2020/12/21

Үхэл гэж юу вэ? - Үхэл яагаад муу вэ?

Өмнөх - Үхэл гэж юу вэ?


Үхэл яагаад, хэрхэн муу вэ?


Эхлээд ярилцах эргэлзээ бол үхэл яагаад, ямархуу байдлаар муу вэ. Яадаг ч бай, ихэнх хүмүүс “Үхэл бол муу (эсвэл үгүйдээ л хэрвээ үхэл үнэхээр төгсгөл байсан бол муу байх байсан)” гэж сэтгэлийнхээ угаас итгэдэг гэж би бодож байна.

Тиймээс юуны өмнө, бидний ихэнх маань боддог шигээр үхэл үнэхээр муу юу, хэрэв тийм бол тэр нь үхлийн ямар шинж чанараас болоод тэр вэ гэдгийг эхлээд асуух шаардлагатай.

Энэ эргэлзээний тухай тунгаах үедээ миний бие махбодын үхэл нь бие хүн бүхий хүний хувиар оршин байх миний төгсгөлийг илэрхийлнэ хэмээн хялбарчлан авч үзэхээр тогтъё.

Үхэл бол миний төгсгөл. Гэвч тэр үнэн бол үхэх нь яагаад миний хувьд муу байж болох вэ? Яадаг ч бай, нэг л үхчих юм бол би нэгэнт оршин байхгүй болно. Хэрвээ би оршин байхгүй болбол миний хувьд үхсэн байх нь яагаад муу байж болох билээ?

Мэдээж үхлийн дараа ч оршин үргэлжилнэ гэж үзэж байсан бол үхлийн муу талууд санаа зовоохыг сайн ойлгох сон. Жишээ нь сүнсний оршихуйд итгэдэг бол үхсэний дараа сүнс минь яах бол гэж санаа зовох нь ч аргагүй. Диваажинд залрах болов уу, тамд унах болов уу? Үхчихвэл ямар аймшигтай зүйлтэй учрах бол гээд бөөн айдаст автаж ч мэднэ. Тиймэрхүү эргэлзээнүүд бүх талаараа учир утгатай.

Тэгтэл эсрэгээрээ хэрвээ үхэл үнэхээр бүхний төгсгөл бол (тэгээд мэдээж хэрэг энэ бол миний баримталж буй байр суурь) үхэл үнэнээсээ тухайн хүндээ муу байх учиргүй гэж санагдана. Би үхээд нэгэнт оршин байхаа больчихсон бол юу ч миний хувьд муу байх учиргүй гэх нь ойлгомжтой биш үү?


Үхэл юунаас ч илүүтэй “үлдэж хоцрогсдын хувьд муу” зүйл?


Хүмүүс энэ санаанд хандаж дараах байдлаар хариулах нь бий.

Үхэл бол үхсэн хүнийхээ хувьд муу зүйл биш ч үлдсэн хүмүүсийн хувьд муу, гэж. Нэг хүний (Фред гээд нэрлэчье) үхэл Фредийн хувьд муу зүйл биш. Харин төдийг хүртэл Фредийг хайрлаж байсан, үүнээс цааш Фредгүйгээр амьдрахаас өөр аргагүй болсон хүмүүсийн хувьд муу. Түүний үхэл гэр бүл болон найз нөхдийнх нь хувьд муу.

Хэн нэгэн үхвэл бид түүнтэй цааш харилцах боломжоо алдана. Тэр хүнтэй ярилцаж, хамтдаа цагийг өнгөрүүлж, кино үзэж, жаргах нарыг тольдож, инээлдэн хөгжилдөж нэгэнт чадахгүй. Зовлонгоо хуваалцаж, зөвлөгөө авч ч чадахгүй. Тэр хүнтэй холбогдож нэгэнт чадахгүй. Хэн нэгэн хүн үхэхэд тэр мэт боломжууд бүгд алдагддаг.

