаг нуран уначилгүй өнөөг хүртэл үргэлжилсээр буй. Мэдээж хэрэг, магадгүй дараагийн их хямралыг тэсч чадалгүй сөхрөхийг байг гэхгүй, эсвэл магад үүрд сүйрэхгүй үргэлжилж ч болно. Нэг ёсондоо капитализмын сүйрэл хүртэл Марксын зөгнөл хүлээлгийн өрөөнд хэвтэнэ ээ гэсэн үг.
Дүгнэж хэлбэл, “Коммунизм бол капитализмаас илүү” гэх баталгаа байхгүй атал, “Капитализм явцгүй ээ, тиймээс коммунизмыг сонго” гэж санал болгох нь хэрхэвч зөв зүйтэй зөвлөгөө гэж хэлэх боломжгүй юм. Тэгээд ч, коммунизмыг сонгох юм бол ингэж ингэж дампуураад төгсдөг болохыг түүх нэгэнт батлаад үзүүлчихлээ.
Мэдээж хэрэг, коммунизм нурж уналаа гээд, тэр нь капитализм дахь асуудлын шийдэл болохгүй нь тодорхой. Марксын заан хэлсэн капитализмын асуудлууд одоо ч хэвээрээ байж л байгаа. Ер нь ч тэгээд, коммунизм шаардлага хангалгүй лацдуулж, капитализмыг орлох илүү дэвшилтэт систем хараахан олдоогүй байгаа хойно, нэг хэсэгтээ л бид нар капитализм гэх энэ систем дотор л амьдарч таарах болов уу.
Гэвч нөгөөтэйгүүр, тийм ч учраас өнөөгийн бид бүхэн Марксын зааж үзүүлсэн капитализмын дутагдлыг тээршээлгүй нягтлан шалгаж, цаашид хэрхэн амьдрах ёстой, төр хэрхэх ёстой, энэ бүхний тухай нямбайлан тунгаахгүй бол болохгүй учиртай биз ээ.


Үргэлжлэл - Бид юуны төлөө ажиллана вэ?

Хялбаршуулсан философи

4 comments:

  1. Anonymous29/9/16 15:12

    Коммунизмыг ч ингээд амархан дүгнээд хаачихдаггүй юм байхаа. Зэвсэглэлээр хөөцөлдөөд гэнэ үү. Ямар хүрээлэлд байсан билээ. Харин ч Хойд Солонгос, Куба 2-ын хувьд капиталистуудын хориг дарамтан дор тэсээд байгаа нь гайхамшиг. Ливийн жумахириг хар үнэхээр хүч хэрэглэн нурааж авлаа шүү дээ. Ингэж туйлширч юмыг дүгнэх гэж оролдох хэрэггүй.

    ReplyDelete
    Replies
    1. Hogshirch dee ovoo mine endees yu haij tenuuchlee yum bol

      Delete
  2. Аль аль талаас нь харж сайхан бичжээ. БАЯРЛАЛАА.

    ReplyDelete
  3. Тэр өмөөрөөд байгаа коммунизмдаа ийм юм уншаад коммент бичсэнийхээ төлөө шоронд орно шүү.


    ReplyDelete