2014/02/12

Философийн түүх (5р хэсэг)

Өмнөх - Хэраклит (МЭӨ 550 он)
  • Парменид (МЭӨ 500)
- Бүх юмс хувиран өөрчлөгдөнө. Үүрд мөнх үл хувирах оршихуй гэж нэгээхэн ч үгүй.
хэмээн өгүүлсэн Хэраклиттай нэгэн цаг үед.

Философийн түүх бас нэгэн суутныг төрүүлэв.
Парменид байв.

Түүний гаргаж ирсэн философи бол
- Бүх юмс үл хувирана. Бүгд үүрд мөнх, үл хувирах оршихуй юм.

Яг тийм, Хэраклитийн философийн чанх эсрэг санаа.

Дээр нь Парменид нь сурвалжит гаралтай, өндөр суртахуунт нэгэн байсан тул эргэн тойрны хүмүүстээ хүндлэгдэж, атаархам сайхан амьдарч байснаас нь "Парменид шиг амьдрал" гэдэг хэлц хүртэл гарсан гэдэг.

"Харанхуйн хүн" гэгдэх Хэраклитаас чанх эсрэг.
Мэдээж ийм хоёр эсрэг тэсрэг хүмүүс хоорондоо учраа олно гэж юу байхав.

Хэраклитийн
- Бүх юмс хувиран өөрчлөгдөнө. Бодитой зүйл гэж хаана ч байхгүй.
гэх философи нь Парменидийнхээр бол
- Наадах чинь ердөө л чиний өнгөц мэдрэмж юм шдээ. Өөрт санагдсанаа дагуулаад амандаа орсоноо хэлж буйгаас цаашгүй.
юм гэнэ.

Ерөөс төдийг хүртлэх философичид өөрсдийнхөө мэдрэмжийг дагуулаад
- Бүх юмсын анхдагч нь ус...       юм шиг байна.
- Үгүй ээ, агаар хатуурсанаар юмс бий болсон...    байх аа.
гэх зэргээр санаанд орсоноороо л ярьцгааж ирж.

Иймэрхүү "мэдрэмж, мэдрэхүйндээ" захирагдсан урьдын философиудыг Парменид шууд л
- Иймэрхүү юмсад итгэх арга алга.
гэж хэлээд, бүгдий нь үгүйсгэсэн гэдэг.

Нэг ёсны
- Та нөхдүүдийн наад өнгөц мэдрэмжийн онолуудаас чинь бүр залхаж гүйцлээ.

Тийм бол юунд итгэж болох хэрэг вэ?

Парменид хэлнэ
- Хүн бол мэдрэмжиндээ найдах бус, оюун ухаанаараа логикоор сэтгэх ёстой юм.

Жишээлбэл, энд алим байна гэж бодъё.

Энэ алимыг дундуур нь хуваая.
Тэгээд, нэг талыг нь дахин дундуур нь хуваая.
Ахиад тэрийгээ таллан хуваая... гэсээр цааш нь давтан үргэлжлүүлэе.
Тэгээд байвал нэг л мэдэхэд алимны хэлтэрхий жижигхэн болсоор, эцэстээ нүдэнд үзэгдэхгүй болж орхих биз.

Заа тэгтэл, хэрвээ мэдрэмжиндээ захирагдах аваас "алим алга болчихсон" юм шиг санагдана.

Харин оюун ухаанаа дагавал
- Үгүй, алим жижигхэн болсон л болохоос, алга болсон юм биш. Хичнээн ч хуваалаа гээд улам л жижигхэн болно уу гэхээс, байхгүй болно гэж хэрхэвч үгүй.
гэсэн дүгнэлтэнд хүрэх учиртай.

Парменид чухам яг энэ дүгнэлтийг чухалчилсан байна.
- Энэ дүгнэлт бол оюунлаг бөгөөд логиктой, мөн аль ч цаг үед, аль ч улс оронд хүчин төгөлдөр биелэх болно.
гэж үзэв.

Мэдрэмжээ дагавал
- Хүн тус бүрийн хувьд янз бүрийн ярианууд биелэх боломжтой. Тийм зүйлс бол сэжиг бүхий.

Харин оюун ухаанаа дагавал
- Нэг зүйлийг хичнээн ч хуваасан жижигхэн болох төдийд, алга болох явдалгүй.
гэсэн НИЙТЛЭГ ДҮГНЭЛТ гарч ирнэ.
- "БАЙГАА" юм "БАЙХГҮЙ" болохгүй.
гэсэн абсолют дүрэм мөрдөн гарна.

Энэ мэтээр Парменид нь логикоор сэтгэн бясалгасаар
- Байгаа юм үүрд мөнх оршиж, байхгүй юм үүрд мөнх оршихгүй.
- Байхгүйгээс юу ч бий болохгүй.
- А бол А бөгөөд, А-аас өөр юм болохгүй.
гэх зэрэг, тун үндэслэл бүхий логиктой филосифийг бий болгов.

Тиймээс, Хэраклитийн "Бүх юмс хувиран өөрчлөгдөнө" гэх санаа бол, мэдрэмжиндээ тулгуурлавал үнэн боловч, логикт тулгуурлавал "БАЙХГҮЙ-ээс БАЙГАА үүснэ" гэж байгаатай адил NONSENSE яриа болж хувирна.

- Жинхэнэ бодит оршихуй бол алга болох ч явдалгүй, өөрчлөгдөх ч явдалгүйгээр үүрд үргэлжлэн оршино.

Паменид бол философийн түүхэнд анх удаа "Логикоор сэтгэх"-ийг оруулж ирсэн хүн билээ.

Үргэлжлэл - Эмпедокл (МЭӨ 450 он)

1 comment:

  1. Гоё блог бна Амжилт хүсье Зав гарахаар уншнаа

    ReplyDelete