Өмнөх - Парменид
(МЭӨ 500 он)
- Эмпедокл
(МЭӨ 450)
МЭӨ 500 оны үед философийн түүхэнд хоёр том суутан төрөв. Хераклит
ба Парменид.
Гэвч!
Хераклит нь
- Оршихуй хувирана.
гэж хэлж
Парменид нь
- Оршихуй үл хувирана.
гэж хэлэв.
Ингээд чанх эсрэг хоёр философи духаараа мөргөлдөх нь тэр.
Дээр нь хоёулангийнх нь яриа тэрүүхэндээ үнэний ортой ч юм шиг
санагдана.
Парменидийн хэлэх "Оршихуй хувирахгүй" гэсэн
философи тун рационаллаг, логиктой мэт. Гэтэл үнэхээр "Оршихуй
хувирдаггүй" юм гэвэл, энэ ертөнц тэр чигээрээ нэг хатуу чулуу шиг хэзээ
хүртэл байсан ч өөрчлөгддөггүй зогсонги болчих ч юм шиг эргэлзээ бас төрнө. Энэ
утгаар нь бодохоор Хераклитийн "Оршихуй хувирана" гэдэг
нь үнэн ч юм шиг...
Нэг ёсондоо
Логикоор бодохоор "Оршихуй хувирдаггүй" юм шиг
хэрнээ,
Мэдрэмжээрээ төсөөлөхөөр "Оршихуй хувирдаг" юм шиг
санагдана.
Философийн түүхэнд энэхүү харилцан эсрэгцэх хоёр философийг нэгтгэх шаардлага тулгарав. Харин үүнийг гүйцэтгэсэн нь Эмпедокл юм.
Эмпедокл нь МЭӨ 450 оны үеийн философич бөгөөд, дээр нь бас яруу найрагч, оточ, ардчилсан төрийг манлайлсан агуу улс төрч ч бас байв. Цаашилбал шившлэгийн урлагт мэргэжсэн шашны мяндагтан байсан гэхчлэн, ер нь бол учир нь олдохгүй нэг нөхөр байж.
Тийн этгээд авъяастан болох Эмпедокл ингэж сэтгэжээ.
- Оршихуй хэрхэвч хувирахгүй. Тэр ч гарцаагүй тийм биз. Усыг
яаж ч жижиглээд усаараа л байж, шороог яаж ч жижиглээд шороогоороо л байна.
Гэтэл бодит байдал дээр, энэ ертөнцөд түмэн зүйлийн биет холилдон оршиж байдаг.
Тийм бол, "ус" болон "шороо" зэрэг
хэрхэвч хувирдаггүй хамгийн жижиг язгуур махбод (элемент) байгаад, тэдгээр нь
өөр хоорондоо нэгдэх задрах байдлаар түмэн зүйлийн биет болон харагддаг гэж
үзвэл ямар вэ?
Ингэж бодвол, Парменид ч Хераклит ч хоюулаа зөв гэж
хэлж болно.
Жишээлбэл, уран зурагт хичнээн солонгорсон олон өнгө
харагдлаа ч, үнэндээ "улаан, ногоон" зэрэг хэдхэн төрлийн үндсэн
өнгөнөөс л бүтдэг. Тэдгээр үндсэн өнгөнүүдийг хооронд нь хольсоноор солонгорсон
олон өнгө болж харагддаг. Харин тэрхүү үндсэн өнгөнүүд болох "улаан,
ногоон" зэрэг бол мэдээж хэзээ ч өөрчлөгдөж хувирахгүй нь тодорхой.
Үнэхээр ч ингэж бодож үзвэл Хераклитийн санаа ч, Парменидийн санаа ч цэвэрхээн гэгч нь цэгцэрчихнэ.
Нэг ёсондоо,
"Оршихуй бол хувирдаггүй мөртлөө, хувирдаг юм шиг
харагддаг" гэх зөрчлийг Эмпедокл
- Язгуур махбодууд (-ын оршихуй) бол хэрхэвч хувирдаггүй.
Боловч, язгуур махбодууд нь олон төрөлтэй бөгөөд, тэдгээр нь хоорондоо нэгдэж
эсвэл задарсанаар, "харагдах байдлаараа" оршихуй нь хувисч бас устаж
байдаг юм.
хэмээн тайлбарлаж болохыг гайхалтайгаар батлан харуулжээ.
Дашрамд хэлэхэд, Эмпедокл язгуур махбод гэж үзсэн нь "шороо, ус, гал, салхи" дөрөв байж. Эртний хүмүүсийн байгалийг үзэх үзэл талаас нь тунгаавал, энэ 4 гарч ирэх нь бараг илэрхий явдал биз.
Тэгээд Эмпедокл хэлэв
- Бүх юмс шороо, ус, гал, салхинаас бүрэлдэж, тэдгээр язгуур
махбод нь хайр болон үзэн ядалтаар нэгдэж бас задарч байдаг.
Энд, нэгдэлийн шалтгаан болгож "хайр", тэгээд задралын шалтгаан болгож "үзэн ядалт" гэх ухагдахуун гаргаж ирж буй нь тун чухал хэсэг юм.
Энд хэлэгдэх "хайр" бол татах хүч, харин "үзэн
ядалт" бол "түлхэх хүч" буюу харимхай хүч гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, олон тооны язгуур махбодууд татах болон түлхэх зэрэг "хүчнүүдийн" нөлөөн дор хөдөлгөөн хийх байдлаар оршин тогтнож буй хялбархан ертөнц.
Яг тэр чигээрээ өнөөгийн бидний ойлгон төсөөлдөг чухам тэр
ертөнцийг гаргаж тавьсан нь, энэхүү Эмпедокл гэгч хүн байсан юм.
Эмпедокл "Пифагорын шашны бүлгэмд" ухаангүй дурлаж, элдэв нууцлаг болгонд татагдсан, хий хоосон хэтрүүлэн төсөөлөгч нэгэн байсан гэдэг. Тэр нь даамжирсаар эцэстээ галзуурч, бурхантай нэгдэхийн тулд галт уул руу үсэрч үхсэн... гэх цуу яриа үлдсэн нь бий.
Үнэн худлыг нь мэдэхгүй ч, ямар ч байсан "Гутлаа тайлаад
зэрэгцүүлж тавьж байгаад үсэрч унан амиа хорлосон анхны хүн" гэдэг
нэрээр түүхэнд үлдэж хоцорчээ.
Ямартай ч
- Хэрхэвч хувирдаггүй ЯЗГУУР МАХБОД нь "хайр (татах
хүч)" болон "үзэн ядалтын (түлхэх хүч)" нөлөөн дор нэгдэж бас
задарч байдаг
гэх түүний санаа нь орчин үеийн шинжлэх ухаантай ч холбогдох чухал
ертөнцийн тухай төсөөлөл болж, хожмын философичидод том нөлөө болсон билээ.
Үргэлжлэл - Демокрит (МЭӨ 420 он)
No comments:
Post a Comment