2014/02/06

Философийн түүх (4р хэсэг)

Өмнөх - Пифагор (МЭӨ 550 он)
  • Хераклит (МЭӨ 500 он)
Нэг мэдэхнээ...
Гэв гэнэт...
Яагаад ч юм...
Ямар ч шалтгаангүй...
Өөрийгөө ертөнцөд оршин буй болохоо олж анзааран, яах ч учраа мэдэхгүй амьдран бэдрэх хүн төрөлхитөн.

- Энэ, энэ ертөнц... ингэхэд яг юу вэ??

Айдас. Гайхал. Эргэлзээ. Бачуурал...
Ийм зовлонт хүний сэтгэлийг аргадаж ирсэн нь "үлгэр домог" хийгээд "шашин" байсан юм.

Гэсэн ч бүх дэлхийн үлгэр домгуудыг цуглуулж авчираад харвал "БҮГД ТЭС ӨӨР, ХООСОН ХУДАЛ, УРАН ПАНАЛ" болохыг хүмүүс анзаарч орхих нь тэр.
Ингээд үүнээс цааш арга буюу өөрийн тархиараа сэтгэж, бодон шаналсанаар тийнхүү философи бий болжээ.

Гэлээ гээд.
Тэд бол хүн төрөлхитөний түүхэн дэхь анхны философичид юм хойно, түүх ч туршлага ч байсангүй. Юуг, яаж бясалгах ёстой юм, түүнийгээ ч мэдэхгүй.

Тэгвэл анхны философичид хэрхэн сэтгэж бясалгадаг байсан бол? Тэдний оронд өөрийгөө тавиад төсөөлөх гээд үзье.

Юу ч гэсэн эргэн тойрноо тольдон харвал...
Тэнд тэнгэр байна. Уул байна. Ой байна. Бас ан амьтад байна... Хаашаа л харна байгаль дэлхий. Гэхдээ яагаад тийм юмс байгаа юм, бүү мэд.

Гээд, ямар ч ойлгомжгүй гэх хэдий ч, сайтар ажиглавал тэнд ямар нэгэн зүй тогтол байгаа мэт санагдана. Нар мандвал дулаан болно. Үүл хурвал бороо орж байна. Тодорхой хугацаагаар ногоо ургана.

- Яагаад ургамал ургадаг юм бол?
- Бүү мэд.

Уул нь "Ургамалын бурхан түүнийг ургуулдаг" гэж үлгэр тэдэнд хэлдэг ч, яалт ч байхгүй услахгүй бол хатаад үхчихдэг бололтой юм. Яагаад тэднийг услахгүй бол болдоггүй юм бол... хэн мэдэхэв, ямар ч л байсан услахгүй бол үхчихнэ.

Нэг ёсондоо "ургамал бол уснаас бүтдэг" гэх байгалийн мэдлэг нэгийг авч үзэхэд, тэр мэдлэг байх байхгүй нь, шууд утгаараа тэдний үхэл амьдралтай холбогдоно.

Тухайн үеийн хүмүүсийн хувьд байгаль гэдэг тэр чигээрээ үхэл сэхэлийн асуудал байсан юм.

Тиймээс тэдний анхаарлын төвд юун түрүүн БАЙГАЛЬ байжээ гэж хэлж болно.

Ингээд анхны философичид байгалийг ажиглахаас бясалгалаа эхэлжээ.

- Байгаль гэж ингэхэд ямар механизм дээр тогтож байдаг юм бол?

гэсэн асуудал дэвшүүлсэн хэрэг.

Тиймээс тэднийг "Байгалийн философичид" гэж нэрлэнэ.

Ямартай ч, түүхэн дэхь хамгийн анхны философичид, орчин тойрныхоо байгалийг сайтар ажиглаж, "Бүх юмсын анхдагчийг" олж нээхийг хичээцгээжээ. Тэгээд олон хүн энэ асуудлыг судлаад, бүх юмсын анхдагч бол "Ус", "Агаар", "Тоо" гэх зэргээр хэлсэн учиртай боловч,
тэдэн дотор "Галгэж хэлсэн нь, философийн түүхэн дэхь суут сэтгэгчидийн нэг Хераклит гэгч байв.

 - Бүх юмс урсан оддог.
гэж тэрээр өндөр дуугаар тунхаглав.

Түүний логик мөн чанарыг онилжээ.

Улс байна, хүн байна, мод байна, чулуу байна... гэх боловч, тийм юмс хэдэн зуу, мянган жил өнгөрөхөд устан алга болно.

- Бүх юмс хувиран өөрчлөгдөж байдаг. Үүрд үл хувирах зүйл гэж нэгээхэн ч үгүй...

Буддын сургаальд үүнийг "Impremanence" буюу "Мөнх бус" гэдэг.

Чухам энэ л "Бүх юмсын абсолют зүй тогтол мөн" гэж Хераклит сэтгэв.

