2012/09/21

Араар тавих

Араар тавих гэхээр юу юугүй л зугаа цэнгэл, завхайрал, садар самуун төсөөлөгддөг үү?
Энэ бол гүзээлзгэнэ гэхээр жимс санаанд ордогтой адил, хувь хүний өнгөц сэтгэгдэл төдий л зүйл. Үнэндээ бол гүзээлзгэнэ чинь жимс биш ногоо юм.
Бид иймэрхүү асуудалд зөвхөн сэтгэлийн хөөрлөөр ханддаг буюу бодит байдлыг мэдэхээс үргэлж зугтааж байдаг.
Харин шинжлэх ухаанчаар нүүр тулан харвал араар тавих явдал нь тийм ч энгийн шалтгаантай, илт муу сэтгэлээс үүдэлтэй, хүний ёсноос ангид үйлдэл гэж хэлэхээргүй төдийгүй, цаагуураа байгалийн болон нийгмийн олон хүчин шалтгаантай, бас үгүйсгэж боломгүй олон ач холбогдолтой үзэгдэл билээ.

Нөхрүүд араар тавих шалтгаан

Биологи талаасаа бол, нөхрүүдийн араар тавьдаг шалтгаан нь, байгалийн зөнгөөрөө үр удмаа олныг үлдээхийг эрмэлздэгт байдаг бололтой. Олон үр удам үлдээе гэвэл заавал зөвхөн эхнэр гэлтгүй хэн ч байсан болно шүү дээ. Харин эхнэрийн хувьд бол илүү сайн үр удам үлдээх гэсэн зөнгөөрөө, нөхрөөсөө илүү гэж бодсон эртэйгээ явалдахыг хүсдэг бололтой.

Хүн гээч амьтан хэд ч насалдаг бай сэтгэлд нь үргэлж хайр гээч эмоц гал мэт оршин байж, түүнийгээ ямагт дүрэлзүүлэхийг эрмэлзэж явдаг зөнтэй юм гэнэ. Гэсэн ч гэр бүлийн амьдрал гэгч яг л халуун сав шиг хором хормоор дулаанаа алдаж байдаг. Хамтын амьдралд хосууд бие биедээ өөрийн эрхгүй дасан ижилсэж, тэр хэрээр мэдрэх мэдрэмж нь ч мохон суларна (Яг л кимчи идээд байвал сүүлдээ халуун гэж санагдахаа болихтой адил). Ингээд нөгөө дүрэлзсэн хайр нь цурманд орж байгаа юм. Гэсэн ч дээр хэлсэнчлэн хайраа дүрэлзүүлэх байгалийн зөнгөөрөө шинэ өдөөгч хайж эхэлнэ ээ.

Ядаж байхад нөхрүүдийн бэлгийн дур хүсэл төсөөлснөөс хамаагүй хүчтэй. Хамтын амьдрал нэгэн хэвийн, эхнэр нь гэрийн ажил хүүхэд асрахаас давж торойхгүй болохын хэрээр нөхрүүд өөрсдөө ч мэдэлгүй бэлгийн хүслээ хангах гэж бачууран тэмтчих болно. Ийм байдалд орсон эрчүүдийн эргэн тойронд түүнийг хүндэлж үнэлдэг гадны эмэгтэй гарч ирвэл түүнтэй харилцаа тогтоохоос буцахгүй. Гэхдээ харилцаа тогтоох гэнгүүт л юу юугүй юу яана гээд ойлгочив. Ерөөс эрчүүд хэвийн үедээ ч аль болох олон эмэгтэйтэй харилцаатай байж, орчин тойрондоо нөлөөтэй байхыг эрмэлздэг байгалийн зөнтэй амьтан. Тэд ид хайрандаа буцалж байх тэр үедээ ч шинэ хүнтэй танилцахаас буцдаггүй нь, яг л хүүхдийг инээж байхад нь чимхсэн ч "яаая" гэж орилдогтой ижил рефлекс билээ.

Эхнэрүүд араар тавих шалтгаан

Хүний биед зайлшгүй шаардлагатай эр гормон эм гормон гэж бий. Хоёулаа аль ч хүйсний хүнд байх боловч, эрэгтэй хүнд эр гормон, эмэгтэй хүнд эм гормон түлхүү байдаг. Estradiol гэдэг эм гормон, эмэгтэй хүний бие гүйцэхээс цэвэршиж дуусах хүртэлх хугацаанд тогтвортойгоор оршин байдаг. Энэхүү Estradiol гүйгээр хүн төрөлхитөн өсөн үржихийн тухай ярихын ч хэрэггүй. Харин энэ гормоныг тархи удирдах нь байтугай, эсрэгээрээ энэ гормон тархинд нөлөөлөх хүчтэй гэнэ. Эмэгтэй таны эрүүл мэндийг хэвийн төлөвт байлгахын төлөө бие даасан үйл ажиллагаа явуулж, шаардлагатай үед тархинд хүртэл нөлөөлнө. Тэр таныг гадны хүнтэй унт гэж ятгахаас ч сийхгүй.

