2020/11/11

Мөрөөдөл биелдэг ЗАА!н (4-р хэсэг)

Өмнөх - Мөрөөдөл биелдэг ЗАА!н (3-р хэсэг)

3.

Дараах өдрийн өглөө. Гал тогоондоо өглөөний цайгаа бэлдэж байтал том өрөөнөөс хоолой сонсогдов.

- Гүй ээ тэгээд, өчигдөр хэдийг өглөгт өгөв?

Би хайруулын тавган дээр шарж буй өндөгнийхөө болцыг ажиглан байж хариулав.

- 500 төгрөг.

Паа, цацаад хаяжээ хаха гээд Ганеша инээв.

Ямар ч байсан Ганешагийн үгэнд орж өглөг өгч үзлээ. Гэхдээ яагаад ч юм юунаас ч юм санаа зовсондоо урьд нь явж байгаагүй замаараа явж, хэзээ ч урьд нь таарч байгаагүй гэсэн хүндээ өглөг өгсөн.

- Тэгээд сэтгэгдэл ямар байв даа?
- Ямар ч гэх юм, нэг тийм… ичингүйрэл мэдэрсэн гэх үү.
- Өө тэгээд эхэндээ жаахан тэгэх л байх. Гэхдээ цааш цаашдаа өөрийн чинь 500 төгрөг бусдыг баярлуулна гэсэн бодлоор өглөг өгдөг юм шдээ! Бусдад тусална гэдэг чинь ямар гайхамшигтай вэ гээд өөрөө өөртөө ухуулангаа. Гэснээс цай болж байна уу?

Ганеша зүүн гартаа сэрээ, баруун гартаа хутга барин нааш ширтэнэ. Тэр байтугай энгэртээ боловсон гэгч нь алчуур зүүчиж. Би шарсан өндгөө таваглаад, Ганешагийн сууж буй ширээн дээр зөөж тавив. Тэгсэн Ганеша өмнөө тавьсан өндгийг хармагцаа бараг цочихын наагуур гайхан харав.

- Гүй ээ энэ чинь? Гүй ээ гүй ээ энэ чинь??
- Я, яасан? юу болсон?
- Хиам нь хаана байгаа юм?
- Аан, хиам харин байдаггүй ээ, уучлаарай.
- Арай ч дээ, үгүй байлгүй дээ?
- Ёстой уучлаарай, маргааш яг авчирна аа.

Гэсэн ч Ганеша хутга сэрээгээ ширээн дээр зөөлөн тавиад “За хө, ингэж ч ярихгүй шүү” гэснээ урьд хожид үзүүлээгүйгээр ноцтой царайлав.

- Өдийг хүртлэх миний сургаалуудыг мартаад ч хамаагүй, энийг л тогтоогоод ав. Шарсан өндөг, хиам хоёр хоёулаа байж байж сая “брэк фаст” болдог юм. Аль нэг нь байхгүй бол юу болох юм? Брэк үү? Брэк гэж юу юм?

Хар өглөөнөөс эхлээд олон долоон юм шаардаад унах чинь. Ганц муу хиам л биз дээ? Тэгээд ч ер нь энэ муу одоо хаанахын бурхан юм бэ? Үхсэний чинь “брэк фаст”!

Хэсэгхэн зуур Ганеша бид 2 өөд өөдөөсөө муухай ширтэлцэж байснаа, Ганешагийн ходооны шоролзтол хоржигнох чимээгээр хоёр тийш нүдээ буруулав. Ганеша сэрээг шарсан өндгөнд зоомогц шурдхийн залгиж орхив. Тэгснээ нүднийхээ булангаар над руу хараад

- Гүй ээ, чи чинь юм идэхгүй юм уу?
- Өглөө угаасаа хоолны дуршил байдаггүй юм аа.
- Муу шүү, өглөөний цайгаа яс уухгүй бол.

Ганешагийн үгийг сонсоод, саяхан телевизээр харсан нэвтрүүлэг зурвас санаанд оров. Өглөөний цайгаа уувал ажлын бүтээмж өндөрсдөг ч билүү, тиймэрхүү юм ярьж байсан шиг санагдана.

Энэ үед надад хөнгөн совин татаад явчив. Аягүй бол Ганешагийн дараагийн даалгавар “Өглөөний цайгаа заавал уух” болж таарах нь дээ. Би Ганешагаас асуув.

- Сая та өглөөний цайгаа уухгүй бол болохгүй гэсэн нь ямар учиртай юм бэ?
- Гүй яахав, чиний хоолны дуршил сайжирвал миний цэс ч бас дээрдэх юм болов уу л гэж бодоод.

=== Өөрийнхөө төлөө хэлсэн юм уу??? =3333

Ганеша жавир жавир талх зажлаж байснаа гэнэт санасан янзтай асуув.

- Нээрээ чи өдрийн хоолоо яаж болгодог юм?
- Өдрийн хоолыг ажлын ойролцоо гуанзанд л идчихдэг.
- Хэр их идэх үү?
- Хэр их гэж, ердийн хэмжээгээр л иддэг шд. Гарч ирснийг нь л идчихдэг.
- Тийм үү?

гээд Ганеша эрүүгээ имрэн байж хэлэв.