Тэгээд тэр нь үхлийн хамгийн муу тал байж ч магадгүй. Үхэхээр тухайн хүн нь юу болох нь бол асуудал биш. Үхэл тухайн хүндээ муу биш. Үхлийн муу тал нь үлдэж хоцрогсдыг гашуудалд автуулдагт оршино.


Эртхэн хэлээд орхиход, эрхэм нандин хүнээ алдахдаа мэдэрдэг өвдөлт гашуудлын хүнд хэцүүг басамжлан доош хийх санаа надад өчүүхэн ч байхгүй. Үхэл бол биднээс (үлдэж хоцрогсдоос) найз нөхөд болон хайртай хүнийг минь булааж оддог. Энэ бол гарцаагүй үхлийн талаарх чухал бөгөөд маш муу шинж мөн.

Үүн дээр уг санааг төвийлгөн тодотгох нэгэн шүлгийг сонирхуулъя. Германы яруу найрагч Фридрих Готлоб Клопштокийн “Хагацал” шүлгийн хэсгээс.


Гашуудлын цуваа өнгөрөхөд

Гөлрөн гацаж орхилоо та

Үхдэл хараад айгаа юу? “Үхдэл үү”

Өөр юунаас айгаа вэ? “Үхэхээс”

Тэгвэл надад үхэл ч аймар биш байна

Тэгээд юунаас ч айгаагүй хэрэг үү?

Тийм биш ээ, айлгүй яах вэ. Юунаас?

Дотны андаасаа хагацахаас айлаа

Үлдээгээд одохоос ч айлаа

Үлдэж хоцрохоос ч айлаа

Гашуудлын цуваа өнгөрөхөд

Гөлрөн гацсан танаас ч илүүтэй

Голт зүрхнийхээ гүнээс айлаа


Клопштокийнхоор бол үхлийн тухайд хамгийн аймар нь найзаа алдах явдал бололтой. Тэд үхвэл тэднийг алдана. Тэгээд сая өгүүлсэнчлэн энэ бол үхэлтэй холбоотой хамгийн муу шинж бөгөөд тэрийг басамжлан үл ойшоох санаа надад өчүүхэн ч алга.

Гэвч энэ санаа үхлийн голлох мууг оноод хэлсэн гэж санагдахгүй байна. Үхэл муу болохыг нотолсон хамгийн том факт энэ байх учиргүй. Тиймээс үүнийг үнэмшихийн тулд дараах хоёр түүхийг харьцуулж үзнэ үү.


Нэгдүгээр түүх. Танай найз удахгүй сансрын хөлөгт суугаад хаа холын одны системийг судлахаар аялалд гарах гэж байна. Найз чинь урт удаан сар жилээр дэлхийг орхино. Үнэндээ сансрын хөлөг буцаж иртэл дор хаяж 100 жил болно (найз чинь гэрлийн хурдтай ойролцоо хурдаар явах тул 10-аадхан л наслах боловч, та нар бол аль хэдийнэ үхчихсэн байна). Сансрын хөлөг хөөрснөөс 20 минутын дараа дэлхийгээс сүлжээт холбоо тасарч, буцаж иртлээ дахин холбогдохгүй нь бүүр ч онцгүй.

Ийнхүү найзтайгаа ахиж сэтгэлээ хуваалцах боломж үүрд алдагдах гэж байна. Энэ бол гунигтай явдал. Та бүхэн цор ганц найзаа алдах гэж байна. Түүнтэй дахиж ярихгүй, түүнээс үг сонсохгүй, тусламж ч авч чадахгүй. Өөрийнхөө сонин сайхныг түүнд хуваалцаж, түүнээс сонин сонсох явдал ахиж хэзээ ч тохиохгүй.

Шулуухандаа бол Клопштокийн өгүүлж байсан чухам тэр төрлийн хагацал. Цочирдмоор аймар бас гунигтай. Энэ бол нэгдүгээр түүх.