Сэтгэлзүйн хувьд эмэгтэй хүний дотор хаа нэгтээ, араар тавих юмуу нөхрөө эзгүйчлэх төрөлхийн хүсэл үргэлж байдаг бололтой. Гэвч эрчүүдээс ялгаатай нь тэд яг ч секс биш, харин нөмөр нөөлөг, эр хүнтэй хамт байх тэр орчинг илүү хүсдэг. Эмэгтэйчүүд аман дээрээ завхайрал хийгээд араар тавилтыг эгдүүцэн жигших боловч, сэтгэлзүй нь эсрэгээрээ байдаг. Тэд үргэлж хайр халамж, нөмөр нөөлөг, аюулгүй тайван байдлыг эрэлхийлэх тул сэтгэл тавгүй, амьдрал асуудалтай болохын хэрээр "нууцаар амраглах" хандлагатай болдог. Харин эрчүүд тэднээс ялгаатай нь хэзээ ч нууц амрагаасаа хайр халамж аврал хүсдэггүй, ердөө л бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл төдий үздэг.

Араар тавих хандлага

Дээр хэлсэнчлэн эмэгтэйчүүд ажил үйлс нь уруудах, амьдралаасаа аз жаргал болон аюулгүй тайван байдлыг мэдрэхээ болихоороо явалдах магадлал өндөрсдөг бол, эрчүүдийн хандлага харин ч эсрэгээрээ. Ажилдаа амжилттай, тушаал дэвшиж, амьдрал нь жигдрээд, өөртөө итгэлтэй жавхайгаад байхын хэрээр л хөлөнд нь жороо ороод явчихдаг талтай. Үнэхээр ч эмэгтэй хүний нүдээр харахад өөртөө итгэлгүй, унхиагүй, ажил нь явцгүй эр хүн яаж ч сайхан харагдах билээ. Яг энэ шалтгаанаар эрчүүд ч сэтгэл санаа тогтворгүй байхын хэрээр араар тавихын тухай боддог ч үгүй байна.

Араар тавих магадлалтай эрчүүд голцуу сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдаг. Бүхнийг тархиараа шийдэх гэдэг эрчүүд явалдах боломж гарсан ч "байз, би чинь гэр бүлтэй" гэж бодоод л өөрийгөө хазаарлачихна. Ийм эрийг ерөнхийдөө "сайн хүн" гэх боловч, өөр үгээр бас "уйтгартай эр" ч гэх нь бий.

Эхнэрийн хувьд гэвэл араар тавих хандлагад нөхрийн нөлөө их. Нөхөр нь өндөр албан тушаалтай бол, эхнэр нь ч нөхрийнхөө нийгэм дэхь байр сууринд анхаарал тавьж мэдрэмтгий болдог аж. Тийм учир нөхрийнх нь ажил төрөл урагшгүй, тушаал буураад цалин багасаад ирэхийн хэрээр эхнэрийн сэтгэлд аюулын дохио цуурайтаж, эзгүйчлэх зөн нь хөдөлж эхэлдэг бололтой.
Харин эсрэгээрээ нөхрийн нийгэм дэх байр суурь тийм ч тогтвортой бус, өөдлөх уруудах нь олон бол эхнэрүүд хал үзэж халуун чулуу зөндөө олныг долоох бөгөөд, үр дүнд нь араар тавих, хэт тансаглах гэх мэт хөнгөмсөг сэтгэл нь дарагдаад ирдэг гэнэ.

Хэрвээ хань тань нууц амрагтай гэдгээ танаас аль болох нууж, арга чаргаа барж байгаа бол, энэ нь тантай эхлүүлсэн гэр бүлийн амьдралаа цааш үргэлжлүүлэхийг хүсэж буйн баталгаа. Харин таны өмнө баавартай нь аргагүй задгай явалдаж байгаа бол, асуудал ердийн нууц амраг, зугаа цэнгэлийн түвшнээс хальсаны шинж болой.

5 comments:

Anonymous said...

kkk er ni amar tuvshin amidral huseed hereggyim biz dee

Anonymous said...

za er ni hezeed l baih zuil yum geed evlereh heregteim bishuu kkkk

Anonymous said...

за

ТОМё БОДё said...

Мэдээж хэн ч үүнтэй эвлэрч чадахгүй. Тийм болохоор нууц амраг гэдэг багажийг нууцаар л хэрэглэж сур. хэрэглэсэн бол бушуухан далд хийж бай. Тэгвэл амар түвшин амьдарч чадна.

Nmna said...

yawtsuu utgaar n bichsen bainoo. yuchgui hernee huurdag nuhruud bdag, zavgui bayan nuhruu huurdag huuhnuud ch baij l baidag shd.

Post a Comment