- За тэгвэл өнөөдөр ходоодондоо хоёр хуруу зайтай идэж үзэх үү дээ?
- Юу гэсэн үг вэ, тэр нь?
- Яахав дээ, чи ходоодныхоо хэмжээг уртаашаа 10 хуруу гээд бодчих. Тэгээд хоол идэхдээ 2 хуруу зай үлдээж бай гэж байгаа юм.

гэж хэлээд аягатай кофег залгилж гарав.

- Чи ер нь хараад байхад туранхай хэрнээ барахгүйн зовлонгүй идэх юм. Яаж тэгж иддэг байна аа?
- Яаж ч гэх юм. Угаасаа л хар багын аав ээжээсээ хоол үлдээж болохгүй гэсэн хүмүүжлээр өссөн дөө. Тэгээд ч хоол үлдээхээр нэг л хайран санагдаад байдаг юм.
- Мөөн мөн. Нэг бодлын тийм л дээ. Хоол хийж өгсөн хүнд, хоол болж байгаа амьтан ургамалд талархалгүй л яахав. Гэхдээ байна шүү, ер нь бол та нар хэт их идээд байна. Их идэх биед ч муу, нойр ч хүрнэ, анхаарал төвлөрөл ч саарна. А бас унтахын өмнө хэт идвэл өглөө сэрэхэд зовлонтой байдаг юм. Өөрөө өглөө босож чаддаггүй чинь тэрэнтэй холбоотой байж мэднэ шүү!?

Нээрээ шөнө дунд гэдэс өлсөхөөрөө хөргөгчөө цөлмөөд тавьчихдаг. Тэгээд тэр чигтээ унтахаар маргааш нь босох гэж зовох явдал байнга давтагдана.

Ганеша нэмж хэлж байна.

- “Мангас мэт идвээс мянган өвчинд шаналмой”. Манай нэг гал хамын хэлсэн үг дээ. Их идэлт янз бүрийн өвчний шалтгаан болно оо гэсэн сургаал.
- Таны гал хам гэв үү?
- Аан, Шагжамүни гэдэг юм.
- Шагжа…?
- Тийм ээ. Нээрээ цаадахтай чинь ойрд уугаагүй юм байна шүү.

Өө заза, архины найзууд юм байх даа?

Ганешагийн үгэнд аанай л хагас итгэж хагас эргэлзэх миний дэргэд Ганеша ажиг ч үгүй цааш үргэлжлүүлэн ярина.

- Яахав дээ, ходоодондоо хоёр хуруу зай үлдээ нтр гээд жижигхэн асуудал шиг сонсогдох л байх. Гэхдээ чи үүнийг өнөөдрөөс эхлээд байнга мөрдөөд нэг үз дээ. Ямар ч их идмээр байсан заавал 2 хуруу зай үлдээх юм шүү. Тэгж өөрөө өөрийгөө удирдахаас таашаал авч сурвал амьдрал тэр хэрээр өөрчлөгдөнө л гэж мэд.

Тэгснээ Ганеша хоосорсон талхны сав өөдөөс сарвайв. Тэгэхэд түүний хэлсэн үгийг сонсоод би чихэндээ ч итгэсэнгүй.

- Алив, ахиад дүүргээд өгөөч.

Би Ганешагийн цүдийсэн гэдсийг ширтэн байж асуув.

- Та, ингэхэд, хоёр хуруу зай үлдээдэг юм уу?
- Гүй чиш, тултал иднэ. Дандаа 12 хуруу хавьцаа.
- Айн? Яагаад?
- Чи ч нээрээ хонгио юм аа, хонгио юм.

Ганеша “Чүү” гэж өндийн босоод гал тогооны шүүгээнээс талх гаргаж ирснээ өөрөө зүсэж гарав.

- Аан гэж бай. Би за юу, би албаар тэгж их иддэг юм. Үнэндээ оогт идмээргүй байсан ч хүчээр их иддэг юм, за юу. Яагаад гэж бодно? Яагаад гэвэл “Ийм болж болохгүй шүү” гэдгийг өөрөөрөө та нарт үлгэрлэн харуулах гэж тэгдэг юм, мэдэв үү!

Тэгснээ Ганеша зүссэн талхаа мангас аятай ам руугаа чихэж гарав. Аль байдгаараа яаран сандран ховдоглохыг нь харж зогсохоос өөр юу ч хийж чадсангүй. Хэдхэн хормын дараа хооллож дууссан Ганеша цоргитол наашаа харснаа

- Харж байна уу? Над шиг ийм болчихвол тэгээд бүх юм дуусаа шүү дээ!

гэж хэлэв үү үгүй юү шалан дээр өнхрөөд өгөв. Тэгснээ шууд залгуулаад пор пор хийтэл хурхирсаар унтаж гарах нь тэр. Үүнээс илүү томрохооргүй болтлоо хийлэгдсэн мэт цүдгэр гэдэс нь Ганешагийн амьсгалыг даган алгуурхнаас дээш доош болохыг харж зогсох дор өөрийн эрхгүй ийм бодол толгойг минь эзэмдэн байлаа.


Би багшаа буруу сонгочиж ээ!


Ганешагийн даалгавар:

Хооллохдоо ходоодондоо хоёр хуруу зай үлдээх




1 comment:

N said...

Ganeshagiin hicheeliig tesen yadan huleedeg bolloo shu.

Post a Comment