Хоёрдугаар түүх. Сансрын хөлөг хөөрч, түүнээс хойш 25 минутын дараа эмгэнэл тохиох нь тэр. Аймшигтай осол сансрын хөлөгт гарч, таны найзыг оруулаад багийн гишүүд бүгд газар дээрээ амиа алдав.


Миний хувьд хоёрдугаар түүх нь илүү муу гэж санагдаж байна. Гэвч илүү муу гэж яг юуг нь хэлнэ вэ? Лав л хагацал тэрийг илүү муу болгосон байх учиргүй. Мэдээж хоёрдугаар түүх дээр ч бас хагацал тохионо л доо. Ахиж та нар тэр найзтайгаа холбогдохгүй. Найз чинь ч бас та нартай холбогдохгүй. Гэхдээ тэр нь нэгдүгээр түүх дээр ч адилхан байсан. Хоёрдугаар түүх нь илүү муу гэж хэлэхийг хүсвэл (бодитоор муу болох нь эргэлзэх юмгүй илэрхий гэж бодно) тэр нь хагацал биш. Муу нь танай найз үхчихсэн гэх факттай холбоотой. Илэрхийгээр тэр бол та бүхний хувьд ч илүү муу хэрэг. Эрхэм нандин найз чинь юм чинь.

Гэвч найзынхаа үхэлд мэгшин гашуудах шалтгааны тайлбарыг лавтайяа найзын чинь хувьд үхэл муу байсан гэх фактаас олж гаргах ёстой байх.

Тэгээд найзын чинь хувьд муу байсан нь зүгээр л хагацлын асуудал биш. Яагаад гэвэл нэгдүгээр түүх дээр ч бас хагацал аль хэдийнэ агуулагдаж байгаа шүү дээ. Та нар найзтайгаа холбоо барих боломжгүй байсны адилаар найз чинь ч та нартай холбогдох боломжгүй байсан.


Хэрвээ үхэл муу болохын хамгийн гол шалтгаан юу болохыг ойлгохыг хүсвэл хагацал болон үлдэж хоцрогсод гэх мэт факт дээр төвлөрөх ёсгүй гэж санагдана. Бид, үхэж буй тухайн хүндээ үхэл хэрхэн яаж муу байж болох талаар эргэцүүлэх шаардлагатай. Тухайн хүндээ муу байх нь үхэл муу байх гол шалтгаан бөгөөд чухам тэр л одоо миний та бүхэнтэй хамт анхаарлаа хандуулах гэж буй тал юм.

Тэгэвч, тийшээ анхаарлаа хандуулсан төдийд зөв зүг рүү чиглэж чадсанаас биш асуултынхаа хариултанд хараахан хүрээгүй байна. Үхэл бол үхэж буй хүнийхээ хувьд муу зүйл гэх нь хэрхэн яаж үнэн байж болох вэ? Миний үхэл, эсвэл би ирээдүйд үхнэ гэх факт чухам ямар байдлаар надад муу байх вэ?


Жинхэнэ муу нь “үхэх процесс” эсвэл “гунигтай бодол” уу?


Үхэл тухайн хүндээ яагаад муу байж болох талаар тунгаахаас өмнө өөрийгөө юу асууж буйгаа тодорхой болгох нь чухал. Тодорхой хэлбэл, бид үхэх процесст муу зүйл байж болох эсэх, эсвэл муу зүйл яагаад байж болох талаар асуусан юм биш. Үхэх процесс өвдөлтийг дагуулдаг гэдэг дээр огт маргах санаа байхгүйн дээр тэнд нууцлаг зүйл байхгүй байх гэж бодно.

Жишээ нь би нэг өдөр бенгалын баранд бариулаад тасар татуулсан гэе. Хэрвээ тэгвэл үхэх процесс дотор арзайм аймшигтай байх биз. Итгэхийн аргагүй өвдөлтийг дагуулж таарна. Тиймээс үхэх процесс миний хувьд туйлаас муу зүйл байж болно гэж хэлэх нь илэрхий логиктой байна.