Түүнийхээр бол
- Хүний харж буй бүхэн хувиран өөрчлөгдөх зүйлсийн ганцхан агшин л байдаг атал, хүн тэр агшиныг үл хувирах хөдлөшгүй зүйл мэтээр төсөөлдөг
хэмээн хүмүүсийг мунхаг гэж хурцаар шүүмжлэв.

Хераклит цааш нь бясалгаж
- Өгсүүр уруу хоёр нэг л зам.
- Үхэх төрөх хоёр ч ижил юм.

Ерөөс тухайн үеийн ертөнцийн үзэлд, "гэрэл" болон "харанхуй" зэрэг нь тусдаа оршихуй байж.
"Гэрэл" гэх оршихуй, "харанхуй" гэх оршихуй, тэгээд гэрэл харанхуй хоёрын хоорондох тэмцэл.

Харин Хераклитийн ухаанаар сая "гэрэл ба харанхуй" нь нэг үзэгдэл болох нь ойлгогдоно.

- Гэрэл байхгүй болоход тэнд харанхуй болно. Харанхуй гэдэг бол ердөө л гэрэл бага байгаа төлөв. Огтхон ч, харанхуй гэрлийг түлхэн холдуулж, тэнд "харанхуй" ноёлдог юм биш. Тиймээс "гэрэлтэй зөрчилдөх Харанхуй" гэж угаас оршин байдаггүй.

Үнэхээр ч тийм. Гэрэл болон харанхуй нь, нэг үзэгдлийн өөрчлөгдөн буй төлөв төдийхөн зүйл. Тэд бол мөн чанартаа нэг юм. Тэднийг ялгаж салгах нь, хүмүүсийн зоргоороо хийсэн тайлбар.


Тиймээс, "өдөр ба шөнө", "амьдрал ба үхэл", "бурхан ба буг", "хайр ба үзэн ядалт", "сайн ба муу" мэтийн зүйлс ч бас тусдаа ухагдахуунууд бус, нэг ижил зүйлийн хувирсан хэлбэр юм хэмээн Хераклит сэтгэжээ.

(Тиймээс "Хайрыг сонгож, үзэн ядалтыг орхиё" ч гэх юм уу, "Сайн эсвэл муу" гэлцэн шаагилдах хүмүүсийг Хераклит мунхаг хэмээн дорд үзсэн гэдэг.)

Тэгвэл, тэдгээр хувирлуудыг үүсгэж байгаа нь чухам юу вэ?

Хераклит
- Хувирлуудыг бий болгодог нь "ЛОГОС (буюу хууль дүрэм, зарчим)" юм.

хэмээн өгүүлжээ.

Хераклитийн хүрсэн дүгнэлтүүд аль нь ч тун чухал боловч, философийн түүхэн дэхь хамгийн чухал нь гэвэл Логос гэсэн ухагдахууныг гаргаж ирэн "Бурханы оролцоотой ертөнцийн тайлбарыг бүрэн халсан" явдал юм.

Тэрээр:
- Ертөнцийг бурхан, эсвэл өөр хэн нэгэн бүтээчихсэн юм биш. Ертөнц гэдэг бол өөрийн логосын дагуу яг тодорхой хэсэг нь шатаж, яг тодорхой хэсэг нь устаж байдаг, үүрд мөнх хувьсан үргэлжилэх "АМЬД ГАЛ" юм.
гэж хэлжээ.

Ингэхэд энэхүү Хераклит гээч нь, үнэндээ язгууртан гаралтай хүн байсан бололтой. Гэвч ард олныг мунхаг хэмээн ад үзэх тул, дүүдээ өөрийн байр сууриа шилжүүлсэн гэх яриа бий. Үнэн худлыг нь мэдэхгүй.
Харин ямар ч байсан хүнд туйлаас дургүй тул ууланд бүгэн амьдардаг байсан нь бол үнэн.

Тэгээд түүнийхээр бол бусад философичидын онол бол бүгд "хүүхдийн гэнэн санаанаас" хэтрэхгүй гэнэ. Ерөөсөө л өөрөөсөө бусад бүх хүнийг тууштайгаар үгүйсгэн, бүгдийг дорд үзжээ. Тиймдээ ч тухайн үеийн ертөнцийг үзэх үзлийг бут цохихуйц цоо шинэ философийг төрүүлж чадсан биз.

Төгсгөлд нь тэрээр өвчин тусч, эмч ирэхэд нь хүртэл мунхагаар нь дуудан хөөж явуулаад, хожим нь баасандаа хутгалдсан хөөрхийлэлтэй цогцос байдлаар олдсон гэдэг.

Ямар ч гүн гүнзгий философитой бай, хүн гэдэг эцсийн эцэст ганцаараа бол юу ч биш юм гэсэн л яриа юм даа.



Үргэлжлэл - Парменид (МЭӨ 500 он)


No comments:

Post a Comment