Гэвч зэрэгцээд тухайн процесс өөрөө аймшигтай өвдөлт мэдрүүлдэг зүйл байх ч юм уу, өөр ямар нэг хэлбэрээр миний хувьд муу байх зайлшгүй шинж байхгүй болохыг ч хүлээн зөвшөөрөхгүй бол болохгүй. Яадаг ч бай, би унтаж байхдаа ч үхчиж болно шүү дээ. Тэр тохиолдолд үхэх процесс өөрөө муу зүйл болж чадахгүй. Ямартай ч бид өөрсдөө үхэх үедээ ямар аймар өвдөлт мэдрэх бол гэж түрхэн зууртаа санаа зовж магадгүй ч, өөрийгөө тэртэй тэргүй үхнэ гэсэн цаад факттай нүүр тулах үед өвдөлт мэт нь бидний ихэнхийн маань хувьд хамгийн том зовнил биш болно гэж бодож байна.


Мэдээж үхнэ гэсэн хэтийн төлвийг тавгүйрхэн мэдрэх хүмүүс ч олон. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хувьд өөрийн үхэлтэй холбоотой таагүй зүйлсийн нэг нь өөрийгөө ирээдүйд үхнэ гэх фактаа урьдчилан хардаг болохоороо яг одоо түүндээ тавгүйрхэх явдал.

Гэвч энэ ч бас үхлийн талаарх муу зүйлсийн дотроо голлох муу нь байх боломжгүй. Яагаад гэвэл өөрийн үхэл хэмээх хэтийн явдал өөрт онцгүй эсвэл тавгүй зүйл байхын тулд үхэл өөрөө муу зүйл байх шаардлагатай. Өөрийгөө ирээдүйд үхнэ гэж бодох үед айдас болон тавгүйтэл, санаа зовнил, харуусал, шаналал, өөр бусад юу ч бай одоо миний мэдэрч байгаа тэр зүйлийг мэдрэхийн тулд үхэл өөрөө миний хувьд муу зүйл гэсэн бодол эхэнд нь байснаар сая логиктой болно. Үгүй бол өөрийгөө үхнэ гэдгээ бодох үед айдас тавгүйтэл, зовлон шаналал, өөр юу ч бай яг одоо миний мэдэрч буй тэдгээр зүйлсийг мэдрэх нь ойлгомжгүй болох биз.

Би та нарт хандаж “Маргааш чамд нэг юм тохиолдоно, гэхдээ тэр бол ямар ч эргэлзээгүй хамгийн гоё, яг л зүүд шиг, ширхэг болзолгүй гайхамшигтай зүйл” гэж хэлсэн гэе. Тэгтэл та нар ингэж хариулж.

“Тийм үү, нээрээ л тэгэх байх даа. Тийм болохоор бүүр хэлэхгүй байж чадахгүй нь ээ. Тэрийг бодохоор л айж түгшээд зүрх савлаад яахаа мэдэхгүй байна.”

Энд ямар ч авцалдаа алга. Айж түгшээд зүрх савлаад яахаа мэдэхгүй болох нь тэрхүү хүлээж буй зүйл, урьдчилан харж буй зүйл нь өөрөө муу зүйл байх тохиолдолд л тэгнэ. Жишээ нь, шүдний эмнэлэгт аймшигтай өвдөлттэй учирна гэж бодвол шүдний эмнэлэг явахаасаа байдгаараа айх нь ч аргагүй. Харин шүдний эмнэлэгт нөхцөөх хугацаа өөрөө тааламжгүй биш бол тэрийг урьдчилан харж айх нь ойлгомжгүй болно.


Бүрэх эхээр нь МПЛАС-аас уншаарай.

1 comment:

Muk said...

Bayrlaaa

Post a Comment